A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/64 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

МАЛ, АМЬТНЫ БЭТЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

Эхинококкоз, Echinococcosis

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Малын бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Малын бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Мал, амьтны бэтэг нь нохой, чоно, үнэг зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг Echinococcus төрлийн туузан хорхойн авгалдайгаар үүсдэг уулинхайтах өвчин юм. Завсрын болон жинхэнэ эзэн дамжин халдварладаг, тархалт, халдварлалт өндөртэй, эдийн засаг, нийгмийн асар их хор хөнөөлтэй зооноз өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Бэтэг нь Taeniidae овгийн Echinococcus granulosus (Batsch,1786), Echinococcus multilocularis (Leuckart, 1863), Echinococcus oligarthrus (Diesing, 1863), Echinococcus vogeli (Raush and Bernstain, 1972), Echinococcus shiquicus (Xiao et al., 2005) гэсэн 5 зүйлээр үүсгэгддэг туузан хорхой бөгөөд жинхэнэ эзэн болох нохой, чоно, үнэгний нарийн гэдсэнд шимэгчилэн амьдарна. Манай улсын хүн ам болон мал, амьтдын дунд E.granulosus, E.сanadensis E.multilocularis гэсэн 3 зүйл байгалийн бүсээс хамааралгүй тархжээ. Эхинококкийн бие гүйцсэн хорхой нь чоно, нохой болон бусад махчин амьтдын (жинхэнэ эзэн) нарийн гэдсэнд шимэгчлэгч, дунджаар 3-4 үеэс тогтсон 2-7мм урттай, толгой дээрээ соруулаас гадна 2 эгнээ гох дэгээтэй. Толгойн араас хүзүү, дараа нь хос бэлэгтэй үе залгах бөгөөд үений бэлгийн сүвүүд тэдгээрийн баруун, зүүн талд байрладаг. Хорхойн их биеийн сүүлчийн үеийг төгсгөлийн бие гүйцсэн үе гэх бөгөөд хөгжсөн онкосфертэй 5000 орчим өндөг агуулсан байдаг (1-р зураг- А). Эхинококкийн өндөг нь 30-40 мкм диаметртэй, дугариг хэлбэртэй, 3-4 давхар бүрхүүлтэй, дотроо хос дэгээ бүхий үр хөврөлтэй байдаг (1-р зураг- В) ба тенийдийн овгийн бусад туузан хорхойнуудаас өндгөөр ялгаварлан оношлох боломжгүй. Эхинококкийн өндөг гадаад орчинд буюу халуун, хүйтэн температурт маш тэсвэртэй бөгөөд -18°С-д 240 хоног, -27°С-д 54 хоног хүртэл амьд байдаг. Мөн +4°С-ийн усанд 16 сар хүртэл амьдрах чадвартай [17].Эхинококкийн өндгийг 0°С-д 116 хоногийн турш үхэлгүй хадгалагдаж байжээ. А.Ф.Носикийн судалгаагаар (1950,1951) сүүдэртэй газрын хөрсөн дээр 10-26°C-д 1 сарын турш, өвсөн дотор 2-20°С-д 6 сар хүртэл халдварлах чадвартай хэвээрээ байсан ба 50°С-ийн усанд 1 цаг, 60°С-д 10 минут, 100°С-д нэг секундын дараа тус тус үхэж байжээ. Тасалгааны чийглэг 60-80%, температур 5-20°C байхад 10-12 сар, 18-50°С-ийн хуурай халуунд 1-2 хоног, тундерт үхээд цасанд булагдсан үнэгний сэгэнд хэдэн сарын турш халдварлах чадалтай хэвээрээ байсан байна [7].

 

1-р зураг. А. Эхинококкийн бие гүйцсэн хорхойн бүдүүвч , В. Эхинококкийн өндөгний бүдүүвч, С. Эхинококкийн авгалдай болох уулинхайн бүдүүвч зураг.

Эхинококкийн авгалдай нь шингэнээр дүүрсэн уулинхай байдаг ба үүсгэгчийн төрөл зүйлээс шалтгаалан уулинхайт болон цулцант уулинхай хэлбрээр ихэвчлэн мал, амьтны (завсрын эзэн) элэг, уушгинд байрлан шимэгчилнэ (2, 3-р зураг).

