A

A

A

Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны

А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт /цаашид “шалгалт” гэх/ авах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Шалгалтыг нийслэлд Цагдаагийн төв байгууллагын харьяа жолоодох эрхийн шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн /цаашид “шалгалтын асуудал эрхэлсэн нэгж” гэх/, аймагт тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжийн эрх бүхий алба хаагч  /цаашид “шалгагч” гэх/ авна.

1.3.Шалгалтыг авахдаа мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн байгууллага болон төрийн бус байгууллагаас мэргэшсэн ажилтанг оролцуулж болно.

1.4.Шалгалтын асуудал эрхэлсэн нэгж нь механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр удирдан зохион байгуулна.

1.5.Шалгагч нь Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын ажилтан бэлтгэх модулын сургалтад хамрагдсан байна.

Хоёр. Шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн эрх, үүрэг

2.1.Шалгалтын асуудал эрхэлсэн нэгж, аймгийн Замын цагдаагийн нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

                2.1.1.энэ журмын 3.3-т заасан мэдүүлэг, 3.4-д заасан хүсэлтийг энэ журмын 2.2-д заасан цахим сангаар дамжуулан хүлээн авч хянах, шалгалтын хуваарь гаргаж тухайн сургалтын байгууллага буюу иргэнд мэдээлэх;

                 2.1.2.шалгалтад орохоор ирсэн иргэний бүрдүүлсэн материалыг хүлээн авч, энэ журмын 3.1-д заасан нөхцөлийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих, тухайн өдрийн шалгалтад орох шалгуулагчдын нэрсийн жагсаалтыг гаргах, хуваарийн дагуу шалгалтад оруулах;

                       2.1.3.энэ журамд заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах;

                       2.1.4.шалгалтад хамрагдсан иргэний дүн мэдээг цахим санд бүртгэх, холбогдох баримт материалыг архивын журмын дагуу хадгалах;

                     2.1.5.шалгалтын дүн мэдээг үндэслэн тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийхэд чиглэсэн мэдээллийг гаргаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан төрийн бус байгууллагад хүргэх.

2.2.Шалгалтын асуудал эрхэлсэн нэгж нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сүлжээ бүхий цахим сантай байх бөгөөд нууцлал, хамгаалалт, хэвийн ажиллагааг хангасан байна.

2.3.Энэ журмын 2.1.5 дахь заалт аймгийн Замын цагдаагийн нэгжид хамаарахгүй.

Гурав. Жолоодох эрхийн шалгалтад орох нөхцөл

3.1.Шалгалтад орох иргэн/цаашид “шалгуулагч” гэх/дор дурдсан нөхцөлийг хангасан байна:

3.1.1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий насанд хүрсэн;

3.1.2.эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тээврийн хэрэгсэл жолоодоход “тэнцэнэ” гэсэн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт /цаашид “эрүүл мэндийн үзлэгийн хуудас” гэх/ авсан;

3.1.3.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын дагуу жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас авсан;

Тайлбар: Дээрх заалт нь гадаад улсаас олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн шалгалтад орох тохиолдолд хамаарахгүй.

3.1.4.“С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 3 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан;

3.1.5.“D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан;

3.1.6.“Е” ангиллын нэмэлт эрх авах шалгалтад орох тохиолдолд тухайн үндсэн ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан.

3.2.Шалгуулагч нь дараах материалыг бүрдүүлсэн байна:

                        3.2.1.иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг;

                        3.2.2.эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

                        3.2.3.энэ журмын 3.1.3-т заасан үнэлгээний хуудас;

                        3.2.4.цээж зураг /өнгөт 4х6 см хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан/ 1 хувь;

                        3.2.5.жолоодох эрхийн үнэмлэх /ангилал нэмүүлэх болон гадаад улсаас олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн шалгалтад орох тохиолдолд/.

3.3.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага нь шалгалтад орох иргэний мэдээллийг шалгалтад орохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө журмын 2.2 дахь хэсэгт заасан цахим санд илгээсэн байна.

3.4.Энэ журмын 4.5.5-д заасны дагуу онолын шалгалт өгөх, мөн 4.8, 4.9-д заасны дагуу дахин шалгалт өгөх иргэн нь шалгалтад орох хүсэлтээ 7-оос доошгүй хоногийн өмнө журмын 2.2 дахь хэсэгт заасан цахим санд илгээсэн байна.

