- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЭНТЕРОБАКТЕРИОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР. (ENTEROBACTEROSIS)
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/10 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
ЭНТЕРОБАКТЕРИОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР. (ENTEROBACTEROSIS)
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Энтеробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Энтеробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Тархалт,эпидемологи:Enterobacteriaсеа овгийн Escherichia төрөл,Escherichia coli- ийн зүйлээр үүсгэгддэг халдварын төрөлд хамаарах бөгөөд ихэвчлэн төл малд ихээр тохиолдоно. Манай орны хувьд эпидемологийн байдлыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд энтеробактериоз өвчин говь, тал хээрийн бүсийн малд ихэвчлэн гарч голдуу хурга ишгийг олноор өвчлүүлж үхүүлдэг хурц урсгалтай халдварт өвчин юм. Хурга голдуу 3-7 сарын настайдаа хамгийн олноор буюу 77,1% хүртэл хорогддог байна. Энэ өвчин ихэвчлэн 7–10 дугаар сарын хооронд гарна.Энтеробактериоз үүсгэгчийн зарим хэвшил нь гэдэсний халдвар, хоолны хордлого үүсгэнэ.
1.4.Өвчний тодорхойлолт: Хөрөвжсөн хурганд үжлийн шинж тэмдэгтэй илэрдэг цочмог явцтай халдварт өвчин юм.Өвчтэй мал амьтан, хүрээлэн байгаа орчин, малын тэжээл, бохирлогдсон хөрс ус, малын тоног хэрэгсэлээр дамждаг.
1.5.Үүсгэгчийн онцлог: Enterobacteriaсеае овгийн Escherichia төрөл,Escherichia coli зүйлд хамаарна. Үрэнцэр үүсгэдэггүй, бүрээс үүсгэдэг Грам сөрөг савх хэлбэрийн нян юм. Манай оронд өвчин үүсгэж буй үүсгэгч нь хэлбэр дүрс, хөдөлгөөн, хоруу чанар, эсрэгтөрөгчийн шинж чанар, эмгэг бүтцийн хувиралт үүсгэх байдлаараа Э.Колийн ерөнхий хэв шинжээс өөр. Үүсгэгч нь 2 туйл нь тод будагддаг биполяр хэлбэртэй, мал амьтны биед бүрээс үүсгэн малын биеээс гарахдаа бүрээсгүй болдог, хөдөлгөөнгүй, бусад хэвшлээс хоруу чанар өндөр, НУ-аар “О” антиген нь танигддаггүй, ETEC хэвшилтэй төстэй.
1.6.Үүсгэгчийн тэсвэрт чанар: E.coli нь гадаад орчны нөхцөлд тэсвэртэй бөгөөд малын баасанд 30 хоног, ус, хөрсөнд хэдэн сараар амьдрах чадвартай байдгийн зэрэгцээ 55оС-д 1 цаг, 60оС-д 15 мин, 75оС-д30 сек болоод үхнэ.Халдваргүйтгэх бодис, бэлдмэлүүдэд мэдрэг,богино хугацаанд идэвхээ алдана.
1.7.Халдвар тархах зам, механизм: Энтеробактериозоор хөрөвжсөн, тарга хүч сайтай хурга өвчлөх бөгөөд 3-4 сараас дээш насны хурга голдуу өвчилнө. Өвчний үүсгэгч биеэс ихэвчлэн баастай заримдаа шээстэй хамт гадагшилна.Халдвар тоног хэрэгсэл, малчдын хувцас, нохой, муур, шувуугаар дамжин тархаж болно. Халдварын хөгжил нь үүсгэгчийн хоруу чанар, халдвар орсон зам, биеийн эсэргүүцэл зэргээс хамаарна. Дотрын халдварт хордлого, брадзот зэрэг өвчний үүсгэгч өвчний явцыг хүндрүүлж хам байдлаар өвчлүүлнэ. Мөн туузан хорхойн халдвар их байх нь өвчний гаралт, халдварлалтанд нөлөөтэй.
