A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны А/06 дугаар тушаалын зургаадугаар хавсралт

ТУУЛАЙН ВИРУСТ ЦУСАН ХАЛДВАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР. RABBIT HAEMORRHAGIC DISEASE

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Туулайн вируст цусан халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Туулайн вируст цусан халдварөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт:Туулайн вируст цусан халдвар бол судсанд цус нөжрөх, элэгний эд үхжих, дотоод эрхтнүүдэд цус хурах эмгэгээр илэрдэг молтогчингийн(цаашид “Туулай” гэх) хурц халдварт өвчин юм.

1.4.Өвчний үүсгэгч: Caliciviridae овгийн Lagovirus–ийн төрөл туулайн вируст цусан халдварын вирус юм. Энэхүү вирус РНХ агуулсан, хүний цусны улаан эсийн гадаргууд наалддаг, нийтлэг хэрэглэдэг эсэд үрждэггүй. Гадаад орчинд маш тэсвэртэй, туулайн хөргөсөн болон хөлдөөсөн маханд наад зах нь нэг сар, үхсэн туулайн хатсан хүүрэнд7.5 сар хадгалагдана. 60°С-д 2 цагхалаах, олон дахин хөлдөөж гэсгээхэд амьд байна. рН 4.0-10.5 орчинд тэсвэртэй. Эфир, хлороформ болон трипсин нөлөөлөхгүй. Формалины 2 хувийн уусмал, идэмхий натрийн 1 хувийн уусмалд идэвхгүйжинэ.

1.5.Халдварын эх уурхай, дамжих зам:Халдвар үүсгэгчийн эх булаг нь нус, нулимс, шээс, баасаар вирус ялгаруулж байгаа өвчтэй туулай юм. Импорт экспортын амьд туулай, туулайн түүхий мах, бүтээгдэхүүн энэ өвчний тархалтад голлох холбогдолтой.Өвчилж үхсэн туулайн сэг, түүхий махыг идсэн махчин амьтан, шувуу халдварлаж өвчилдөггүй ч баасаар нь вирус ялгарна. Вируст цусан халдвар тэжээвэр болон зэрлэг туулай өвчилнө. Байгалийн нөхцөлд өвчин үүсгэгчийн тээгч нь зэрлэг болон тэжээвэр туулай юм. Туулайн вируст цусан халдварын вирус хүн, амьтан, тээврийн хэрэгсэл, хувцас болон тэжээл, ус, тоног хэрэгслээр дамжина. Хавьтлаар, амаар, амьсгалаар, салст бүрхүүлээр халдварлана. Энэ өвчин маш хурдан тархана. Богино хугацаанд олон туулай зэрэг өвчилнө. Өвчлөл бараг 30-100 хувь, үхэл 40-100 хувьд хүрнэ. Зэрлэг туулайн хувьд энэ өвчин орооны үед (3-4-р сар) илрэх нь элбэг бөгөөд хээр бөөн бөөнөөр үхсэн байх нь цөөнгүй.

 

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Далд үе 1-3 хоног. Туулайн вируст цусан халдвар хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг явцтай. Хэт цочмог, цочмог явцын үед ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй гэнэт үхнэ. Зарим туулай эхлээд халуурч (>40°С)номойрч байснаа 12-36 цагийн дараа үхнэ. Энэ тохиолдолд шинж тэмдгээр нь урьдчилан оношлох боломжгүй. Цочмогдуу явцын үед тэжээл, усанд дургүй, номой үлбэгэр болж зарим туулайд мэдрэлийн (чичрэх, таталдах, анивчих, тийчлэх) ба амьсгалын (аахилах, амьсгаадах, хамраас хөөсөрхөг цустай шингэн гарах) эмгэг, орилох, салст бүрхүүл хөхрөх шинж тэмдэг ажиглагдана. Сүргийн 5-10 хувьд тохиолдох архаг явцын үед салст бүрхүүл шарлах, эцэж турах, хөдөлгөөний идэвхгүй болох шинж илэрч байгаад 7-14 хоногийн дараа үхнэ. Бүх насны туулай туулайн вируст цусан халдварт өвчнөөр өвчилнө. Нэг сар хүртэл бойжилттой бүжин өвчний шинж тэмдэг илрэхгүйгээр өвчлөх ба түүнээс дээш насны туулайд өвчний шинж тэмдэг тодорхой илрэнэ.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт:Эрхтэн эдэд эмгэгийн илэрхий тод онцлог өөрчлөлт ажиглагдахгүй боловч элэг биржрүүтсэн гадаргуутай, шар юм уу шаравтар бор эсвэл шаравтар хүрэн өнгөтэй бөгөөд хээтэн судалтсан, хялбар тасардаг, үйрэмтгий хэврэг байна. Дэлүү ихэнх тохиолдолд цус хуралдан томорсон байна. Зүрхний, элэгний, уушигны цусны судсууд нөж, бүлэнгээр дүүрсэн, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл улайсан, хөндийд нь хөөстэй цусархаг шингэн хуримтласан, уушиг цусаар дүүрч улайсан, хавагнан томорсон байна. Цочмогдуу, архаг явцтай өвчлөлийн үед чих болон салст бүрхүүлүүд хөхөрсөн байж болно.