Дөрөв. Жолоодох эрхийн шалгалтын төрөл, агуулга

4.1.Жолоодох эрхийн шалгалт нь онолын, дадлагын гэсэн хоёр төрөлтэй байна.

4.2.Онолын шалгалтаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн эзэмшсэн байвал зохих онол, эрх зүйн мэдлэгийг шалгана:

                4.2.1.Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль

                4.2.2.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм;

                4.2.3. тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох онол;

                4.2.4.зам тээврийн осолд өртсөн хүнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж.

4.3.Онолын шалгалтыг ерөнхий мэдлэгийн 20 асуулт бүхий тест болон нэмэлт мэдлэгийн 10 асуулт бүхий тестээр авна. Нэмэлт мэдлэгийн тест нь “C”, “D” ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн эзэмшсэн байвал зохих мэдлэгийг шалгахад чиглэсэн байна.

4.4.Дадлагын шалгалтаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох ур чадварыг шалгана. Дадлагын шалгалтыг замын хөдөлгөөнд /цаашид “замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт” гэх/, эсвэл жолоодлогын тусгай талбайд /цаашид “талбайн жолоодлогын шалгалт” гэх/ авна.

4.5.Шалгуулагч нь жолоодох эрхийн шалгалтыг дор дурдсан төрөл, агуулгаар өгнө:

               4.5.1.“B” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд онолын шалгалтыг ерөнхий мэдлэгийн тестээр, дадлагын шалгалтыг замын хөдөлгөөнд;

               4.5.2.“C”, “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд онолын шалгалтыг нэмэлт мэдлэгийн тестээр, дадлагын шалгалтыг талбайд;

             4.5.3.урьд нь аль нэг ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч байгаагүй хүн “A” буюу “M” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд онолын шалгалтыг ерөнхий мэдлэгийн тестээр, дадлагын шалгалтыг талбайд;

            4.5.4.“Е” ангиллын нэмэлт эрх авах буюу эсвэл аль нэг ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн “А” буюу “М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх нэмж авах тохиолдолд зөвхөн талбайн шалгалт;

              4.5.5.гадаад улсаас олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн шалгалтад орох тохиолдолд онолын ерөнхий мэдлэгийн шалгалт.

4.6.Шалгалт тус бүрийг “Тэнцсэн”, “Тэнцээгүй” гэсэн хоёр үнэлгээгээр дүгнэнэ.

4.7.Онолын болон дадлагын шалгалтад хамрагдвал зохих шалгуулагч эхлээд онолын, дараа нь дадлагын гэсэн дарааллаар шалгуулна. Онолын шалгалтад тэнцээгүй тохиолдолд дадлагын шалгалтад орохгүй.

4.8.Шалгуулагч нь тэнцээгүй шалгалтаа дахин өгөх эрхтэй бөгөөд шалгалт хоорондын хугацаа 7 хоногоос багагүй байна.

4.9.Шалгуулагч онолын шалгалтад тэнцсэнээс хойш 6 сарын хугацаанд дадлагын шалгалтад тэнцээгүй буюу хамрагдаагүй тохиолдолд онолын шалгалтад тэнцсэн үнэлгээ хүчингүй болно. Энэ тохиолдолд шалгалтыг дахин өгнө.

4.10.Дадлагын шалгалтыг тухайн эрх олгох ангиллын тээврийн хэрэгсэл дээр явуулна. ”В” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамрагдсан шалгуулагчаас хүсэлт гаргасан тохиолдолд автомат хурдны хайрцаг бүхий тээврийн хэрэгслээр дадлагын шалгалтыг авч болно. /Энэ тохиолдолд жолоочийн үнэмлэхний тусгай тэмдэглэлд “автомат” гэсэн тэмдэглэл хийнэ./

4.11.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс жолоодох эрх олгох мэргэжлийн шалгалт авах тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 –д заасан шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр шалгалтыг авч, жолоочийн үнэмлэхний тусгай тэмдэглэлд тусгана.

Тав. Шалгалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага

5.1.Шалгагч нь шалгалтын үйл ажиллагааг өөрийн удирдлага, хяналтын дор явуулах ба талбайн жолоодлогын шалгалтыг зориулалтын ажиглах байр буюу шалгалтын талбай дээрээс биечлэн удирдаж явуулна. Шалгагч нь шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шалгуулагчдын эмх журмыг сахиулах чиг үүрэг бүхий туслах ажилтантай байж болно.

