A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/03 дугаар тушаалын хавсралт

МАЛ, АМЬТНЫ БООМ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

/ANTHRAX, СИБИРСКАЯ ЯЗВА/

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Малын боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Малын боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Тодорхойлолт: Боом нь үжил болох, хатиг, хаван үүсэх, усавхи болон цусархаг үрэвсэл үүсэх шинж тэмдгээр илэрдэг мал, амьтан, хүн өвчилдөг мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин юм.

1.4.Өвчний үүсгэгч: Боом өвчин нь Eubacterialis-ийн бүлэг, Bacillaceae-ийн язгуур, Bacillus-ийн төрлийнB.anthracis–ээр үүсгэгддэг.B.anthracis нь 1–1.5х3–5 мкм хэмжээтэй, эс хоорондын нийлсэн хэсэг нь тэгш өнцөгт, чөлөөт төгсгөл нь мөлүү хэлбэртэй нэгээр, хосоор болон гинжилсэн байрлалтай, үрэнцэр, бүрээс үүсгэдэг, грам эерэг бактери юм. Зууван хэлбэртэй үрэнцэр нь төвдөө байрласан байдаг бол бүрээс нь бие махбод дотор хүчилтөрөгчгүй нөхцөлд бий болно. Хоруу чанар бүхий B. anthracis нь pX01, pX02 плазмид агуулж байдаг.

1.5.Тэсвэрт чанар:B.anthracis-ийн ургал хэлбэр нь тэсвэр муутай бол үрэнцэрт хэлбэр нь маш их тэсвэртэй байдаг. Задлаагүй хүүрийн зөөлөн эд дэх ургал хэлбэрийн B.anthracis нь уураг задлагч ферментүүдийн үйлчлэлээр 2–4 хоногийн дотор задардаг бол харин чөмгөнд амьдрах чадвараа 7 хоног хүртэл хадгалж чаддаг. Ургал хэлбэр нь нарны шууд гэрэлд хэдхэн цагийн дотор үхдэг бол 50–55оС-д халаахад 1 цагт,  60оС–д 15 мин, 75оС–д 1 минутанд,  буцалгахад тэр даруйдаа үхдэг. Амьтны ходоодны шүүс нь ургал хэлбэрийг 30 минутын дотор үхүүлнэ. Үүсгэгч нь –10оС–д 24 хоног, –24оС–д 12 хоног амьдарч чаддаг бол –15оС–д хөлдөөсөн маханд 15 хүртэл хоног хадгалагдана.Спирт, эфир, формалины 2%-ийн уусмал, фенолын 5%-ийн уусмал, хлорамины 5–10%-ийн уусмал, хлорын шохойн 5%-ийн уусмал, устөрөгчийн хэт исэл зэрэг химийн бодисуудад тэсвэр муутай, 4–5 минутын дотор үхдэг. Шинэхэн сүүнийлизоцим, лактинферментийн исэлдэлтийн бүтээгдэхүүний нөлөөгөөрбоомын үүсгэгчийн үржил нь 24 цаг саатуулагддаг. Үрэнцэр нь ус бага агуулдаг, нягт олон давхрагатай,ферментийн идэвх бараг байхгүйтэй холбоотойгооргадаад орчны элдэв нөлөөлөлд онцгой тэсвэртэй байдаг. Хатаах, давслах нь үрэнцэрт үйлчилдэггүй. Боомын үрэнцэр нь этилийн спиртийн 25%-иас дээш өтгөрүүлэгтэй уусмалд 50 хоногийн дараа, 5%-ийн фенол, 5–10%-ийн хлорамины уусмалд 2 цагийн дотор үхдэг зэргээр зарим химийн бодисуудад тэсвэртэй байдаг. Монгол малаас ялган авсан B.anthracis–ийн үрэнцэр нь  гипохлорт кальци, формальдегид, омносепт, устөрөгчийн хэт исэл, киллса зэрэг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлд хурдан хугацаан дүхдэг байна.

1.6.Үүсгэгчийн хадгалагдах эх уурхай:Газрын хөрсөнд сапрофит нянгуудтай хамт эмгэг төрүүлэгч нянгууд байдгийн нэг нь боомын үүсгэгч юм. Хөрсний тохиромжтой нөхцөлд боомын үрэнцэр нь ургал эс-үрэнцэр–ургал эс гэсэн хөгжлийн тодорхой мөчлөгөөрт амьдардаг.

