A

A

A

Бүлэг: 1979

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн

 Хуралдааны 2018 оны12 сарын 8 дугаар тогтоолын

 1 дүгээр хавсралт

 

СОГТУУРУУЛАХ УНДАА, ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

 АЖ АХУЙ НЭГЖИД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэнэ/ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох нөхцөл шаардлагыг тодорхойлон зохицуулахад оршино.

1.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах түүгээр үйлчлэх явцад нь хориглох зүйл, хүлээх үүрэг, хариуцлага, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтууд, мөн энэхүү журмыг мөрдөнө

1.3.Холбогдох хууль тогтоомж, Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагад энэ журам нэгэн адил хамаарна.

 

Хоёр. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг, тавигдах шаардлага

2.1.Худалдаа, үйлчилгээний батлагдсан стандарт шаардлагыг бүрэн хангаж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтыг мөрдөж хэрэгжүүлэх

2.2.Аж ахуйн нэгжүүд нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, бусад холбогдох бичиг баримтаа ил газар байрлуулж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд шалгуулах

2.3.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг хугацаанд нь арилгах, иргэдээс гарсан гомдлыг барагдуулахад хариуцлагатай хандаж, шийдвэрлэх.

2.4.Эрх бүхий байгууллагаас гаргасан цагийн хуваарийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх

2.5.Орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагаас архидан согтуурахтай тэмцэх, нийгмийн хэв журмыг хангахтай холбоотой зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцох

2.6.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасан үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартын дагуу телекамер байрлуулж, ил задгай нус шүлс хаях, бие засах тамхи татах, архидан согтуурах, хог хаягдал хаях, халтиргаа гулгаа гаргуулахгүй байх зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, үйлчилгээний соёл, цэвэр тохилог орчин бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, гэрэлтүүлэг, автомашины зогсоолын талбай бий болгосон байх

2.7.“Байнгын санах ой байгууламж бүхий электрон кассын машин MNS 5005:2015 стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин ашиглан үйлчлүүлэгчид и-баримтаар үйлчилдэг байх

2.8.Бөөний төвийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн архи согтууруулах ундааны лонх, шил савыг буцаан авч үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг байх

Гурав. Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

3.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт, энэхүү журмын дагуу аймгийн Засаг дарга олгоно. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хянан хэлэлцэж, санал боловсруулах ажлыг эрхлэх комисс /цаашид “комисс” гэнэ/- ыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулна. Комисс нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4-10, 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.6, 11.2, 12-14 дэх, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтууд болон энэхүү журмыг мөрдөж ажиллана.

3.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуй нэгж нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ журмын хоёр дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангасны дараа тусгай зөвшөөрөл авах, хугацааг сунгах, сэргээлгэх хүсэлтээ аймгийн комисст дараах бичиг баримтын хамт ирүүлнэ.Үүнд:

3.2.1.Үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаа явуулсан хугацаа,тусгай зөвшөөрөл хүсэх болсон шалтгаанаа тодорхой дурдсан өргөдөл

3.2.2.Сумын Засаг даргын санал /Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3-д заасан шаардлагын дагуу сумын иргэдийн санал хавсаргасан байна/ Сумын Засаг дарга сумынхаа нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар санал ирүүлэхдээ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу сумынхаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж тэдгээрээс гарсан саналд тулгуурлах бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэхүү журамд заасан шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг сайтар нягтлан шалгасан байна.

3.2.3.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэдээлэл

3.2.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газруудыг үйл ажиллагааны төрлөөс хамаарч “Худалдааны газар, түүний үйлчилгээ ерөнхий шаардлага” MNS 5021:2007, “Хоолны газрын ангилал, зэрэглэл” MNS 4946:2005, “Худалдааны агуулах Ерөнхий шаардлага” MNS 5364 :2011 стандартуудын шаардлагыг аймгийн төвд 95%, суманд 90% хангасан тухай Стандарт хэмжилзүйн байгууллагын үнэлгээ

3.3.Аймгийн комисс нь тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн хүсэлтийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Өргөдөл гомдлыг барагдуулах тухай хууль болон энэхүү журамд заасан холбогдох хэм хэмжээ, шаардлагыг баримтлан хянан үзсэний үндсэн дээр холбогдох саналыг аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

3.4.Комиссын саналыг харгалзан, аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж тухайн аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг тус тус шийдвэрлэнэ.