5.2.Шалгагч нь шалгуулагчийн иргэний үнэмлэх (түүнтэй адилтгах баримт бичиг)-ийг үндэслэн нэрсийн жагсаалттай тулган хянаж, зөрчил илрээгүй тохиолдолд онолын, онолын шалгалтад тэнцсэн тохиолдолд талбайн жолоодлогын болон замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтад тус тус оруулна.

5.3.Шалгагч буюу түүний туслах ажилтан нь шалгуулагчдыг шалгалт өгөхийн өмнө онолын болон дадлагын шалгалт авах, дүгнэх журмыг танилцуулан, онолын шалгалтын хүснэгтийг хэрхэн бөглөх, цахим төхөөрөмжийн ажиллах зарчмын талаарх зааварчилгаа, дадлагын шалгалтын гүйцэтгэх үйлдэл, дарааллыг танилцуулан шалгалтын үеэр хориглох зүйлсийг анхааруулна.

5.4.Шалгалтын үеэр шалгуулагчид дараах үйлдлийг хориглох бөгөөд хэрэв дараах үйлдэл хийсэн тохиолдолд тухайн шалгалтад “Тэнцээгүй”-д тооцно:

                        5.4.1.бусадтай ярих;

                        5.4.2.ямар нэг хэлбэрээр бусдаас туслалцаа авах;

                        5.4.3.оногдсон шалгалтын материал, хариултын хуудсыг бусдад дамжуулах, солилцох;

                        5.4.4.ном, сурах бичиг, гар утас болон бусад техник хэрэгсэл, материал ашиглах.

5.5.Шалгалтыг эхлэхийн өмнө дараах шаардлагыг хангасан байна:

                        5.5.1.танхимын ариун цэвэр, гэрэлтүүлэг, дулаан, агааржуулалтын түвшин нь зохих норм, стандартыг хангасан байх;

                        5.5.2.шалгалтын материалыг цаасан дугтуйд хийж бэлтгэсэн байх;

                        5.5.3.шалгалтыг цахим төхөөрөмжөөр авах тохиолдолд төхөөрөмжийг асааж, компьютерийн программ хангамж, сүлжээний системийг ажиллагаанд бэлэн болгосон байх;

                        5.5.4.танхим, талбайн болон шалгагчийн ажиглах байр, тээврийн хэрэгсэлд байрлуулсан дүрс бичлэг, хяналтын төхөөрөмж, дохиолол, холбоо, чанга яригч хэрэгслүүдийг асаасан байх;

5.5.5.шалгалтад ашиглах тээврийн хэрэгсэл нь тухайн эрх олгох ангилал болон MNS 6585:2016 стандартын 7.7-д заасан дадлагын тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтэд нийцсэн, мөн MNS 6584:2016 стандартад заасан техникийн шаардлагыг хангасан байх;

                5.5.6.тухайн ангиллын тээврийн хэрэгслээр гүйцэтгэвэл зохих үйлдлийн элементүүдийг MNS 6584:2016 стандартын А хавсралтад заасан хэмжээ, загварын дагуу шалгалтын талбайд бэлтгэсэн байх;

                5.5.7.шалгалтын талбайн зорчих хэсгийн гадаргуу дээр тогтсон цас, мөс, шавар шавхай, хог шороог цэвэрлэсэн байх;

                5.5.8.тээврийн хэрэгслийн шил, толь, бүхээгний дотоод ариун цэврийг хангаж, шатахуунаар цэнэглэн, хөдөлгүүрийг хэвийн ажиллагааны түвшинд хүртэл халаасан байх;

                5.5.9.тээврийн хэрэгслийг тухайн шалгуулагчийн эхний үйлдэл гүйцэтгэх элементийн эхлэл болон шалгалтын маршрутын эхлэлийн өмнө байрлуулсан байх;

                5.5.10.тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтраасан, гар тоормосыг идэвхжүүлсэн, механик дамжуулга бүхий хурдны хайрцгийн хөшүүргийг сул байрлалд, автомат дамжуулга бүхий хурдны хайрцгийн хөшүүргийг “P” байрлалд шилжүүлсэн байх;

                  5.5.11.шалгагч нь тоормосны нэмэлт дөрөөний хэвийн, найдвартай ажиллагааг шалгасан байх;      

5.6.Шалгалтын үеэр танхим, жолоодлогын шалгалтын талбайд шалгагч, шалгуулагч, туслах ажилтнаас бусад хүн, шалгалтад ашиглаж байгаагаас бусад тээврийн хэрэгсэл, мөн ажиглах байранд шалгагчаас бусад хүн байхыг хориглох бөгөөд танхимд байгаа бүх хүн гар утсаа унтраасан байна.

