- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- АДУУНЫ ТОМУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР EQUINE INFLUENZA, ГРИПП ЛОШАДЕЙ
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/65 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
АДУУНЫ ТОМУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
EQUINE INFLUENZA, ГРИПП ЛОШАДЕЙ
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Хүн, мал, амьтны гоц халдварт өндөр хоруу чанартай шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Хүн, мал, амьтны гоц халдварт өндөр хоруу чанартай шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Адууны томуу нь халуурах, хүчтэй ханиах, чичэрч зогсох, хамраас нь салслага шингэн гоожих шинж тэмдгээр илэрдэг, хоруу чанар өндөртэй, өвчлөлийн цар хүрээ ихтэй, үүсгэгч нь хувирамтгай, цочмог явцтай вирусийн гаралтай халдварт өвчин юм. Томуугийн вирус нь Миксовирусийн овог, Ортомиксовирусийн төрөл, инфлуенц вирусийн язгуурт хамаарах, дотроо А,В,С гэсэн 3 хэв шинжтэй байдаг. Эдгээрээс хүн дээрхи 3 хэв шижийн үүсгэгчийн алинаар нь ч өвчлөх боломжтой байдаг бол мал, амьтан зөвхөн А хэв шинжийн үүсгэгчээр нь өвчилдөг онцлогтой.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Томуугийн вирус нь бүтцийн болон бүтцийн бус 2 уургаас тогтоно. Энэ 2 уургийн сэртэнгийн эсрэгтөрөгчийн төрх дээр үндэслэн томуугийн А вирусийг хемагглютинины 16(H1-16), нейраминидаза 9(N1-9) дэд хэвшлүүдэд хуваадаг. Адууны томуу нь эдгээр хэвшлүүдээс H3N8 ба H7N7 дэд хэв шинжээр үүсгэгддэг ба энэхүү хоёр эсрэгтөрөгчүүд нь цаг үргэлж бага багаар өөрчлөлт, хувиралтад орж байгаа нь томуу өвчин гарах бүрт ажиглагддаг байна. Судлаачдын судалгааны ажлын үр дүнгээс үзвэл адууны томуугийн үүсгэгчийн эсрэгтөрөгчийн шинж нь 10-15 жилд бүрэн өөрчлөгддөгөөс дээрх хугацааны дараа цар тахал үүсэх тохиолдол байна. Томуугийн вирус гадаад орчинд ерөнхийдөө тэсвэр муутай. Нарны гэрэл, хэт ягаан туяаны нөлөөнд амархан идэвхээ алдана. Судалгаанаас үзэхэд 4 хэмтэй усанд халдварлах идэвхээ 50%-иар удаан хугацаанд хадгалдаг бол хөлдсөн үед нуур, гол гэсэх хүртэл хадгалагдах боломжтой гэж үздэг. Томуугийн вирус нь физик, химийн хүчин зүйлд тэсвэр муутай бөгөөд тасалгааны дулаанд нэг хоногт, хэт ягаан туяаны нөлөөнд хэдхэн минутанд идэвхээ алдана. Мөн + 40С-д хэдэн долоо хоног, 550С-д нэг цаг, 60-750С-д 2-5 минут, -20 0С-д хэдэн сар, -70-аас дээш хэмд хэдэн жил идэвхтэй байна. Эфир, хлороформ, дезоксихолат натри, додецилсульфат натри болон тодорхой төвшрүүлэгтэй халдваргүйжүүлэх уусмалуудад амархан идэвхээ алддаг боловч төрөл бүрийн антибиотикт тэсвэртэй байдаг. Адууны биед болон вирусээр бохирлогдсон хөрс, усанд хэдэн долоо хоногоос илүү хугацаагаар хадгалагддаггүй.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Халдварын эх үүсвэр нь өвчилсөн адуу, илжиг, хулан, тахь зэрэг болно. Томуугийн вирус нь өвчилсөн адууны амьсгалын замын салст бүрхүүл болон мөгөөрсөн хоолой, уушигны цулцан, хучуур эсүүдэд хуримтлагдаж үржих бөгөөд өвчтэй адуу ханиах, тургих үед амнаас гарч байгаа шингэн, нулимс, мөн шээс, баастай гадаад орчинд цацагдаж агаар дуслын замаар халдвар тархах нөхцөл бүрдэхээс гадна өвчтэй малтай харьцаж байгаа хүний хувцас, тоног хэрэгсэл, хашаа байр, өвс тэжээлийн үлдэгдэл, ус ба тэжээлийн онгоц зэргээр дамжина. Томуугаар өвчилсөн адуу тургихад үүсгэгч нь 3,5 м зайд тархдаг байна. Иймээс томуугаар өвчилсөн адуу бэлчээрээр нийлэх, морины уралдаан, үзэсгэлэн худалдаа зэргээр нэг дор олноор бөөгнөрүүлэх, адуу мал харилцан солилцох, худалдаалах, хүйтний улиралд уралдаан тэмцээн зохион байгуулах, хүний хөдөлгөөн ихсэх үед богино хугацаанд дамжин тархана. Бүх насны адуу томуугаар өвчлөх боловч 2 хүртлэх насны өсвөр насны адуу их мэдрэмтгий байдаг. Өвчлөмтгий малын хамрын салст бүрхүүлд вирус үржээд, цааш амьсгалын замын салст бүрхүүл, гэдэсний дотор хана, эндотелийг хамран тархсан байдгаар барахгүй тархины эсүүдэд хүртэл тархсан байдаг.
