- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ҮХРИЙН ХОРТ САЛСТ ХАЛУУРАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР ЗЛОКАЧЕСТВЕННАЯ КАТАРАЛЬНАЯ ЛИХОРАДКА, MALIGNANTCATARRHALFEVER
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/59 дугаар тушаалын долоодугаар хавсралт
ҮХРИЙН ХОРТ САЛСТ ХАЛУУРАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
ЗЛОКАЧЕСТВЕННАЯ КАТАРАЛЬНАЯ ЛИХОРАДКА, MALIGNANTCATARRHALFEVER
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Үхрийн хорт салст халуурал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Үхрийн хорт салст халуурал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Тодорхойлолт:Манай оронд 1967,1981, 1987, 1990 онд үхэр, сарлагт тохиолдож байсан. Үхрийн хорт салст халуурал сүүлд 2012 онд оношлогдсоноос хойш түүвэр шинжилгээгээр Архангай, Орхон, Төв, Булган, Хэнтий, Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн зарим сумдад илэрч байгаа ч манай улсын хэмжээнд тархалт халдварлалтын байдал бүрэн тодорхойгүй. Үхрийн хорт салст халуурал нь хивэгчид, тухайлбал, үхэр, бизон, буга зэрэг амьтдад халуурах, амьсгалын болон тэжээл боловсруулах замын салст бүрхүүлийн өнгөрт үхжилт үрэвсэл, нүдний гэмтэл зэрэг шинжээр илэрдэг, хурц явцтай, үхэлд хүргэдэг халдварт өвчин юм. Мөн хурц явцтай, үхэл ихтэй, олон мал өвчлүүлэх аюултай учир олон улсын хөл хориот өвчний нэг юм. Хааяа сүргийн дотор голдуу 1-4 насны өсвөр үхэр өвчлөх, эсвэл далд хэлбэрийн тохиолдол байдаг. Энэ өвчин дэлхийн олон оронд гардаг бөгөөд алцелафин герпес вирусын халдвар Африкт, хонины герпес вирусын халдвар Ази, Африк, Европ, Америкийн олон улс оронд, ямааны герпес вирусын халдвар хааяагүй, бугын герпес вирусын халдвар Хойд Америкт тус тус тохиолддог.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Хорт салст халуурал үүсгэгч вирус нь Бальтиморын ангилалаар Herpesviridae овог, Macavirus-ийн төрлийн герпес вирус юм. Үхрийн хорт салст халуурлын вирус хоёр бүлэгт (Alcelaphine Herpes Virus), (Caprine Herpes Virus) хамаарах 10 хэвшил вирусээс бүрдэнэ. Эдгээрээс Alcelaphine Herpes Virus 1 (AlHV-1), Ovine Herpesvirus 2 (OHV-2) газар зүйн тодорхой бүс нутгуудад тохиолдож үхрийн хорт салс халуурал өвчнийг үүсгэдэг байна. Алцелафин герпес вирус (AIHV-1) = Африкийн гну гөрөөсөөр дамжин зэрлэг үхрийг өвчлүүлнэ. Хонины герпес вирус-2 (OHV-2)= Хониор дамжин үхэр, бизон, бугыг өвчлүүлнэ. Ямааны герпес вирус 2 (CpHV-2) = Тэжээвэр болон зэрлэг ямаагаар дамжин цагаан сүүлт ба шика буганд өвчин үүсгэдэг. Цагаан сүүлт буганд хорт салст халуурал үүсгэдэг вирус (WTD-MCFV) нь хойд Америкийн цагаан сүүлт буганд “сонгомол” хорт салст халуурлын хам шинж үзүүлнэ. Хорт салст халуурлын вирус нь изосахедрал хэлбэр бүхий капсидтай, түүний дотор хос утаслаг ДНХ агуулдаг. Гадуураа хоёр давхраас тогтох уурагт бүрхүүлтэй, голч нь 140-200 нм хэмжээтэй байдаг. Энэ вирус цус наалдуулах шинж чанаргүй, тугалын бамбай болон бөөрний дээд булчирхайд, хонины бамбай булчирхай, бухны төмсөг, туулайн бөөрний эсэд тус тус үрждэг. Энэ төрлийн вирус маш эмзэг. Нарны гэрэлд хурдан үхнэ. Эстэй холбогдсон вирус эзэн амьтны биеийн гадна 72 цаг амьд байна, харин эсээс чөлөөлөгдсөн вирус хуурай орчинд маш хурдан идэвхгүйждэг ч чийгтэй нөхцөлд 13 хоног тэснэ. Энэ вирус гадаад орчинд ерөнхийдөө тэсвэргүй, PH 5.5-аас доош хүчиллэг, PH 8.5-аас дээш шүлтлэг орчинд идэвхгүйждэг, гипохлорит натри зэрэг нийтлэг түгээмэл ариутгалын бодисуудад эмзэг. Физик химийн нөлөөнд тэсвэр муутай. Байгаль дээр 35 хүртэл хоног, тасалгааны температурт 24 цаг, 4 хэмд 14 хоног халдварлах чанараа хадгална. Эфир, хлорформд нэн мэдрэмтгий.