1.8.Эмнэл зүйн шинж тэмдэг: Энэ өвчин голдуу цахилгаан хэлбэрээр тусдаг тул эмнэл зүйн тодорхой шинж илэрдэггүй. Өвчин гэнэт эхлэж хурга ишиг бэлчээрт явж байгаад юм уу шөнө хотондоо олноороо үхэж хонодог. Өвчний нууц үе нь хэдэн цагаас 2 хоног хүртэл үргэлжилнэ. Өвчний явц нь цахилгаан, цочмог байна. Өвчилсөн хурга ижлээсээ хоцорч толгойгоо гудайлган гөлийж зогсож байснаа хөл нь гуйвж тэнцвэрээ алдан савж ойчдог. Хурганы ам хамраас шүлс, нус, хошногноос нь шингэвтэр бор ногоон өнгийн ялимгүй баас гарч шилэн хүзүү нь таталдаж тийчилж байгаад үхдэг. Цахилгаан явцад өвчний шинж мэдэгдсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дотор үхнэ. Өвчний урсгал хурдан бөгөөд үжлийн шинж тэмдэг богино хугацаанд илрээд үхэх ба үхсэн малын арьсан дор нилэнхийд нь их цус харвадаг. Малчид энэ шинж тэмдгийг үндэслэн хурдан хар, хүрэнтэх гэж нэрлэдэг байна. Цочмог явцтай үед биеийн халуун нэмэгдэж зүрх, амьсгалын тоо олшрох шинж тэмдэг илэрч ихэвчлэн хэвтэж эхийгээ хөхөхгүй болно. Заримдаа мэдрэлийн тогтолцооны эмгэг илэрч татах ба чацга алдахгүй, 12-24 цаг болоод үхнэ.
1.9.Эмгэг бие бүтцийн хувиралт: Хүүр амархан хөөх ба цээжин хэсгийн арьсны доорхи эслэгт цус ихдэлт болж улаан хүрэн өнгөтэй болсон байна. Тарга хүчний хувьд хамгийн тарган хурга үхнэ. Нарийн гэдсэнд цочмог салст юм уу салст цусархаг үрэвсэл болж чацархайн булчирхай үрэвсэж томорсон байна. Дотор эрхтнүүд болон салст бүрхүүлд цус харвасан байна. Мөн тархи, тархины бүрхүүл, уушгинд хаван үүсэж цус ихдэлт болсон байна. Бөөрөнд 2 янзын хувиралт ажиглагдана. Нэг нь бөөр томорч зөөлрөн харавтар ногоон өнгөтэй, нялцгай зуурсан гурил шиг болж хальснаасаа амархан хуурдаг. Нөгөө нь бөөрний хэмжээ хэлбэр биелэг байдал өөрчлөгдөхгүй боловч холтослог ба тархилаг давхрагад цус харваж улаан өнгөтэй болно.
ХОЁР.ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Оношлогоо, дээж авах: Эмгэгт материал авч лабораторид хүргүүлэхэд дараах ерөнхий зарчмыг баримтлана. Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийн илрэл, эмгэг бие бүтцийн өөрчлөлтийг үндэслэн тавьсан урьдчилсан оношид тулгуурлан дээжийг оновчтой сонгон авч хадгалааслан шинжлэх лабораторид хүргүүлнэ.Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг болон эмгэг бие бүтцийн хувиралт тод илэрч үхсэн мал, амьтнаас эмгэгт материал, дээж авна. Эмгэгт материалыг зөвхөн ариутгасан багаж хэрэглэн ариун саванд авна. Эрхтэн, эдийн огтолж авах хэсгийн гадаргыг урьдчилан дөлөөр шарах юм уу халаасан хавтгай төмрөөр хайрсны дараа зүсэж авна.Эд, эрхтэнээс авсан дээжийг “нэг дээж нэг сав” гэсэн зарчмыг чанд баримтлан тус тусад нь савлана. Савны гадна мал, амьтны төрөл, мөн дээжийн нэр, дээжийн бүртгэлийн дугаарыг бичнэ.Вакцин, ийлдэс тарьсан, эмчилгээ хийсэн мал, амьтдаас аль болох дээж авахгүй байхыг хичээх ба хэрэв авбал дагавар бичигт ямар вакцин, ийлдэс, эмийн бодис хэдийд хэрэглэсэн болохыг заавал тодорхой бичсэн байна. Эмгэгт материалыг мал, амьтан үхснээс хойш 2 цагийн дотор авах ба энэ шаардлагыг дулааны улиралд заавал баримтлана. Хүүрийн өөрчлөлт орсон, ялзарч муудсан үед авсан, эсвэл хадгалалт тээвэрлэлтийн явцад ялзарч муудсан дээж шинжилгээнд тэнцэхгүй.Шинжилгээнд авсан эмгэгт материалыг 24-30 цагийн дотор хадгалааслалгүйгээр +4 доош хэм бүхий хөргөгч юмуу хөлдөөгч гель бүхий сав ашиглан лабораторит хүргэнэ.Шинжлүүлэх өвчинд тохируулан эмгэгт материал, дээжийг хадгалааслагч уусмалыг зөв сонгож хэрэглэнэ.Эмгэгт материалыг эд эрхтний эмгэг хувиралттай хэсгээс, эд судлалын шинжилгээний дээжийг эд, эрхтний эрүүл ба эмгэгт хувиралттай хэсгийн заагаас тус тус авна.Өөрөө халдвар авах, халдвар тараахаас сэргийлэн эрүүл ахуйн шаардлага, биоаюулгүйн ажиллагааны нөхцөлийг бүрэн хангасан байна.Дээж авч байгаа мал амьтныг стрессэд оруулах, гэмтээж, бэртээхээс сэргийлнэ.Хүүр задлалт хийх бүрд эмгэг бие бүтцийн задлагааны протоколыг бүрэн хөтлөнө.
