- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХУЛГАНА ЯР ӨВЧИНӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР ЭПИЗООТИЧЕСКИЙ ЛИМФАНГОИТ, EPIZOOTIC LYMPHANGITIS
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/64 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
ХУЛГАНА ЯР ӨВЧИНӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
ЭПИЗООТИЧЕСКИЙ ЛИМФАНГОИТ, EPIZOOTIC LYMPHANGITIS
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Хулгана яр өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Хулгана яр өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Хулгана яр өвчнөөр адуу, илжиг, луус, хулан, тахь өвчлөх бөгөөд эдгээр амьтдын тунгалгийн судас, зангилаа, арьсны доорх эслэгүүдэд идээт буглаа, яр үүсгэн өвчлүүлдэг ужиг халдварт өвчин юм.
1.4.Үүсгэгчийн онцлог,тэсвэрт чанар: Уг өвчнийг үүсгэгч нь Histoplasma farciminosum бөгөөд идээт ярнаас түрхэц хийж үзэхэд 3-4 мкм урт, 2.4-3.6 мкм өргөнтэй зууван хэлбэртэй,хоёр давхар хүрээтэй үзүүр нь шовх хэлбэртэй харагддаг мөөгөнцөр юм. Өвчтэй малын эд эсэд зөвхөн криптококк хэлбэртэй байх ба зориулалтын тэжээлт орчинд ургуулахад нахиа /мицел/ хэлбэртэй ургаж эхлэх ба бараг 2 сарын дараа ургалт нь гүйцдэг онцлогтой. Үүсгэгч гадаад орчинд нилээд тэсвэртэй бөгөөд газрын хөрс, бууцанд 3 сар хүртэл хугацаанд амьдрах чадвартай ба хатаж хуурайшсан идээ, ярны таван дор, тохиромжтой нөхцөл бүрдвэл 5 хүртэл жил хадгалагддаг. Нэг хувийн идэвхт хлор бүхий уусмалд 2 минут,идэмхий натрийн 3хувийн уусмалаар үйлчлүүлэхэд 25 минутын дараа идэвхгүйжинэ.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Монгол адууны хувьд 5 хүртэл насны адуу өвчлөх бөгөөд тархан халдварлалт ихэнхдээ 10 сараас эхэлж 5 сар хүртэл хугацаанд илэрдэг ч өвчлөлтийн эрчим нь 11 сараас 3 сар хүртэл байдаг. Халдварын эх уурхай нь өвчилсөн адуу түүний идээт буглаа,яр шархнаас үүсгэгч ялгарч, бохирлогдсон тэжээл,хашаа хороогоор дамжин гэмтсэн арьс,тунгалгийн судсаар адууны биед нэвтэрнэ. Үүний зэрэгцээ дамжуулах хүчин зүйлүүдэд эмээл, хазаар, ногт, чөдөр, тэжээлийн сав зэрэг орно.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Манай орны нөхцөлд адуу голдуу өвчилдөг бөгөөд өвчний нууц үе 1-3 сар байна. Энэ өвчин энгийн болон түгээмэл хэлбэрээр илэрнэ. Энгийн хэлбэрийн үед хэсэг газар үрэвсч, хөл дагасан тунгалгийн зангилаа томорч, идээт буглаа гадагш хагарч шархлах ба аажимдаа эдгэнэ. Түгээмэл хэлбэр нь тунгалгийн судас үрэвсэх шинжээр эхэлж идээт товруу үүсгэх ба өвчлөлт арьсны өнгөн хэсэгт эсвэл арьсанд явагдаж байвал вандуйн хэмжээний товгорууд ажиглагдах ба арьсны доорх эслэгийг хамарвал галууны өндөгний хэртэй томорч хоорондоо нийлж гүнзгий нүх үүсгэн шархлуулна. Өвчин 6-8 сар хүртэл үргэлжилэн үхлээр төгсөнө. Монгол адуунд зангилаат товруунууд ихэвчлэн хөл, дал мөр, гүрээний судас, хүзүүний хоёр тал, хойд хөлний дотор талын тунгалгийн судсыг дагаж гардаг. Үхсэн адууг задалж үзэхэд гэмтсэн арьс зузаарч 5-6 см орчим болсон байна. Тунгалгийн судсыг дагаад үргэлжилсэн эрх шиг идээт голомтууд илрэх ба зарим үед тунгалгийн зангилаа цоорч нүх үүссэн байдаг.
2.2.Эмгэг бие бүтцийн хувирал: Хулгана ярын эмгэгт өөрчлөлт арьс, арьсны доор эслэг, тунгалгийн судас,түүний төвлөрсөн зангилаануудад явагддагаараа онцлог юм. Хүнд хэлбэрээр өвчилсөн үед зүрхний гадна ба дотор цэг маягийн цус харвалт ажиглагдах бөгөөд ам, хамрын салст бүрхүүлд шар, ногоон өнгөтэй хатуужсан яр зангилаа илрэх тохиолдол бий.Мөн эрүү дал,мөр,цээж хөлний тунгалгийн булчирхай, зангилаануудад идээт буглаа үүсэж цоорно.Бас нэг онцлог бол идээт буглааны зэрэгцээ тунгалгийн булчирхайн бүрхүүл хальсны дор үхжлийн голомтууд илэрнэ.Хүнд биш хэлбэрийн үед өвчтэй хэсгийн арьс 5-6 см зузаарч, хөврүүлж тавьсан олс дээс шиг мушгирч гүвийсэн судал ажиглагдана. Элэг, уушиг, дэлүү, зүрх болон бусад эрхтнүүдэд мэдэгдэхүйц эмгэгт өөрчлөлт ажиглагдахгүй.
2.3.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалаас дээж авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлалын шинжилгээ хийнэ. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гарын авлагад Дархан туяарах урвал (иммунофлуоресцент), Фермент холбоот эсрэг биемийн урвал (ELISA)-аар оношилж болох тухай бичсэн байдаг.
2.4.Ялгаварлан оношлох: Хулгана яр өвчнийг арьсны ям өвчнөөс ялган оношлох шаардлагатай. Хулгана ярын үед хөлний тунгалгийн булчирхай, судас дагаж цуварсан байрлалтай яр гарна.Лабораторийн шинжилгээнд идээт яр шарх, битүү бугласан идээ бээр эсвэл тунгалгийн булчирхайн идээт цустай шингэнээс сорьц авч микроскопоор шинжлэхэд Cryptococcus farciminosus чөлөөтэй харагдана.
2.5.Эмчилгээ: Хэвлэл мэдээллийн тоймд уг өвчний үед шинж тэмдгийн болон антибиотикээр эмчилдэг тухай бичсэн байдаг. Өнөө үед мал эмнэлгийн практикт хэрэглэж буй антибиотек болон мөнгөний ионы хавсарсан эмчилгээг зааврын дагуу хийнэ.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Хулгана яр өвчний гаралтын судалгааг жил бүр гаргаж,урьдчилан сэргийлэх болон эмчлэх, халдваргүйжүүлэлт хийх, малын хөдөлгөөнд хяналт тавих зэрэг ажлуудыг зохион байгуулна. Мал бүхий аж ахуйн нэгж, иргэд, малчдад уг өвчний талаар тухайн орон нутгийн захиргаа, мал эмнэлэг, малын эмч нар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыгзохион байгуулах ба өвчин гарсан тохиолдолд хил залгаа аймаг, сумын малын захиргаа, мал эмнэлэгт мэдэгдэх зэрэг арга хэмжээ авна. Мөн уг өвчний талаарх зурагт хуудас, мэдээллийг малчдад тараах зэргээр сурталчилна
3.2.Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх биобэлдмэл, вакцин байхгүй. Тухайн аж ахуй, малчин өөр газар нутгаас адуу авч ирэх бол харьяа мал эмнэлэгт мэдэгдэж, эмнэл зүйн шинжилгээ хийлгэнэ. Мөн гарал үүслийн гэрчилгээг нягтлуулна.
3.3.Тандалт хяналтын шинжилгээг хулгана яраар тайван бус газар нутаг, аж ахуйн нэгж, хувь хүний адуун сүрэгт тухайн орон нутгийн малын эмч улирал тутам хийнэ
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт хулгана яр өвчинтэй тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.
4.2.Хулгана яр өвчин гарсан тохиолдолд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн аймаг сум,дүүргийн засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож хэрэгжүүлнэ. Хязгаарлалт тогтоосон үед малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах,нэг дор олноор бөөгнөрүүлэхгүй байх арга хэмжээ авна. Хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн адуу эдгэрэх эсвэл үхсэнээс хойш 14 хоногийн дараа бүх малд эмнэл зүйн үзлэг хийж,мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хязгаарлалтын дэглэм тогтоосон албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
4.3.Өвчтэй мал байсан болон тухайн малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл,хашаа,хэвтэр бууц,тэжээлийн онгоц зэргийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис,бэлдмэлүүдийг ашиглан халдваргүйжүүлнэ.
4.4.Өвчний улмаас хорогдсон малын хүүр,сэг зэмийг халдваргүйжүүлэх бодисоор халдваргүйжүүлж тусгай зориулалтын нүхэнд хийж булах юм уу шатааж устгана.Хулгана яр өвчин гарсан үед өвчилсөн малаас гарах бүтээгдэхүүнийг ашиглахгүй.
4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A