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Хорт салст халуурлын вирус салаа туурайтан Bovidae, Cervidae, Giraffidae овгуудад хамаарах төрөл зүйлийн эзэн амьтдад халдварлана. Эдгээр эзэн амьтдыг эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлдэггүй, сайн дасан зохицсон тээгчид ба өвчний болон далд халдварын үед муу дасан зохицсон эзэн амьтад гэж хоёр хувааж болно. Сайн дасан зохицсон тээгч амьтдад Alcelaphinae, Caprinae, Hippotraginae дэд овгуудад хамаарах төрөл зүйлүүд хамаарна. Гол тээгч төрөл зүйлд гну гөрөөс, хонь, ямаа орно. Эдгээр эзэн амьтад вирусаа хүрээлэн буй орчинд ялгаруулах бөгөөд эмнэлзүйн шинжтэй өвчлөмтгий төрөл зүйлийн амьтадтай хавьтах үед эсхүл шууд бусаар буюу орчны эд зүйлсээр вирус дамжих боломжтой. Муу дасан зохицсон эзэд (буюу эмнэлзүйн шинжтэй өвчлөмтгий эзэд) үндсэндээ вирус гадагшлуулдаггүй гэж үздэг ба ийм учраас эдгээр нь эцсийн эзэн амьтад болдог. Эмнэлзүйн шинжтэй өвчлөмтгий зүйлүүд нь буга, анаашны овог болон үхрийн дэд овогт ихэвчлэн хамаарагдана. Хорт салст халуурал нь 33 зүйл туурайтан амьтдад тогтоогдсон байдаг. Тэжээвэр үхэр (Bos taurus ба B. indicus), Энэтхэгийн гаур (Bos gaurus), Явагийн бантенг буюу Бали үхэр (Bos javanicus), усны үхэр (Bubalus bubalis), Америк бизон (Bison bison), халиун буга (Cervus elaphus), Шика буга (Cervus nippon), цагаан сүүлт буга (Odocoileus virginianus), хар сүүлт буга (Odocoileus hemionus), толбот буга (Axis axis), Давидын буга (Elaphurus davidiansus), брокет буга (Mazama gouazoubira), Русагийн буга (Cervus timorensis), Хятадын усны буга (Hydropotes inermis), хандгай (Alces alces) зэрэг төрөл зүйлийн амьтад өвчилдөг болохыг мэдээлсэн байдаг. Хонины герпес вирус-2–ээр үүсдэг хорт салст халуурал нь цочмог явцтай, үхлээр дуусдаг хам шинжтэйгээр тэжээвэр гахайг өвчлүүлдэг. Тэжээвэр туулайд (Oryctolagus cuniculus) AlHV-1, OvHV-2 вирусээр зориуд халдвар үүсгэх боломжтой бөгөөд хорт салст халууралтай төстэй өвчин үүсгэнэ.
ХОЁР. ОНОШЛОГОО,ЭМЧИЛГЭЭ
2.1.Шинж тэмдэг: Үхэр:Эмнэлзүйн шинж тэмдэг гэнэт номойрохоос эхлэх ба өвчний эхний 1-3 хоногт биеийн халуун нь 40-42°C хүрч нулимс, нус гоожно. Үхэрт AlHV-1 ба OvHV-2 вирүсээр үүсгэгдсэн хорт салст халуурлын эмнэлзүйн явц адил байх ба 2-21 хоног (дунджаар 6-25 хоног) үргэлжилнэ. Усны үхэрт эмнэлзүйн шинж тэмдгийн үргэлжлэх дундаж хугацаа 7.4 хоног (1-30 хоног хэлбэлзэнэ) байдаг. Руса бугад эмнэлзүйн шинж 4-34 хоног илэрнэ. Үхэрт толгой, нүдний хэлбэр түгээмэл тохиолдоно. Үхрийн хамрын хоёр нүхнээс салслаг нус гоожиж эхлэх ба цаашдаа хэмжээ нь ихсэж, салслаг идээтэй, заримдаа цусархаг болно. Өвчилсөн үхэр амаа ангайн амьсгалж амьсгаадна. Амны хөндий хүндээр үрэвсэж өвдөлтийн улмаас үхэр шүлсээ гоожуулж, шүлхийтэй төстэй шинж үзүүлнэ. Хоёр нүдний эвэрлэг хүндээр үрэвсэх ба нулимс, нуух гоожин эвэрлэг бүрхүүл цийнэ. Тийм үхэр гэрлээс зугатамхай болж, өрөөсөн нүд нь сохорно. Тавгүйтэж, дороо эргэх гэх мэт мэдрэл хямарсан шинж илэрч болно. Зарим үхэр чацга алдана. Үхрийн хорт салст халуурал ихэвчлэн 1-4 настай үхэрт элбэг тохиолдоно.