2.1.1.Оношлох арга:Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлалын арга, Полимеразийн гинжин урвал зэргийг ашиглаж шинжилгээ хийж оношийг баталгаажуулна. Зайлшгүй тохиолдолд лабораторийн амьтдад биопроб тавина.
2.1.2.Ялгаварлан оношлох: Ижбалнад, диплококкын халдвар, цусан халдвар зэргээс ялгаварлан оношлоно.
2.2. Эмчилгээ: Эмчилгээг аль болох эрт эхлэвэл үр дүнтэй байдаг. Өвчтэй хургыг тусгаарлаж энтеробактериозын эмчлэх, сэргийлэ ххэт дархлаат ийлдсийг өвчилсөн хурганд эмчлэх, эрүүл хурганд сэргийлэх зорилгоор зааварт заагдсан тунгаар тарина.Мөн антибиотикийг өвчний эмнэлзүйн шинж тэмдэгт тохируулан сонгож хэрэглэх нь зохимжтой бөгөөд антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлсны үндсэн дээр сонголт хийнэ.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Сурталчилгаа:Энтеробактериз өвчний тухай ерөнхий мэдээлэл, халдварлах зам, өвчний илрэх гол шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний тухай мэдээлэлийг олон нийтийн болон мэргэжлийн хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан олон нийт, малчдад зориулан мэдээлж сурталчилна.
3.2.Эпидемиологийн судалгаа, тандалт: Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт энтеробактериозтой тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно. Малчид, малын эмч нар тухайн бүс нутагт гарсан энтеробактериозийн тухай мэдээлэлийг нарийн бүртгэж мал сүрэгт жил бүр танадан шинжилгээ хийнэ.
3.3.Вакцин, вакцинжуулалт: “Бог малыг энтеробактериозоос сэргийлэх формал вакцин”-ыг сэрүүн (+4-өөс +10 хэмд ) харанхуй, хуурай газар хадгална. Ийм нөхцөлд хадгалсан вакцин нь үйлдвэрлэснээс хойш 1 жил хүртэл хугацаанд хүчинтэй.
Вакцинуудыг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон болон модон хайрцагт хийж хадгалах нөхцлийг бүрэн хангахуйц хүйтэн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ.
3.4.Вакцинжуулалтын гүйцэтгэлийн хяналт:Вакцинжуулалтын арга хэмжээнд тасгийн, улсын байцаагч хянаж баталгаажуулна.
3.5.Био хамгаалал: Халдваргүйтгэлийг 3 ерөнхий аргаар хийнэ.
3.5.1.Физикийн аргаар: Механик цэвэрлэгээ, гэрлийн туяа, нарны гэрэл,агаар салхиар хатаах, өндөр температурын нөлөөгөөр халдваргүйтгэх арга.
3.5.2.Химийн аргаар: Химийн янз бүрийн бодисыг уусмал, хий, аэрозоль байдлаар хэрэглэж халдваргүйтгэх арга.
3.5.3.Биологийн аргаар: Өтөг бууцыг био термийн аргаар халдваргүйтгэх.
