- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ШУВУУНЫ ТОМУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР AVIAN INFLUENZA, ПТИЧИЙ ГРИПП
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны
А/65 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ШУВУУНЫ ТОМУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР AVIAN INFLUENZA, ПТИЧИЙ ГРИПП
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Хүн, мал, амьтны гоц халдварт өндөр хоруу чанартай шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2. Хамрах хүрээ: Хүн, мал, амьтны гоц халдварт өндөр хоруу чанартай шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Тархалт, эпидемиологи: Хүн, мал, амьтны томуу нь дэлхий нийтэд өргөн тархсан амьсгалын замын халдварт өвчин юм. Шувууны томуу өвчнийг 100 гаруй жилийн өмнө Италид анх оношилсон боловч тэр цагаас хойш өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татаж түгшүүлээд байгаа өндөр хоруу чанартай H5N1 дэд хэв шинжээр үүсгэгдсэн дэгдэлт шиг хүн өвчлүүлсэн тохиолдол байсангүй. Тухайлбал, 1959-1994 он хүртлэх 30 гаруй жилийн дотор дэлхийн 20 гаруй оронд 14 удаа шувууны томуу өвчин гарсны дотор А хүрээний H5N1 дэд хэв шинжээр үүсгэгдсэн томуу 2 удаа буюу 1959 онд Шотландад тахианд, 1991 онд англид Цацагт хяруулд гарсан боловч хүн өвчилсөн тухай мэдээлээгүй байна. Энэхүү баримтаас үзэхэд уг хэв шинжийн үүсгэгч нь дотроо сул ба өндөр хоруу чанартай гэсэн хоёр хэлбэртэй болох нь тодорхой байна. Шувууны томуугаар бүх төрлийн шувууд өвчилдөг боловч зарим төрлийн шувууд харьцангуй тэсвэртэй, зарим нь илүү мэдрэмтгий байдаг онцлогтой. Тухайлбал зэрлэг нугас өөрөө бараг өвчилдөггүй боловч сангасныхаа грамм тутамд 108,7 зэрэгт 50% өндөг үхүүлэх тун (EID-egg-infective dose 50%) хүртэл вирус тээж ялгаруулж байдаг байна.(Webster 1978). Харин гэрийн тэжээвэр шувуудаас тахиа, цацагт хяруул, бөднө томуу өвчинд мэдрэмтгий байдаг. Үүнээс үзэхэд томуугийн үүсгэгчийг үндсэн тээгч буюу дамжуулагч нь бүх төрлийн шувуу болох нь тодорхой байна. Шувуудын дунд томуугийн А хүрээний 16 дэд хэв шинжийн вирус эргэлтэд байдгаас Н5, Н7, Н9 дэд хэв шинжийн үүсгэгч дотор өндөр хоруу чанартай хувилбар байдаг нь тодорхой болжээ. Хамгийн түгээмэл тохиолдлууд 2016-2017 онд H5N8 дэд хэвшлээр үүсгэгдсэн (Дундад Ази, Европ, Африк тивүүдийг хамааран 35 оронд), H5N1 дэд хэвшил (Дундад Ази, Европ, Африк тивүүдийг хамааран 18 оронд), H5N5 дэд хэвшил (Европ тивийн 8 оронд),H5N6дэд хэвшил Ази тивийн 7 оронд, H5N2 дэд хэвшил Америк, Ази болон Европ тивийн 3 оронд, H5N3 дэд хэвшилХятад Тай Пэй, H5N9 дэд хэвшил Франц, H7N1 дэд хэвшил Алжир, H7N3 дэд хэвшил Мексик, H7N7 дэд хэвшил Итали, H7N8 дэд хэвшил Америк, H7N9 дэд хэвшил Хятад улсад тус тус илэрчээ. Монгол оронд 2005, 2006 онд Хөвсгөл, Булган, 2009 онд Архангай, Хөвсгөл, 2010 онд Сүхбаатар аймагт зэрлэг шувуунд H5N1 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн өндөр хоруу чанарт шувууны томуугийн тохиолдол оношлогдож, ДМАЭМБ-ын лавлагаа лабораториор баталгаажсан. Зэрлэг шувуудад дотоод, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарсан судалгааг 2006 оноос хойш жил бүр гүйцэтгэж байгаа бөгөөд сул хоруу томуугийн вирус байнгын эргэлтэнд байгаа нь тогтоогдсоор байна. Манай улсад тэжээвэр шувуунд өнөөдрийг хүртэл өндөр хоруу шувууны томуугийн тохиолдол бүртгэгдээгүй.
1.4.Нийтийн эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөө: 1997 онд анх бүртгэгдэж 2001 оноос хүнд халдварлаж хэдэн зуун хүний амь насыг авч одоод байгаа шувууны томуугийн өндөр хоруу чанартай А (H5N1) дэд хэв шинжийн үүсгэгч нь магадгүй өнгөрсөн зуунд хүн төрөлхтөний түүхэнд 3 удаа тохиолдож олон сая хүний амийг авч одсон хүний томуу үүсгэгч вирусийн шинэ хэлбэр байж болзошгүй гэж үзээдДЭМБ, ДМАЭМБ зэрэг олон улсын байгууллагууд уг өвчинд онцгой анхаарал хандуулж байна. Энэ нь ч бас цаанаа учир шалтгаантай юм. Тухайлбал, дээрхи хүний томуугийн цар тахалын 3 тохиолдлын анхных нь 1918-1920 онд “Испани” тахал нэртэйгээр дэгдэж 500 гаруй сая хүн өвчилж 60-аад сая хүн эндсэн бөгөөд түүний үүсгэгч нь гахай ба шувууны томуу үүсгэгч вирусүүдийн дундаас эрлийзжсэн A(H1N1) дэд хэв шинжийн үүсгэгч байсныг хожим нотолсон. Дараагийнх болох 1957-1958 ба 1968-1969 оны цар тахалуудын үүсгэгч мөн хүний томуу ба шувууны томуу үүсгэгчүүд эрлийзжсэн болох нь бас нотлогдсон. Үүнээс үзэхэд хүний томуугийн цартахал дэгдэхэд мал, амьтны томуу үүсгэгч вирусүүд нилээд үүрэгтэй болох нь тодорхой байна. Энэ утгаараа ямарч хил гааль, хязгаарлалтын арга хэмжээ авах боломжгүй шахам шалтгаантай, шувууны томуу түүний дотор нүүдлийн шувуудын томуу өвчинтэй тэмцэх,сэргийлэх асуудал улс орон бүрийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Шувууны томуу өвчний тархалт нь 2017 оны байдлаар дэлхийн хүн төрөлхтөний /2458 хүний халдвар/ болон мал амьтны /сая, сая шувуу өвчилж хорогдсон/ эрүүл мэндийн чухал асуудлуудын нэг байсаар байна.