2.2.Бие бүтцийн эмгэг өөрчлөлт: Нүд, толгойн салст бүрхүүлийн үрэвсэлийн тод шинж тэмдэг ажиглагдана. Хурц хэлбэрийн үед хамар, залгиур, төвөнх, амны хөндийн салст бүрхүүлд цус ихдэлт ажиглагдаж, хөөж хавдан цэг хэлбэрийн цус харвалт ажиглагдана. Улмаар яршил, яр бий болох ба энэ шинж тэмдэг залгиур, буйл, тагнай, хэлэн дээр үүссэн байна. Нүдний зовхины салст бүрхүүл үрэвсэж хавагнан улмаар эвэрлэг бүрхүүл цайсан байна. Зарим тохиолдолд жижиг хэлбэрийн цус харвалт бүхий шархлаа нүдний орчимд үүснэ. Элэг, бөөр, зүрхэнд цус ихдэлт үүсэж уушиг хавагнана.
2.3.Өвчний нууц үе: Гну гөрөөс болон хонинд хамаарах хорт салст халуурлын аль аль нь харьцангуй урт нууц үетэй байдгийг тогтоожээ. Туршилт судалгаанаас үзэхэд AlHV-1 вирусээр халдварласан үхэрт 11–34 хоногийн хэлбэлзлэлтэй, 20 орчим хоног байна, OvHV-2 вирусээр халдварласан үхрээс авсан их хэмжээний цусаар үхэрт зориудын халдвар хийхэд 11-73 хоногийн хэлбэлзлэлтэй, нууц үе дунджаар 30 хоног байжээ. OvHV-2 вирусын байгалийн жамаар дамжих явцад халдвартай үхрийн хорогдол өвчин эхлэснээс хойш 40-70 хоногтоо дээд хэмжээндээ хүрч байв. Түрүүчийн гарсан халдвар дахин давтагдахад нууц үе хэдэн сараар илүү үргэлжилдэг тухай мэдээлсэн байдаг. Хорт салст халуурлын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үхрийн хорогдлын хувь 80–90% байх нь түгээмэл.. Бүрэн эдгэрэх боломжтой. Америк ба Европын бизон, өвчлөмтгий бугын төрөлд хамаарах амьтад, усны болон бантенг үхэрт эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн л бол үхэл бараг 100%-д хүрнэ.
2.4.Оношлогоо: Эпидемиологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Шинжилгээнд EDTA-тай цус, дэлүү, бөөр, давсаг, тунгалгийн зангилаа, амны хучуур эд, нүд хамрын арчдас зэргээс дээж авч илгээнэ. Полимеразын гинжин урвал, вирус ялгах (AlHV-1), Өрсөлдөөнт ФХЭБУ, удам зүйн гарлыг тодорхойлох, вирус саармагжуулах урвал, шууд бус дархан туяарах урвал арга зэргийг зөвлөсөн байдаг.
2.5.Ялгаварлан оношлох:Шүлхий, үхрийн мялзан, галзуу, диарей өвчнөөс ялгаварлан оношлоно. Шүлхий, үхрийн мялзан өвчний үед нь богино хугацаанд олон тооны мал өвчилдөг бол нүдний үрэвсэл, нүдний эвэрлэг бүрхүүл цайрах шинж тэмдэг ажиглагдахгүй. Галзуу өвчний үед догшин авир илэрнэ. Диарей өвчнөөр ихэвчлэн 5-6 сарын бойжилттой настай тугал өвчилдөг бол салст халуурлын үед бүх насны үхэр өвчилнө.
2.6.Эмчилгээ: Өвөрмөц үр дүнтэй эмчилгээний арга боловсрогдоогүй, урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэлд нэвтрээгүй байна.
ГУРАВ. Урьдчилан сэргийлэХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Тархвар зүйн судалгаа: Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт үхрийн хорт салст халуурал өвчинтэй тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ:
4.1.Хязгаарлалтын дэглэм тогтоож малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлана. Хязгаарлалтын дэглэмийг тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
4.2.Хорт салст халуурал гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгсэл, өвчтэй мал байсан байр, хашааг 4 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2 хувийн идэмхий натрийн халуун уусмалаар 1цагийн зайтайгаар 2 удаа шүршиж халдваргүйжүүлнэ.Өвчилсөн малынбууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
4.3.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A