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Уулинхайт бэтэг (CE) нь E. granulosus зүйлээр ихэвчлэн үүсдэг бөгөөд нэг том уулинхай үүсгэж шимэгчилнэ. Гэрийн тэжээвэр нохойгоор дамждаг циклтэй бөгөөд голдуу мал, хүн завсрын эзэн нь болдог. Цулцант бэтэг (AE) нь E. multilocularis зүйлээр үүсдэг бөгөөд нэг том гэр хальс дотор жижиг олон охин уулинхай үүсгэж багцалж ургасан байдаг. Чоно, үнэг зэрэг зэрлэг махчидаар дамждаг циклтэй бөгөөд голдуу, мэрэгчид болон хүн завсрын эзэн нь болдог. Бэтгээр хонь, ямаа, үхэр, тэмээ, буга, адуу, гахай, илжиг зэрэг олон төрлийн сүүн тэжээлтэн амьтад (завсрын эзэд)-аас гадна хүн өвчилнө. Манай орны нөхцөлд бог мал, тэмээнд элбэг тохиолддог. Нохой болон бусад махчдын баастай хамт гадагшилсан, өндгөөр дүүрсэн эхинококкийн эцсийн үеийг завсрын эзэд өвс, тэжээл, устай хамт залгихад түүний авгалдай гэдэсний ханаар ярган элэг, уушги зэрэг дотор эрхтнүүдэд шимэгчилнэ. Нохой бусад махчин амьтад эхинококкозтой малын эд эрхтэнг идэх үед халдварладаг. Нохойн нарийн гэдсэнд орсон протосколексоос маш олон тооны жижиг туузан хэлбэр бүхий хорхой үүсч хөгждөг.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Уушгины бэтэгтэй бол ханиах, амьсгал нь хүндрэн хэржигнүүр сонсогдох, элэгний бэтэгтэй бол тэжээл боловсруулалтын хямралт, хэвлийн хөндийд ус тогтох, эцэж турах, сүүний гарц багасах зэрэг шинж тэмдэг ажиглагдах боловч эдгээр нь бусад өвчний үед илэрдэг нийтлэг шинж юм [1].Echinococcusтөрлийн туузан хорхойн бага эрчимжилт халдварын үед хорхойн жинхэнэ эзэн чоно, нохой зэрэг махчин амьтдад эмнэлзүйн шинж тэмдэг төдийлөн илрэхгүй боловч хорхойн завсрын эзэн мал, амьтан, хүнд “бэтэг” өвчнийг үүсгэн хөгжихдөө мал, амьтан, хүнийг үхэлд хүргэх, ашиг шимийг нь бууруулах, бусад элдэв өвчинд өртөмтгий болгох, цаашлаад өвс тэжээл үргүй зарцуулах зэргээр эдийн засаг, нийгмийн асар их хор нөлөөг учруулдаг.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Ихээр турж, эцсэн байхаас гадна үүсгэгчийн төрлийн онцлог, халдварын эрчимжлээс хамаарч, уулинхай байршин шимэгчилсэн сонгомол эд эрхтэнд шимэгчлэлийн өвөрмөц эмгэг хувирлууд  үүссэн байна. Элгэнд гэр хальс үүссэн, үрэвслийн эсүүд, ялангуяа нэг бөөмт үрэвслийн эсүүд нэвчирсэн

(5, 6-р зураг), элэгний эсүүд хөөж бөөмүүд нь уусч уурган сөнөрөл болсон байна [11].

2.3.Лабораторийн оношлогоо: Эхинококкийн халдварыг тогтооход бааснаас үе, өндөг илрүүлэх, дурандах арга, өндөг илрүүлэх иммунофлуоресценцийн арга (Allan J.C, 1992), баасны эсрэг төрөгч илрүүлэх ФХЭБУ (Allan J.C, 1994), бааснаас эхинококкийн өндөг илрүүлэх ПГУ (Mathis S.A, 2002), бэтгээр өвчилсөн мал амьтан, хүний цусны ийлдэснээс эсрэг бие илрүүлэх ФХЭБУ, иммуноблот зэрэг урвалуудаар (Bowles J, 1994) лабораторийн болон хээрийн нөхцөлд туршин, үр дүнгээ судлаачид мэдээлсэн төдийгүй баасан дахь эсрэг бие илрүүлэх ФХЭБУ, өндөг илрүүлэх ПГУ нь Дэлхийн халдварт өвчний товчооны зөвлөмж стандартаар (WHO/OIE,2001) зөвшөөрөгдсөн байна.