1.5.Эрсдэлт хүчин зүйлс: Халдварын эх үүсвэр нь томуугаар өвчилсөн бүх төрлийн зэрлэг ба тэжээвэр шувуу боловч уг вирусийн онцлогоос хамаарч зүйлийн саадыг давж чадах хэмжээнд өөрчлөгдөн хувирсан үүсгэгчээрөвчилсөн бусад мал амьтан бас байж болохыг үгүйсгэдэггүй байна. Томуугийн вирус нь өвчилсөн шувууныамьсгалын замын салст бүрхүүл, нарийн ба бүдүүн гэдэсний хана, уушигны цулцан, хучуур эсүүдэд тархсан байдаг төдийгүй, зүрхний булчин, тархины эсүүдэд ч хуримтлагдсан байдаг. Иймээс эдгээр эс, эд, эрхтнээс гадагшлах бүх төрлийн шүүрэл, баас, сангасаар дамжин гадна орчинд вирус ялгарч байдаг. Томуугийн вирусийн тархах гол зам нь агаар дуслын зам боловч дээрхи бүх төрлийн шүүрэл, баас сангасаар бохирлогдсон тэжээл, ус, шувууны байрны тоног хэрэгсэл, ажиллагсдын хувцас зэргээр дамжин халдварлана. Бас өвчтэй шувууд өөр хоорондоо хавьтах, өвчилж үхсэн ба нядалсан шувууны сэг зэм халдвар тараана. Халдвар дамжуулах завсарын эзэд нь шувууны байранд үржсэн төрөл бүрийн шавьж хорхой байж болно. Зарим тохиолдолд томуугаар өвчилсөн гахай, адуу, хүний үүсгэгч ч зүйлийн саадыг даван харилцан бие биенээ өвчлүүлж болох боломжтой. Харин усны зэрлэг шувууд, түүний дотроос галуутан (нугас, галуу), хиазтан ( цахлай хиазат) томуугийн А хүрээний бараг бүх дэд хэвшинжийн үүсгэгчийг агуулж байдаг тул байгаль дээрх гол эзэд нь гэж үздэг.
1.6.Үүсгэгчийн онцлог: Хүн, мал, амьтны томуу өвчин нь Mixovirus овог, Orthomixoviridae язгуурын influenza вирусээр үүсгэгддэг амьсгалын замын тогтолцооны цочмог явцтай халдварт өвчин юм. Уг вирус дотроо А, В, С гэсэн гурван хэвшилтэй (хүрээ) бөгөөд, хүн эдгээрийн бүх хувилбараар нь өвчилдөг байхад харин мал амьтан зөвхөн А хүрээний вирусээр л өвчилдөг онцлогтой. HA-гемагглютинин/H1-H15/. Амьсгалын замын салстын эсэд вирус наалдуулах үүрэгтэй. /450-500/ NA-нейраминтдаза /N1-N9/.250-300. Энэ эсрэг төрөгч нь өөрөөсөө сиалин хүчлийг ялгаруулан эсийн ханыг хайлуулж нэвтрэх бололцоог олгоно. Томуугийн вирус нь бүтцийн ба бүтцийн бус 7-8 уургаас тогтох бєгєєд эдгээрээс М1, М2 уураг нь эсийн дотор томуугийн вирус үржиж олшроод эсээс буцаж гарахад гол үүргийг гүйцэтгэнэ. Томуугийн А хүрээний вирусээр олон төрлийн амьтнаас гадна хүн өвчилдөг тул тэдгээрийн үүсгэгчийг өөр хооронд нь ялган, салгахад зарим үед бэрхшээлтэй болсноос 1980-аад оны эхээр ДЭМБ-аас доорх зөвлөмжийг гаргасныг одоо дэлхий нийтээр мөрдөж байна. Үүнд: томуу өвчний үүсгэгчийг тэмдэглэхдээ хамгийн эхэнд вирусийн үндсэн хүрээг, тухайлбал А, В, С-ийн аль нь болохыг дараа нь уг вирусийг ямар амьтнаас ялгасан болохыг (гахай, адуу, эсвэл ямар шувуу болон бусад амьтан ), дараа нь ялгасан газар орон буюу улсын нэр, сорьцын дугаар, эцэст нь вирус ялгаж авсан оны сүүлчийн хоёр оронг дараалуулан хооронд нь ташуу зураасаар зааглан тэмдэглэж байхаар тогтсон. Харин хүнээс ялгасан вирусийн хувьд ялгасан амьтны нэр гэсэн хэсэгт бичилт хийдэггүй. Бас дээрх нэршлийн ард нь хаалтан дотор хемагглютинин ба нейраминидазийн дэд хэв шинжийн томъёог бичдэг. Тухайлбал, БНХАУ-ын Гуандунг мужид тэжээвэр галууны сүрэгт гарсан дэгдэлтийн үед ялгасан, шувууны томуугийн H5N1 үүсгэгчийн Азийн салбар омгуудын нэг болох омгийг А/Галуу/Гуандунг/1/96 (H5N1) буюу A/goose/Guandong/1/96 (H5N1) гэж нэрлэсэн бол ХонгКонгт шувууны томуугийн үүдэлтэйгээр хүн өвчилж түүнээс ялгасан омгийг А/ХонгКонг/156./97 (H5N1) буюу A/HK/156/97 (H5N1) гэж тэмдэглэсэн.
1.7.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Томуугийн вирусийн гадаргуугийн хоёр давхар липиден бүрхүүл нь хэврэг тул гадаад орчинд ерөнхийдөө тэсвэр муутай. Уг вирус нь өвчтэй амьтан ханиах, найтаах, тургихад гадаад орчинд цацагдаж агаар дуслын замаар дамжин халдвар тараах нөхцөл бүрддэг. Тухайлбал 1 мл хамрын шүүрэлд хэдэн сая вирус байх бөгөөд ( томуугийн вирусээр бохирлогдсон 0,1 мкл агаарт) 100-аас дээш тооны вирус агуулагддаг. Харин уг вирус нь орчны температурт тэсвэр султай, нарны гэрэл, хэт ягаан туяаны нөлөөнд идэвхээ амархан алддаг. Шувууны томуу үүсгэгч вирусийн тухайд зэрлэг шувуудын сангасаар, ялангуяа жижиг нуур, голууд ихээхэн бохирддог. Судалгаанаас үзэхэд уг вирус халдварлах идэвхээ 40С хэмтэй усанд 50%-иар илүү удаан хадгалдаг байхад өвөл ус хөлдсөн үед уг вирусийн идэвх хавар нуур, гол гэсэх хүртэл бас хадгалах боломжтой гэж үздэг. Томуугийн вирус физик, химийн хүчин зүйлд төдийлөн тэсвэртэй бус. Тухайлбал вирус агуулсан шингэн тасалгааны дулаанд нэг хоногт, харин хэт ягаан цацрагийн нөлөөнд хэдхэн минутанд идэвхээ алддаг. Мөн +40С хэмд хэдэн долоо хоног, +550С хэмд 1 цаг, +600С-750С хэмд 2-5 минут, -200С хэмд хэдэн сар, -700С-аас доош хэмд хэдэн жил идэвхтэй байж чаддаг.
Эфир, хлороформ, дезоксихолат натри, додецилсульфит натри болон тодорхой түвшрүүлэгтэй ариутгагч уусмалуудад маш амархан идэвхээ алддаг. Тухайлбал, формалины 1:4000, иодын 0,1%, люгелийн 1%, сулемагийн 1:1000, хлорын 3%, идэмхий натрийн 2%, креолины 5%-ийн уусмалд богино хугацаанд идэвхээ алдана. Харин төрөл бүрийн антибиотикт тэсвэртэй ажээ.
1.8.Халдвар дамжих зам, механизм: Шувууны томуу өвчин зэрлэг шувуудад байнгын цикл үүсгэн халдварлаж байдаг бол түүнээс адуу, мэрэгчид, далайн зарим хөхтөн, гахай, тэжээвэр шувуу, махчин амьтдад халдвар дамжих эрсдэлтэй. Тэжээвэр шувуу, гахайгаар дамжин хүнд өвчлөл үүсгэж улмаар хүнээс хүнд халдвар дамжих эрсдлийг дагуулж байдаг. Тэжээвэр шувуу, гахай, адууг зэрлэг шувуутай шууд харьцахгүй байх боломжийг бүрдүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл биохамгаалалыг сайтар бүрдүүлнэ гэсэн үг юм.