1.7.Халдварын эх үүсвэр:Боом өвчин нь туруутны төрлийн 19 зүйлийнмал, амьтныг өвчлүүлдэг.Үхэр, хонь, ямаа, адуу, илжиг, луус, тэмээ, цаа буга, гахай өвчилдөг бол хандгай, бор гөрөөс, зээр, аргал, бугазэрэг зэрлэг ан амьтад өвчилдөг. Махчин амьтад өвчлөх тохиолдоно.Боомоор туулай, өмхий хүрэн, зурам, огдой, саарал харх зэрэг мэрэгчид өвчилдөг ажээ. Хэвлээр болон газар уснаа явагчид, загас, сээр нуруугүйтнүүд боомын үүсгэгчид тэсвэртэй боловч тээгч байх магадлалтай. Цагаан хулгана, туулай, усан гахай зэрэг лабораторийн амьтад мэдрэг бөгөөд халдвар хийснээс хойш үжил хэлбэрээр өвчилж 24–72 цагийн дараа  үхдэг. Боомын халдварын эх булаг нь өвчилсөн мал, амьтан өвчилж үхсэн мал, амьтны хүүр юм.Үжилт хэлбэрийн үед цус, эдэд үүсгэгч ихээр хуримтлагдаж үхэхийн өмнөх үед баас, шээс, сүү болон ам, хамраас гоождосоор  ялгарна.

1.8.Халдвар тархах зам:Үүсгэгчээр бохирдсон газрын хөрс нь боом өвчин тархах үндсэн нөхцөл  болдог. Махчин амьтад нь боомын үүсгэгчийг механикаар тараахад голлох үүрэгтэй юм. Шувуу нь боомд тэсвэртэй боловчөвчинтараахад механик нөлөөтэй. Өвчтэй мал, үхсэн малын шинэхэн хүүрнээс цус сорсон хөх түрүү, намрын хорсгуур ялаа, шумуул зэрэг цус сорогч далавчтанууд, хачиг ньбоомын үүсгэгчийг эрүүл малд механикаар дамжуулдаг.

1.9.Эмнэлзүйн шинж тэмдэг:Өвчний нууц үе нь 1–3 хоног. Боом өвчин нь хэсэг газрын (арьсны, гүйлсэн булчирхайн, уушгины, гэдэсний), үжилт, хэв шинжит бус хэлбэртэй бол цахилгаан, цочмог, цочмогдуу, архаг, хээл хаяхявцтайөвчлүүлдэг. Боом өвчин хивэгч мал, амьтан болон адуунд ихэвчлэн үжилт хэлбэрээр, цахилгаан, эсвэл цочмог явцтайгаар илэрнэ. Харин гахайд голдуу хэв шинжит бус хэлбэрээр, ихэвчлэн архаг явцтай өвчлүүлдэг.

1.9.1.Цахилгаан явцтай үед өвчилсөн мал, амьтанд эмнэлзүйн тодорхой шинж тэмдэг илрэлгүйгээр гэнэт үхнэ. Хонь, ямаа үргэмтгий, цочимтгой болох, шүдээ хавирах, явж чадахгүй унах, эргэж тойрох, огцом хөдлөх, биеийн халуун нь гэнэт нэмэгдэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.Үхэр, адуу нь үргэмтгий болох, биеийн халуун нь 40-42оС хүрэх, зүрхний цохилт олшрох, амьсгал гүнзгий болох, тасалдах, ил харагдах салст бүрхүүлүүд цайна. Заримдаа сэргэлтийн байдалд орж биеийн булчингууд таталдах, мөөрөх, янцгаах, хөлөөрөө газар цавчлах, дэвсэх, толгойгоороо хана тулж зогсох, гэдэс дүүрэх, чацга алдах, баас хатах, цустай шээх, амьсгаадах, явж чадахгүй унах, шил нь татах, толгойгоо хажуу тийшээ нугалах байдал илэрнэ. Ам, хамраас нь хөөстэй цусархаг шингэн гоожно. Мал, амьтан гэнэт, эсвэл хэдхэн цаг болоод үхнэ.

1.9.2.Цочмог явцтай үед биеийн халуун 41-42оС хүрч чичрэх, зүрхний цохилт 80-100 болох, зүрх дэлсэх, амьсгал хурдсах, тасалдах, тэжээл, усандаа дургүй, цангаг болох, хивэхгүй болох, салст бүрхүүл цайх, номойрох, хөл нь саажих, таталдах, хүзүүгээ нугалж хэвтэх,гүзээ, гэдэс дүүрэх, баас хатах, эсвэл чацга алдах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Амаа ангайх, хэлээ унжуулах, хамрын нүх сартайх байдал илэрнэ. Саалийн үнээний сүү татарч, хээлтэй мал, амьтан хээл хаяж болно. Заримдаа амны хөндийн салст бүрхүүлд тагтааны өндөгний хэмжээтэй,шаргал өнгийн шингэнээр дүүрсэн цэврүү үүсдэг. Адуунд дэлүүтэх шинж илэрч, цустай чацга алдана. Цустай шээнэ.Өвчилсөн мал, амьтан сүргээсээ хоцрох, хэвтэж үлдэх, шил нь татах, бөгсөн бие нь саажиж оцойж суух, янз бүрийн байдалтай хэвтэх шинж ажиглагдана. Хамар, чихний үзүүр улайсан байж болно. Үхсэн хүүрний ам, хамар, хошногоноос цус, эсвэл цусархаг шингэн гоожно. Өвчин 2-3 хоног үргэлжилнэ.