2.3.1.Завсрын эзэнд: Завсрын эзэнд ийлдэс судлалын шинжилгээгээр тенийдийн болон эхинококкийн төрөл, зүйлийн өвөрмөц эсрэгбие илрүүлж, тархалтыг тогтооно. Бэтгийн уулинхай завсрын эзнийхээ дотоод эрхтнүүдэд байрладаг тул оношлоход хүндрэлтэй бөгөөд хүний бэтгийн үед дүрс оношлогоо хамгийн анхан шатны оношлогоо байдаг бол малд монгол орны хувьд тохиромжгүй юм. Задлан шинжилгээний аргаар шинжилэхэд бэтгийнуулинхай бараг бүх эрхтэнд байрласан байж болох боловч зонхилон элэг, уушгины эдэд яргаж ургасан байх бөгөөд гадна гэр хальс нь хатуу, зузаан байхаас гадна уулинхайнууд нь хөгжлийхөө үе шатаас хамаарч өөр өөр хэмжээ, хэлбэртэй байдаг (7-10-р зураг).

2.3.2.Жинхэнэ эзэнд: Дэлхий нийтэд нохойд эхинококкийн халдварыг тодорхойлох хэд хэдэн арга байдаг. Амьд үед нь ареколиноор туулгаж баасанд нь эхинококкийн бие гүйцсэн хорхой, үе хэсэг илэрүүлж оношлох, баасанд нь эхинококкийн өндөгний антиген илэрүүлэх сэндвич ФХЭБУ, ДНХ ялган молекул биологийн аргаар баталгаажуулах аргуудыг өргөн хэрэглэж байна [14-17]. Мөн үхсэний дараа задлан шинжилгээ хийж эхинококкийн бие гүйцсэн хорхой, үе хэсэг илрүүлж (11- р зураг) оношлох болон ДНХ ялган, молекул биологийн аргаар баталгаажуулах аргуудыг ашиглан эхинококкийн халдварыг тодорхойлж байна [14-17]. Баасанд туузан хорхойн өндөг хөвүүлэх шинжилгээ хийж туузан хорхойн халдварыг илэрүүлж (12-р зураг) болох боловч туузан хорхойнуудын төрөл зүйлийг өндгөөр нь ялгах боломжгүй юм.

1.4.Ялгаварлан оношлох: Бэтгийн уулинхай нь гадна болон дотор гэр хальстай бөгөөд гадна гэр хальс нь бусад уулинхайн гэр хальстай харьцуулахад зузаан бат бөх байдаг ба эдэд яргаж ургасан байдалтай шимэгчилдэг. Дотор гэр хальс нь олон мянган туузан хорхойн толгой (протосколекс) агуулсан шингэнээр дүүрсэн байдаг. Taenia hydatigena-ийн авгалдай хэлбэрсэмжний уулинхайг (Cysticercus tenuicolis) бэтгийн уулинхайтай андуурах тохиолдол гардаг. Сэмжний уулинхай нь 1-7 см диаметртэй шингэнээр дүүрсэн уулинхай байдаг ба туузан хорхойн толгой (сколекс) нь урт хүзүүтэй учир нарийн хүзүүт уулинхай гэж бас нэрлэдэг (13-р зураг B). Ихэвчлэн мал, амьтны элэгний гадаргуу болон чацархай, сэмжинд зүүгдэж байрлан шимэгчилнэ (13-р зураг A).

Мөн уулинхайг орчны эдээс салган өвчиж, уулинхайн шингэнийг ариун тариураар соруулан авч хуруу шилэнд хийн 2500 эрг/мин-д 10 мин хурилдуулан тунадасыг бичил харуураар шинжлэн протосколексыг ялган танина (14, 15-р зураг).