1.9.Эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг хувирал: Томуугийн А хүрээний вирусийн эмгэг төрүүлэлт нь үүсгэгчийн өөрийнх нь хоруу чанар, эзэн амьтны эсийн тропизм, дархлааны хүчдэл зэргээс хамаардаг. Гэрийн тэжээвэр шувуу болох тахиа, цацагт хяруулын эд эрхтэнд ужгирсан вирусийн омог л мэдэгдэм үлэмж ба бичил өөрчлөлтүүдийг үзүүлэх нь элбэг байдаг. Тухайлбал, цацагт хяруулд хамрын дагавар хөндийн үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, агаарын уутны үрэвсэл, мөн нянгийн гаралтай хоёр дахь халдварын үрэвсэл илэрдэг. Тахианд амьсгалын замын салст бүрхүүлийн улайлт, өндөглөгч тахианд үржлийн эрхтний эмгэг өөрчлөлт илүү тод илэрнэ. Харин өндөр хоруу чанартай томуугийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуу өвчний үед доорхи хэдэн онцлог эмнэлзүйн шинж тэмдэг ажиглагдана.
1.9.1.Зэрлэг шувуунд ихэвчлэн олноор үхэх, нуур усны мандал дээр эргэх хөдөлгөөн хийх, харах, орчноо мэдрэх чадвар алдагдах, таталдах, тойрон эргэх хөдөлгөөн хийх, хошуугаара газарт хатгах, далавчаараа газарт цохих, савах, том шувуунд хүзүү нь S хэлбэртэй болох зэрэг мэдрэлийн хэв шинжээр илэрнэ.
1.9.2.Өвчний цочмог хэлбэрийн үед үнхэлцэгний хальсны завсарт үүссэн шүүдэст үрэвсэл, гэдэсний ханын цус дүүрэлт зарим үед чацархай, ходоод гэдэсний болон зүрх, тархины бор хальсны цэгэн цус харвалт ажиглагдана. Бас биеийн хөндийнүүдийн гялтангийн завсарт шингэн хуримтлагдах, уушиг хавагнах шинж илэрдэг. Өвчний эхний шатанд дотор эрхтний хучуур эсүүдэд эсрэгтөрөгч элбэг илэрдэг бол даамжирсан үед зүрхний булчин, бөөрний дээрх булчирхай, нойр булчирхайд илэрдэг. Тэжээвэр шувуунд шинж тэмдэггүйгээр гэнэт олноор үхэх, тэжээлийн дуршил буурах, өндөглөлт цөөрөх, зөөлөн хальстай эсвэл буруу хэлбэртэй өндөг гаргах, толгой, зовхи, залаа нь хавдах, хөлийн шилбэ, залааны өнгө хөхрөх, нус гоожих, ханиалгах, тургих, тэнцвэр нь алдагдах шинж тэмдэгүүд илэрнэ.
1.9.3.Эмнэлзүйн шинж тэмдэг аажуу эхэлж, удаан үргэлжилсэн үед мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, тархины эд эсийн хавагналт, цэгэн цус харвалт илүү тохиолдоно. Өндөглөгч шувуудад өндгөвч болон өндгөвчийн хоолой үрэвсэх, өндгөвчний цэврүү хагарсанаас хэвлийн гялтан шарлаж үрэвсэнэ.
1.9.4.Нугас, цахлай болон тэжээвэр зарим шувуунд томуугийн вирус зөвхөн амьсгалын замын эд эрхтэнд үржсэн байх шинж тэмдэг ажиглагдана. Цөөн тохиолдолд зүрхний булчинд лимфоцит, хистиоцит олшрох нь ажиглагдана.
1.9.5.Гэвч шувууны залаа, хөлийн шилбэ зэрэгт цус тогтонгшил үүссэнтэй холбоотой улайлт, хөхрөлт үүсгэж гэнэтийн үхэлд хүргэдэг, томуутай эмнэлзүйн төсөөтэй шинж тэмдэг бүхий өвчнүүдээс ялганоношлох шаардлагатай. Үүнд: цочмогдуу явцтай Ньюкастлын өвчин, тахианы мөгөөрсөн хоолойн халдварт үрэвсэл (ларинготрахейт), нугасны тахал, цочмог хордлого, тахианы холер, шувууны залааны бактерит целлюлит зэрэг. Шувууны томуугийн хөнгөвтөр өвчлөл нь эмнэлзүйн шинжээр ялган оношлоход төвөгтэй тул лабораторийн шинжилгээгээр онош тодруулах нь уг өвчинтэй тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй зөв зохион байгуулахад шийдвэрлэх ач холбогдолтой.
ХОЁР. ЭМНЭЛЗҮЙН БА ЛАБОРАТОРИЙН ОНОШЛОГОО
2.1.Эмнэлзүйн оношлогоо. Шувууны томуу өвчин гарсан орнуудын туршлага энэ талаар хэвлэл мэдээлэл болон төрөлжсөн сургалтаар үзүүлж буй сургалтын материал мөн түүнчлэн манай улсад гарсан шувууны томуу өвчний хэд хэдэн тохиолдол зэргээс үзэхэд эмнэлзүйн доорхи түгээмэл шинж тэмдэг ажиглагдаж байгаа нь уг өвчинд эмнэл зүйн шинжээр нь урьдчилан оношлох боломжтой байна. Эмнэлзүйн шинж тэмдэгийг үндэслэн шувууны томуу өвчин байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд түүнийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Энэ асуудал нь шинжилгээнд сорьц буюу шинжлэгдэхүүнийг хир зэрэг оновчтой, зөв сонгон авч, илгээхээс ихээхэн шалтгаална. Үүний тулд шинжлэгдэхүүнийг боломжтой бол үхсэн болон өвчтэй хэд хэдэн шувуунаас авах нь оношийг зөв байх магадлалыг өндөрсгөнө. Онолын хувьд шувуун сүргийн тооноос хамааруулж бүрэн төлөөлөл болж чадах шинжлэгдэхүүний тоог статистик магадлалын аргаар тооцоолон бодож авах нь илүү үр дүнтэй байдаг. Томуу төст өвчнөөр өвчилсөн шувуунаас шинжлэгдэхүүн авахдаа хүнд дамжин халдварлах боломжтой гэдгийг үргэлж санаж био аюулгүй ажиллагааны дэглэмийг чанд сахих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл био аюулгүй ажиллагааны 1-р зэрэглэлийн хамгаалах бүрэн хэрэгслийг ашигласан байх ёстой. Вирус судлалын шинжилгээнд зориулсан дээжийг өвчтэй шувуунаас авахдаа ариун бойтуур ашиглан хам сүв (клок), залгиураас арчдас хэлбэрээр авна. Арчдасыг тусгай найрлагтай хадгалааслах орчин бүхий хуруу шил буюу цодонд хийж сайтар таглаад шаардлага хангасан зохих хэмд хадгалж тээвэрлэнэ. Үхсэн шувуунаас вирус ялгах шинжлэгдэхүүнийг мөн био аюулгүй байдлыг хангасан нөхцөлд задалж, тархи, уушги, дэлүү, цагаан мөгөөрсөн хоолой, нарийн, бүдүүн гэдэс болон бусад эмгэг хувиралтай эрхтнээс эдийн зүсмэг авч таглаатай хуруу шил буюу шилэн бортгонд хийж дээрхийн адил хадгалж тээвэрлэнэ. Харин ийлдэс судлалын шинжилгээнд зориулан цус авч болох бөгөөд түүний тоо нь 30%-ийн тархацтай, 95%-ийн баталгаат магадлалтай байхаар тооцвол илүү оновчтой байна. Мөн цусны ийлдсийг газар дээр нь ялгаж, явуулах шаардлагатай. Явуулах сорьц бүрийн гадна талд шувууны нэр, ямар эрхтэний сорьц болох, сорьц авсан газар орон, аймаг сумын нэр, авсан он сар өдөр, цагийг бичсэн байх шаардлагатай.