2.3.Лабораторийн оношлогоо: Өвчний эпизоотологийн байдал, шинж тэмдгийн илрэл, эмгэг бие бүтцийн хувиралтыг үндэслэн тогтоох ба лабораторийн шинжилгээгээр батлана. Өвчний шинж тэмдэг илэрсэн туулайнаас дараах сорьц авна. Цус, нус, нулимас, шээс, баас зэргээс бойтуураар арчдас авч сорьц хадгалааслах уусмалд хийж лабораториад хүргүүлнэ. Өвчилж үхсэн туулайны элэг, дэлүүнээс сорьц авч авч сорьц хадгалааслах уусмалд хийж лабораториад хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт сорьцонд цус наалдуулах, ПГУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. Ийлдсийн сорьцонд ФХЭБУ-аар шинжилнэ (олон янзын ФХЭБУ-ын шинжилгээ байгаа. Iso Elisa, C-Elisa).

2.4.Ялгаварлан оношлох: Туулайн вируст цусан халдварыг миксоматоз, бактерийн цусан халдвар (Pasteurellamultocida), хордлого, агаарын дутагдал өвчнүүдээс ялган оношлоно.

2.5.Эмчилгээ:Эмчилгээний арга боловсруулагдаагүй. Өвчилсөн туулайг устгана.

 

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед туулайн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлан үзэсгэлэн зохион байгуулахгүй.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Туулайн вирусын цусан халдвар өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн малын эмч өвчилсөн болон үхсэн туулайг устган ариутгал халдваргүйтгэл хийнэ. Уг өвчин гарсан аж ахуйн эрүүл туулайд нэн даруй идэвхгүйжүүлсэн болон рекомбинант вакцин хэрэглэнэ. Вакциныг 2-3 сар хүрсэн туулайд хийнэ. Жишээ нь идэвхгүйжүүлсэн вакцин тарих бол 2 долоо хоногийн зайтайгаар 2 удаа тарьж дархлаажуулна. 1 удаагын тарилтанд 1 мл шингэлсэн вакциныг туулайн хүзүүний арьсан дор тарина. Жич: Вакциныг зааврын дагуу хэрэглэнэ. Аль ч вакциныг сэрүүн (+40C-ээс +100C) эсвэл хүйтэн (-200C-ээс +40C), харанхуй, хуурай байранд үйлдвэрлэгчийн заасан хугацаагаар хадгалана. Аль ч вакцины сав (шилэн цодон) нь хагарч, гэмтэхгүй хадгалах нөхцөлийг бүрэн хангасантээврийн хэрэгсэл эсвэл хадгалах нөхцөлийг бүрэн хангасан зөөврийн хөргүүр, хөлдөөгч ашиглан тээвэрлэнэ.

3.3.Тандалт:Туулайг үржил селекц болон туршилтад хэрэглэх зэргээр авах тохиолдолд тухайн туулайн ферм, айл өрхөөс туулайн вирусын цусан халдвар өвчин тохиолдож байсан эсэх, мөн тухайн өвчний эсрэг вакцинд хамрагдаж байсан эсэх талаар асуумж авч тэмдэглэнэ.

 

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Тархвар зүйн судалгаа: Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт өвчинтэй тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.

4.2.Хорио цээр тогтоох: Гоц халдварт өвчинтэй тэмцэх албан ёсны зааврын дагуу голомт, аюултай хавьталт бүсэд байгаа өвчтэй туулай, үхсэн туулайн хүүр сэг зэмийг устгах үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Голомтонд ажиллах зайлшгүй шаардлагатай хүн, машин техникээс бусад орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглоно.Голомтонд ажилласан бүх тээврийн хэрэгсэлийг угаах, цэвэрлэх, голомт, аюултай хавьтал бүхий газруудад халдваргүйтгэл хийнэ.Эрсдэл өндөртэй туулайд эмнэл зүйн үзлэг, шинжилгээнд хамруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,халдварын голомтод байрлаж байгаа малчид, орон нутгийн оршин суугчдад хандсан мэдээлэл, сурталчилгаа хийх,халдварын эх үүсвэрийг олж тогтоох, халдвар цаашид дамжин тархах боломжтой замуудыг нарийвчлан тогтоох ажлыг эрчимжүүлнэ.

4.3.Хязгаарлалт тогтоох: Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед туулайн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлан үзэсгэлэн зохион байгуулахгүй.Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн туулай эдгэрсэн юм уу үхсэн, сэргийлэх вакцин таригдснаас хойш 30 хоногийн дараа бүх туулайд үзлэг хийж өвчтэй туулайд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

4.4.Халдваргүйтгэлийн арга хэмжээ:Туулайн вирусын цусан халдвар өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн малын эмч өвчилсөн болон үхсэн туулайг устгах, ариутгал халдваргүйтгэл сайтар сахин эрүүл туулайнд вирусыг тараахаас сэргийлэх арга хэмжээ авна. Өвчний шинж тэмдэг илэрсэн хамар амнаас цус гарсан туулай байвал өвчилсөн туулайг бусдаас тусгаарлан устгалд оруулж,орчин тойронг 1%-ийн содийн гидроксид, 10%-ийн близна уусмалаар ариутгаж цэвэрлэнэ.

4.5.Хорио цээрийн дэглэм цуцалсан туулайн аж ахуйгаас өвчинд нэрвэгдээгүй эрүүл, вакцинд хамрагдсан туулайг зах зээлд нийлүүлэхээс өмнө тухайн аж ахуйг хариуцаж байгаа малын эмчээс вакцинд хамрагдсан тухай бичиг авч худалдаалах ба сүрэг сэлбэлтэнд оруулна.

4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.