ХОЁР. ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 1-3 хоног байх бөгөөд өвчилсөн адууны биеийн халуун 39-400С хүрч хүчтэй ханиах, чичирч зогсох, хамраас салслаг шингэн нус гоожих (зураг 1), ил харагдах салст бүрхүүл улайж үрэвсэх (зураг 2) богино хугацаанд (7 хоногийн дотор) олон адуу ижил шинж тэмдэгтэй өвчлөх шинж илэрнэ. Адууны судасны лугшилт, амьсгалын тоо нэмэгдэж, тэжээлдээ дургүйцэн, амьсгаадаж, эмзэг ханиах ба уушгийг чагнахад хэрчигнэх дуу сонсогдоно. Тэмтэрч үзэхэд зарим тунгалгийн зангилаа томорсон байх ба мөгөөрсөн хоолой нь эмзэг болсон байдаг. Хоёрдогч буюу бактерийн халдвар авсан үед хамраас шар ногоон нус гоожих, тэжээл, усандаа дуршилгүй болж номойрч зогсох зэрэг шинж ажиглагдана. Өвчин хүндрээгүй буюу хоёрдогч халдвараар хүндрээгүй мөн уг адууны биеийн дархлааны систем сайн зэрэг байдлаас шалтгаалан 7-14 хоноод шинж тэмдэг арилна. Цаг агаарын тааламжтай нөхцөлд тарга хүч сайтай адууны эдгэрэлт түргэн байна. Цаг агаар хүйтэрч адууны тарга хүч муудсан үед өвчний явц хүндэрч гүү хээл хаях, өвчтэй адуу эдлэхэд амархан цуцах, сүргээс хоцрох, гэдсээ татах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Мөн хоёрдогч халдвараар амархан хүндэрч олноор хорогдох шалтгаан болно.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт:Эмгэг бие бүтцийн хувьд өвөрмөц онцлог хувиралт тод илэрдэггүй учир харьцангуй ач холбогдол багатай байдаг. Нүд, хамрын салст бүрхүүлд цус ихдэх, хавагнах, салслаг, идээт шингэнээр хучигдсан байна. Мөн тунгалгийн зангилаа томорсон байна. Зүрх, дэлүү, гэдэсний салст бүрхүүл дээр жижиг цус харвалт ажиглагдана. Өвчин хүндэрсэн үед уушигны хэлтрүүдэд мөгөөрсөн хоолой, уушигны салст идээт үрэвсэл үүснэ .Уушигны гадарга дээр янз бүрийн хэмжээний голомтууд үүснэ.Голомтуудыг зүсэж үзэхэд алагласан өнгөтэй,чийглэг,гялалзсан,тэгш заримдаа мөхлөгт юм уу товгор гадаргатай байж болно.Мөгөөрсөн гуурсны салст бүрхүүл улайсан, хавагнасан,зузаарсан салст идээт юм уу мөхлөгт шингэнээр дүүрсэн байна.
