- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГАХАЙНЫ ТОМУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР SWINE INFLUENZA, ГРИПП СВИНЕЙ
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/65 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
ГАХАЙНЫ ТОМУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
SWINE INFLUENZA, ГРИПП СВИНЕЙ
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Гахайн томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Гахайн томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Өвчилсөн гахай гэнэт халуурч, биеийн байдал нь доройтон амьсгалын замын эрхтнүүд үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм. Энэ өвчин 1918 онд АНУ-д хүний томуугийн дэгдэлтийн үетэй зэрэгцэн гарсан боловч үүсгэгчийг нь анх 1931 онд гаргаж авсан. Энэ өвчин нь Европ, Америк, Орос зэрэг улсад өргөн тархсан байдаг. Гахайн томуу нь хоруу чанар өндөр болон сулавтар гэсэн хоёр хэлбэрээр гардаг. Энэ хоёр хэлбэрийн үүсгэгчээр хүн өвчлөх боломжтой бөгөөд тухайлбал 1976 сулавтар хоруу чанартай үүсгэгчээр 200 гаруй хүн өвчилж 1 хүн нас барсан бол 2012 онд хоруу чанар өндөртэй үүсгэгчээр хүний томуугийн цар тахал гарч олон арван хүн эндсэн.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Өвчин үүсгэгч нь Миксовирусийн овог, Ортомиксовирусийн төрөл, инфлуенц вирусийн язгуур, А хэв шинжид хамаарах, рибонуклейн хүчил агуулсан вирус юм. Томуугийн вирус нь бүтцийн болон бүтцийн бус 2 уургаас тогтоно. Энэ 2 уургийн сэртэнгийн эсрэгтөрөгчийн төрх дээр үндэслэн томуугийн А вирусийг хемаглютинины 16(H1-16), нейраминидаза 9(N1-9) дэд хэвшлүүдэд хуваадаг. Гахайн томуу нь H1N1, H1N2, H3N1, H3N2, H2N3 хэв шинжээр үүсдэг. Шувууны томуугийн үүсгэгчтэй адил H1N1 нь хоруу чанар өндөртэй мөн хүний болон шувууны томууны үүсгэгчтэй харилцан генетик хувьсамжид орж хүний томуугийн цар тахал дэгдээх боломжтой болох нь тодорхой болсон.Гахайтай ойр ажиллаж, амьдардаг хүмүүс энэ өвчнөөр өвдөх тохиолдол гардаг бөгөөд хүнээс хүнд халдах тохиолдол байдаг. Уг өвчин насанд хүрэгчдэд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоног, хүүхдэд 10 хүртэл хоногийн хугацаанд бусдад халдвар тараах магадлалтай.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Гахайн томуугийн үүсгэгч нь хими, физикийн үйлчилгээнд тэсвэр муутай, 600С-д халаахад 20 минутанд идэвхээ алддаг, -20-700С-д хэдэн сар, вакумдаж хатаахад 3,5-4 жил хадгалагдах ба тохиромжтой рН нь 7,0-7,2 байдаг. Гахай нь зарим үед хүний томуугийн үүсгэгчийн тээгч болдог. Өвчин үүсгэгч нь чийгийн улаан хорхойн биед 19 сар хадгалагддаг байна. Томуугаар өвчилсөн гахай вирус тээгч болдог. Эхийн хэвлийд байгаа урагт халдвар дамждаг. Томуугаар өвчилсөн гахайн цусанд вирус саармагжуулах, цус наалдуулах, цус наалдалтыг саатуулах ба хавсрага холбох урвалаар илэрдэг эсрэг бием үүсдэг