- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГААС БОЛОН ДААТГАГЧААС ХОХИРОГЧИД ОЛГОСОН НӨХӨН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ИРҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ АШИГЛАХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны
01 дугаар сарын 21-ний өдрийн 30/А/14 дугаар
хамтарсан тушаалын хавсралт
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГААС БОЛОН ДААТГАГЧААС ХОХИРОГЧИД ОЛГОСОН НӨХӨН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ИРҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү журмын зорилго нь жолоочийн даатгалын сан (цаашид “сан” гэх)-гаас болон даатгагчаас хохирогчид олгосон нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлэх, түүнийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Хоёр.Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн мэдээлэл ирүүлэх
2.1.Даатгагч нь хохирогчид олгосон нөхөн төлбөрийн талаарх мэдээллийг энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу гаргаж Цагдаагийн ерөнхий газар болон Албан журмын даатгагчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-нд цахим хэлбэрээр ажлын 3 хоногийн дотор ирүүлэх бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.
Гурав. Сангаас олгосон нөхөн төлбөрийн мэдээлэл ирүүлэх
3.1.Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үндэслэлээр сангаас хохирогчид нөхөн төлбөр олгох бөгөөд Холбоо нь энэ тухай мэдээллийн бүртгэл хөтөлнө.
3.2.Энэ журмын 3.1-д заасны дагуу хохирогчид олгосон нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг Холбоо нь Цагдаагийн ерөнхий газарт цахим хэлбэрээр ирүүлнэ.
3.3.Холбоо нь хохирогчид олгосон нөхөн төлбөртэй холбоотой мэдээлэл болон даатгагчаас энэ журмын 2.1-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг нэгтгэж, санхүүгийн тайлангийн хамтаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.
3.4.Санхүүгийн зохицуулах хороо нь сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олон нийтэд мэдээлж болно.
3.5.Холбоо нь зам тээврийн осол, зөрчлийн улмаас хохирогчид олгосон нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг статистик тоон үзүүлэлт байдлаар олон нийтэд мэдээлж болно.
3.6.Энэ журмын 3.2, 3.3-т заасан мэдээллийг энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу гаргана.
Дөрөв. Цагдаагийн байгууллага нөхөн төлбөртэй
холбоотой мэдээллийг ашиглах
4.1.Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа алба нь нөхөн төлбөртэй холбогдох мэдээлэл, статистикийн мэдээг үнэ төлбөргүй гаргуулж, ашиглана.
4.2. Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа алба нь статистик мэдээллийг зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд мэдээлж болно.
Тав. Хяналт тавих
5.1.Нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгөхөөс татгалзсан, эсхүл хугацаанд нь ирүүлээгүй даатгагч болон санд Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A