A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/64 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

ҮХРИЙН БАБЕЗИОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХЗААВАР.BOVINE BABESIOSIS/

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Үхрийн бабезиоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Үхрийн бабезиоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Үхрийн бабезиоз өвчин нь эгэл биетнээр үүсгэгдэн, бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг өвчин бөгөөд үхэр, буга, сарлаг гэх мэт салаа туурайтан амьтдад болон хүнд халдварладаг. Үхрийн бабезиозийн Babesia bovis, Babesia bigemina, Theileria orentalis зүйлүүдийн халдварыг манай оронд илрүүлээд байгаа билээ.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Улаан эс дэх хөгжилийн үе шатанд байгаа бабезийн хэмжээг ихэвчилэн улаан эсийн радиустай харьцуулан (жижиг, том гэж) гаргадаг. Хэмжээгээр нь жижиг 1.0-2.5 мкм ба том 2.5- 5.0 мкм гэж хуваана.Нэг улаан эсэд нэгэн зэрэг 1 ба 3-4, заримдаа түүнээс олон бабез байх бөгөөд тэдгээр нь голчилон улаан эсийн захаар байрлана.Улаан эсийн 40-85% нь халдварлагдаж болох ба ихэвчлэн халдварлалт 7-15%-тай байдаг.B. bovis нь үхэрт халд­варладаг Babesia төрлийн үүсгэгчүүд дундаасаа хамгийн их хоруу чанартай эмгэг төрүүлэгч юм.

 

1-р зураг: Үхрийн бабезиозын  in vitro өсгөвөрийн зураг. Гэрлийн микроскопын 100x өсгөлт.A- Babesia bovis, B- Babesia bigemina зүйлийн үүсгэгч цусны улаан эсэд халдварлагдсан байгаа нь.Зургийг Б. Батцэцэг нар.

Тэсвэрт чанар: Үүсгэгч нь гадаад орчинд тэсвэргүй (5-20 минутын дараа үхдэг) тул халдваргүйтгэл хийх шаардалагагүй.

1.5. Халдварын эх үүсвэр, дамжих зам: Бэлчээрийн хачиг нь үхрийн бабезиоз тархахад гол үүрэг гүйцэтгэдэг биологийн дамжуулагч юм. Үхрийн бабезиоз өвчний халдвар эхээс урагт хөхний сүүгээр дамждаггүй. Халдвар тархах хоёр зам байдаг. Үүнд:

1.Хачгаар дамжин халдварлах буюу байгалийн халдвар 2. Уг өвчний халдвараар бохирдсон мал эмнэлгийн хэрэгсэл хэрэглэсний улмаас хүний оролцоотой дамжин халдварлах. Dermacentor, Rhiphicephalus, Hyalomma төрлийн иксод хачгийн зүйлүүд B. bovis болонB. bigemina–г дамжуулдаг нь тогтоогдсон.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Энэхүү паразитаар халдварласан үхэрт цус багадах, халуурах, цусаар шээх, шарлах, мөн мэдрэлийн үйл ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тархи болон дотоод эрхтний цусны урсгалд байх B.bovis халдварлагдсан улаан эсээс болж, мэдрэлийн үйл ажиллагаа алдагддаг. Үүсгэгчийн хоруу чанар өндөр,  хурц явцтай өвчилсөн үед B. bovis–оор үүсгэгдсэн үхрийн бабезиоз нь халдвар авсан амьтнаа үхүүлдэг.

2.2.Эмгэг бие бүтцийн хувирал: Хамрын нүхнээс хөөсөрхөг, шаравтар шингэн гоожсон байна. Арьсан доорх эслэг шарлаж, хэнхдэг, цээж, хэвлийн доод хананд нэвчрэл, цусан харвалт үүснэ. Дотор эрхтэн шарлана. Салст бүрхүүлд цус харвасан байна.

2.3.Лабораторийн оношилгоо:Халдварлалтын байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторит ирүүлсэн эмгэгт дээжид Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын гарын авлагад зөвлөсний дагуу ХХУ, ИФУ, ФХЭБУ зэрэг батлагдсан аргуудыг ашиглаж шинжилгээ хийхээс гадна үүрэн ПГУ, микроскопын тусламжтай цусны түрхэцэд өвчний үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Анаплазмоз, тейлериоз, трипанасомоз, лептоспироз, зэсийн хурц хордлогоос ялган оношлох шаардлагатай.

2.5.Эмчилгээ: Монгол улсын бүртгэлд орсон мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн үхрийн бабезиозоос урьдчилан сэргийлэлт болон эмчилгээний эмийн бэлдмэлүүдийг хэрэглэнэ.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Уг өвчний биологийн дамжуулагч болох хачиг унах улиралд хачиг унахаас өмнө урьчилан сэргийлэлт хийж, малыг бэлчээхдээ нутаг сэлгүүлэхийг анхаарах хэрэгтэй байна.Үхрийн бабезиозоос урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээ бүхий эмийг хэрэглэнэ.

3.2.Судалгаа болон шинжилгээний төв байгууллага нь орон нутгийн малын эмч нарт, сумдын мал эмнэлгийн тасаг нь мал бүхий иргэд болон хуулийн этгээдэд зориулсан өвчний талаар мэдлэг, мэдээлэлийг олон хэлбэрээр тасралтгүй өгдөг байх.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Манай орны Баян-өлгий, Төв, Хэнтий, Булган, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Говь-алтай, Завхан аймгуудын бэлчээрийн хачиг ихээр унадаг ихэнх сумдад энзоот (эпизоотологийн хэлхээ буюу өвчтэй мал, өвчин үүсгэгч дамжуулагч хачиг, халдварт мэдрэмтгий өвчлөмтгий мал бүрдсэн) хэлбэрийн голомт байх бөгөөд хэрвээ урьдчилан сэргийлэх болон эмчилгээний арга хэмжээ аваагүй тохиолдолд өвчлөл хорогдол их байсаар байна.

4.2.Хязгаарлалт тогтоох: Хачиг унах ихээр унадаг бэлчээрт малыг бэлчээхгүй байх.

4.3.Үхрийг амьдаар экспортонд гаргах зорилгоор амьд үхэр импортлох, экспортлоход тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн шаардалагыг хангахыг тул шинжилгээнд хамруулна.

4.4.Импортоор амьдаар оруулж байгаа үхэрт зайлшгүй үхрийн бабезиоз өвчний шинжилгээг хийх шаардлагатай.

4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.