1.9.3.Цочмогдуу явцын үед цочмог явцын үед илэрдэг эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч үргэлжлэх хугацаа арай урт 8 хоног хүртэл үргэлжилнэ. Хонь, ямааны цавины дотор талын арьс улайх, гэдэс, хэвлий, бэлгэ эрхтэн, дэлэн орчимд хаван үүснэ. Үхэрт янз бүрийн хэлбэр, хэмжээтэй хүйтэн, эмзэглэлгүй хаван үүсч болно. Заримдаа хатиг гарна. Өвчтэй малд эмчилгээ хийхгүй бол үхнэ. Үхэхийн өмнө биеийн халуун буурч мэдрэлийн тогтолцооны эмгэг өөрчлөлт тод илэрч үхнэ. Гахай цочмог, цочмогдуу явцаар өвчлөх үед нойрмог, ноомойдуу байдалд орно. Тэжээлдээ дургүй болж ихэвчлэн хэвтэнэ. Босгож туухад явж чадахгүй байна. Өвчилсөн гахай ус уухгүй. Ус уувал бага багаар балгах боловч эргэж гаргана. Тэжээл ч мөн адил. Заримдаа бөөлжих шинж илэрнэ. Баас хатах, эсвэл чацга алдах шинж ажиглагдахын дээр биеийн халуун 42оС хүртэл нэмэгдэх, амьсгаадах, хүзүү, хэнхдэгний орчимд хавагнана. Энэ хаван нь эхлээд улаан өнгөтэй, сүүлдээ хөхөрнө. Хээлтэй гахай хээл хаях, эсвэл үхсэн торой гаргана. Дээрхшинж тэмдгүүд илэрсэн гахай 2-3 хоноод үхнэ.

1.9.4.Архаг явцын үед өвчин 2 сар гаран үргэлжлэх бөгөөд адуу, хивэгч мал, амьтны биеийн халуун бага зэрэг нэмэгдэх, маш их эцэж турах, байнга чацга алдах шинж тэмдгүүд илэрнэ. Гахайд хүзүү орчмын тунгалгийн зангилаанууд үрэвссэнээс тэр орчимд бага зэрэг хаван үүсэх боловч удалгүй арилж эдгэрсэн мэт болно. Энэ голомт хадгалагдаж төхөөрсний дараах үзлэгээр илэрнэ.

1.9.5.Хэв шинжит бус явц нь нилээд түгээмэл тохиолддог. Мах, дайвар бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх явцад B.anthracis илэрнэ.

1.9.6.Арьсны буюу хатигт хэлбэр нь бие даасан, эсвэл үжилтэй хавсарч цочмог, цочмогдуу явцтай илэрнэ. Хатиг нь биеийн янз бүрийн хэсэгт гарна. Эхлээд халуун, эмзэглэлтэй, хатуу хавдар үүснэ. Хавдрын гол нь нүүрс шиг хар өнгөтэй байх ба богино хугацаанд үхжиж яршина. Биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ.

1.9.7.Гүйлсэн булчирхайн хэлбэр нь архаг явцаарилэрнэ. Биеийн халуун нэг их нэмэгдэхгүй. Ихэвчлэн эрүүний доорх, залгиурын арын болон хүзүүний тунгалгийн зангилаа гэмтэнэ. Гүйлсэн булчирхайн үрэвсэл байдлаар эхлэжхүзүү орчимд хаван үүснэ. Хаван нь заримдаа төвөнх, залгиураас эхлээд хүзүү, хэнхдэг хүртэл үргэлжилнэ. Хүзүүний орчмын арьс улаавтар хөх өнгөтэй болно. Хэл, хатуу тагнай,залгиур хавагнаснаас толгойгоо хүчлэн өргөх ба тэжээл, ус залгихдаа зовиурлах, ханиалгах, хоолой нь хяхтнах, заримдаа бөөлжинө. Ил харагдах салст бүрхүүлүүд цайсан байна. Гахай ихэвчлэн хэвтэртээ шигдэж хэвтэнэ. Энэ хэлбэрээр өвчилсөн мал, амьтан эцэж турна.

1.9.8.Гэдэсний хэлбэр нь тэжээл боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдаж,эхлээд баас нь хатаж, дараа нь чацга алдан,10 хүртэл хоногийн турш41-42оС халуурдаг. Адуунь үхэртэй төстэй эмнэлзүйн шинж тэмдэгтэй, цочмог, цочмогдуу явцтай өвчлөх боловч ихэвчлэн гэдэс, дэлэн, хуухнаг, хэнхдэг, хошногоны орчимд хатигт хэлбэрээр өвчилдөг. Цочмог явцын үед халуурч салст бүрхүүлд цус харван,зовхи хавагнана. Цочмогдуу явцтай үед тэжээлдээ дургүй болж, судасны цохилт олшрох, хүүхэн хараа өргөсөх ба амьсгал гүнзгий болж,салст бүрхүүлүүд цайж үс нь бүрзийнэ. Архаг явц нь 30–аас дээш хоног үргэлжилнэ. Эмнэлзүйн тод шинж ажиглагдахгүй ба арьсны доорх эслэгт нэвчмэл, хатуу, том хэмжээний хаван үүснэ. Хаван нь эхлээд тодорхой заагтай, хатуу, эмзэглэлгүй байснаа аажим томорч хэвлийн дагуу болж цаашлаад омруу, хүзүү хүрнэ. Халуун нэг их нэмэгдэхгүй, саажилт үүсч ам, хамар, бусад сүвнээс цусархаг шингэн гоожиж үхнэ.Тэмээ цочмог, эсвэл цахилгаан явцтай өвчилнө. Амны хөндийн салст бүрхүүл, хуухнаг, дэлэн орчимд хатиг гарна. Дараа нь хатуу хаван үүснэ. Гэдэс гэмтсэн үед гүзээ, гэдэс дүүрэх, чацга алдах, шүлс гоожих шинж ажиглагдана. Амьсгалын булчингийн саажилт болж бүтэж үхнэ. Нохой гэдэс ходоодны хүнд хямрал, залгиурын орчим хавагнах, хоншоор, хэл, уруул үрэвсэхбайдлаар өвчилнө. Хаван бараг ажиглагддаггүй.