1.5.Эмчилгээ: Завсрын эздийн нэг болох хүнд мэс заслын болон эмийн эмчилгээ санал болгодог. Малд эмийн эмчилгээ болон мэс заслын эмчилгээ нь зардал өндөр байдаг тул бэтгийн халдвартай малыг заазлах бөгөөд нядлахад тухайн мал, амьтны эд эрхтэнд илэрсэн уулинхайг хагалахгүйгээр орчны эдийн хамт авч гүнзгий нүхэнд булах эсвэл шатааж устгахыг зөвлөнө. Жинхэнэ эзэн болох гэрийн тэжээвэр нохойд Монгол улсын малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бромт устөрөгчийн ареколин (0,001-0,002 г/кг тун), фенасал (0,1 г/кг тун), лопатол (25-60 мг/кг тун), мебендазол (40 мг/кг тун), празиквантел (2,5-5 мг/кг тун) зэрэг бэлдмэлийг талх буюу маханд боож, үйлдвэрлэгчийн зааврын дагуу олгоно. Улиралд дор хаяж нэг удаа туулгалтын бэлдмэл өгч хорхойгүйжүүлж байх хэрэгтэй бөгөөд гельминтийн халдвар авсан нь тогтоогдвол тухай бүр эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Нийгмийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тодорхой тусгаж арга хэмжээ авах хэрэгтэй.

3.2.Мал нядалгааны газар нядлаж байгаа мал болон төв суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй малын мах, дайвар бүтээгдэхүүнд махны хяналтын журмын дагуу уулинхай илрүүлэх үзлэг, шинжилгээг тогтмол хийнэ.

3.3.Эрүүл мэндийн байгууллага, эмч нартай хамтран хүн, мал, амьтдын эхинококкийн халдварлалтын зураглалын дагуу хүн, малын бэтэг өвчинд хяналт тавьж, анхааруулга, сэрэмжлүүлэг хийнэ.

3.4.Нохой, муурыг бүс нутгийн хэмжээнд хорхойноос эмчлэн, сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулна.

3.5.Өвчний тархвар зүйн байдалд үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

3.6.Хүнсний зориулалтаар нядалж буй малын дотоод эрхтэнд үзлэг хийн уулинхай илэрсэн тохиолдолд малын эмчид мэдэгдэнуулинхайг булж эсвэл шатааж устгана. Мөннохой, муурыг малын эмчид үзүүлж, үзлэг шинжилгээнд байнга хамруулна.

3.7.Нохойг туулгасны дараа тогтсон газар уяатай байлгаж, баасыг цуглуулан устгах, төв, суурин газар тэдгээрийг сул явуулах, ил задгай шээлгэх, баалгахыг хориглох шаардлагатай.

ДӨРӨВ.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Бэтэг нь зооноз өвчин тул оношлогдсон тохиолдолд тэмцэх дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

4.1.1.Малын дайвар бүтээгдэхүүн эд эрхтэнд уулинхай илэрвэл дайвар бүтээгдэхүүнийг устгуулах, ариутган боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.1.2.Бэтэг оношлогдсон орон нутагт иргэдийг шинжилгээнд хамруулах арга хэмжээг хүн эмнэлэгтэй хамтран зохион байгуулах өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгнө.

4.1.3.Нохой, муурыг малын эмчид үзүүлж, үзлэг шинжилгээнд хамруулахад туузан хорхойн өндөг, үе хэсэг, хорхой илэрвэл хорхойгүйжүүлэх бэлдмэл өгнө.

4.2.Халдватгүйтгэлийн өвөрмөц арга хэмжээ: Бэтгийн хорхойн өндөгөөр халдварлагдсан эд зүйлс болон бие гүйцсэн хорхойг - 80°С-д 5 хоног хөлдөөх, мөн +70°С-д 12 цаг халааж халдваргүйжүүлнэ. Халдвартай материалтай харьцахдаа нэг удаагийн бээлий, малгай, маск буюу хөдөлмөр хамгааллын хэрэгслийг заавал хэрэглэх. Эхинококкийн өндөгөөр халдварлагдсан эд зүйлсийн халдваргүйжүүлэлтэнд гипохлоридын (10%) уусмалыг хэрэглэж болно.Лабораторид хэрэглэсэн бохирлогдсон эд зүйлсийг автоклавдаж ариутгаж байх.

4.3.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.