2.2.Оношлох шинжилгээ. Шувууны томуу өвчнийг оношлох шинжилгээг ДМАЭМБ болон ДЭМБ-ын зөвлөсөн үндсэн ба орлуулан хэрэглэх аргуудыг ашиглана. Энэхүү шинжилгээг шууд ба шууд бус гэсэн хоёр аргаар зэрэгцүүлэн хийнэ. Шууд арга нь уламжлалт сонгодог арга буюу вирус ялгаж дүйн тодорхойлох, молекул биологийн аргаар вирусийн геномыг шууд илрүүлэх гэсэн үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Шууд бус арга нь өвчилсөн ба сэжигтэй шувууны цусны ийлдэс эсвэл, өндөглөгч шувууны өндөгний шард шувууны томуугийн вирусийн эсрэг бие илрүүлэх тандах шинжилгээний арга юм Мөн томуугийн вирусийн үндсэн хэв шинжийн эсрэг бие ( А, B, С хүрээ) илрүүлэх шинжилгээг гельд тундасжуулах урвал, ФХЭБУ (ELISA)-аар шинжилж байна. Үүнээс гадна иммунохроматографийн аргад үндэслэсэн ерөнхий хүрээ буюу А, В, С-ийн аль нэгийг илрүүлэх ба хэрэв томуу мөн бол тэр нь өндөр хоруу чанартай байж H5, H7, H9-дэд хэв шинжүүдийн аль нь болохыг тодорхойлдог түргэн тестийн аргууд байдаг. Зэрлэг шувуу ерөнхийдөө номойрч, үргэж цочих нь багасах, орчноо мэдрэх чадвар сулрах, халуурч дагжин чичрэх, хошуугаараа газар болон далавчаа цохих, далавчаараа юм цохих, хүзүүгээ гудайлгах, эргүүлэх, мушгиралдуулах, хөлний шилбэ, залаа, салст бүрхүүл хөхрөх, зовхи, хамар амны салст үрэвсэх, толгой хүзүүгээр нь хавагнах, усанд хажуугаараа эргэлдэх, сэлэх, хөвөх чадвар нь суларсанаас хуурай газар гарч эргэлдэх зэрэг шинж тэмдэг үзүүлдэг. Нэг нуур цөөрөм орчимд олноор үхэх тохиолдол байж болно. Хээрийн нөхцөлд өвчтэй, сэжигтэй шувуутай ажиллахдаа халдвар хамгааллын хувцас, нүдний шил, маск, бээлий зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах шаардлагатай.
2.3.Сэжигтэй тохиолдлын үед тухайн нуур цөөрмийн орчин (GPS, айл, мал зэрэг), өвчилсөн, үхсэн шувуу зэргийг сайтар ажиглаж тэмдэглэл хөтөлнө. Тухайн орчинд амьдарч буй иргэн, байгаль хамгаалагч, харьяалах малын эмч зэргээс тодруулга асуумж авна. Өвчилсөн, үхсэн шувуунд болгоомжтой ажиглалт, үзлэг хийнэ. Төвөнх мөгөөрсөн хоолой, багалзуур, клоак (хойд сүв) зэргээс арчдас авч хурдавчилсан тэстээр шалгана. Шаардлагатай тохиолдолд амьд шувууг үхүүлж, үхсэн шувууг задлаж эд, эрхтний сорьц авч лабораторид илгээнэ. Хүүр задлалтын тэмдэглэлийг сайтар хөтөлнө. Хүүр, сэг зэм, хэрэглэсэн хувцас болон устгах шаардлагатай бусад хэрэгсэлийг холбогдох журам, зааврын дагуу устгаж, тухайн орчин болон машин тоног хэрэгсэл зэргийг зааврын дагуу халдваргүйжүүлнэ.
2.4.Сорьц бэлтгэх: Мал амьтны өвчнийг шинжлэх, оношлох лабораторийн шинжилгээний хамгийн эхний алхам бол сорьц авах явдал юм.Шувууны томуу өвчнийг оношлох шинжилгээний эцсийн үр дүн дээжийн чанараас ихээх хамаарах тул дээжийг оновчтой сонгон авч зөв хадгалах, тээвэрлэх нь маш чухал.
2.5.Тандах шинжилгээнд дээж авах: Зэрлэг болон тэжээвэр шувуудаас цусны ийлдсийн дээжийг цуглуулна. Шувуунаас цус авахдаа хун, галуу зэрэг том шувууны гүрээний, тахиа, цацагт хяруул зэрэг шувууны далавчны доорх хураагуур судаснаас тариур юмуу эсвэл хүн эмнэлгийн цус авах зориулалт бүхий уян гуурстай зүү ашиглаж ваакум шилээр цус авч ийлдсийн ялган тэмдэглэл хийж хадгална. Зэрлэг шувуунаас тухайн амьдарч буй гол, нуур, цөөрмийн орчмоос шинэхэн баасны дээжийг цуглуулна. Тэжээвэр шувуунаас амьдарч буй байран дахь шувууны суултуур, гадаад орчин зэргээс шинэхэн баасны сорьц авна. Шаардлагатай тохиолдолд тухайн зэрлэг шувуудын оршин амьдарч буй нуурын уснаас мөн ойр орчимд байгаа мал, амьтнаас сорьц авч болно. Амьд зэрлэг болон тэжээвэр шувуунаас төвөнх, мөгөөрсөн хоолой, залгиур, хойд сүв зэргээс арчдасны дээжийг хөвөнтэй бойтуураар авч вирус тээвэрлэх орчин болон хоосон цодон хийж хадгалах эсвэл түргэн тэст тавихад ашиглана. Шувууны ялгадас гадагшлуулах болон бэлгийн сүв нэг байдаг бөгөөд түүнийг хойд сүв (клоак) гэж нэрлэдэг. Үхсэн буюу нядалсан шувууг хээрийн нөхцөлд задлахад салхитай зэрэг хүндрэлтэй тохиолдолд хамгаалах цагаан хувцасны дотор хөндий зай үүсгэн ашиглаж болно. Шувуу задлахдаа хүүр задлалтын протокол, эд эрхтний өөрчлөлтийг зургаар баримтжуулах мөн эд эрхтэн тус бүрийг тусад нь савлана. Нэг сорьц нэг сав зарчимыг баримтална. Шаардлагатай тохиолдолд формалин болон өөр бусад орчинд дээжийг хадгалааслаж болно. Оношлогоонд төвөнх/ мөгөөрсөн хоолойн хэсэг, уушиг, түүний гуурсны салс, бүдүүн гэдэс, түүний агуулагдахуун, тархи, нойр булчирхай, дэлүү зэргийг дээжинд авна.Оношлох шинжилгээнд шувууны хүүрийг бүтнээр нь лабораторийн шинжилгээнд илгээж болно. Ийлдэс судлалын шинжилгээнд авах цуснэг блокоос 20-30 дээж, 10%-н халдвартай бол 95% магадлалтай. Эд, эрхтэн 3-5 толгой шувуу, төрөл тус бүрээс авсан эдийг хооронд нь холихгүй. Арчдас 20-30 дээжийг цуглуулна.