1.10.Эмгэг бие бүтцийн хувиралт: Өвчний явц, хэлбэрээс хамаарч эмгэг бие бүтцийн хувиралтууд харилцан адилгүй байхын дээр цочмог, цочмогдуу явцтай үед илүү тод илэрнэ.Боомоор үхсэн мал, амьтны хүүр амархан хөөж, хүүрийн хөшилт сул, эсвэл илэрдэггүй. Үхсэн мал, амьтны ам, хамар бусад сүвнээс цустай хөөсөрхөг шингэн, эсвэл цус гоожно. Цус нь бүлэгнээгүй байна. Үхсэн мал, амьтны хүүр дулааны улиралд маш хурдан өмхийрнө. Боомоор үхсэн гэж сэжиглэж байгаа тохиолдолд үхсэн мал, амьтны хүүрийг задлахыг хориглоно. Боом өвчний үед  арьсан доорх эслэгт цэгэн цус харвалт, шар өнгөтэй усавхи-цусархаг шингэн хуримтлагдаж, цусны судаснууд цусаар дүүрсэн байдаг тул үхсэн мал, амьтны арьс, ширний дотор тал нь хүрэн улаан өнгөтэй болсон байна. Булчин мах улаан өнгөтэй, тогтонгишлын цус ихдэлт болсон, цус харвасан байдаг бол хэвлий, цээжний хөндий,  үнхэлцгэнд улаавтар өнгөтэй их хэмжээний булингартай шингэн хуримтлагдсан байна. Цус нь бүлэгнээгүй, гялтганасан, хар хүрэн өнгөтэй, өтгөн байна. Уушиг цусаар дүүрсэн, тогтонгишлын цочмог цус ихдэлттэй, хавагнасан, хэлтэрт шигдээс төст хэлбэрийн хар хүрэн өнгөтэй үрэвсэл үүснэ. Мөгөөрсөн хоолой, бронхийн хөндий хөөсөрхөг шингэнээр дүүрсэн, уушгины цулцан, гялтан дээр цэгэн цус харвалт ажиглагдана. Зүрхний булчинд цус харвасан, хар хүрэн өнгөтэй болсон байдаг. Тунгалгийн зангилаанууд томорсон, цус харваж,хүрэн улаан өнгөтэй болсон байна. Элэг цуллагт цус ихдэлт болсноос томорч, улаан хүрэн өнгөтэй, ирмэг мохоо, гадна бүрээсний дор цэгэн цус харвалт ажиглагдана. Бөөр хүрэн хар өнгөтэй болж томорсон, тууш зүсэж үзэхэд холтослог, тархилаг давхаргад цус ихдэж, тэвш улайсан байна. Давсагны хана зузаарч, салст бүрхүүлд цус ихдэлт, цэглэг цус харвалтууд харагдана. Дэлүү 3-5 дахин томорч, зах нь мохоо, бүрээс нь их чинэрсэн, зүсэж үзэхэд махам нь хар хүрэн өнгөтэй, өтгөн давирхайрхуу байдалтай цусаар дүүрсэн байна. Нарийн гэдэс цус ихсэлттэй, цусархаг шингэнээр дүүрэн байна. Бүдүүн гэдэс гэмтэх нь ховор. Хатиг байгаа бол хар хүрэн өнгөтэй тав үүссэн байна. Тархи, нугасны бүрхүүлд тогтонгишлын цус ихдэлт, хатуу, зөөлөн бүрхүүлийн хооронд цусархаг шингэн хуримтлагдсан байна. Гахайд ихэвчлэн эрүүний доорх, залгиур,хүзүүний тунгалгийн зангилаа болон заримдаа гүйлсэн булчирхайн цусархаг үрэвсэл байдлаар илэрнэ. Хүзүүний хэсэгт шар ногоондуу өнгөтэй, цэлцгийрхүү шүүрдэс үүссэн байна.