- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МАЛ, АМЬТНЫ ТРИПАНОСОМОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР.SURRA, СУ-АУРУ
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/64 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
МАЛ, АМЬТНЫ ТРИПАНОСОМОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР.SURRA, СУ-АУРУ
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Мал, амьтны трипаносомоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Мал, амьтны трипаносомоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Адуу, тэмээ, үхэр, нохой өвчлөх ба хонь болон ямаанд тохиолдоно.Трипаносомоз нь халуурах, хавагнах, тунгалгийн зангилаа томрох, турах зэрэг шинж тэмдгээр илэрдэг цочмог, ужиг явцтай өвчинбөгөөд үүсгэгч нь малын цус, тунгалгийн зангилаанд шимэгчлэнэ. Тэмээ адуунд тохиолдох трипаносомозыг су-ауру, сурра хэмээн мөн нэрлэдэг. Су-ауру нь “усны өвчин” гэсэн утгатай казах үг бөгөөд сурра нь мөн хинди хэлний “өмхийрсөн” гэх утга агуулдаг. Иймд Trypanosoma evansi-аар үүсгэгддэг трипаносомоз хэмээн нэрлэх нь илүү дөхөмтэй. Манай оронд анх 1936 онд оношлогдсон бөгөөд Хар-ус нуурийн ай сав газар болох Ховд аймгийн Дөргөн, Зэрэг, Чандмань сумдын нутгийн тэмээнд өргөн тархалттай байсан. Ц. Гунгаа 1968 онд Ховд аймгийн Зэрэг суманд, 1980-1982 онд Чандмань, Дөргөн суманд тэмээний су-ауруг оношлож 1981-1990 онд уг өвчнийг тархалтыг тогтоох зорилгоор дурандах, формалины урвал, амь сорилын шинжилгээ хийж су-ауру өвчинтэй тэмцэх арга хэмжээг боловсруулжээ. Мөн 1985 онд Ховд аймгийн Дуут, Дөргөн, Чандмань, Мянгад сумын адууны ийлдсийг ОХУ-д үйлдвэрлэсэн трипаносомын эсрэгтөрөгч, хяналтын ийлдэс ашиглан ХХУ-аар шинжлэхэд Дөргөн, Чандмань, Мянгад сумын 582 адууны 13,6% нь эерэг урвал үзүүлж Дуут сумын адуу сөрөг дүн үзүүлж байжээ. Б.Бямбаа зэрэг эрдэмтэн судлаачид 1999 онд Ховд аймгийн зарим сумдын адуу, тэмээнд эмнэл зүйн үзлэг, цусны түрхэцийн болон формалины урвалын шинжилхэд шинжлэгдсэн тэмээний 13% нь формалины урвалаар эерэг дүн үзүүлсэн боловч цусны түрхцийн шинжилгээгээр өвчний үүсгэгч илрээгүй байна. В.Пүрэвсүрэн, А Саруулжаргал нарын 2009 хийсэн судалгаагаар Ховд аймгийн 1073 тэмээнээс 0,2%, 763 адууны 2,5%, 863 үхрийн 3,7% нь халдварлалтай байсан байна. Мөн Ц. Амартүвшин нарын 2013 оны шинжилгээгээр 16 аймгийн нийт 1989 дээжнээс 113 нь эерэг буюу 5,7 % -д нь эсрэг бием илэрсэн байна. 2010 оноос хойш шинжлэгдсэн тэмээний 33 дээжнээс 3 нь эерэг буюу 9% байхад адууны 567 дээжнээс 72 эерэг буюу 12.6% нь эерэг урвалын дүнтэй байсан байна. Б. Баттөр нарын судлаачид 2015-2018 онд хийсэн судалгаагаар тэмээний цусанд үүсгэгчийг шинжлэхэд илрээгүй.
Үүсгэгч: T. evansi зүйлийн шилбүүртэн эгэл биетнээр үүсгэгдэнэ. Энэхүү эгэл биетэн нь 25-30 мкм урт, урд хэсэгтээ шилбүүртэй, намираа хөдөлгөөн үүсгэх долгиолог мембрантай. Морфологийн хувьд адууны нийлүүлгийн өвчний үүсгэгч Trypanosoma equiperdum–аас ялгагдахгүй. Хуваагдан үржих бөгөөд хос далавчит цус сорогч шавжаар дамжин халдана.
