A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны А/06 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

АДЕНОМАТОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

/OVINE PULMONARY ADENOCARCINOMA, АДЕНОМАТОЗА /

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Аденоматоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Аденоматоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Аденотамоз өвчин нь хонины уушиг үрэвсэн хавдар хэлбэрээр эмгэгшдэг, хавьтал халдварт өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Аденоматоз нь Ретровирусын язгуурын Бетаретровирусын төрөлд хамаарах Jaagsiekte хонины ретровирус (JSRV)-ээр үүсдэг. Хэдийгээр хонины герпес вирус 1-ийг аденоматоз өвчинтэй хониноос дандаа илрүүлдэг боловч энэ нь хавдар үүсгэдэг болох нь туршилтаар тогтоогдоогүй. Мөн үхрийн хорт салст халуурал өвчин үүсгэдэг хонины герпес вирус 2 нь уушигны хорт хавдартай холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Гадаад орчинд хэдэн өдөр байх бөгөөд хэт ягаан туяаны үйлчлэлд герпесвирусээс 10 дахин тэсвэртэй боловч халуунд тэсвэр муутай 560С-д 10 минутын дотор идэвхгүйжих ба тос уусгагч, угаагч бодис, иодын хэт ислийн нэгдлүүд, фенолт бодис, формальдегид зэрэг түгээмэл халдваргүйтгэх бодисууд болон бага рН <4.2-д тэсвэргүй.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчний үүсгэгч хавдрын эсэд үржиж олшроод агаар дуслын замаар гадагшилдаг учир амьсгалын замаар халдварлах боломжтой. Мөн уураг болон сүүгээр дамжин халдвар тардаг нь тогтоогдсон байна.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Энэ өвчний талаар харьцангуй бага судлагдсан. Аденоматозын нууц үе хэдэн сараас хэдэн жил үргэлжилнэ. Өвчилсөн хонь, ямаанд үе үе хэржигнүүртэй ханиах, хамраас хөөстэй шингэн гоожих, лавшран турах зэрэг шинж архаг явцтай илэрч улмаар үхнэ. Энэ нь хонины уушгинд эмгэг үүсэж хавдар томорсон хойно эмнэл зүйн зарим шинж тэмдэг илэрдэг. Хэдийгээр тэжээлдээ хэвийн боловч амьсгаадан, сүргээсээ хоцорч турж эхэлдэг. Хоёрдогч халдвараар өвчилсөн тохиолдолд маш хурдан үхдэг.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Задлан хийж үзэхэд уушгинд булчирхайлаг бор саарал хавдар үүсч томрон хатуурах, цээжний хананд наалдсан, тэр хавийн тунгалгийн зангилаа нь томорч зөөлрөх, мөгөөрсөн хоолойд хөөсөрхөг цайвар шингэн хуралдах нь аденоматозын онцлог эмгэг өөрчлөлт юм. Уушиг нь гөлгөр гадаргуутай, огтлоход өөх маягийн болсон, зарим тохиолдол уушигны идээт үрэвсэл болсон байдаг нь хоёрдогч халдвартай холбоотой.

2.3.Лабораторийн оношлогоо: Хээрийн нөхцөлд хамраас шингэн гоожиж, амьсгаадаж, сүргээс хоцордог, эрчимтэй турсан хонины бөгсөн биеийг өргөхөд хамраас шингэн гоожих нь улам нэмэгддэг байна. Тухайн айлын бүх хонь, ямааны уушигны орчимд чагнахад ус буцалж байгаа мэт авиа сонсогдоно, 20 минут хөөж туусны дараа эсвэл хамрыг нь бөглөн нэг минут амьсгааг түгжихэд амьсгаадаж хэрчигнүүртэй удаан ханиадаг, хоёрдогч халдвараар хүндрээгүй бол биеийн халуун хэвийн байдаг зэргээс урьдчилсан онош тавьж болно. Лабораторид эмгэгт материалыг зохих зааврын дагуу авч хүргүүлнэ. Аденоматоз өвчний дээжинд уушигны эдийг авч хүйтэн хэлхээнд хөлдөөлгүй лабораторид хүргүүлнэ. Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувирал зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд полимеразын гинжин урвал /ПГУ/, эд судлалын шинжилгээгээр онош баталгаажуулдаг. Эсрэг бие илэрдэггүй учир ийлдэс судлалын шинжилгээ хийх боломжгүй байдаг байна.

2.4.Ялгаварлан оношлох: Аденоматозыг маэди-висна, диктокаулёз, хуурамч сүрьеэ, нокардиоз, идээт үрэвсэл, уушигны архаг үрэвслээс ялган оношлоно.

2.5.Эмчилгээ: Аденоматоз өвчинд ямар ч эмчилгээ байдаггүй.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Хонины аденоматоз өвчний сэжиг бүхий мал, амьтныг шинжилгээнд хамруулж онош батлагдсан бол устгалд оруулна.

3.2.Тандалт: Тандалтыг удирдамжийн дагуу гүйцэтгэх ба шинжилгээг УМЭАЦТЛ гүйцэтгэнэ.Тандалтыг санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэнэ.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Хонины аденоматоз өвчний онош батлагдсан тохиолдолд үлдсэнхонинд шинж тэмдгийн үзлэг хийнэ. Хорио цээр болон хязгаарлалт тогтоох шаардлагагүй.

4.2.Хонины аденоматоз өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг булж устгаж болно. Хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж хатаана. Хашаа хороо, тоног хэрэгслийг Virkon 1%, Hi-cop зэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг зөв тунгаар найруулсны дараа уусмалын рH-ийг шалгаж, зохих түвшинд байгаа эсэхийг сайтар нягталсны дараа хэрэглэнэ.

4.5.Хонины аденоматоз өвчний онош батлагдсан хойно тухайн мал, амьтныг малын эмчийн хяналтанд зохих зааврын дагуу устгаж булна. Тухайн мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулалгүй устгалд оруулна.

4.6.Хонины аденоматоз өвчин илэрсэн сүрэгт үзлэг хийж уушигны ямар нэг эмгэгтэй мал, амьтныг шинжилгээнд хамруулна. Өвчингүй мал, амьтны гаралтай бүтээгдхүүнийг ашиглах, зах зээлд нийлүүлэхэд ямар нэг өвөрмөц шаардлага тавигдахгүй.

4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.