- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ҮХРИЙН СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ҮХРИЙН СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Үхрийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Үхрийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Үхрийн сүрьеэ нь янз бүрийн эрхтэнүүдэд өвөрмөц булдруунууд үүсдэг архаг явцтай, зооноз халдварт өвчин юм.
1.4.Өвчний үүсгэгчийн онцлог: Сүрьеэ нь Mycobacter-ийн төрөлд хамаарах M. тuberculosis, M.bovis, М.avium гэсэн зүйлийн нянгаар үүсгэгддэг бөгөөд олон төрлийн мал, амьтан, үслэг ан, шувуу өвчилнө. Сүрьеэ үүсгэгч нь грам эерэг, хөдөлгөөнгүй, хүчил, шүлтэнд тэсвэртэй, Циль-Нильсоны аргаар тод будагддаг, шулуун юм уу бага зэрэг тахир хэлбэртэй, богино, бүдүүн (урт 0.3-3 мкм, өргөн 0.2-0.5 мкм), үрэнцэр, бүрээс үүсгэдэггүй, савханцар хэлбэрийн агаартан нян юм.
1.5.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Сүрьеэгийн үүсгэгч хими, физикийн үйлчилгээнд ихээхэн тэсвэртэй. Хатсан цэр, гэмтсэн эд эсийн хэсэг, тоосонд 2-7 сар, өтөг бууц, урсгал усанд 12 сар, газрын хөрсөнд 2 жил гаруй, цөцгийн тос, бяслаганд 10 сар, сүүнд 10 хоног амьдарч чадна. Мөн хүйтэн (-1900С) түүний амьдрах чадварт нөлөө үзүүлдэггүй. Ялзарсан зүйл дотор 76-167 хоног амьдарна. Гэхдээ сүрьеэгийн нянгууд нарны гэрэлд маш эмзэг, цэрэнд байгаа сүрьеэгийн нян халуун өдөр 1-2 цагийн дараа, 650С-д 15 минут, 70-800С-д 5-10 минут, 1000С-д хоромхон зуур, 5%-ийн карболын хүчлийн уусмалд 30 минут, 5%-ийн формальдегидын уусмалд 12 цаг, 2-5%-ийн хлорамины уусмалд 4-6 цагийн дотор үхнэ.
1.6.Халдвар дамжих зам, халдварын эх уурхай: Сүрьеэгийн халдвар тараагч эх булаг нь өвчтэй мал юм. Өвчтэй мал ханиалгах үедээ цэртэй хамт сүрьеэгийн нянг цацаж орчныг бохирдуулна. Бохирдсон агаараар эрүүл мал амьсгалан агаар дуслын зам болон бохирдсон ус тэжээлээр дамжин бие махбодид нэвтэрнэ. Мөн сүрьеэтэй малын мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр дамжин хүн халдвар авна. Гэхдээ үхэр, гахай, тахиа нилээд өвчлөмтгий харин адуу, хонь, ямаа, нохой, муур өвчлөх нь ховор тохиолдоно. Өвчин үүсгэгч нь өвчтэй малын сүү, хамрын гоождос, үрийн шингэн, баас зэргээр гадагшлан гадна орчныг бохирдуулж хоол тэжээлийн замаар халдварладаг боловч агаар дуслын болон бэлгийн замаар халдварлааж болно.
1.7.Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг: Үхрийн сүрьеэ цочмог, архаг явцтай илрэх ба өвчний нууц үе нь 15-45 хоног, заримдаа сар, жилээр үргэлжилнэ. Цочмог явцтай өвчилсөн үед халуурах, ханиалгах, сүү нь татрах, тэжээлдээ дургүй болох, эцэж турах шинж тэмдгүүд үзүүлнэ. Уушигны сүрьеэтэй бол өглөө хэвтэрээс босохдоо юм уу хүйтэн усаар усалсны дараагаар огцом ханиалгана. Сүрьеэ гол төлөв архаг хэлбэрт шилжинэ. Сүрьеэ нь ямар эрхтэн илүү нэрвэгдсэнээс шалтгаалан өөр өөр шинж тэмдэг үзүүлнэ. Дэлэн нэрвэгдвэл хатуу зангилаа бий болж хэмжээ нь томорно. Эхлээд дэлэнгийн хойд хоёр хөхний аль нэг нь хавдаж цаашдаа бусад хэсэгт тархана. Саахад лавстай юм уу цустай сүү гарна. Дэлэнгийн дээд тунгалгийн зангилаа томорч овон товонтой болно. Үхрийн эрүүний доорх, хүзүүний дээд, дунд, доод, хааны, цавины, дэлэнгийн өнгөц тунгалгийн зангилаануудын өөрчлөлтийг тэмтэрч мэдэрч болно. Цээжний ба хэвлийн хөндийн ийлдэст бүрхэвч дээр сүрьеэгийн зангилаанууд (сувданцар) үүсэх нь гол төлөв үхэрт тохиолдоно. Сүрьеэ малын арчилгаа, маллагаа, тэжээллэг муудах, даарч хөрөх буюу ямар нэгэн өвчинд нэрвэгдэх зэрэг малын биеийн эсэргүүцэл суларсан үед идэвхжинэ. Ийм үед сүрьеэгийн жижиг голомт томрох буюу сүрьеэгийн нян тунгалгийн шингэн, цусны хамт тунгалгийн ба цусны