2.6.Шинжлэгдэхүүнийг тээвэрлэх: Арчдас, эдийн зүсмэг, цус буюу ийлдсийг өдөрт нь хүргэх бололцоотой бол нэмэх дөрвөн хэмд хөлдөөхгүйгээр хүргэж болно. Харин тээвэрлэгдэх хугацаа үүнээс дээш бол шинжлэгдэхүүнийг хөлдөөж боломжтой бол хуурай мөстэй эсвэл мөс хөлдөөсөн савыг хажуугаар нь хийх зэргээр аль болох хөлдүүгээр нь хүргэхийг чухалчилна. Өндөр хоруу чанартай вирусээр үүсгэгдсэн байж болзошгүй гэж үзсэн бол тусгай зориулалтын 3 давхар савалгааны технологийг баримтлан биоаюулгүй байдлыг хангана. Шинжлэгдэхүүнийг цуглуулахаас өмнө шинжилгээ хийх байгууллагатайгаа холбоо барьж зааварчлага авах, шуудан буюу дам унаагаар явах бол тээврийн хэрэгслийн дугаар, савлаж багласан нөхцөл, хэдийд хүрэх хугацааг урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Хүлээн авах хаягийг дээжийн гадна хайрцаг дээр маш тодорхой бичихээс гадна дотор талд нь дээжийн тухай мэдээлийг дэлгэрэнгүй бичиж хийнэ.
2.7.Лабораторийн оношлогоо: Шувууны томуу өвчнийг оношлох шинжилгээг ДМАЭМБ болон ДЭМБ-ын зөвлөсөн үндсэн ба орлуулан хэрэглэх аргуудыг ашиглана. Энэхүү шинжилгээг шууд ба шууд бус гэсэн хоёр аргаар зэрэгцүүлэн хийнэ. Шууд арга нь уламжлалт сонгодог арга буюу вирус ялгаж дүйн тодорхойлох, молекул биологийн аргаар вирусийн геномыг шууд илрүүлэх гэсэн үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Шууд бус арга нь өвчилсөн ба сэжигтэй шувууны цусны ийлдэс эсвэл, өндөглөгч шувууны өндөгний шард шувууны томуугийн вирусийн эсрэг бие илрүүлэх тандах шинжилгээний арга юм. Мөн томуугийн вирусийн үндсэн хэв шинжийн эсрэгбие ( А, B, С хүрээ) илрүүлэх шинжилгээг гельд тундасжуулах урвал, ФХЭБУ (ELISA)-аар шинжилж байна. Үүнээс гадна иммунохроматографийн аргад үндэслэсэн ерөнхий хүрээ буюу А, В, С-ийн аль нэгийг илрүүлэх ба хэрэв томуу мөн бол тэр нь өндөр хоруу чанартай байж H5, H7, H9-дэд хэв шинжүүдийн аль нь болохыг тодорхойлдог түргэн тестийн аргууд байдаг.
2.8.Баталгаажуулалт: Монгол улсад өндөр хоруу шувууны томуугийн өвчлөл гарч эрх бүхий лабораторийн шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд Дэлхийн болон бүсийн ДМАЭМБ-ын лавлагаа лабораторид холбогдох дээжийг илгээж шинжилгээний үр дүнг баталгаажуулна. Дээжийг илгээхдээ Монгол улсын Засгийн газар, зам тээврийн яам болон олон улсын био илгээмж тээвэрлэх зэрэг эрх зүйн баримт бичгийг баримтлан 3 давхар савлагааны зарчмаар савлаж, тээвэрлэн илгээнэ.
2.9.Эмчилгээ: Шувууны томуу нь вирусээр үүсгэгддэг учир төрөл бүрийн антибиотикт тэсвэртэй байдгаас эмчлэх оновчтой арга мал, амьтан шувууны хувьд боловсрогдоогүй байна. Харин хоёр дахь халдвар буюу ямар нэг нянгийн халдвар авсан үед зарим антибиотикийг оновчтой сонгон хэрэглэж болно. Өндөр хоруу чанартай вирусээр үүсгэгдсэн нь тогтоогдвол тэжээвэр шувууны хувьд тухайн сүргийг устгах арга хэмжээг улс орнууд хэрэгжүүлж байна. Харин шувууны томуугаас сэргийлэх зорилгоор улс орнуудад вакцинжуулах аргыг мөн өргөнөөр хэрэглэх болов.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Шувууны томуу өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд халдвар авах, бусдад тараахаас сэргийлэх зорилгоор нийтэд уг өвчний хор холбогдол, сэргийлэх арга замын талаар бүхий л төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл таниулга хийнэ. Мөн гарын авлага, нугалбар, хуанли зэрэгт сэрэмжлүүлэг хэлбэрээр түгээж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Шувууны томуу өвчний хор холбогдол, халдварлах арга зам, эрсдэлт хүчин зүйл, ОУ-ын гаралтын мэдээлэл зэргийг судлан холбогдох байгууллага, иргэдийг мэдээллээр хангана.
3.2.Вакцин, вакцинжуулалт, мониторинг, хяналт: Өндөр хоруу чанартай вирусээр үүсгэгддэг шувууны томуу өвчин гарсан цагаас дэлхийн олон улс оронд уг өвчнөөс сэргийлэх вакцины технологийг зохион бүтээх ажил явагдаж эхэлсний дотор өнөөдөр хэд хэдэн оронд өндөр идэвхтэй шинэ технологийн вакцин зохион бүтээгдээд байна. Үүний нэг нь манай улс өөрийн оронд уг өвчин оношлогдсон цагаас эхлэн худалдан авч амжилттай хэрэглэж байсан БНХАУ-ын Харбин хот дахь Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд орчин үеийн биотехнологийн аргаар зохион бүтээж тус хүрээлэнгийн Веика биотехнологийн компанид үйлдвэрлэж байгаа өндөр хоруу чанартай томуугийн вирусийн H5N1 дэд хэвшинжээр үүсгэгдсэн шувууны томуу өвчнөөс сэргийлэх ре-ассортант вакцин юм. Шувууны томуу өвчинтэй тэмцэх ажил нь энэхүү зааврын шувууны томуу өвчин гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бүлэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамаарах бөгөөд харин өвөрмөц сэргийлэх арга нь уг өвчнөөс тэжээвэр шувууны аж ахуй эрхлэгчдийн шувууг хамгаалах зорилгоор бүрэн вакцинжуулах юм. Гэвч энэ асуудал нь аж ахуйн хувьд (битүү байртай) зэрлэг шувуудтай шууд харьцах эрсдэл багатайгаас гадна вакцинжуулалтын дараа өндөглөлт түр буурах талтай байдаг тул заавал энэ аргыг хэрэглэх нь аж ахуйдаа биоаюулгүйн шаардлага хангасан тохиолдолд төдийлөн шаардлагагүй байж болно. Иймд манай орны нөхцөлд шувууны тоо цөөн нилээд нь битүү байранд байдаг тул задгай байртай буюу цөөн тооны шувуу үржүүлдэг хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн шувууг цаашид заавал вакцинд хамруулж байх нь зүйтэй.