2.3.Лабораторийн оношлогоо: Адууны томууны гол шинж тэмдэг болох агаар дуслын замаар маш богино хугацаанд өргөн газар орныг хамран тархах байдал болон эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан оношлоно. Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт болон лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн оношилно. Лабораторид ирүүлсэн эмгэгт сорьцийг үр хөврөлт өндгөнд юм уу эсийн өсгөвөрт халдварлуулж вирус ялган авах, Н ба N дэд хэв шинжийг тодорхойлох болон БХ–ПГУ, ЦНУ, ЦНСУ, ЭЛИЗА, НТУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
2.4.Ялгаварлан оношлох: Энэхүү өвчнийг гүү хээл хаядаг герпесийн вирусийн халдвар, иж балнад, ринопневмони, вирусийн артерит зэрэг амьсгалын замын халдварт өвчний үед үүсдэг өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай. Адууны томууг уушиг ба хамрын хөндийн үрэвсэл, тараагуур судасны үрэвсэл зэргээс ялган оношлох хэрэгтэй. Мөн адууны уушиг ба гялтангийн халдварт үрэвслээс ялган оношлох нь чухал бөгөөд энэ өвчний үед цээжний хөндийд их хэмжээний шингэн хуримталсан байдаг.
2.5.Эмчилгээ: Томуугаар өвчилсөн адуунд эхний ээлжинд халуун бууруулах, цэр ховхлох эмүүд олгох нь чухал боловч хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор нян эсэргүүцэх, бие махбодын эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээ бүхий эм бэлдмэлийг ашиглан эмчилгээ хийнэ. Халдвар даамжирч адуу тарга хүчээ алдаж хүндэрсэн үед кальци хлоридын 10%-ийн уусмалыг насны онцлогоос хамааруулан хоногт нэг удаа 50-150 мл-ийг дангаар буюу глюкозын 40%-ийн уусмалтай нийлүүлэн гүрээний судсаар 100-200 мл-ийг тарина. Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гентавилин (gentavilin)-ийг 100 кг амьдын жин тутамд 8 мл, унаганд амьдын жингийн 50 кг тутамд 4 мл-ээр булчин, хураагуур судас эсвэл арьсан дор тарина. Мөн үүнийг хээлтэй гүүнд тарихгүй. Пенбекс (penbex)-ийг өдөрт нэг удаа 15-25 мл-ээр булчинд тарьж хэрэглэнэ. Эдгээр эмчилгээний тарилгыг мөнардын эмчилгээний уламжлалт аргуудыг хэрэглэж болно. Тарваган шийр өвсний нунтаг 15–20 гр, чихэр өвс 100 -150 гр, лидэр 25-30 гр–аар аль нэгийг нь сонгож ханд бэлтгэн өдөрт 3 удаа амаар олгоно. Мөн дэгд, хар шаваг, алтан гагнуур, арц, ганга, царван зэргийг 15– 20 гр-аар хандалж өдөрт 1-2 удаа амаар олгоно. Өвчний явц, хоёрдогч халдвар авсан эсэхийг харгалзан дангаар нь буюу хослуулан өвчний шинж тэмдэг арилан ханиах нь зогсож биеийн халуун буурч, тэжээлийн дуршил сэргэтэл хэрэглэнэ.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:
3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Малчин нь мал амьтан маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ хашаа байр, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэргийг ариутгаж халдваргүйтгэл хийхэд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулгын дарга баталсан зааврын дагуу хэрэгжүүлнэ. Адууны томуу өвчин гарсан үед түүний үүсгэгчээр бохирлогдсон хашаа байр, газар нутаг, хэвтэр бууц, хэрэглэж байсан тоног хэрэгсэл, түүхий эд, бүтээгдэхүүн, хог хаягдал, тэнд ажиллагсдын хувцсыг халдвар дамжуулах эрсдлээс бүрэн сэргийлж аюулгүй болгоно. Халдваргүйтгэх бодисуудын доторхи үйлчлэгч бодисууд нь чанарын шаардлага хангасан, баталгаатай, вирусийг үхүүлэх хэмжээгээр /хувиар/ найруулагдан бэлтгэгдсэн, хүнд хоргүй, харьцангуй богино хугацаанд үйлчлэх шинж чанартай, халдваргүйжүүлж байгаа материалыг гэмтээхгүй байх шаардлагыг хангасан байна. Адууны байр, түүний хана, шал, цонх, хаалга зэргийг 1–2%-ийн кальцжуулсан содын халуун уусмалаар сойздож угааж дараа нь хана таазыг 2%-ийн формальдегидын уусмал, 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүдээр шүршиж халдваргүйжүүлнэ.