5.7.Талбайн шалгалтыг явуулж байгаа тээврийн хэрэгсэлд шалгуулагчаас бусад хүн суухыг хориглоно.

5.8.Шалгагч нь замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтыг жолоочийн хажуугийн суудал дээрээс өөрийн шууд удирдлага, хяналтын дор явуулах бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг хариуцна.

5.9.Шалгагч нь шалгалтын дүнг цаг тухайд нь тэмдэглэл үйлдэж баримтжуулах бөгөөд нэгдсэн дүн мэдээг жолоодох эрхийн шалгалтын бүртгэл, мэдээллийн цахим санд оруулна.

Зургаа. Онолын шалгалт

6.1.Онолын ерөнхий мэдлэгийн тестээр авах шалгалтын үргэлжлэх хугацаа 20 минут, нэмэлт мэдлэгийн тестээр авахад 10 минут байна.

6.2.Шалгуулагчид нь шалгагчийн удирдлагаар тестийн материалын дугтуйг нэгэн зэрэг нээснээс эхэлж шалгалтын хугацааг тооцно. Хугацаа дуусахад 10 минут, 5 минут, 1 минут үлдэж байгааг шалгагч тухай бүр зарлаж мэдэгдэнэ.

6.3.Шалгалтыг цахим төхөөрөмжөөр авч байгаа тохиолдолд дэлгэцэн дэх эхлэх товчийг дарснаас хойш хугацааг компьютер автоматаар тоолж, үлдэж байгаа хугацааг мэдээлнэ.

6.4.Шалгуулагч нь онолын шалгалтыг бичгээр өгч байгаа тохиолдолд тухайн тестийн хариултын хувилбаруудаас зөв гэж үзсэн нэг хувилбарыг сонгож, түүний өмнөх дугаарын цифрийг хариултын хүснэгтийн тухайн харгалзах нүдэнд бичих замаар оногдсон бүх тестийг тогтоосон хугацаан дотор хариулна. Хариултын цифрийг улаанаас бусад өнгийн үзэг, балаар тод гаргацтай бичнэ. Шалгалтын хугацаа дуусаагүй үед шалгуулагч нь бичсэн хариултаа засаж, өөрчилж болох бөгөөд ингэхдээ засах цифрийг тойруулан дугуйлж, тухайн нүдэнд багтааж өөрчилж буй цифрийг бичнэ.

6.5.Шалгалтын хугацаа дууссаныг зарласан үед шалгуулагч нь тестийг хариулж дууссан эсэхээс үл хамааран хариултын хуудсаа тестийн материалын хамт шалгагчид хураалгах бөгөөд шалгалтын дүнг танилцуулж дуусах хүртэл танхимаас гарахгүй.

6.6.Шалгагч нь шалгуулагч бүрийн хариултын хуудсыг хяналтын дэлгэцийн дурангийн доор зөв хариултын хүснэгттэй тулган шалгаж, алдаатай хариулсан нүдийг улаан өнгийн үзэг буюу балаар чагталж тэмдэглэх бөгөөд «Тэнцсэн» буюу «Тэнцээгүй» дүнг тухай бүрд нь мэдэгдэж, зохих нүдэнд гарын үсэг зурж баталгаажуулна.

6.7.Дараах тохиолдолд тухайн нүдэн дэх хариултыг алдаанд тооцно:

            6.7.1.зөв хариултын хүснэгтийн харгалзах нүдэн дэх хариутай тохироогүй;

            6.7.2.хариултын нэг нүдэнд нэгээс олон цифр бичсэн;

            6.7.3.хариултын цифрийг гаргацгүй бичсэн буюу баллаж сохолсон;

            6.7.4.хариултын нүдэнд үсэг буюу бусад тэмдэглэл бичсэн;

6.7.5.хариултын нүдийг хоосон орхисон.

6.8.Шалгуулагч нь онолын шалгалтыг цахим төхөөрөмжөөр өгч байгаа тохиолдолд дэлгэцэн дэх тухайн тестийн хариултын хувилбаруудаас зөв гэж үзсэн нэг хувилбарын өмнөх товчийг дарж идэвхжүүлэх замаар оногдсон бүх тестийг тогтоосон хугацаан дотор хариулна. Шалгуулагч нь хугацаа дуусаагүй үед идэвхжүүлсэн хариултаа өөрчлөх боломжтой байна. Шалгалтын хугацаа дууссан буюу шалгуулагч өөрийн хүсэлтээр хугацааг зогсоосон тохиолдолд компьютер шалгалтын дүнг гаргаж, удирдлагын компьютерт мэдээллийг дамжуулахаар программчлагдсан байна.