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Вакцинжуулалт: Вакциныгшувууны томуугаар өвчилсөн болон сэжигтэй эрүүл бус шувуунд хэрэглэхгүй. Вакциныг үйлдвэрлэгчийн зааварт заасны дагуу хадгалж, тээвэрлэнэ. Хугацаа дууссан болон хагарч гэмтсэн эсвэл вакцинд тосон болон усан үе тогтсон, бохирдсон байдал ажиглагдвал хэрэглэхгүй. Хэрэглэхийн өмнө тасалгаанд тавьж бүлээсгэнэ. Вакциныг онгойлгосноос хойш 24 цагийн дотор бүрэн хэрэглэнэ. Вакцин тарих шувуу бүрт тариурын зүүг сольж байна. Шувууг вакциндсанаас хойш үйдвэрлэгчийн зааварт заасан хугацаанд нядалж хүнсний зориулалтаар хэрэглэхгүй. Уг вакциныг тарьснаар ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй боловч богино хугацаанд өндөглөгч тахианы өндөглөлт цөөрч болох ба энэ нь удаан үргэлжлэхгүй.Вакциныг үйлдвэрлэгчийн зааварт заасан нөхцөлд хадгалж, тээвэрлэнэ. Манай оронд шувууны аж ахуйд өргөнөөр ашиглаж байгаа вакцин нь +4-+8 хэмийн нөхцөлд тээвэрлэхээр заагдсан байдаг. Вакцинжуулалтад хамруулахын өмнө тухайн харьяалах нэгжийн малын эмч тухайн засаг захиргааны нэгж (улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг)-д вакцинд хамруулах шувуу, мал амьтны тоог нарийвчилан гаргаж харьяалах төрийн мал эмнэлгийн байгууллагаар дамжуулан мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад вакцины захиалгыг хүргүүлнэ. Захиалгын дагуу мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага вакциныг худалдан авч холбогдох нэгжид хүргүүлнэ. Тухайн аж ахуйн нэгж, хувь хүн вакцинд хамруулах шувуу, мал амьтныг тарилгад хамруулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
4.1.1.Яаралтай вакцинжуулалт: Өндөр хоруу шувууны томуу гарсан тохиолдолд тухайн харьяалах сум, дүүргийн тасаг, нэгжийн малын эмч нь эрсдэл бүхий бүсэд байгаа шувууны тоог нарийвчлан гаргаж харьалах төрийн мал эмнэлгийн байгууллагаар дамжуулан мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ. Мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь эрсдэл бүхий бүсэд буй шувууны тоонд үндэслэн шаардлагатай вакциныг шуурхай худалдан авч, захиалгын дагуу холбогдох нэгжид хүргүүлнэ. Эрсдэлт бүсэд байгаа тасаг, нэгжийн эмч нь яаралтай вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулна.
4.1.2.Төлөвлөгөөт вакцинжуулалт: Тэжээвэр шувуунд өндөр хоруу шувууны томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг лабораторийн шинжилгээ, оношлогоо, тандалт, судалгаанд үндэслэн төлөвлөгөөтэйгээр гүйцэтгэх шийдвэрийг Мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас гаргана.
4.1.3.Вакцинжуулалтын гүйцэтгэлийн хяналт: Төлөвлөгөөт болон яаралтай вакцинжуулалтыг гүйцэтгэж буй тарилгын ажилд харьяалах сум, дүүргийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч газар дээр нь хяналт тавьж ажиллана. Вакцины дархлаа шалгах ажлыг гүйцэтгэхдээ тархвар зүйн судалгаанд үндэслэн харьяалах, аймаг, нийслэл, дүүргийн мал эмнэлгийн байгууллагаас шаардлагатай цусны ийлдсийн дээжийг бэлтгэн УМЭАЦТЛ-д илгээх бөгөөд тус лабораторид шинжилгээний ажлыг гүйцэтгэж дүгнэлт тайлангийн хамт Мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.1.4.Биохамгаалалын ерөнхий ойлголт. Ариутгал, халдваргүйтгэл хийх ажлын зорилго нь сул ба өндөр хоруу чанартай вирусээр үүсгэгдсэн шувууны томуу өвчин гарсан үед түүний үүсгэгчээр бохирлогдсон орон байр, газар нутаг, хэвтэр, шувууны байрны тоног хэрэгсэл, аж ахуйгаас гарч буй түүхий эд, бүтээгдэхүүн, хог хаягдал, тэнд ажиллагсадын хувцас, багаж хэрэгсэл, машин техникийг цаашид халдвар дамжуулах эрсдлээс сэргийлж, аюулгүй болгоход оршино. Энэ арга хэмжээг мал эмнэлгийн байгууллагуудаас тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн баг, хүмүүс хэрэгжүүлнэ. Энэ баг нь орон, байр, газар нутаг, тоног төхөөрөмж, хог хаягдал, тэжээл ус, ажиллагсдын хувцас, хамгаалах хэрэгслүүдийг ямар бодисоор, ямар хугацаанд, яаж халдваргүйжүүлэх талаар урьдчилан бэлтгэж, дадлагжуулсан байх шаардлагатай. Халдваргүйтгэл хийх бодисын доторх үйлчлэгч бодис нь чанарын шаардлага хангасан, мэрэгжлийн байгууллагын баталгаатай, хадгалах хугацаа нь хэтрээгүй, зөв хадгалагдсан байхаас гадна вирусийг үхүүлж чадах хувь, хэмжээгээр бэлтгэгдсэн, аль болох хүн амьтан, байгал орчинд хор багатай байх шаардлагыг хангасан байна. Шувууны томуу өвчин гарсан болох нь батлагдсан үед голомтонд халдваргүйтгэлийг нийслэл, аймгийн төвд 2-3 цаг, суманд 12-18 цаг, багт 24 цагийн дотор хийнэ.