3.5.1.Механик цэвэрлэгээ: Механик цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийг зохих ёсоор гүйцэтгэхэд ихээхэн ач холбогдолтой. Ихэнх халдваргүйтгэх бэлдмэл нь зөвхөн урьдчилсан механик цэвэрлэгээ хийсэн нөхцөлд идэвхтэй үйлчилнэ. Урьдчилсан цэвэрлэгээ гэж халдваргүйтгэх обьектын шороо, шавар, бууц шавхай, баас, хир тоос, органик бодис, толбо арилгахыг хэлнэ. Цэвэрлэгээг хүрзээр хусах, малтуураар малтах, шүүрээр шүүрдэх, сойз, тоос сорогч, хуурай алчуур, саван эсвэл угаалгын бодистой усаар норгосон нойтон алчуураар арчих юм уу шүршигч төхөөрөмжөөр шүршиж гүйцэтгэнэ. Тоос, шороо, шавар, органик бодис нь бичил биетэнд хамгаалалт болж халдваргүйтгэх бодисын үхүүлэх үйлчлэлд саад болно. Ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх зорилгоор халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг урьдчилсан цэвэрлэгээнд хэрэглэж болно. Урьдчилсан цэвэрлэгээгээр гарсан хог, хаягдал, өтөг, бууц, шавхай, тэжээлийн үлдэгдэл зэрэг зүйлсийг халдвартай гэж үзэж устгалын нүхэнд булах юм уу шатааж устгана.
Халааж идэвхгүйжүүлэх: Дээрхи өвчнөөр өвчилсөн малын түүхий эд, мах, сүүг 550 С хэмд 30 минутын дотор халааж халдваргүйжүүлнэ. Хатааж идэвхгүйжүүлэх: Хатаахад нян идэвхгүйждэг. Хоол хүнсний гадаргуу хатахад нян үхнэ.Туяагаар шарах: Гамма туяагаар шарахад нянгаар бохирлогдсон зүйлсийн дотор, гадна талд байгаа нян тодорхой хэмжээгээр үхдэг.
3.5.2.Химийн арга: Химийн бэлдмэлүүд нь нянг хурдан хугацаанд үхүүлнэ.Иж балнадын үүсгэгч нь ариутгах бодисын үйлчлэлд мэдрэмтгий бөгөөд буцалгахад тэр даруй, 70-75oC хэмд 15-20 минутын дараа үхнэ. 3%-ийн NаON, 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорын шохой, 2%-ийн формалинд тэсвэргүй 1 цагийн дотор устана. Уг өвчний үүсгэгчээр бохирлогдсон хөрс, хэвтэр бууцыг 5%-ийн хлорт бэлдмэл, 4% формалин, 10%-ийн идэмхий натрийн халуун уусмалыг 1м2 талбайд 10 л уусмал байхаар тооцож хэрэглэнэ.Төмөр тоног хэрэгслийг галын дөлөнд халааж болон 30 минут буцалгаж ариутгана. Модон эдлэлийг 5%-ийн хлорт бэлдмэл, 2-4% формалины уусмалаар шүршиж халдваргүйтгэнэ. Бусад арьс, суран хэрэгслийг халдваргүйтгэх уусмалаар арчина. Хөвөн даавуу эдлэлийг халдваргүйтгэх уусмалын уураар утах болон шүршинэ. Халдваргүйтгэлд эмийн бүртгэлд бүртгэгдсэн химийн бодис, бэлдмэлийг ашиглана. Химийн олон бодисын халдваргүйтгэх идэвхт чанар нь өндөр хэмд эрс нэмэгдэж түргэн илэрнэ. Гэхдээ өндөр хэм нь тэдний ууршилтыг түргэсгэж чанарыгмуутгана. Дулааны улиралд халдваргүйтгэх бодисын ашиглалт, хадгалалтанд онцгой анхаарахаас гадна гадаад орчны өндөр хэм нь тэдгээрийн хадгалалтын хугацааг богиносгодог. Халдваргүйтгэх бодисыг сонгох, хадгалах, харьцах, хэрэглэх, устгахад үйлдвэрлэгчийн зааврын дагуу хандах ба халдваргүйтгэх бодисын уусмал бэлтгэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс бээлий, хормогч, нүдний шил болон хэрэглэх зааварт тусгагдсан бусад хэрэгсэлийг ашиглана.