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Лабораторийн оношлогоо:Мал, амьтны боом өвчнийг микроскоп, нян судлал, амь сорилоор оношлох шинжилгээний аргын стандартыг баримтлан гүйцэтгэнэ. Дээж авах, илгээх ажиллагааг лабораторийн шинжилгээнд эмгэгт материалаас дээж бэлтгэх, илгээх журмын дагуу гүйцэтгэнэ. Түрхэц болон өсгөвөр бэлтгэх: Боомоор үхэж байгаа мал амьтны цус нь хагас задралд орсноос  өнгө нь харласан байх бөгөөд бүлэгнэлт муу, эсвэл бүлэгнэхгүй байдаг. Үхээд 24 цаг орчим болсон болсон мал, амьтны хөндөгдөөгүй хүүрний венийн судаснаас шприцээр соруулан авч цусны түрхэц бэлтгэн үүсгэгчийг будах, өсгөвөр илрүүлэх нь хамгийн хялбар оношлох арга юм. Цусны судас ихтэй чихний үзүүрийг бага зэргийн зүсэлт хийж түүндээ хуурай арчдас, түрхэц бэлтгэнэ. Зүссэн хэсгийг заавал түлж битүүлэн, үүсгэгч хөрсөнд алдагдахаас сэргийлнэ. Цусны түрхцийг бэхжүүлэн будсаны дараа бүрээсжсэн савханцрыг микроскопоор илрүүлэн оношилно. Үхсэн амьтны хамрын сүв, цус харвалтаар гарсан цус болон хошногоны сүвнээс гарсан шингэнээс авсан дээжээс B.anthracis-ийг өсгөвөрлөх ба ингэхдээ өөр төрлийн бактериудаас ялгахын тулд сонгомол орчинд өсгөвөрлөнө. B.anthracis нь ялзралын бактериудын эсрэг сул идэвхтэй тул хүүр удах тусам түүнээс боомын бактери илрүүлэх нь төвөгтэй болдог. Боомын бактерийг 24 цагаас дээш болсон хүүрнээс түрхэц бэлтгэн илрүүлэх нь найдваргүй байдаг. Шинэхэн хүүрнээс авсан цусанд бактери илрүүлэн өсгөвөрлөх нь амжилтгүй болвол биеийн шингэнийг шприцээр соруулан авч түүнээсбактерилрүүлэх, өсгөвөрлөх аргаар оношлох боломжтой байдаг. Энэ үед үхлийн үеийн бактерийн тоо тун бага байдаг боловч гахайн оношлогоонд илүү тохиромжтой.Сүүг ихэнхдээ оношлогооны материал болгон сонгож авдаггүй. Боомоор үхсэн амьтны биеийн шингэнээр дамжин хөрс бохирддог тул боомын сэжигтэй үхсэн амьтны хүүрийг хөндөж, задлан хийж онгойлгохгүй байх журмыг дагана. Боомын сэжигтэй тохиолдлын үед дээр дурьдсан аргуудаар шинжилэхэд сөрөг гэж тогтоовол “Боомын савханцар байх магадлалтай гэж үзэн бактерийг тархаахгүй бүх боломжит арга хэмжээг бүрэлдүүлэн” үзлэгийг илүү гүнзгийрүүлэх шаардлагатай. Ингэхдээ арьсанд ойролцоо байх тунгалгийн зангилаанд зүсэлт хийнэ. Мөн цаашлаад дотоод эрхтнүүдээс, чацархайн тунгалагийн булчирхай, эсвэл дэлүүнээс түрхэц бэлтгэн үзнэ. Хэрвээ анхаарал болгоомжгүйгээр боомын сэжигтэй гэж үзэлгүй хүүрийг онгойлгосон тохиолдолд цус харласан, бүлэгнэлтгүй, дэлүү хэвийн хэмжээнээс хэт томорч цус алдсан байх,чацархай хавантсан, хэвлийн хөндийн шингэн ихэссэн,ихэнх дотор эрхтнүүдэд цэгэн цус харвасан байх, гэдэсний салст бүрхүүл нь хар улаан өнгөтэй болсон, хавантсан хэсэгтээ үхжил үүссэн,арьсан доорх болон дотоод булчингийн эдүүд хавагнасан эмгэг хувирлын шинж тэмдгүүдээр оношилно. Энэ үед чацархайн шингэн, тунгалгийн зангилаанаас түрхэц бэлтгэх, өсгөвөр гарган авах боломжтой.