4.2.Томуугийн үүсгэгчээр бохирлогдсон эд зүйлс, тоног хэрэгсэл, орон байр хэвтэр, хувцас хэрэглэлд халдваргүйжүүлэлт хийх аргачлал:
№ |
Халдваргүйтгэл хийх объект |
Арга |
Халдваргүйтгэл хийх бодисын хэмжээ |
Хугацаа ба хэмжээ |
Тайлбар |
1. |
Өвчилсөн ба сэжигтэй байгаа амьд шувуу |
устгах |
|
|
Шувууг аль болохоор зовоохгүй, цус гаргахгүй байх аргыг тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэнэ |
2. |
Хүүр, сэг зэм |
устгах |
|
|
Замаас зайдуу, үерийн уснаас хамгаалсан өндөр газар |
3. |
Шувууны байр ба хэвтэр |
Халдваргүйт-гэх уусмалаар |
-2-3%-ийн гипохлорид натри -2-3%-ийн гипохлорид кальц -2%-ийн натрийн шүлт -4%-ийн нат-рийн карбонат -2%-ийн давсны хүчил |
10-30 мин
10-30 мин
10мин
10-30 мин 10мин |
Савантай бүлээн усаар сайтар угаагаад, дараа нь эдгээрийн аль нэгээр шүршинэ |
4. |
Шувууны аж ахуйн байрны дотоод тоног хэрэгсэл |
Халдваргүйт-гэх уусмалаар |
-2-3%-ийн гипохлорид натри -2-3%-ийн гипохлорид кальц -2%-ийн натрийн шүлт -4%-ийн натрийн карбонат -2%-ийн давсны хүчил -формалины уур |
10-30 мин
10-30 мин
10мин 10-30 мин 10мин 20 мин |
Савантай бүлээн усаар сайтар угаагаад, дараа нь эдгээрийн аль нэгээр шүршинэ. Харин формалины уур маш хортой тул өөр ямарч бодисгүй үед ашиглана. |
5. |
Тэжээл, түүнийг агуулж байсан онгоц, сав суулга |
Халдваргүйт-гэх уусмалаар |
-2-3%-ийн гипохлорид натри -2-3%-ийн гипохлорид кальц -2%-ийн натрийн шүлт |
10-30 мин
10-30 мин
10мин
|
Бохирлогдсон гэж үзэж буй тэжээлийг шатаах буюу булж устгана.Харин онгоц савыг халдваргүйжүүлнэ. |
6. |
Сангас, шивтэр |
устгах |
|
|
Булж эсвэл шатааж устгана |
7. |
Ажиллагсадын гарын халдваргүйтгэл |
Халдваргүйт-гэх уусмалаар |
-70%-ийн спирт -Повидон, иодтой саван -0,5%-ийн хлор амины уусмал -2%-ийн содын уусмал |
1мин 1 мин
1 мин 1 мин
|
Гарын гадаргууг бүрхэж байх 5 мл спиртээр арчина. Гар угаах техникийн дагуу угаана. Содоор зөвхөн ам зайлна. |
8. |
Тээврийн хэрэгсэл |
Халдваргүйт-гэх уусмалаар |
-3%-ийн хлорамин -3%-ийн гипохлорид кальц -Формалины уураар утах |
1 мин
1 мин 45 мин |
Гадна, дотор хэрэгсэл, бариул, дугуй руль зэргийг арчина. -тусгай битүүмжлэгдсэн байран уураар утна. |
9. |
Модон эдлэл |
Халдваргүйжүүлэх уусмалаар |
-3%-ийн хлорамин -3%-ийн хлорын шохоин уусмал |
2 мин 1м3-д 200-300 мл |
Савантай усаар угаагаад дараа нь хэрэглэнэ. |
10 |
Шувуны аж ахуйд ажиллагсад ба голомтонд ажилласан хүмүүсийн хувцас |
Халдваргүйт-гэх уусмалаар -Уурын ариутгал |
-0,1%-ийн химодины уусмал -Автоклавт 1,5 атм. 1260С -Формалины уураар |
30 мин
30 мин
|
Таглаатай савтай уусмалд байлгаж дараа нь усаар угаана. |
11. |
Хог хаягдал |
Шатааж устгана. |
-Хлорын шохойн |
1м3-д 1 кг |
Шатаагаад булж устгана. |
12. |
Өвчтэй ба үхсэн шувууг задлах үед ашигласан багаж хэрэгсэл |
Халдваргүйт-гэх уусмалаар |
-3%-ийн хлорын усмал
|
4 цаг |
Битүү саванд хийж ариутгах Хог хаягдлыг устгалд өгөх |
4.3.Халдваргүйтгэлийн бэлдмэл сонгон хэрэглэх, найруулах: Шувууны томуу өвчин гарсан аж ахуй болон хээрийн голомтонд халдваргүйжүүлэлт хийх бодисын жагсаалт
Хлорлог бодис: Хлорамин хуурай ба уусмалаар 0,2%-10%, Хлорын шохой хуурай ба уусмалаар 3%-10%, Гипохлорид кальц хуурай ба уусмалаар 3%-7%, Гипохлорид натри хуурай ба уусмалаар 0,1%-2%, Жамелион уусмалаар 0,015%–0,5%, Спиртийн төрлүүд: Этанол усмалаар 70%, Этилийн спирт60%-96%, Изопропил спирт 60%, Иодлог бодисууд: Иод форм, Иодинал уусмал /Химодин 0,1%, калииод 0,9%/, Поливидон иодын уусмал 10%, Иодинат, тамелин, Альдигед агуулсан бэлдмэлүүд: Формалин уусмалаар 10%, Глютаральдегид2%, Формальдегид уусмалаар 5%, Салидекс 2%, Фенолийн бүлгийн бодисууд: Фенол, Тимол, Крезол, Хлорфенол Гексахлорфен, Бусад бодис: Устөрөгчийн хэт исэл1% -6%, Виркон2%,
4.4.Халдваргүйтгэл хийх аргууд: Халдваргүйтгэл нь тухайн вирусийн тэсвэрт чанар, онцлого, халдваргүйтгэх объектийн бүтэц, хийц, чанар эдэлгээ зэргээс шалтгаалж харилцан адилгүй аргаар хийнэ Хүн, мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх халдваргүйтгэлийн арга хэмжээ нь зорилгоороо ижил төсөөтэй боловч технологийн бага зэргийн ялгаатайгаар доорх хэд хэдэн аргыг хэрэглэнэ.
4.4.1.Механик цэвэрлэгээ: Энэ нь халдваргүйтгэлийн өмнөх бэлтгэл үе бөгөөд мал амьтны хэвтэр, бууц, хашаа хороо, өвс тэжээлийн хог хаягдал, хашаа байрны шал, хана, тааз, орох, гарах хаалга зэрэгт наалдсан болон бусад хэлбэрээр бохирдсон өвчин үүсгэгчийг механик аргаар цэвэрлэгээ хийж, эмгэг төрүүлэгчид халдваргүйтгэх бодисын нөлөөг сайжруулахад ач холбогдолоо өгнө.
4.4.2.Химийн арга: Аливаа вирусээр бохирлогдсон объектийг химийн янз бүрийн бодис, бэлдмэлүүдийг тохирох хэмжээ, хувиар бэлтгэн, тодорхой хугацаагаар үйлчлүүлж халдварыг аюулгүй болгохыг хэлнэ. Химийн халдваргүйтгэл ихэвчлэн уусмал байдлаар хэрэглэхийн зэрэгцээ мананцаржуулах эсвэл нунтаг хэлбэрээр хийх бөгөөд мал амьтны хашаа байр, хэвтэр бууц, дэвсгэр, өвс тэжээл, газрын хөрс, бэлчээр, багаж хэрэгсэл, хог хаягдлыг халдваргүйтгэхэд өргөн хэрэглэнэ. Химийн бодисоор хийх халдваргүйтгэлийг хэд хэдэн хэсэгт ангилна. Үүнд: Шүлтийн, хүчлийн, хлорт нэгдлийн, фенолын, хүнд металын, формальдегидийн гэх мэт.
4.4.3.Физикийн арга: Энэ арга нь нарны гэрэл, галын дөл, буцалсан ус, усны уур, хэт ягаан туяа, хатаалт, өндөр нам температур, өндөр давтамжит цахилгаан гүйдэл, хэт богино долгион зэрэг физик хүчин зүйлийг ашиглаж явуулахыг хэлнэ.
4.4.4.Биологийн арга: Энэ арга нь байгалийн юмс үзэгдлийн өөрийн дотоод чанарыг ашиглан халдварт өвчин үүсгэгчийг гадаад орчны хүрээлэл дотор устгахыг хэлнэ. Тухайлбал, аливаа өвчний үүсгэгчийн эсрэг үйлчлэх антигонист бичил биетнүүд болон байгалийн үзэгдлийг ашиглаж болно. Үүнд. биотермийн, Фитонцид зэрэг.
4.4.5.Дулааны улирлын ариутгал, халдваргүйтгэл: Дулааны улиралд усан уусмалаар шүрших, мананцаржуулах аргаар халдваргүйтгэнэ.
4.4.6.Хүйтэн сэрүүний улирлын ариутгал, халдваргүйтгэл: Хүйтэн сэрүүний улиралд халдваргүйтгэх бодисыг дараах хувиар найруулан ширших, манацаржуулах аргыг хэрэглэнэ. Үүнд 25 хувийн давсны түвшрүүлэгтэй уусмалаар, 30-аас дээш хувийн спиртийн уусмалаар халдваргүйтгэх бодисыг найруулна.