3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Манай улс 1985 оноос хойш одоог хүртэл адууны томуугаас сэргийлэх 3-4 вирусийн омгийг оруулсан үр хөврөлт өндгөнд өсгөвөрлөсөн идэвхгүйжүүлсэн вакциныг Биокомбинатад үйлдвэрлэн хэрэглэдэг. Томуугийн вирус нь маш хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг тул вакциныг байнга шинэчлэн өөрчилж байх хэрэгтэй.
3.3.Тандалт: Сүүлийн үед манай орны адуун сүргийн тоо толгой нэмэгдсэн мөн хурдан морьдын уралдаан, шилжилт хөдөлгөөн хараа хяналтгүй болсон нь халдварт өвчний гаралт, тархалтанд нөлөөлж байна. Иймээс адууг сэжигтэй бүс нутагт шилжүүлэн отор нүүдэл хийхгүй мөн тухайн бүсээс сүрэг сэлбэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ зайлшгүй шаардлагатай бол 30 хоног хорионд байлган эрүүл гэдгийг баталж байж сүрэгт нийлүүлэх шаардлагатай.Бусад аж ахуйгаасирсэн адууг 30 хоног хорионд байлгаж эрүүл эсэхийг нь шалгах, өөрийн адуутай гадны адууг хамт нэг ус бэлчээрт маллахгүй. Отор нүүдэл хийхдээ тухайн газар орон уг өвчнөөр тайван эсэхийг магадлан шалгах шаардлагатай.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Тархвар зүйн судалгааны хуудасны загвар, судалгаа хийх төлөвлөгөөг мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсны дагуу мал амьтныг нэг бүрчлэн үзлэг шинжилгээнд хамруулж, судалгааны дүнд тулгуурлан тухайн газар нутгийн тархвар зүйн зураглал гаргаж, холбогдох мэдээллийг гаргаж мал амьтны төрийн захиргааны байгууллага баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлнэ.
4.2.Хязгаарлалт тогтоох: Адууны томуу өвчин гарсан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, малчин өрхөд мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Монгол улсын засгийн газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамжаар өвчний хязгаарлалтыг тогтооно. Хязгаарлалт гэдэг нь халдвартай бүстэй шууд хил залгаа орших, халдвар дамжих эрсдэлтэй газрыг хамруулна. Энэ бүсэд голомтоос 5-10 км зайд орших газар нутгийг хамруулах ба тархвар судлал, орон нутгийн нөхцөл байдал, тандалт шинжилгээний дүнгээс шалтгаалан хязгаарлалтын бүсэд хамруулах газар нутгийн хэмжээг өөрчилж болно. Өвчилсөн адууг 15 хоногийн турш тусгай байр, бэлчээрт байлгаж, эдгэрснээс хойш 7-10 хоногийн дараа аажмаар эдэлгээнд оруулна. Сүүлчийн адуу өвчилснөөс хойш 15 хоногийн турш дахин шинээр адуу өвчлөхгүй бол зохих зааврын дагуу халдваргүйжүүлэлт хийж хязгаарлалтыг татан буулгаж аж ахуй тайван гэж үзэж болно.
4.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээ: Халдваргүйтгэлийнзорилго нь вирусээр бохирлогдсон байр, шал, хана, тааз, арчилгаа маллагааны төрөл бүрийн тоног хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд байгаа вирусыг устгахад чиглэнэ. Сүрэг нөхөн сэлбэх хүртэлх хугацаанд вирусыг устгах, халдваргүйтгэх арга хэмжээг тодорхой графикын дагуу авч хэрэгжүүлнэ. Цаг агаар дулаан бол вирус нэн богино хугацаанд идэвхгүй болдог бол хүйтний улиралд томуугийн вирус ихээхэн тэсвэртэй. Халдваргүйтгэх бодисуудын доторхи үйлчлэгч бодисууд нь чанарын шаардлага хангасан, баталгаатай, вирусийг үхүүлэх хэмжээгээр /хувиар/ найруулагдан бэлтгэгдсэн, хүнд хоргүй, харьцангуй богино хугацаанд үйлчлэх шинж чанартай, халдваргүйтгэж байгаа материалыг гэмтээхгүй байх шаардлагыг хангасан байна. Адууны томуу өвчин гарсан үед түүний үүсгэгчээр бохирлогдсон хашаа байр, газар нутаг, хэвтэр бууц, хэрэглэж байсан тоног хэрэгсэл, түүхий эд, бүтээгдэхүүн, хог хаягдал, тэнд ажиллагсдын хувцсыг халдвар дамжуулах эрсдлээс бүрэн сэргийлж аюулгүй болгоно. Адууны байр , түүний хана, шал, цонх, хаалга зэргийг 1-2%-ийн кальцжуулсан содын халуун уусмалаар сойздож угааж дараа хана таазыг 2%-ийн формальдегидын уусмал, 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүдээр шүршиж халдваргүйтгэнэ. Нядалсан адууны арьс ширийг давслан, гадна хэсгийг нь халдваргүйтгэх уусмалаар шүршиж 14 хоногийн дараа зах зээлд нийлүүлнэ. Өвчтэй адуу ялган тусгаарласан, байсан хашаа, байр, тоног хэрэгслийг хязгаарлалтын дэглэм буутал өдөр бүр цэвэрлэж халдваргүйтгэнэ. Газрын хөрсийг энэ зааврын 15-д, тоног хэрэгслийг 19-д заасны дагуу халдваргүйтгэнэ. Адууны хомоол, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах юм уу химийн бодисоор халдваргүйтгэнэ.