2.2.Эмчилгээнд хамрагдсан малд хийх оношлогоо:Үхэхээс өмнө эмчилгээнд хамрагдсан малд боомын савханцар илрүүлэх боломжгүй байдаг. Учир нь эмчилгээ нь цус болон эдийг бактериас цэвэрлэсэн байх бөгөөд хэдийгээр бактер устсан ч хангалттай хэмжээний хор ялгаруулсан байвал амьтныг үхэлд хүргэдэг. Үүн дээр үндэслэн үхсэн малын ийлдсэнд хоруу чанарыг бүрэлдүүлж байгаа хорны эсрэг үүссэн эсрэгбием илрүүлэх зарчмаар оношлогоог явуулна.

2.3.Ийлдэс судлалын оношлогоо:Халуунд тэсвэртэй эсрэгтөрөгчид суурилсан Асколын түргэн оношлогооны аргаар боомын савханцар илрэхгүй тохиолдолд эд эрхтэн болон арьс үснээс эсрэгтөрөгч илрүүлэхэд хэрэглэдэг. B.anthracis-ийн хоруу чанарыг бүрэлдүүлэгчхамгаалах эсрэгтөрөгчийн эсрэг үүссэн эсрэгбиемийг илрүүлэх ФХЭБУ-ыг ашиглан хүний оношлогоо, малын  вакцины идэвхийг шалгадаг.

2.4.ДНХ оношлогоо:Полимеразын гинжин урвалаар үүсгэгчийн өвөрмөц ДНХ-ийг олшруулан илрүүлэх замаар боомыг оношлоход өргөнөөр хэрэглэх байгаа боловч энэ аргыг нян судлалын шинжилгээгээр баталгаажуулах  шаардлагатай.

2.5.Ялгаварлан оношлох:Боомыг бусад мал, амьтны гэнэтийн үхлээр илэрдэг ботулизм (Clostridium chauvoei), хурц хэлбэрийн бабезиоз, химийн бодис (хүнд метал, бусад хор), хорт ургамлын хордлого, могойнд хазуулснаас үүссэн шинж тэмдэгт өвчнөөс ялган оношлоно.  Боом өвчнийг цусан халдвар, хорт хаван, дуут хавдар, брадзот, ДХХ, гахайн сонгомол мялзан, адууны халдварт цус багадалт , томуу, бабезиоз өвчнүүд, халдварын бус гаралтай залгиур, зүрх, ходоод–гэдэсний үрэвслүүдээс ялгаварлан оношлоно.

2.5.1.Цусан халдвар: Энэ өвчний цочмог явц нь боомтой эмнэлзүйн зарим шинж тэмдгээр маш төстэй. Залгиур, амны хөндийн салст бүрхүүл болон арьсны доорх эслэгт хаван үүсдэг цусан халдварын үед мал, амьтан үргэмтгий, айсан байдалтай болох шинж илэрдэггүйгээрээ боомоос ялгагдана. Боомын цочмог явцын үед хаван ажиглагдахгүй бөгөөд цочмогдуу явцын үед хаван үүснэ. Гахайн цусан халдварын үед эрүү болон хүзүүний орчимд хавагнаж залгиур үрэвсэж, биеийн халуун 41оС–ээс дээш нэмэгдсэн байдаг бол боомын үед хүзүү, багалзуурын орчимд хаван үүсэх боловч халуун нь бараг нэмэгддэггүй. Боом, цусан халдварын хам халдвар гахайд тохиолддог.

2.5.2.Хорт хаван: Боомтой эмнэл зүйн зарим шинж тэмдгээр төстэй байдаг боловч шархаар дамжин халдвар авдгаараа ялгаатай. Үүсгэгч нэвтрэн орсон хэсэгт хаван үүссэн байна. Хаванг барилж үзэхэд шажигнасан дуутай байна. Хонины хавантай хэсгийн үс амархан зулгарч унана. Боомын үед ийм шинж тэмдэг ажиглагддаггүй.

2.5.3.Дуут хавдар: Энэ өвчний үед үүссэн хаванг барилахад шажигнаж дуугарахын дээр тогшиж үзэхэд тод чанга дуу гарна. Хаванг зүсэхэд бор хүрэн өнгөтэй, хуршсан тосны үнэртэй шингэн, бүлэгнэсэн хар хүрэн цус гоожно.

2.5.4.Брадзот: Брадзотоор үхсэн хонины үс амархан зулгарна. Боомын үед энэ шинж тэмдэг ажиглагддаггүй. Брадзотын үед цорой, өрц, гялтанд цус харвасан байна. Брадзотын цочмогдуу явцын үед салст бүрхүүлүүд шарладаг. Брадзотоор үхсэн малын бөөр нь зөөлөрсөн байхын дээр дэлүү өөрчлөлтгүй байна. Боом өвчний үед дэлүү томорсон байна.

2.5.5.Хонины дотрын халдварт хордлого: ДХХ–ын цахилгаан хэлбэрийн үед хамраас нь цустай, салстай нус ихээр гоожихын дээр чацга алдана. Боомын үед энэ хоёр шинж зэрэг ажиглагддаггүй. ДХХ–ын цочмог явцын үед өвчтэй мал орчноо мэдрэхгүй болох, саадыг дайрах, мод, шороо мэрэх шинж үзүүлнэ. Боомын үед ийм шинж ажиглагддаггүй. ДХХ өвчин нь шинэ ногоо гарах юм уу ногоо хэнзэлсэн үед тохиолдоно.