4.5.Голомтод ажиллагсад: Устгал, халдваргүйтгэх багийн гишүүд нь хүн нэг бүрийн халдвар хамгаалалын иж бүрэн хувцас (халат буюу комбинзон, амны хаалт, бээлий, нүдний шил, малгай, усны гутал, шаардлагатай бол хорт утааны баг) заавал хэрэглэнэ. Хорт утааны баггүйгээр хлорлог ба альдегидийн төрлийн бодистой, хамгаалах шилгүйгээр хүчиллэг ба шүлтлэг бодистой ажиллахгүй. Халдваргүйтгэх багийн гишүүд нь ганцаараа ажиллахыг хориглох ба халдваргүйтгэх бодисын хор аюул, түүнийг бэлтгэх, хэрэглэх үеийн аюулгүй ажиллагааны талаар урьдчилан мэдээлэл авч тодорхой мэдлэг, дадлагыг хүн нэг бүр эзэмшсэн байна.
4.6.Өвчтэй болон сэжигтэй зэрлэг шувууг устгах аргачлал:Зэрлэг шувуудыг устгахдаа аль болох зовоохгүй, цус гаргахгүй байх аргыг тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэнэ. Өвчтэй болон сэжигтэй зэрлэг шувууг аль болох богино хугацаанд, аюулгүй, найдвартай устгах аргыг чухалчилна. Үүнд: Мал амьтны эрүүл ахуйн стандартыг баримтлан ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж вирус цаашид тархан дэлгэрэх боломжыг таслан зогсоох юм. Устгалд эхлээд өвчилж үхсэн дараа нь сэжигтэй шувууг хамруулна.
4.7.Шувууны томуу өвчнөөс сэргийлэх болон халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ: Томоохон шувууны аж ахуйг төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор сар тутам тусгай өдөр гаргаж урсгал засвар, төлөвлөгөөт халдваргүйтгэл цэвэрлэгээний ажлыг хийж байхын зэрэгцээ гишгүүр, хэвтрээс хоол тэжээл, сангасны үлдэгдлийг цэвэрлэж шатааж байх шаардлагатай. Шувууны байр, гишгүүр, хана, шал, цонх, хаалга зэргийг 1-2%-ийн кальцжуулсан содын буцлам халуун усаар сойздож угаана. Үүний дараа хана таазыг шинэхэн шатаасан шохойн 10-20%-ийн уусмалаар будна. Тэжээлийн онгоц, услуур, хувинг содын 2%-ийн уусмал, эсвэл шинэхэн шатаасан шохойн 10-20%-ийн уусмалд дүрэх юм уу эсвэл галын дөлөнд шарж халдваргүйтгэнэ. Шувууны байрны бохирдсон хөрсийг сард 2 удаа ухаж хагална.
4.6.Өндөр хоруу чанартай вирусээр үүсгэгдсэн шувууны томуу өвчин гарсан голомтод хийх халдваргүйтгэл: Өндөр хоруу чанартай (H5N1) вирусээр үүсгэгдсэн шувууны томуу өвчний үед үүсгэгчийг устгах зорилгоор тогтмол хийгдэж буй халдваргүйтгэх арга хэмжээнээс гадна, хорио хязгаарлалтыг тогтоосон үед болон татан буулгахын өмнө эцсийн халдваргүйтгэл хийнэ.
4.6.1.Шувууны байр, эсвэл өвчин гарсан газар орныг халдваргүйтгэхдээ эхлээд механик цэвэрлэгээ хийж, гарсан хог хаягдлыг шатааж устган идэмхий натрийн 2%, формальдегидын 1-4%, кальцжуулсан содын 4%-ийн уусмалуудын аль нэгээр халдваргүйтгэнэ. Уусмалыг халааж хэрэглэх нь вирусыг устгах чадварыг дээшлүүлнэ. Идэвхтэй үйлчлэх хамгийн тохиромжтой хэм нь идэмхий натри, содын 60-800С, формалины 25-300 С юм. Хүйтэний улиралд кальцжуулсан содын 70-800С-ын , 10%-ийн уусмал дээр хоолны давсны 10%-ийн уусмал нэмж 30 минутын зайтайгаар 2 удаа хийвэл үр дүн нь илүү.
4.6.2.Дулааны улиралд ялангуяа байран маллагаатай байсан шувууны аж ахуйн байранд халдваргүйтгэлийг шавьжгүйжүүлэх арга хэмжээтэй хамтруулан явуулж болно.
4.6.3.Шувууны сангас, хэвтрийн шивх, тэжээлийн үлдэгдэл зэргийг овоолж шатаана. Үхсэн шувуу, хүүр, сэг зэмийг замаас зайдуу, үерийн усанд автхааргүй өндөрлөг газар 2 метрээс багаггүй гүн нүхэнд хийж, дээрээс нь хуурай хлорын шохой асган, шороо, чулуугаар сайтар булж санамж, тэмдэглэгээ хийнэ. Мөн шатааж устгаад булж болно. Хэрэглэсэн багаж хэрэгсэл, хүүр байсан газрын хөрсийг идэмхий натрийн 2% буюу формальдегидийн 4%-ийн халуун уусмалаар шүршиж халдваргүйтгэнэ.
4.6.4.Шувууны байрны тоног хэрэгсэл, эд материал, хүмүүсийн хувцсыг түүнийг хийсэн материалын байдлаас шалтгаалан харилцан адилгүй аргаар халдваргүйтгэнэ. Үүнд: төмөр багаж хэрэгслийг галаар төөнөх буюу буцалгаж ариутгана. Модон эдлэлийг содын 4%-ийн халуун уусмалаар угаасны дараа идэмхий натри, формалины уусмалын аль нэгээр шүршинэ. Хувин савыг содын 2-5 %-ийн уусмалаар угаана. Аж ахуйн ажилчдын хувцас ба голомтонд ажиллаж байсан хүмүүсийн хувцас, олон дахин ашиглах хамгаалах хэрэгслийг формальдегидын уураар 45 минут утаж халдваргүйтгэнэ. Шувууны аж ахуйд хэрэглэж буйтээврийн хэрэгслийг төрөл бүрийн халдваргүйтгэх бодисоор шүрших буюушаардлагатай гэж үзвэл уураар халдваргүйтгэнэ. Ингэж халдваргүйтгэл хийхэд битүү байр ашиглах бөгөөд ийм байргүй нөхцөлд нүүдлийн байр барина.
4.6.5.Тээврийн хэргслийг ариутгахдаа тусгай бэлдсэн камерт оруулж кабины хаалгыг онгойлгон, багажны хайрцгийг нээж, капотыг сөхөж камерийн хаалгыг хаана. Камерийн доторхи дулаан 100С-аас доошгүй, харьцангуй чийглэг нь 50-95% байна. Формалины уусмал буцалж уур гарч эхэлсэнээс хойш 45 минутаас доошгүй хугацааны дараа машиныг гаргаж тусгай талбайд зогсоон дугуй, кабины шал, гишгүүр зэргийг формальдегидын 2,5%, Киллсагийн 1:1000-ийн уусмалаар шүршиж халдваргүйтгэнэ. Формалины үнэрийг гаргахад нашатырийн спиртийн 12,5%-ийн уусмал хэрэглэн 1м2 талбайд 50 мл байхаар бодож саармагжуулна.
4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A