- Нүүр
- Сайдын тушаал
- ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2025 оны А/48, А/49 дүгээр тушаалаар нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгосон /УНС 2025.03.27 хүлээн авсан/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2019 оны А/46, А/09 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв /цаашид “Шалгалтын төв” гэх/-ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Шалгалтын төв нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв. Ерөнхий шаардлага /MNS 6584:2016/” Монгол Улсын стандартад заасан шаардлагыг хангасан байна.
1.3.Шалгалтын төвд “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага. Ерөнхий шаардлага /MNS 6585:2016/” Монгол Улсын стандартын шаардлагын дагуу техникийн үзүүлэлтэд нийцсэн тээврийн хэрэгслийг ашиглана.
1.4.Шалгалтын төвийг төрийн болон төрийн бус байгууллага байгуулж болно.
Хоёр. Шалгалтын төв байгуулах
2.1.Шалгалтын төв байгуулах хүсэлтийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
2.1.1.шалгалтын төв байгуулахыг хүссэн албан бичиг;
2.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.1.3.татварын байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолт;
2.1.4.“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтын төв. Ерөнхий шаардлага /MNS 6584:2016/” Монгол Улсын стандартад заасан шаардлагыг хангасан талаар танилцуулга.
2.2.Шалгалтын төв нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Цагдаагийн төв байгууллагын харьяа жолоодох эрхийн шалгалтын асуудал эрхэлсэн нэгж, мэргэжлийн сургалтыг удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын хамтарсан ажлын хэсэг нь ажлын 21 хоногт багтаан дүгнэлт гаргана.
2.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шаардлага хангасан хуулийн этгээдэд зөвшөөрөл олгож, гэрээ байгуулна.
2.4.Гэрээг шалгалтын төвтэй 3 хүртэл жилийн хугацаатай байгуулах бөгөөд гэрээнд шалгалтын төвийн үйл ажиллагааг сунгах, зогсоох, талуудын эрх, үүрэг, хяналт тавих зохицуулалтыг тусгасан байна.
2.5.Шалгалтын төвийн үйл ажиллагаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Цагдаагийн төв байгууллагын харьяа жолоодох эрхийн шалгалтын асуудал эрхэлсэн нэгж, мэргэжлийн сургалтыг удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
2.6.Шалгалтын төв нь стандартын шаардлага хангахгүй болсон, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн талаарх эрх бүхий байгууллагын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.
Гурав.Шалгалтын төвийн үйл ажиллагаа
3.1.Шалгалтын төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.жолоодох эрхийн онолын болон дадлагын шалгалт авах нөхцөлийг бүрдүүлэх;
3.1.2.шалгалтад хамрагдсан иргэний шалгалтын дүн, бусад мэдээллийг шалгагчаас авч, мэдээллийн цахим сүлжээгээр иргэн, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагад хүргүүлэх;
3.2.Энэ журмын 2.3-д заасан гэрээг үндэслэн цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр жолоодох эрхийн шалгалтын асуудал эрхэлсэн нэгж нь шалгалтын төвд шалгалт авах үйл ажиллагааг зохион байгуулж болно.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A