2.5.6.Гахайн сонгомол мялзан: Боомын үед үүсгэгч нэвтрэн орсон хэсгийн тунгалгийн зангилаа 2–3 дахин томорч огтолж үзэхэд үрэвссэн, хар хүрэн өнгөтэй, цус харвасан байдаг шинж тэмдгүүд мялзангийн үед ажиглагдана. Боомын хэсэг газрын хэлбэрийн үед биеийн халуун нэг их нэмэгддэггүй бол гахайн мялзангийн үед маш өндөр халуурна. Мялзан иж балнадаар хүндэрсэн үед чацархайн тунгалгийн зангилаанд үхэжлийн өөрчлөлтүүд илрэх бөгөөд энэ өөрчлөлт нь ээзгийрхүү, зөөлөн байдгаараа боомынхоос ялгаатай.

2.5.7.Адууны халдварт цус багадалт:Адууны халдварт цус багадалтын цахилгаан явцтай үед боомтой төстэй шинжүүд илэрнэ. Цочмог явцтай үед зүрхний үйл ажиллагаа алдагдаж гэдэс хэвлий, тээрхий, хөл орчмоор тогтонгишлын хаван үүснэ. Нүд, хамар, ам, үтрээний салст бүрхүүлүүд цайж хавагнан, олон тооны цэглэг цус харвалт бий болсон байна. Боом өвчний үед дээрх шинж тэмдэг ажиглагддаггүй бөгөөд боомын цочмогдуу явцын үед хаван үүснэ.

2.5.8.Адууны томуу: Хамрын хөндийн үрэвслээр илэрнэ. Цээж, хэвлийн хэсэг, хөлний орчмын арьсны доорх эслэгт хаван үүснэ. Нүд, хамрын салст бүрхүүлд цус ихдэлт болсон байх ба гэрэлд мэдрэг болж хамраас нь салслаг, салст идээт шингэн гарна. Боомын үед гэрэлд мэдрэг чанар илрэхгүйн дээр үхэх үед хамраас нь цусархаг шингэн гоожно.

2.5.9.Залгиурын халдварын бус гаралтай үрэвсэл: Боом өвчний үед үүсэхтэй ижил төстэй шинжүүд илрэх бөгөөд халуурч болно. Гахайн боомын үед ийм шинж илэрдэг учраас онцгой анхаарна. Амны хөндийн үзлэгийг сайтар хийх бөгөөд зарим тохиолдолд багалзуур, залгиурт гадны бие орсон байдаг.

2.5.10.Үнхэлцэгний үрэвсэл: Үхэр энэ өвчний эхний үед халуурах, эрүүний дор, омруу орчмоор хавагнах шинж илэрнэ. Далны урд тунгалгийн зангилаа томорно. Гүзээ, хэрхнэг, сархинагны үйл ажиллагаа алдагдана. Үнхэлцэгний үрэвслийн өвөрмөц шинж тэмдэг болох судасны лугшилт сул болох, зүрхний орчимд эмзэглэх, хэм алдагдах, гүрээний судас дүүрэх зэрэг нь боом өвчний үед илэрдэггүй. Задлаж үзэхэд үнхэлцэг ширхэгэнцэрт, идээт, салст өнгөрөөр хучигдсан байна.

2.5.11.Миокардоз: Эрүүний дор, омруу, хэвлий, хөл, дэлэн, хуухнаг, шамархай орчмоор хавагнах шинж илэрнэ. Халуурахгүй. Задлаж үзэхэд зүрхний булчин нимгэрсэн, чанасан мэт өнгөтэй болсон байна.

2.5.12.Зүрх тэлэх: Аарцаг болон дэлэн, хуухнаг, шамархай орчмоор хавагнах шинж илэрнэ. Биеийн халуун нэмэгдэхгүй.

2.5.13.Эндокардиот: Ихэвчлэн халуурах ба халуун сэлгэх байдалтай байна. Цусны өнгө өөрчлөгдөхгүй.

2.5.14.Гүзээний цочмог цэндэг: Халдваргүй гаралтай бол биеийн халуун нэмэгдэхгүй.

2.5.15.Гэдэс дүүрэх: Боомын үед илрэх шинжтэй төстэй бөгөөд биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ. Адууны боомын үед дэлүүтэх шинж илэрдэг бөгөөд халдваргүй гаралтай дэлүүтэхтэй төстэй байна.

2.5.16.Бабезиоз: Хачигтай холбоотой, улирлын чанартай гарна. Цуснаас түрхэц бэлтгэж дурандаж шинжлэхэд үүсгэгч илэрнэ. Дэлүү нь томорсон байж болох ч зүсэж үзэхэд мах нь зөөлрөөгүй байна.

2.6.Эмчилгээ:Боомын эерэг ийлдсээр эмчлэх өвөрмөц эмчилгээ хийнэ. Өвчтэй мал, амьтанд эерэг ийлдсийг эмчилгээний тунгаар тарьснаас хойш 8–16 цагийндараа мал, амьтны биеийн байдал сайжрахгүй бол дээрх тунгаар давтан тарина. Ийлдсийг өвчний эхний үед хэрэглэвэл илүү үр дүнтэй.Энэ  үүсгэгч нь пенициллинд мэдрэг тулпенициллинийг 1 кг амьдын жинд 10000 нэгж тунгаар бодож булчинд тарьж, биеийн халуун бууж хэвийн болсон ч эмчилгээг 7 хоногийн турш үргэлжлүүлнэ. Мөн ципрофлоксацин, гентамицин, доксициклин, канамицин, стрептомициныг зааврын дагуу хэрэглэнэ. Өвчилсөн мал, амьтанд өвчний сэжиг илэрч биеийн халуун нэмэгдэж эхэлсэн даруйд антибиотикээр эмчлэх нь илүү үр дүнтэй, өвчний төгсгөл юм уу үжил болсон үед үр дүн муутай.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