1.4.Халдварын эх үүсвэр, механизм: Халдварын эх үүсвэр нь өвчтэй мал амьтан байх ба Tabanus (хөх түрүү) болон Musca (ялаа) төрлийн шавж T. evansi-г дамжуулна. Судлаач Д. Мягмарсүрэнгийн 1979, 1990 онд явуулсан судалгаагаар 5 төрлийн 16 зүйл хөх түрүү бүртгэгдэж T.bromius, H. nigrivitta, H. acuminata, H. expollicata зүйл хөх түрүү тэмээний су-ауру өвчний үүсгэгчийг дамжуулдаг болох нь тогтоогджээ.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний эхэн буюу цочмог үед өвчтэй тэмээний биеийн халуун 400С-ээс дээш нэмэгдэн, сэлгээ маягаар халуурч амьсгал, судасны лугшилтын тоо олширно. Өвчтэй адуу, тэмээ ихэнхдээ хэвтэх ба амархан хөлөрч хамраас усархаг шингэн гоожиж, чацга алдаж үе мөч саажна. Салст бүрхүүл улайж, тэжээлдээ дургүй болон өнгө зүсээ алдаж, үс бүрзийнэ. Дээрх шинж тэмдгүүд 3-7 хоног үргэлжилэн өвчилсөн мал үхэх буюу өвчин ужиг хэлбэрт шилжинэ. Ужиг трипаносомозтой тэмээ турж эцэн гол төлөв хэвтэх хандлагатай болж салст бүрхүүл цайж, ноос амархан зулгарна. Тарга тэвээргээ ихэд алддаг тул нутгийн малчид тэмээний “хатиар”, “хатгах өвчин” гэж нэрлэдэг.Хатинартсан тэмээний бөх унаж, сүүлний үзүүрийн 1-2 дугаар үе хатаж, нарийсна. Өвчилсөн адуу номойрч эдэлгээнд амархан ядрах, тэжээлдээ дургүй болж, ус руу байн байн тэмүүлэх, уруул, хамар, зовхи, чих, эрүүний доод хонхор, цээж, бэлэг эрхтэн, хөл хавиар хавагнаж, амьсгал, судасны лугшилт түргэсэх, хэт догшин буюу хэт ноомой болох, хөлөрч булчингууд чичрэх шинж тэмдэг илэрнэ. Мөн усавхи бүрхүүл дээр толбон цус харвалт үүснэ.Ингэ хээл хаяна.Өвчтэй малын тоо 5-9 дүгээр сард нэмэгдэж, намар хамгийн дээд хэмжээнд хүрнэ.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Хүүр маш туранхай, салст болон усавхи бүрхүүлүүд цайж тунгалгийн зангилаанууд, дэлүү томорч цус усархаг болж бүлэгнэлт муудсан байна.
2.3.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Су ауру өвчний үед чихний цуснаас түрхэц бэлтгэнэ. Лабораторид ирүүлсэн цус үл бүлэгнүүлэгч бүхий хуруу шилэнд авсан цусны дээжийг 3000 эргэлтийн хурдаар эргүүлнэ. Цусны цагаан эс, ялтас агуулагдах хэсгээс дурандах шинжилгээ хийж үүсгэгчийг илрүүлнэ. Мөн цусны ийлдсийг ФХЭБУ, кард наалдуулах урвал, латекс наалдуулах урвалаар шинжилнэ.
2.4.Ялгаварлан оношлох: Тэмээний трипаносомозыг цагаан хорхойн өвчин, сүрьеэ, адууны трипанасомозыг нийлүүлгийн өвчин, бабезиоз, халдварт цус багадах өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
2.5.Эмчилгээ: Диминазин ацетурат, куйнапирамин, меларсамин гидрохлорид, сурамин зэрэг үйлдчлэгч бодис бүхий эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн бэлдмэлүүдийг зааврын дагуу хэрэглэнэ.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Трипанасомозгарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн бүх адуу, тэмээ болон бусад өртөмтгий малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж, өвчтэй малыг ялган тусгаарлаж, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлээр шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Трипанасомоз гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгнө. Цус сорогч хос давчит шавжаас сэргийлэх бэлдмэд хэрэглэх ба тогтоол ус болон нуурын ойролцоо бэлчээхээс сэргийлнэ.
3.2. Адууны нийлүүлгийн өвчний эсрэг вакцин байдаггүй.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Өвчин оношлогдсон үед мал амьтны трипаносомозоор тайван бус болохыг зарлаж, хязгаарлалтын дэглэм тогтооно. Энэ үед тухайн аж ахуйн нэгжид малын шилжилт, хөдөлгөөнийг зогсооно.
4.2.Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгана.
4.3.Өвчтэй малыг эмчилсний дараа 6 сарын хугацаанд хяналтанд байлгах ба лабораторийн шинжилгээг хийлгэнэ.
4.4.Өвчний голомт бүхий нутгаас ялаа, хөхтүрүү идэвхжих үед бэлчээр сольж тайван нутаг бэлчээрт нүүхгүй.
4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A