Хлор агуулсан бэлдмэлийн зөвлөсөн шингэлэлт
|
“Цэвэр” нөхцөла |
“Бохир” нөхцөлb |
Шаардагдах идэвхт хлорын өтгөрүүлэг |
0.1 % (1г/л) |
0.5 % (5г/л) |
Гипохлоритнатри (5 %-ийн идэвхт хлортой) |
20 мл/л |
100 мл/л |
Гипохлориткальци (70 %-ийн идэвхт хлортой) |
1.4 г/л |
7.0 г/л |
Дихлороизоцианурат натрийн нунтаг (60 %-ийн идэвхт хлортой) |
1.7 г/л |
8.5 г/л |
Дихлороизоцианурат натрийн шахмал (шахмал бүрт 1.5 г идэвхт хлортой) |
литрт 1 шахмал |
литрт 4 шахмал |
Хлорамин (25 %-ийн идэвхт хлортой) |
20 г/л |
20 г/л |
aурьдчилсан цэвэрлэгээний дараа
b эмгэгт материал юм уу урьдчилсан цэвэрлэгээний өмнөх уусмалд зориулсан
Хлор нь түргэн үйлчилгээтэй исэлдэгч бодис бөгөөд үйлчлэлийн өргөн хүрээтэй, олдоц сайтай химийн халдваргүйтгэх бодис юм. Үүнийг энгийн нөхцөлд гипохлорит натрийн усан уусмал (NaOCl) буюу цайруулагч хэлбэрээр юм уу хлорын шохой нэрээр нунтаг байдлаар худалдаалдаг бөгөөд идэвхт хлорын зохих өтгөрүүлэгтэй болгохын тулд усаар шингэлнэ. Ерөнхий зориулалтын халдваргүйтгэх бодисын өтгөрүүлэг нь 1г/л идэвхт хлортой байх ёстой бол 5г/л идэвхт хлор агуулсан өтгөн өтгөрүүлэгтэй уусмалыг гадаад орчны болон биологийн аюултай материал асгарсан, их хэмжээний органик бодисыг халдваргүйтгэхэд хэрэглэнэ. Дихлороизоцианурат натри (NaDCC) нь 60 %-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм. Дихлороизоцианурат натрийн нунтгаас 1.7г/л ба 8.5г/л өтгөрүүлэгтэй уусмал бэлтгэнэ. Энэ нь 1.0г/л ба 5г/л идэвхт хлортой гэсэн үг. Хлорамин нь ойролцоогоор 25%-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм. Хлорамин нь хлорыг гипохлоритаас аажим ялгаруулдаг учраас гипохлоритын өтгөн өтгөрүүлгийнхтэй адил үр дүнг өгнө. Нөгөө талаас хлорамины уусмал нь гипохлоритын идэвхгүйжүүлэх органик бодист идэвхээ алддаггүй учраас бохир, цэвэр аль ч нөхцөлд 20г/л өтгөрүүлгийг зөвлөнө. Формальдегид (HCHO) нь -200С–ээс дээш хэмд бүх бичил биетэн ба үрэнцрийг(спор ) үхүүлдэг хий юм. Формальдегид нь харьцангуй удаан үйлчилдэг ба агаарын харьцангуй чийг 70% орчим байхыг шаардана. Формальдегидыг мөхлөг юм уу шахмал хэлбэртэй хатуу полимер–параформальдегид эсвэл формалин–усанд ойролцоогоор 370г/л (37%) хэмжээтэй уусгаад тогтворжуулах зорилгоор метанол (100мл/л) нэмж уусмал байдлаар худалдаанд гаргана. Энэ хоёр хэлбэрийг хий үүстэл халааж мал, амьтны байр, өрөө, тасалгаа, аюулгүй ажиллагааны бокс зэрэг битүү орон зайг халдваргүйтгэхэд ашиглана.Формальдегидыг (формалины 5%-ийн уусмал) шингэн хэлбэрээр хэрэглэж болно. Спирт этанол (этилийн спирт C2H5OH) ба 2–пропанол (изопропилийн спирт (CH3)2CHOH) нь адилхан халдваргүйтгэх чанартай. Эдгээр нь нянгийн ургал хэлбэр, мөөгөнцөр, липид агуулсан вирусэд үйлчилдэг боловч үрэнцэрт үйлчилдэггүй. Эдгээрийг усанд 70%-ийн (v/v) өтгөрүүлэгтэйгээр найруулахад хамгийн сайн үр дүнд хүрдэг бол хэт хатуу юм уу хэт сул найруулбал нянг үхүүлэхгүй. Спиртийн усан уусмалын давуу тал нь халдваргүйтгэсэн эд зүйлд үлддэггүй онцлогтой. Бусад бодистой хольж бэлтгэсэн бэлдмэлүүд нь ердийн спиртээс үр дүн сайтай бөгөөд жишээлбэл 100г/л формальдегид агуулсан 70%-ийн спирт, 2г/л идэвхт хлор агуулсан спирт байна. Спиртийн 70%-ийн усан уусмалыг биологийн аюулгүй ажиллагааны кабинет, лабораторийн ширээний тавцан, арьс, лабораторийн болон мэс заслын жижиг багаж халдваргүйтгэхэд хэрэглэнэ. Шүлт нь усанд сайн уусдаг учир гидроксийн ионы өтгөн өтгөрүүлэг үүсгэнэ. Мал эмнэлгийн халдваргүйтгэлд идэмхий натри, идэмхий кали, сод, поташ зэрэг шүлтийн бодисыг ашиглана. Өтгөн уусмал нь бичил биетний ургал хэлбэрт үйлчилнэ.