байна. Өвчний үүсгэгчээр халдварласан гахай нь 3 сар хүртэл хугацаагаар вирус тээгч болдог нь судалгаагаар нотлогдсон. Хүний H3N2 үүсгэгч нь гахайд, гахайн H1N1 нь хүнд халварладаг. Мөн шувууны томуугийн H1N1 нь гахайд халдварлах эрсдэлтэй гэж үздэг. Гахайн томуу нь агаар-дуслын замаар хүнд 2 замаар халдварлана. Өвчтэй гахайн аж ахуйн ажилчид хавьтлын замаар эсвэл гахайн томуугаар өвчилсөн хүнээс хүнд дамжин өвчилж болно.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 4-7 хоног байх ба гахайн томуу нь хурц, хурцавтар болон хэв шинжийн бус хэлбэрээр өвчилдөг. Өвчилсөн гахайны уушгины гуурсны хучуур эдэд үхжлийн голомтууд үүсэх ба эхлээд 41-420С хүртэл халуурч, тэжээлдээ дургүйцэн, зовхи нь улайж, хамраас нь шингэн гарч, хүчтэй ханиана. Хамрын салст бүрхүүл хөөж амьсгалахад түвэгтэй болно. Өвчилсөн гахай голдуу хэвтэх ба дэвсгэр дороо орж хэвтэх нь ихсэнэ. Өвчин хүндэрсэн үед уушиг нь үрэвсэж, амьсгаадах ба зүрхний ажиллагаа суларснаас гэдэсний арьс нь хөхөрнө. Зарим үед булчин үе мөч нь үрэвсэнэ. Өвчин 7-10 хоногт эдгэрэх ба өвчилсөн гахайн 1-4% нь үхдэг байна.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт:Томуугаар өвчилсөн гахайн амьсгалын замын эрхтэнд эмгэг хувирал үүсдэг байна. Хамрын хөндийд нь хөөстэй, цустай салс хуримталсан байх ба уушгины гуурсанд нь салсан бөглөө тогтсон, уушиг нь үрэвсэж, тунгалагын зангилаа нь томордог байна.
2.3.Лабораторийн оношлогоо: Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэгт бие бүтцийн хувиралт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн оношлоно. Гахайн томууг сендайн өвчин, хламидын гаралтай уушгины үрэвсэл, аденовируст өвчин зэргээс ялгаварлан оношлох хэрэгтэй. Үүсгэгчийг хамраас гарах шингэн, мөгөөрсөн хоолой ба гуурсны шингэн, уушиг зэрэг эмгэгт материалаас гарган авч болно. Мөн тахианы үр хөврөл, лабораторийн хулгана, MDCK(madin darby canine kidney) шугаман эсийн өсгөвөрт халдаах аргаар үүсгэгчийг ялган авч болдог. Өвчин үүсгэгчийг ялган тодорхойлохдоо цус наалдуулах урвал, хавсрага холбох урвал, шууд ба шууд бус дархан туяарах урвал, цус наалдуулалтыг саатуулах урвал, вирус саармагжуулах урвал, фермент холбоот эсрэг биемийн урвалыг ашиглана. Мөн полимеразин гинжин урвалыг ашиглаж болно.
2.4.Ялгаварлан оношлох: Лабораторид эмгэгт материалыг өвчтэй гахайны хамрын хөндийн арчдас, мөн цусны сорьцыг вирус тээвэрлэх орчинд хийж хүргүүлэх ба хүүрнээс уушиг, мөгөөрсөн хоолой буюу уушигны гуурсны шингэнийг илгээнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт сорьцод үр хөврөлт өндгөнд юм уу эсийн өсгөвөрт халдварлуулж вирус ялган авах, Н ба N дэд хэв шинжийг тодорхойлох болон БХ–ПГУ, ЦНУ, ЦНСУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. Гахайн томууг Сендайн өвчин, Хламидын гаралтай уушгины үрэвсэл, Аденовируст өвчин зэргээс ялгаварлан оношлох хэрэгтэй.