судас, мөгөөрсөн гуурсаар дамжин бие махбодийн эрүүл хэсэгт шинэ голомтууд үүсгэн өвчлүүлнэ. Сүрьеэ нь ихэвчлэн архаг явцтай далд хэлбэртэй байх учир шинж тэмдэг тэр бүр илэрдэггүй. Эмгэгийн байрлалаас хамаарч уушигны, гэдэсний, дэлэнгийн, бэлгийн эрхтний, усавхи бүрхүүлийн (сувд маягийн сүрьеэ), түгмэл сүрьеэ гэх зэргээр ялгаварлана. Үхэрт уушигны хэлбэр зонхилон тохиолдох ба үе, үе ханиалгах, сүү нь татрах, эцэж турах шинж тэмдэг илэрдэг бол гэдэсний хэлбэрийн үед чацга алдаж амархан турах, бухны төмсөг үрэвсэж хавагнах шинж илэрнэ. Сүрьеэтэй малын эмгэг хувиралт байршил, гэмтлийн их багаас шалтгаална. Сүрьеэтэй үхрийн 75%-д элэг, уушиг, цагаан хоолой ба тунгалгийн зангилаанууд, 55%-д гялтан, 28%-д хэвлийн хана, 19%-д дэлүү, 10%-д умайн байрлалтай байдаг. Сүрьеэгээр гэмтсэн уушигны гадарга тэгш биш зарим хэсэгтээ овон товонтой байдаг. Ийм зангилааг зүсэхэд дундаа үл мэдэг шаравтар, үхжиж шохойжсон эдээс тогтсон төвтэй, огтлоход шаржигнах дуу гарна. Сүрьеэгийн зангилаануудын хэмжээ шар будаанаас хушны самрын чинээ том байдаг. Сүрьеэгээр гэмтсэн дэлэн, тунгалгийн зангилаа нэлээд томрох ба зүсэж үзэхэд өвчний эхний үед жижиг цагаан зангилаануудтай, шүүстэй байна. Сүүлдээ хатуурч овгор товгор болж хоорондоо таславчтай, аарц мэт өтгөн идээтэй болно. Мөн элэг, дэлүү, бөөр, төвөнх, мөгөөрсөн хоолой, гэдэс, умайн салст бүрхэвчийн сүрьеэ зангилаа маягаар илэрч тэр нь шарх болон хувирна.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт, харшил сорилын шинжилгээний дүнг үндэслэнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлалын арга, ПГУ–ыг ашиглана.
2.2.Ялгаварлах онош: Үхрийн уушиг, гялтангийн халдварт үрэвсэл, иж балнад, актиномикоз, лейкоз, бэтэг, диктиокаулёз зэрэг өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
2.3.Дээж авах: Сүрьеэ өвчний үед нян судлалын шинжилгээнд уушигны сүрьеэгийн сэжигтэй малын цагаан хоолойн цэрийг ариун хөвөн бойтуураар авна. Дэлэнгийн сүрьеэгийн сэжигтэй малаас сүүний дээж авах ба гараа сайтар угааж спиртээр арчиж халдваргүйтгэнэ. Дэлэнг угааж 70%-ийн спиртээр халдваргүйтгэсэний дараа сүүний эхний, дунд, сүүлчийн хэсгүүдээс нийтдээ 150-200 мл дээж сааж авна. Малын хүүр, нядалсан малаас нян судлалын шинжилгээнд гэмтэл үүссэн эрхтний бүрээсжээгүй, хатуурч шохойжоогүй булдруутай хэсгийг илгээнэ. Эд судлалын шинжилгээнд гэмтэлтэй эрхтэн, чацархайн болон тунгалгийн зангилгааны хэсгийг илгээнэ.Ийлдэс судлалын шинжилгээнд цусны ийлдэс илгээнэ.
2.4.Эмчилгээ: Сүрьеэ өвчтэй мал, амьтныг эмчлэх арга боловсрогдоогүй байна. Иймээс шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн мал, амьтныг ялгаж тусгаарлан нядлана.
ГУРАВ. Урьдчилан сэргийлэХ, ТЭМЦЭХ
3.1.Сүрьеэ, иж сүрьеэгээр тайван бус аж ахуйн нэгж, айл өрхийн мал, амьтны хашаа, байрыг өвчин илэрсэн эсэхийг харгалзахгүйгээр 3 сар тутамд 5%-ийн идэвхит хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 1 хувийн глутаральдегидын, 3%-ийн формальдегидийн уусмалаар нэг цагийн зайтайгаар 3 удаа шүршиж халдваргүйтгэнэ.
3.2.Өвчтэй мал амьтан ялган тусгаарласан хашаа, байр, тоног хэрэгслийг өдөр бүр цэвэрлэж халдваргүйтгэнэ.
3.3.Сүрьеэтэй мал, амьтны бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйтгэнэ. Биотермийн аргаар 2–3 сарын хугацаатай халдваргүйтгэнэ.
3.4.Сүрьеэгийн үед саалийн сав суулгыг 2-5%-ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэх ба халдваргүйтгэсэний дараа усаар сайтар зайлж угаана.
3.5.Сүрьеэгээр тайван бус аж ахуй, айл өрхийн үнээний сүү, цөцгийг заавал буцалгаж хөөрүүлэх юм уу пастеризаци хийсний дараа хүнсэнд хэрэглэнэ.
3.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A