A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны А/06 дугаар тушаалын тавдугаар хавсралт

 

 

ТУУЛАЙН МИКСОМАТОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

MYXOMATOSIS IN RABBITS, МИКСОМАТОЗИЗ У КРОЛИКОВ

 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Туулайн миксоматоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Туулайн миксоматоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Миксоматоз бол нүдний гэмтэл, салст бүрхүүлийн үрэвсэл, арьсан дорх эслэгт булдруут хаван үүсэх эмгэгээр илэрдэг молтогчин болон туулайн хурц халдварт өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Poxviridae (цэцгийн) овгийн Leporipoxvirusтөрөл миксоматозын вирус юм. Энэхүү вирус ДНХ агуулсан, эсийн дотор оршихуун үүсгэдэг, туулайн бөөрний анхдагч эс, RK-13 шугаман эсэд сайн, тахианы хөврөлжүүлсэн өндөгний хориоаллантойсийн бүрхүүлд аажим үржинэ. Гадаад орчинд тэсвэртэй, туулайн хатсан баасанд 10 сар, үхсэн туулайн хүүрэнд нэг хүртэл жил хадгалагдана. Глицерины 50% уусмалд 2 жил идэвхээ хадгална. 50°С халуунд нэг цаг, буцалгахад нэг минутын хугацаанд идэвхгүйжинэ.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Миксоматозоор тэжээвэр болон зэрлэг туулай, молтогчин аль аль нь өвчилнө. Байгалийн нөхцөлд өвчин үүсгэгчийн тээгч нь зэрлэг туулай юм. Халдвар үүсгэгчийн эх булаг нь нус, нулимсаар вирус ялгаруулж байгаа өвчтэй туулай бөгөөд хавьтлаар, агаараар халдварлана. Миксоматозын вирус тэжээл, ус, тоног хэрэгслээр дамжина. Вирус хатгадаг болон хатгадаггүй шавьжаар дамжиж болно. Богино хугацаанд олон туулай зэрэг өвчлөнө. Миксоматоз анх гарч байгаа аж ахуйд эхлээд бүжин, дараа нь том туулайд өвчний шинж тэмдэг илэрнэ. Өвчлөл 50-аас дээш хувь, үхэл 20–90 хувьд хүрнэ.

 

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Далд үе 3-10 хоног. Туулайн миксоматоз хоёр хэлбэртэй. Сонгомол хэлбэрийн үед өвчилсөн туулай эхлээд халуурч нудний салст бүрхүүл үрэвсэж улайх (улаан нүдэн), дараа нь салслаг идээтэй нулимс гарах, зовхи улмаар чихний уг, толгой, нурууны хэсэг хавагнаж үс нь өрвийнө. Үүний улмаас толгойн үс сэгсийн арслангийн толгой мэт болно. Мөн бэлэг эрхтэн, хошного болон биеийн бусад хэсгийн арьсан доорх эслэгт хэсэг хэсэг хаван үүсэж томбойн гүвдрүүтнэ. Гүвдрүү нь вандуйн чинээгээс грек самрын хэмжээтэй байна. Энэ үед салст бүхүүлүүд хөхөрч 2-5 хоногт үхнэ. Уушигны хэлбэрийн үед өвчний явц аажим бөгөөд нудний салс бүрхүүл үрэвсэж улайх ба арьсан дорх эслэгт үүсэх гүвдрүү цөөн, жижиг байна. Өвчилсөн туулай арай ядан амьсгалах, амьсгаадах, турж эцэж байгаад 14-30 хоногийн дараа үхнэ. Гэвч олонх нь амьд үлдэнэ.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Хүүр туранхай, нудний салст бүрхүүл үрэвсэж улайсан, зовхи идэт салсаар бохирдон наалдсан байна. Арьсан дорх эслэгт том жижиг янз бүрийн хэмжээний хавант гүвдрүү олон байна. Гүвдрүү хатуу, цайвар өнгөтэй, хөндлөн зүсэхэд ягаавтар шингэн шүүрнэ. Элэг, дэлүү, бөөрний гадна бүрхүүлийн доорх эдэд цэглэг болон ургэлжилсэн цус харвалт үүснэ.

2.3.Лабораторийн оношлогоо: Өвчний эпизоотологийн байдал, шинж тэмдгийн илрэл, эмгэг бие бүтцийн хувиралтыг үндэслэн тогтоох ба лабораторийн шинжилгээнд ПГУ-ын аргаар оношлоно.Миксоматозыг туулайн цэцэг, туулайн вируст цусан халдвар, пастереллёзоос ялган оношлоно.

2.4.Эмчилгээ: Эмчилгээний арга боловсруулагдаагүй.

 

 

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Туулайн миксоматоз гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.

 

ДӨРӨВ.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Өвчин гарсанаж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум дүүргийн засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтооно. Өвчин гарсан өрх, фермийн туулайг эрүүл, өвчтэй гэж ялгахгүйгээр устгаж өвчний голомтыг бүрэн аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ. Туулайн шилжилт хөдөлгөөн, үзэсгэлэн, туулайн гаралтай түүхий эд, мах, бүтээгдэхүүн гаргах, тээвэрлэхийг хязгаарлана.Тогтоосон хорио цээрийн дэглэмийг устгал хийж өвчний шинж тэмдэг арилсанаас хойш 30 хоногийн дараа бүх туулайд мал эмнэлгийн үзлэг хийж өвчтэй туулайд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ба хязгаарлалтын дэглэмд шилжүүлнэ.

4.2.Өвчний тухай аж ахуйн нэгж, туулай бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэн эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийнэ.Голомт, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, халуунгүй эрүүл туулайд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарина.Туулайн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулан өвчтэй туулай байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйтгэх бодис бэлдмэлүүдийг ашиглан халдваргүйтгэнэ.

4.3.Өвчний улмаас үхэж хорогдсон туулайн хүүр, сэг зэмийг халдваргүйтгэх бодис, бэлдмэлээр халдваргүйтгэн булах юм уу шатааж устгана.

4.4.Гадаад орноос миксоматозоор эрүүл аж ахуйгаас туулайн миксоматозын шинжилгээ хийлгэн эрүүл болохыг нотолсон баримт бүхий шаардлага хангасан туулайг импортлох бөгөөд мал эмнэлэгийн хорио хяналтад 30 хоног байлгасны дараа малын эмчийн зөвшөөрлөөр үндсэн сүрэгт нийлүүлнэ.Сүүлийн 12 сарын хугацаанд туулайн миксоматоз гараагүй, шинж тэмдэг илрээгүй бол тухайн аж ахуйн нэгжээс амьд туулай гадагш гаргах, худалдах, шилжүүлэх, бэлэглэх, үзэсгэлэнд оролцуулахыг зөвшөөрнө. Үржүүлгийн газраас гаргах туулайд сэргийлэх вакцин хийсэн байна.

4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.