A

A

A

Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 1 дугаар сарын 18 –ны өдрийн

А/47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

ЖОЛООНЫ БАГШИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын багш /цаашид "жолооны багш" гэх/ бэлтгэх, жолооны багшийн үнэмлэх олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Жолооны багш бэлтгэх сургалт /цаашид "сургалт" гэх/ болон жолооны багшийн үнэмлэх олгох үйл ажиллагааг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагуудтай /Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болон бүсийн арга зүйн төв/ хамтран зохион байгуулна.

 

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага

2.1.Сургалтад хамрагдах элсэгчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

            2.1.1.Дүрмийн багш:

-  Автомеханик инженер мэргэжилтэй,  бакалавраас дээш боловсролтой;

-  Мэргэжлийн чиглэлээр ажилласан туршлагатай байх

            2.1.2.Жолоодлогын багш:

  • Техникийн буюу түүнээс дээш боловсролтой;
  • Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд  уг ангиллын тээврийн хэрэгслийг 5-аас дээш жил тасралтгүй жолоодсон байх;

2.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, жолоодох эрхээ хасуулж байсан хүнийг жолооны багш бэлтгэх сургалтад хамруулахгүй.

2.3.Элсэгчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна:

            2.3.1. иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг;

            2.3.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх;

            2.3.4.боловсролын баримт бичиг;

            2.3.5.эрүүл мэндийн хуудас;

            2.3.6. 4х6 см хэмжээтэй цээж зураг 2 хувь;

            2.3.7.эрх бүхий байгууллагаас жолоодох эрх хасуулж байсан эсэх тухай лавлагаа;

            2.3.8.сургалтын төлбөр төлсөн баримт;

Гурав. Сургалтыг зохион байгуулах

3.1. Жолооны багш бэлтгэх сургалтыг мэргэжлийн сургалтын байгууллагын ерөнхий шаардлага /стандарт/-ыг хангасан хуулийн этгээд  зохион байгуулна.

3.2.Жолооны багш бэлтгэх сургалтыг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан сургалтын хөтөлбөрийн дагуу явуулна.

3.3.Сургалтын хугацаа 2 сараас доошгүй байна.

3.4.Сургалт нь онолын ба дадлагын гэсэн хоёр хэлбэртэй байх бөгөөд дүрмийн сургалтыг танхимд, дадлагын сургалтыг жолоодлогын дадлагын тусгай талбайд болон замын хөдөлгөөний бодит нөхцөлд явуулна.

3.5. Жолооны багш бэлтгэх сургалтын хөтөлбөр хангасан тодорхойлолт /хавсралт-3/-ыг сургалт явуулсан байгууллагаас олгоно.

3.6.Энэхүү журмын 3.5 дахь заалтыг үндэслэн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн гүйцэтгэлийн үнэлгээг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвөөс томилогдсон үнэлгээний баг хийнэ.

3.7.Гүйцэтгэлийн үнэлгээг хийхэд дараах нотолгоог үндэслэнэ:

            3.7.1.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний лавлагаа;

            3.7.2.сургалтын хөтөлбөрийг хангасан тодорхойлолт /2-р хавсралт/;

            3.7.3.үнэлгээний хураамж төлсөн баримт.

3.8.Онолын шалгалтыг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан 40 асуулт бүхий тестээр 45 минутын хугацаанд авна.

3.9.Онолын шалгалтыг бичгээр авах бөгөөд тестийн 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан тохиолдолд тэнцсэнд тооцно.

3.10.Онолын шалгалтанд тэнцээгүй тохиолдолд талбайн жолоодлогын шалгалтад орохгүй.

3.11.Жолоодлогын шалгалтыг тухайн багшлах ангиллын тээврийн хэрэгсэл дээр өгнө. Шалгалтын үйлдлүүдийг 5 минутанд багтаан гүйцэтгэнэ.

3.12.Дараах тохиолдолд талбайн жолоодлогын шалгалтад тэнцээгүйд тооцно:

            3.12.1.хяналтын шон мөргөх, шүргэх, унагаах;

            3.12.2.тухайн үйлдлийг анхны оролдлогоор гүйцэтгэж чадаагүй;

            3.12.3.тогтоосон хугацаанаас хэтэрсэн;

3.13.Онолын болон жолоодлогын шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн тухайн ангилалын жолооны багшийн үнэмлэхийг 4 дүгээр хавсралтын дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.

Дөрөв. Хяналт, тайлан мэдээ

4.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрчилгээ олгосон жолооны багш бэлтгэх хуулийн этгээдийн мэдээллийг үүсгэн улирал бүр өөрчлөлтийг хийж байна.

4.2.Жолооны багш бэлтгэх сургалтын үйл ажиллгаа явуулж буй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үнэлгээний төв болон мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага хяналт тавьж ажиллана.

4.3.Жолооны багш бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь сургалтын үйл ажиллагааны талаарх тайланг хагас бүтэн жилээр мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.4.Сургалтын үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан талаар өргөдөл, гомдол гарсан тохиолдолд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргана.

4.5.Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн жолооны багш бэлтгэх сургалтын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд хугацаатай үүрэг даалгавар өгөх болон үйл ажиллагааг  цуцалж болно.