A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 50 дугаар
тогтоолын хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид “Сан” гэх)-гийн зорилго нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт олгох, зарцуулсан хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, нэгтгэн тайлагнахад оршино.

1.2. Сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль болон энэхүү дүрмээр зохицуулна.

1.3. Сан нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд  банкинд харилцах данстай байна.

Хоёр. Сангийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт

2.1. Сангийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаарыг  шинжлэх ухаан, технологийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

2.2. Сангийн захирлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

2.3. Сангийн захирал ажлаа шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлд тайлагнана.

2.4. Сангийн захирал нь дор дурдсан үйл ажиллагаа эрхэлнэ:

2.4.1. сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

2.4.2. санг төлөөлж дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай харилцах;

2.4.3. сангийн ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулах, тэдний ажил үүргийн хуваарийг батлах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажилтнуудын албан тушаалын цалин, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоон олгох, хууль тогтоомжид заасан буцалтгүй тусламж тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэх;

2.4.4. сангийн үйл ажиллагааны талаар хууль тогтоомжийн хүрээнд тушаал гаргах, санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах.


Гурав. Сангийн чиг үүрэг

3.1. Сан дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1. тухайн жилд Засгийн газрын захиалгаар хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл (цаашид “төсөл” гэх), арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

3.1.2. шинжлэх ухаан, технологийн  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлагдсан төслийг санхүүжүүлж, олгосон хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, санхүүгийн тайлан тэнцлийг гаргуулан авч дүн шинжилгээ хийх, илэрсэн зөрчлийг  арилгуулах;

3.1.3. эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжилт хийх, хяналт тавих, үр дүнг тооцох, олгосон хөрөнгийг эргүүлж төлүүлэх арга хэмжээ авах;

3.1.4. төслийн захиалагч, гүйцэтгэгч байгууллагатай төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, хэрэгжүүлж дууссан төслийн бүртгэл хөтлөх;

3.1.5. төслийн хэрэгжилтийн явц, санхүүжилтийн талаарх мэдээллийг захиалагчтай хамтран хагас жил тутам гаргах, дүнг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, нийтэд мэдээлэх;

3.1.6. төрийн эзэмшлийн оюуны өмчийг иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулснаас олсон орлогоос 2 хүртэл хувийн роялтийг сангийн дансанд төвлөрүүлэх;

3.1.7. шинжлэх ухаан, технологийн төслийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглуулах.

Дөрөв. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт

4.1. Сангийн хөрөнгө нь  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

4.2. Сангийн хөрөнгийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20.4-т заасан арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

4.3. Сан нь төслийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг тогтоосон хугацаанд дүгнэж, үр дүн, тайланг хүлээлгэн өгсөн тухай гүйцэтгэгчийн мэдэгдлийг үндэслэн тухайн ажлын санхүүжилтийн эцсийн тооцоог хийнэ.

Тав. Бусад

5.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хуульд заасны дагуу шинжлэх ухаан, технологийн болон төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус тайлагнах бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу нийтэд ил тод мэдээлнэ.

5.2. Сангийн төсвийн бус эх үүсвэрээс олсон орлого, зарлагын тайланг Татварын албанд тайлагнана.

5.3. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөлгүйгээр зээл авах, хамтарсан үйл ажиллагаа явуулах, сангийн хөрөнгийг барьцаалах, баталгаа гаргах, хандив өгөх, ивээн тэтгэх болон энэ дүрмийн 4.2-т зааснаас бусад ажиллагааг санхүүжүүлэхийг хориглоно.

5.4. Сан нь үйл ажиллагаандаа жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэнэ.

5.5. Сангийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалттай холбогдсон маргааныг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл зохих хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

5.6. Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


------о0о------