3.1.Ерөнхий арга хэмжээ: Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малаа урсгал биш, шавар намагтай уснаас услахгүй, хэт  чийглэг бэлчээрт бэлчээхгүй, бохирлогдсон газрын өвс тэжээл хэрэглэхгүй байх, малын байр, бэлчээр орчныг ариун цэврийг сахих, гэмтлээс сэргийлэх нь чухал. Мал сүрэгт тарга хүч сайн авхуулах, малын  бэлчээр, хашаа хороо байрны стандарт шаардлага, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийн дэглэм шаардлагыг хангах шаардлагатай.

3.2.Вакцин: Боом гардаг, эсвэл голомт бүс нутгийн мал, амьтанд B.anthracis-ийн “Sterne 34F” омгийн вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу урьдчилан сэргийлэх зорилгоор хийнэ.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Ерөнхий арга хэмжээ: Өвчин гарсан үед тайван бус болохыг зарлаж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хорио цээр тогтоох цогц арга хэмжээ авна.Бүх малд эмнэлзүйн үзлэг хийж, өвчтэй малыг ялган тусгаарлан малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохирох эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.Шинж тэмдэг илрээгүй, халуунгүй  эрүүл малд хавар, намар хоёр удаа сэргийлэх вакцин тарина.Бусад аж ахуйд өвчлөмгий мал дамжуулах, ангилан ялгах, бохир өвс тэжээл гадагш гаргахгүй, шилжилт, хөдөлгөөн, үзэсгэлэн худалдаа, малыг нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлана.Өвчтэй малын арчилгаа маллагаа, тэжээллэгийн нөхцлийг сайжруулна. Эрүүл, өвчтэй малыг хооронд нь нийлүүлэхгүй. Өвчний тархвар зүйг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөнө.

4.2.Устгал, халдваргүйтгэл: Боом өвчтэй хүүр, сэг зэмийг халдваргүйтгэх бодисоор халдваргүйтгэн булах, эсвэл шатааж устгах, голомтын байрлалыг бүртгэлжүүлэх, тусгай пайз бүхий шонгоор тэмдэгжүүлэх, хүүр задлах болон газарт булахыг хориглох, үхсэн газарт нь шатааж устгана.Үүсгэгчээр бохирлогдсон хэвтэр бууц, бохир өвс тэжээлийн үлдэгдлийг шатааж устгана.Өвчтэй мал байсан хашаа байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг болон  байр, хаалганд механик цэвэрлэгээ хийж, дараа нь халдваргүйтгэнэ. Өвчтэйг ялгаж халдваргүйтгэлийг цагийн зайтай 3 удаа, өвчтэй малын байранд өдөр бүр хийнэ. Тухайн нянгийн эсрэг заалттай 4% формальдегид, идэмхий натри, 10% нэг хлорт иод, хлорын шохой-5% идэвхт хлор зэрэг халдваргүйтгэх бодисыг зааврын  дагуу уусмал байдлаар хэрэглэнэ.Хэвтэр бууцыг хуурай хлорын шохойгоор хоргүйжүүлнэ.

4.3.Ариун цэврийн шаардлага: Өвчтэй малын арчилгаа маллагаа, тэжээллэг ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, хяналт тавих,шаардлагаар нядалсан өвчтэй малын мах, сүүг хүнсэнд хэрэглэхийг хориглох, өвчтэй малтай хамт байсан  өвс тэжээлийг вакцин тарьсан сүүлийн тарилгаас хойш 16 хоногийн дараа үхэр тэжээхэд хэрэглэнэ. Мал нядлах газарт гулуузыг дотор эрхтэн, арьсны хамт шатааж устгах ба байр, тоног хэрэгслийг халдваргүйтгэнэ. Гаднаас аж ахуйд оруулах үхэр мал, бусад зүйлд хяналт тавих, заасан хугацаанд хорионд байлгана.

4.4.Хорио цээр цуцлах: Хорио цээрийн дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоож, үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхгүй.Тогтоосон хорио цээрийндэглэмийг өвчилсөн сүүлийн мал эдгэрсэн эсвэл үхсэн болон вакцин тарьснаас хойш 15 хоногийн дараа бүх малд үзлэг хийж өвчтэй мал байсан хашаа, хэрэглэлд сүүлчийн халдваргүйтгэл хийж, албан тушаалтны шийдвэрээр цуцлана.

4.5.Тандалт хийх: Тухайн халдварын талаар тархвар зүйн судалгааг асуумж хуудас, өвчний түүхэн баримт, тухайн газрын халдварт өвчний мэдээ мэдээллийг  үндэслэн хийнэ.

4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.