4.4.Өвчин гарсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Адууны аж ахуй эрхлэгчид нь сүрэг нөхөн сэлбэлтийн талаарх албан ёсны хүсэлтээ мал эмнэлгийн байгууллагад гаргах ба энэхүү баримт бичигт адууны төрөл, нас, хүйс, тоог тодорхой бичсэн байна. Хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 21 хоногийн дараа сүрэг нөхөн бүрдүүлэлт хийх төлөвлөгөөг гаргана. Зөвшөөрөгдсөн газраас нөхөн сэлбэлтийг хийх ба халдваргүйтгэх стандартыг дагаж мөрдөнө. Орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, сүрэг нөхөн сэлбэлт хийсэн тухай бүртгэлийн хуулбарыг хадгалах шаардалагатай.
4.5.Хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал амьтан, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Хязгаарлалт цуцлагдсанаас хойш 14 хоногт адууг зарж борлуулах, бүтээгдэхүүнийг худалдаалах зэргийг хориглоно. Түүнээс илүү хугацаанд адууг хүнсний зориулалтаар нийтийн хэрэгцээнд зориулан төхөөрөх бол мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн үзлэг шинжилгээг хийлгэж, нядалгаа хийх байр, орчинд халдваргүйтгэл хийх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан орчинд хийж гүйцэтгэнэ. Үзлэг хийсэн албан тушаалтан нь “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн 27.1-д заасан үйл ажилгааны үр дүн, 7.4.2-т заасан баримт нотолгоог үндэслэн түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгоно. Иргэн болон аж ахуйч нь хадгалалт, тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүнд гарсан өөрчлөлт орж гаднах байдал нь өөрчлөгдөн шинэлэг байдлаа алдсан, эсхүл бохирдсон бол худалдахаас өмнө лабораторид өгч магадлан шинжилгээ хийлгэнэ. Магадлан шинжилгээгээр эрүүл болох нь тогтоогдвол хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн лаборатори нь магадлан шинжилгээний бичиг олгоно. Хувь хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй худалдааны төв, хүнсний дэлгүүр, битүүмжлээгүй, хөргүүргүй тээврийн хэрэгсэл, лангуу, мухлаг, ил задгай худалдаалагдаж байгаа газраас бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг анхааруулж байх хэрэгтэй.
4.6.Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг нийслэлийн тухайн шатны мал эмнэлгийн байгууллага, сум дүүрэгт мал эмнэлгийн улсын байцаагч нармал амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажилгаанд хяналт тавьж ажиллана. Монгол улсын хилээр нэвтрүүлэх амьд адуунд хамгийн түрүүнд түр саатуулах хашаанд саатуулж лабораторийн шинжилгээнд сорьц авч олон улсын худалдааны хоригт өвчнүүдийн шинжилгээг эрх бүхий лабораториор шинжлүүлж эрүүл болох нь батлагдсан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлнэ. Түүхий эд бүтээгдэхүүнд эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдал, шаардлагыг хангасан эсэхийг улсын хэмжээнд мал эмнэлгийн ерөнхий байцаагч, аймаг нийслэлд салбарын ерөнхий байцаагчийн зөвшөөрснөөр баталгаажуулан олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг олгоно. Мал амьтны халдварт өвчин тараах, хүний амь насанд эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүн зах зээлд гаргахыг хориглож татан авч халдваргүйжүүлэх буюу устгалд оруулна.
4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A