3.6.Өвчний үед ажиллагсад: Өвчин гарсан үед ажиллагсад ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж гарыг повидин иод, хлорамины уусмалаар халдваргүйтгэнэ. Үхсэн малын сэг зэмийг тусгай нүхэнд хийж халдваргүйтгэнэ. Малчид өөрийгөө халдварт өвчнөөс хамгаалах, гэр бүл болон мал сүрэгт халдвар тараахгүй байх үүднээс хөдөлмөр хамгаалалын хувцсыг тогтмол хэрэглэж занших хэрэгтэй. Өвчтэй мал, амьтантай харьцаж байгаа хүмүүс нь өөрсдийн хөдөлмөрийн нөхцөл, ажлын онцлогтоо тохируулан аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй байх шаардлагатай. Хамгийн энгийн бөгөөд байнга хэрэглэх шаардлагатай хөдөлмөр хамгаалалтын хувцас нь халад, хормогч, бээлий, амны хаалт юм. Ажиллагсадын хувцас нь хөвөн даавуу биед эвтэй хөнгөн зөөлөн дулаан материалиар хийгдсэн, угааж ариутгахад хялбар байх шаардлагатай.Гэрийн нөхцөлд ариутгалын бодисоор хлор агуулсан “Блезна” буюу угаалгын цайруулах уусмалыг хэрэглэж болно.
Хувцас хэрэглэл ариутгах уусмал болон халдваргүйтгэх дэглэм
1. |
Ариутгах материал |
Халдваргүйтгэх бодис |
Уусмалын Концент-раци хувь |
Халдваргүйтгэх хугацаа (цагаар) |
2. |
Хөвөн даавуу, хагас резинэн материал, брезент, резин, металл, нийлэг эд, хагас синтетик эдзэргээр хийсэн хувцас, эд материал |
Хлорамин |
1% |
5 |
-“- |
3% |
2 |
||
Формальдегид |
2% |
2 |
||
3. |
Арьсан материал |
Хлорамин |
5% |
2 |
Формальдегид |
4% |
2 |
||
4. |
Мал ахуйн тоног төхөөрөмж, сав суулга, Багаж хэрэгсэл |
Кальцижуулсан халуун содын уусмал |
2 % |
|
3.7.Урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэл: Энтеробактериоз онцлогийг харгалзан эх сүргийг жилд 2 удаа урьчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, сэжигтэйг тусгаарлах, бааснаас дээж авч шинжилгээнд өгнө.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Энтеробактериозгарсан айл, аж ахуйн нэгжидмал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.
4.1.1Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.1.2. Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн хурга эдгэрсэн юм уу үхснээс хойш 14 хоногийн дараа бүх сүрэгт эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй мал, амьтанд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр, хэвтэр, ус, тэжээлийн онгоц зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
4.2.Бүх төлд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй төлийг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан ийлдсийн болон шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
4.3. Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулан өвчин байнга гардаг нутгийн хургыг өвчин гарахаас 30-45 хоногийн өмнө сэргийлэх тарилгад хамруулна.
4.4.Өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, өрхийн тээврийн хэрэгсэл, хүний хөдөлгөөнд хяналт тавьж халдваргүйтгэх арга хэмжээ авна.
4.5.Өвчтэй мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулан өвчтэй мал, амьтан байсан хашаа, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйтгэх бодис, бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ.
4.6.Өвчний улмаас үхэж хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйтгэн булах юм уу шатааж устгана.
4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A