3.5.Энэхүү журмын хоёр дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл хүсэгчийн хүлээх үүрэг, тавигдах шаардлагыг хангаагүй аж ахуй нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохгүй.

3.6.Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацааг хууль тогтоомж, энэхүү журмаар тогтоосон шаардлагыг зөрчөөгүй бол комиссын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргаж хуульд заасан хугацаагаар сунгана.

3.7.Худалдаа үйлчилгээний батлагдсан стандартыг зөрчсөн тохиолдолд Стандарт хэмжилзүйн хэлтсийн баталгаажуулалтын ажилтан үнэлгээг үндэслэн зөвшөөрөл олгох комисс 14 хоногийн хугацаатай үл тохирол арилгах мэдэгдлийг хүргүүлэх ба хугацаандаа үл тохирлоо арилгаагүй бол зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Засаг даргад санал оруулна. Хугацаандаа үл тохирол нь арилж стандартад нийцсэн тохиолдолд 6 сарын дараа зөвшөөрлийг сэргээж дахин шинээр олгож болно.

3.8.Дараах тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага, татварын газар, цагдаагийн газрын саналыг үндэслэн аймгийн комисс аймгийн Засаг даргын захирамжаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

3.8.1.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон энэхүү журмаар тогтоосон, болон хориглосон заалтыг зөрчсөн.

3.8.2.Эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, цагийн хуваарийг удаа дараа /2 түүнээс дээш/ зөрчсөн.

3.8.3.Онцгой албан татварын хуурамч тэмдэгттэй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн.

3.8.4.Хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй, нийлүүлсэн үйлдвэрлэгч нь тодорхойгүй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн.

3.9.Тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж нь үйл ажиллагаагаа 6 сар хүртэлх хугацаагаар явуулаагүй

3.10.Худалдаалсан болон үйлчилсэн согтууруулах ундааны улмаас иргэдийн эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон, тусгай зөвшөөрлийг өөр худалдаа үйлчилгээний газарт шилжүүлсэн, бусдад ашиглуулсан, түрээсэлсэн, худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалж дахин олгохгүй

 

Дөрөв.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хориглох зүйлс

4.1.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчих

4.2.Хүнсний дэлгүүрт согтууруулах ундааг савлаж үйлчлэх

4.3.Зөвшөөрөл авсан аж ахуй нэгж нь зөвшөөрөгдсөн байршлаас өөр газарт болон баяр ёслол, биеийн тамирын уралдаан, тэмцээн, аялал зугаалга зэрэг олон нийтийн арга хэмжээ зохиогдож байгаа газар, түрээсийн лангуу, ТҮЦ, мухлагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх

 Тав. Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих

5.1.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд сум, багийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага дараах чиглэлээр хяналт тавьж ажиллана.

5.1.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, түүний хугацаа хүчинтэй байгаа эсэх

5.1.2.Үйлдвэрлэл, үйлчилгээ, технологи, стандарт, эрүүл ахуйн үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх

5.1.3.Согтууруулах ундаа худалдаж байгаа болон түүгээр үйлчлүүлж байгаа иргэн хуульд заасан насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай эсэх .

5.1.4.Тусгай зөвшөөрөлд заагдсан газарт үйл ажиллагаа явуулж байгаа эсэх

5.1.5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийн заалт, энэхүү журмын шаардлагыг хангаж байгаа эсэх

5.1.6.Хуулиар болон энэ журамд заасан хориглосон заалтыг зөрчсөн эсэх

Зургаа. Хариуцлага

6.1.Аж ахуйн нэгж, байгууллага болон эрх бүхий албан тушаалтан энэхүү журмаар зохицуулсан тусгай зөвшөөрөлтэй холбогдох аливаа асуудлаар гаргасан хууль бус үйл ажиллагааныхаа төлөө Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.