6.9.Шалгалтын үеэр техникийн буюу цахилгааны саатлын улмаас цахим төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдсан тохиолдолд шалгуулагчийг тухайн шалгалтыг өгөөгүйд тооцон, хэвийн ажиллагаа хангагдсан үед шалгалтыг дахин өгөх эрхээр хангана.

6.10. Шалгуулагч тухайн оногдсон тестийн 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан тохиолдолд тэнцсэнд тооцно.

Долоо. Талбайн жолоодлогын шалгалт

7.1.Шалгалтын талбайн багтаамж, үйлдлийн элементүүдийн тоо, шалгалтын ачаалал, хяналт тавих нөхцөл боломжоос хамааруулан шалгалтыг нэгэн зэрэг хэд хэдэн шалгуулагчаас авч болно.

7.2.Талбайн жолоодлогын шалгалтаар дараах үйлдлийг гүйцэтгэх ур чадварыг шалгана:

                        7.2.1.“А” ангилалд:

                       7.2.1.1. цуваа байрлалтай 5 туг сүлжих;

7.2.1.2. 8 тоо хэлбэрийн зураас дээгүүр явах;

7.2.1.3. 15 метрийн урт хяналтын шугамаар бага хурдтай явах.

                        7.2.2.“С” ангилалд:

7.2.2.1.ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах;

7.2.2.2.оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах ба ухрах;

7.2.2.3.гүвээний өгсүүрт зогсож өгсөж хөдлөх.

                        7.2.3.“D”ангилалд:

7.2.3.1.ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах;

7.2.3.2.цуваа байрлалтай 3 туг сүлжих;

7.2.3.3.хажуугийн зогсоолд зөв байрлуулах.

                        7.2.4.“BЕ”, “CЕ”, “DЕ”ангилалд:

7.2.4.1.ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах;

7.2.4.2.цуваа байрлалтай 3 туг сүлжих;

7.2.4.3.оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах ба ухрах.

                        7.2.5.“М” ангилалд:

7.2.5.1.оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах ба ухрах;

7.2.5.2.гүвээний өгсүүрт зогсож өгсөж хөдлөх.

7.3.Талбайн жолоодлогын шалгалтын бүх үйлдлийг гүйцэтгэх хугацаа 10 минут байх бөгөөд дараах тохиолдолд “Тэнцээгүй”-д тооцно:

                        7.3.1.хяналтын шон буюу хашлагыг мөргөх, шүргэх, унагаах;

                        7.3.2.үйлдлийг эхний оролдлогоор гүйцэтгээгүй;

                        7.3.3.тээврийн хэрэгслийг хажуугийн зогсоолд багтаагаагүй;

                        7.3.4.туг сүлжихдээ шон алгассан;

                        7.3.5.ухрах байранд дутуу орж зогссон;

                        7.3.6.гүвээний өгсүүрт зогсож хөдлөхдөө ухарч алдсан буюу хөдөлгүүрийг хоёр удаа унтраасан;

                        7.3.7.бүх үйлдлийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй.

7.4. Шалгалтын хугацааг шалгуулагч эхний үйлдлийг хийж эхлэх үеэс сүүлчийн үйлдлийг гүйцэтгэж дуусах хүртэл тооцно.

Найм. Замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт

8.1.Замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтыг явуулж буй тээврийн хэрэгсэлд шалгагч, шалгуулагчаас бусад хүн байлгахгүй бөгөөд шалгалтын маршрутын зайн хэмжээ, шалгалтын ачаалал, тээврийн хэрэгслийн суудлын тооноос хамааруулан хэд хэдэн шалгуулагчийг хамт авч явж болно.

8.2.Шалгалтын үеэр тээврийн хэрэгсэлд байгаа бүх хүн гар утсаа унтраасан байхаас гадна шалгалт өгч байгаа хүний анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох, чимээ шуугиан гаргахгүй.

8.3.Замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтыг 10 минутаас багагүй хугацаанд авах бөгөөд үүнд замын хөдөлгөөний түгжрэл, хязгаарлалт, техникийн саатал зэргээс шалтгаалан зогссон хугацааг тооцохгүй.