2.5.Эмчилгээ: сул хоруу чанартай вирусээр үүсгэгдсэн гахайд шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Сульфаниламидын бүлгийн эм, төрөл бүрийн антибиотик эмийг зааврын дагуу хэрэглэж болно. Мөн Пенбекс (penbex)-ийг өдөрт нэг удаа 10-12 мл-ээр булчинд өдөрт нэг удаа тарьж хэрэглэнэ. Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гентавилин (gentavilin)-ийг 100 кг амьдын жин тутамд 8 мл, унаганд амьдын жингийн 50 кг тутамд 2-4 мл-ээр булчин, хураагуур судас эсвэл арьсан дор тарина.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:
3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Хэдийгээр өвчний сэжигтэй гахай илэрсэн бол нэн даруй мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж, өөрсдөө өвчтэй гахайнаас зайлсхийх, ханиад томуутай төстэй шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах, гахайтай харьцахдаа амьсгалын замаар халдвар авах эрсдэлээс сэргийлэн амны хаалт болон бусад хамгаалах хэрэгслийг хэрэглэх, ашиглагдаж буй тоног төхөөрөмж зэргийг 1-2%-ийн кальцжуулсан содын халуун уусмалаар сойздож угаасны дараа хана таазыг 2%-ийн формальдегидын уусмал, 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүдээр шүршиж халдваргүйжүүлнэ.
3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Дэлхийн ихэнх улс орнууд гахайн томуугаас сэргийлэх зорилгоор идэвхгүйжүүлсэн вакцин хэрэглэдэг байна. Манай улсад одоогоор гахайн томуунаас сэргийлсэн өвөрмөц вакцин хэрэглэхгүй байгаа. Томуугийн вирус нь маш хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг тул жил бүр томуугийн вакцины найрлага даган өөрчлөгдөж байдаг. Хэрвээ онцгой тохиолдолд өвчин гарсан үед дархлаажуулалтыг яаралтай зохион байгуулж, хөрш зэргэлдээ орнуудаас вакциныг татан авч зааврын дагуу дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах ба “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд зүйлд заасны дагуу гүйцэтгэж, дархлаажуулалтын гүйцэтгэлийн хяналт шинжилгээ үнэлгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Яаралтай дархлаажуулалтын төлөвлөгөөг тархвар зүйн судалгаа болон лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн хийж гүйцэтгэнэ.
3.3.Вакцин, вакциныг хэрэглэх арга, вакцины хадгалалт, тээвэрлэлт: Вакциныг үйлдвэрлэгчээс гаргасан хэрэглэх зааварт заасны дагуу хэрэглэнэ. Аль ч вакциныг сэрүүн (+40C-ээс +100C) харанхуй, хуурай байранд үйлдвэрлэгчийн заасан хугацаагаар хадгална. Вакцины сав (шилэн цодон) нь хагарч, гэмтэхээргүй болон хадгалах нөхцөлийг бүрэн хангахуйц тоноглогдсон тээврийн хэрэгсэл эсвэл хадгалах нөхцөлийг бүрэн хангасан зөөврийн хөргүүр, хөлдөөгч ашиглан тээвэрлэнэ.
3.4.Тандалт: Халдварт өвчин гарсан үед тандалт шинжилгээ хийх зорилго нь уг халдвар өргөн хүрээнд тархахаас сэргийлэхэд оршино. Мөн вирус хаанаас орж ирсэн, хаагуур хэрхэн тархаж байгааг олж илрүүлэхэд чиглэгдэнэ. Тандалтыг мэргэжлийн баг хийж гүйцэтгэнэ. Тандалтын баг нь биоаюулгүй ажиллагааны талаар тусгайлан бэлтгэгдэж, дадлагажсан байна. Тандалтын баг нь иргэдийн дунд гарсан албан бус мэдээлэл (цуу яриа)-г сонсож, тэдгээрийн магадлан шалгаж, хариу өгч байна. Өрхийн аж ахуй болон гахайны аж ахуйн үйлдвэрлэлд гарсан тодорхой өөрчлөлт, өвчлөл, үхэл хорогдол, уг аж ахуйд хэрэглэж байсан вакцин, эмний хэрэглээнд хяналт тавина. Мөн өвчтэй болон сэжигтэй гахайнаас дээж авч түргэвчилсэн тест ашиглан эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээ, эмнэл зүйн тандалт, ажиглалтыг нэгэн зэрэг хийж гүйцэтгэнэ. Мөгөөрсөн хоолой, хойд сүвний арчдас болон эд эрхтний шинэхэн дээжийг авч вирүс судлалын шинжилгээнд илгээнэ.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Тархвар зүйн судалгааны хуудасны загвар, судалгаа хийх төлөвлөгөөг мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсны дагуу мал амьтныг нэг бүрчлэн үзлэг шинжилгээнд хамруулж, судалгааны дүнд тулгуурлан тухайн газар нутгийн тархвар зүйн зураглал гаргаж, холбогдох мэдээллийг гаргаж мал амьтны төрийн захиргааны байгууллага бталгаажуулсны дараа олон нийтэд мэдээллэнэ. Томуугийн вирус нь дэлхий дээр маш өргөн дархсан бөгөөд гол дамжуулагч нь усны шувууд байдаг.
