A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/64 дугаар тушаалын зургаадугаар хавсралт

МАЛ, АМЬТДЫН ШИРХТЭХ  ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР.

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Мал, амьтдын ширхтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Мал, амьтдын ширхтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Тодорхойлолт: Ширх нь мал, амьтдын биеийн гадаргууд байршин амьдарч шимэгчлэн арьсны эмгэг үүсгэнэ. Шар ширх эргэх дөрвөн улирлын туршид сүүн тэжээлтэн амьтдын биед байнга шимэгчилдэг үсч, ноолуурч шавьжийн багт хамрагдах бүлэг эктопаразит юм. Шар ширх малын арьсны хогжруу, өнгөн хэсэг, хатсан цус зэргээр хооллоно. Малын үсний угт байрладаг учраас үсний шавьж гэж нэрлэдэг. Малын шар ширхтэлт /маллофагтах, бовиколтох/-ийг шавьжны ангийн, Mallophaga багийн, Bivicolidae /Trichodectidae/ язгуурын, Bivicola төрөлд хамаарагдах олон зүйл шар ширх үүсгэнэ. Манай улсад 5 зүйл шар ширхBovicola bovis, B.equi, B.caprae, B.ovis, B.crassipes тархсан. Шар ширх богино, өргөн, үсэрхэг толгойтой, мэдрүүл бүдүүн сахалтай, бүлтгэр нүдтэй, толгойноос богино цээжтэй, урд цээж нь арын цээжнээсээ нарийн, хэвлий гонзгой нарийхан, бөгс шувтан. Хүчирхэг гурван хос хөлтэй. Толгой, цээжний ерөнхий өнгө улаан шар, хэвлий хүрэн толботой цайвар байдаг. Эмэгчин ширх 1.9-2.2 мм, эрэгчин-1.4 мм урт биетэй.Өндөг гонзгой бөөрөнхий хэлбэртэй, 0.5 мм урт, гялгар өнгөтэй. Шавжийн ангийн Siphunculata багийн Haematopinidae, Linognatidae, Hoplopeuridae овгийн хөх ширх нь Haematopinidae овгийн 3 /H.eurysternus, H.suis, H.asini/, Linognatidae овгийн 4 зүйл хөх ширх /L.pedalis-сагагны хөх ширх, L.ovillus, L.stenopses, L.africanus/, үхэрт нэг зүйл /L.vituli/, адуунд 1 зүйл Ratemia /R.skvamulata/ гематопинидоз, линогнатоз, ратемиоз өвчнийг үүсгэнэ. Хөх ширх1-5 мм урт, хавтгайдуу, зууван, өндөг хэлбэрийн биетэй, цээж нь толгойноосоо өргөн байдгаараа шар ширхнээс ялгагдах бөгөөд гадуураа үс, өргөсөөр бүрхэгдсэн, хатгаж сороход зохилдсон амны эрхтэнтэй шимэгч шавж юм. Нүдгүй, эсвэл редукцэд орсон байна. Толгойн урд талд амны сүв жижиг хуниас хэлбэртэй харагддаг бөгөөд түүнийг хүрээлсэн олон жижиг гох дэгээ маягийн өргөсүүдтэй, үүгээрээ эзэн амьтны биед бэхлэгдэн амьдарна. Хатган сороход зохицсон амны эрхтэнтэй. Энэ үед шүлс ялгарч цусыг бүлэгнүүлэхээс сэргийлдэг. 3-5 үетэй богинохон сахалтай. Цээжний 3 цагираг хоорондоо нягт нийлсэн, далавчгүй байдаг. Хөл харьцангуй богино, нэг үетэй сарвуутай, ганц хумстай, амьтны арьс, үсэнд бэхлэгдэхэд зохицсон онцлог бүтэцтэй.Хэвлий хавтгайдуу, зууван хэлбэртэй, ихэвчлэн 9 цагиргаас тогтоно. Эрийн хэвлий гол төлөв дугуй үзүүртэй байхад эмийнх нь салаа хоёр илтэстэй. Хөх ширх адуу, үхэр, хонь, ямаанд голчлон тохиолдоно. Хоногт 2-3 удаа хооллож мал, амьтнаас 1-2 мг цус сорох бөгөөд өндөгнөөс 7-15 хоногийн дараа авгалдай гарч цус сорж хэд дахин гуужсаны дараа бэлэг боловсорно. Эмэгчин ширх хоногт 1-4 өндөг гаргаж мал, амьтны үсэнд наалдуулж үлдэх бөгөөд 2-3 долоо хоногийн туршид 50-80 өндөг гаргасны дараа үхнэ. Хүйтний улирал эхлэнгүүт мал ширхтэж эхлэх бөгөөдширхний тоо аажмаар нэмэгдэж 12-4 дүгээр сард дээд зэрэгтээ олширч төл малын өсөлт, торнилтыг саатуулах, тарга тэвээр аваагүй туранхай малыг үхүүлэх шалтгаанч болно. Шар ширхтсэн үед үхрийн чих, гуяаны дотор тал, адууны эрүүний доорхи хонхор, саганы үе, хонь ямааны хүзүү, цээж, цавины орчимд шимэгчлэх ба арьс үрэвсэх, үс ноос унах бөгөөд тахиа биеэ тогших, далавчаа сэгсрэх, турж эцэх, өд сөд нь бүрзийн унах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хөх ширх нь малын биеийн гадаргуу дээр амьдарч арьсыг цоолж цусаар хооллоно. Шөнийн цагаар идэвхжин мал амьтдын тайван байдлыг алдагдуулах ба шүлс нь цус бүлэгнэлтийг саатуулдаг үйлчилгээтэйн дээр арьс дахь мэдрэлийн төгсгөлүүдийг цочроож загтанаа үүсгэдгээс мал биеэ маажих, юм шөргөөх, үрэх зэргээс арьс үрэвсэж шархлах, турж эцэх, цус багасах шинж үзүүлж өвчилнө. Хонь, ямааны хөх ширх ихэвчлэн зовхи, ухархай, чихний уг, шанаа, эрүүний доорхи хонхор, суга, цавь, хэвлий, хонго, сагаг, шилбэ орчимд байх бол үхрийнх эврийн уг, эрүүний доорхи хонхор, хүзүү, сэрвээ, бөөрний хэсэг, сүүлний уг, ташаан толгой орчмоор, гахайд чихний уг, нуруу, бөөрний хэсэгт зонхилон тохиолдоно.

ХОЁР. ОНОШЛОГОО

2.1.Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ширхийг 70 хувийн спиртэнд хадгалааслан цаасан дээр балын харандаагаар хаяг бичиж дотор нь хийж хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжид дурандах шинжилгээ хийж төрөл, зүйлийг тодорхойлно.

2.2.Ширхтэх өвчнийг гадаад үзэгдэх шинж тэмдгийн хувьд таних нь амар боловч цахлай, хамуу, арьсны элдэв эмгэгээс ялгаварлах шаардлагатай.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ширхтэх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авч ажиллана.

3.1.1.Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийх,

3.1.2.Малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих,

3.1.3.Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх угаалга, боловсруулалт хийлгэх, шаардагдах хүн хүч, бэхэлгээний зүйл, хашаа хороогоор хангах,

3.1.4.Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, боловсруулж ажиллана.

ДӨРӨВ. ЭМЧИЛГЭЭ,ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Ширхтэх өвчингарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт дараах сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.1.1.Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн шавж устгагч эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх,

4.1.2.Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах,

в/Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх,

4.1.3.Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юмуу шатааж устгах,

4.1.4.Ширхтэх өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх,

4.1.5.Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх, 

4.1.6.Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэн 11, 12-р сараас өмнө өвөлжөөндөө буухгүй.

ж/Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.

4.2.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.