8.4.Шалгуулагч нь хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, гүйцэж түрүүлэх, түр ба удаан зогсох үйлдлийг зөвхөн шалгагчийн командаар гүйцэтгэх бөгөөд шалгагч нь тухайн командыг үйлдэл гүйцэтгэх боломж бүхий зайнаас, товч тодорхой, ойлгогдохуйц өгнө.

8.5.Замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтаар дараах үйлдлийг гүйцэтгэх ур чадварыг шалгана:

                        8.5.1.хөдөлгөөн эхлэх;

                        8.5.2.чиг өөрчлөх;

                        8.5.3.байрлан явах;

                        8.5.4.хурд тохируулах;

                        8.5.5.гүйцэж түрүүлэх;

                        8.5.6.уулзвар, гарц нэвтрэх;

                        8.5.7.явган хүний гарц нэвтрэх;

                        8.5.8.түр зогсох;

                        8.5.9.тээврийн хэрэгслийг зогсоолд ухрааж байрлуулах;

8.6.Үйлдлүүдийг гүйцэтгэх явцын алдааг “-1”, “-3”, “-5”гэсэн оноогоор тооцож дүгнэнэ. Онооны нийлбэр “-5” буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд тэнцээгүйд тооцно. Үүнд:

                        8.6.1.“-1” оноо өгөх тохиолдол:

8.6.1.1.зогсоолын тоормостой хөдөлсөн;

                             8.6.1.2.ар талыг харах толь ашиглаагүй;

                             8.6.1.3.чиг заах дохио өгөөгүй буюу буруу өгсөн;

                             8.6.1.4.хөдөлгөөн эхлэхдээ болон хөдөлгөөний үед хөдөлгүүр унтраасан.

                        8.6.2.“-3” оноо өгөх тохиолдол:

                                    8.6.2.1.хамгаалах бүс бүслээгүй;

                                    8.6.2.2.эгнээ байр эзлэх журам зөрчсөн;

                                    8.6.2.3.буцаж эргэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн;

                                    8.6.2.4.замын тэмдэглэлийн заалт зөрчсөн;

                                    8.6.2.5.хэт удаан явсан;

                                    8.6.2.6.түр зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн;

                                    8.6.2.7.зогсоолд ухрааж байрлуулах үйлдлийг эхний оролдлогоор бүрэн гүйцэд зөв гүйцэтгээгүй.

                        8.6.3. “-5” оноо өгөх тохиолдол:

                                    8.6.3.1.гэрэл ба зохицуулагчийн дохио, замын тэмдгийн заалт зөрчсөн;

                                    8.6.3.2.давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй;

                                    8.6.3.3.хориглосон нөхцөлөөр эсрэг урсгал сөрсөн;

                                    8.6.3.4.гүйцэж түрүүлэх журам зөрчсөн;

                                    8.6.3.5.явган хүний гарц нэвтрэхдээ явган зорчигчид зам тавьж өгөөгүй;

                                    8.6.3.6.төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн;

                                    8.6.3.7.хурд хэтрүүлсэн;

                                    8.6.3.8.шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүй.

8.7.Шалгагч нь шалгуулагчид Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл хийхийг заасан команд өгөх, гүйцэтгэвэл зохих үйлдлээс өөр үйлдэл хийлгэх, шалтгаангүйгээр тоормослох, жолооны хүрдийг булаах зэргээр цочоох, сандаргах, огцом чанга дуугарах зэргээр зүй бус харьцахыг хориглоно.

8.8.Шалгагч нь шалгалтын үеэр сандарч тэвдсэн шалгуулагчид тайвшрах бололцоог олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд шалгалтыг түр хойшлуулах санал тавьж болно.

8.9.Шалгалтын үеэр хөдөлгөөнд аюул, саад, осолтой байдал бий болсон тохиолдолд шалгагч нь шалгуулагчийн хийх хариу үйлдлийг хүлээлгүйгээр тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна. Тухайн тохиолдол нь шалгуулагчийн алдаатай үйлдлээс шалтгаалаагүй, зам тээврийн осол гараагүй бол шалгалтыг цааш үргэлжлүүлнэ.

8.10.Шалгалтын үеэр шалгуулагч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд шалгагч тухайн зөрчлийг даамжрахаас сэргийлэн аль болох нэн даруй арилгуулах, зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу зогсоож, зохих алдааны оноог тооцно.

Ес. Бусад

9.1.Хамрагдвал зохих бүх шалгалтад тэнцсэн иргэнд жолоодох эрхийн үнэмлэх олгох ажлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам"-ын дагуу Цагдаагийн байгууллага хариуцан зохион байгуулна.

 

- ооОоо -