4.2.Хорио цээр болон хязгаарлалт тогтоох: Гахайн өндөр хоруу чанартай үүсгэгчээр үүсгэгдсэн тохиолдолд гарсан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын засгийн газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтооно. Өндөр хоруу чанартай гахайн томуу өвчинтэй тэмцэх албан ёсны зааврын дагуу голомт, аюултай хавьталт бүсэд хязгаарлалтын дэглэмийг авч хэрэгжүүлнэ.
4.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээ: Зорилго нь вирусээр бохирлогдсон гахайн байрны шал, хана, тааз, арчилгаа маллагааны төрөл бүрийн тоног хэрэгсэл, тэргэнцэр, тээврийн хэрэгсэлд байгаа вирүсийг устгахад чиглэнэ. Сүрэг нөхөн сэлбэх хүртэлх хугацаанд вирусийг устгах, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг тодорхой графикын дагуу авч хэрэгжүүлнэ. Цаг агаар дулаан үед вирус нэн богино хугацаанд идэвхгүй болдог бол хүйтний улиралд томуугийн вирус ихээхэн тэсвэртэй.
4.4.Өвчин гарсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Гахайны аж ахуй эрхлэгчид нь сүрэг нөхөн сэлбэлтийн талаарх албан ёсны хүсэлтээ мал эмнэлгийн байгууллагад гаргах ба энэхүү баримт бичигт устгагдсан гахайны төрөл, нас, хүйс, тоог тодорхой бичсэн албан ёсны устгалын актыг хавсаргасан байна. Өвчнийг устгасан, хорио цээрийг цуцласнаас хойш 21 хоногийн дараа сүрэг нөхөн бүрдүүлэлт хийх төлөвлөгөөг гаргана. Зөвшөөрөгдсөн газраас нөхөн сэлбэлтийг хийх ба халдваргүйжүүлэлтийн стандартыг дагаж мөрдөнө. Орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, сүрэг нөхөн сэлбэлт хийсэн тухай бүртгэлийн хуулбарыг хадгалах шаардалагатай.
4.5.Хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Хязгаарлалт цуцлагдсанаас хойш 14 хоногт гахайг зарж борлуулах, бүтээгдэхүүнийг худалдаалахгүй. Түүнээс илүү хугацаанд гахайг идэшний зориулалтаар нийтийн хэрэгцээнд зориулан төхөөрөх бол мал эмнэлгийн улсын байцаагчийн үзлэг шинжилгээг хийлгэж, нядалгаа хийх байр, орчинд халдваргүйтгэл хийх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан орчинд хийж гүйцэтгэнэ. Иргэн болон аж ахуйн нэгж нь хадгалалт, тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүн шинэлэг байдлаа алдсан, эсхул бохирдсон бол худалдахаас өмнө лабораторид өгч магадлан шинжилгээ хийлгэнэ. Магадлан шинжилгээгээр эрүүл гэсэн нь тогтоогдвол хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн лаборатори нь магадлан шинжилгээний бичиг олгоно. Хувь хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй худалдааны төв, хүнсний дэлгүүр, битүүмжлээгүй, хөргүүргүй тээврийн хэрэгсэл, лангуу, мухлаг, ил задгай худалдаалагдаж байгаа газраас бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг анхааруулж байх хэрэгтэй.
4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх