A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/10 дугаар тушаалын тавдугаар хавсралт

МАЛ, АМЬТНЫ ЭРГҮҮ  БОЛОН БУСАД УЙЛАНХАЙТАХ ӨВЧНӨӨС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

(ЦЕНУРОЗ, Coenurosis) (ГИДАТИДОЗ, HYDATID DISEASE)

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Мал амьтны эргүү  болон бусад уйланхайтах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2. Хамрах хүрээ: Мал амьтны эргүү  болон бусад уйланхайтах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт:

1.3.1.Эргүү (ценуроз) нь чоно, нохой зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг нэг метр орчим урт Multiceps multiceps (Taenia multiceps) туузан хорхойн авгалдай (Coenurus cerebralis)-гаар үүсдэг. Авгалдай нь цагаан өнгийн шингэнээр дүүрсэн уулинхай байдаг ба малын тархи, нугасанд байрлан шимэгчилнэ.

1.3.2.Сэмжний уйланхай (цистицеркоз) нь чоно, нохой зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг нэг метр болон түүнээс урт Taenia hydatigena туузан хорхойн авгалдай (Cysticercus tenuicollis)-гаар үүсдэг. Авгалдай нь 1-7 см диаметртэй шингэнээр дүүрсэн уйланхай байдаг ба туузан хорхойн толгой (сколекс) нь урт хүзүүтэй учир нарийн хүзүүт уйланхай гэж бас нэрлэдэг. Ихэвчлэн мал, амьтны элэгний гадаргуу болон сэмжинд зүүгдэж байрлан шимэгчилнэ

1.3.3.Хонины булчингийн цистицеркoз нь нь чоно, нохой зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг 1-2 метр урт Taenia ovis туузан хорхойн авгалдай (Cysticercus ovis)-гаар үүсдэг. Авгалдай нь 0.5-1 см диаметртэй жижиг уйланхай байдаг ба хонины зүрх болон булчинд байрлан шимэгчилдэг бөгөөд ямаанд ховор тохиолдоно.

1.4.Өвчний тархалт: Эдгээр уйланхайтах өвчнүүд нь бүгд нохой жинхэнэ эзэнтэй өвчнүүд тул нохой элбэг газар гарах магадлал өндөртэй юм.

1.5.Халдвар дамжих зам: Эргүү нь тус орны аль ч бүс нутагт тохиолдох ба голдуу өсвөр 1.5–2.0 насны бойжилттой мал илүүтэй өртөмтгий. Хавар, зун, намрын цагт хонь, ямаа, үхэр өвчлөхөөс гадна гахай, тэмээ, буга зэрэг хивэгч амьтдад ч үзэгдэх ба хүн өвчилсөн тохиолдол байдаг. Туузан хорхойн өндгөөр дүүрсэн үеүд нохойн ялгадастай гадагшилж гадаад орчныг бохирдуулан ус, тэжээлтэй хамт малд залгигдаж, улмаар авгалдай гарч гэдэсний ханаар ярган, цусаар дамжиж нугас, уураг тархинд хүрч 2-6 сарын дараа дотроо туузан хорхойн толгой (сколекс) агуулсан, 5 см орчим том уйланхай бий болж гавлын ясыг дарж хатинхайруулна. Мал, амьтан Taenia hydatigena-ийн халдвар авснаас хойш уйланхайн хөгжил 35-55 хоногийн дотор явагдаж дуусдаг бөгөөд жинхэнэ эзэн болох нохой Cysticercus tenuicollis (сэмжний уйланхайн)-ийн халдвар авснаас хойш 6-8 долоо хоногийн дараа бие гүйцэж бэлэг боловсрон өндөг ялгаруулж эхэлнэ. Хонины булчингийн цистицеркoзын үед хонь Taenia ovis-ийн халдварлуулах чадвартай өндөг залгихад онкосфер нарийн гэдэсний ханаар ярган, цусаар дамжиж зүрх, биеийн булчинд хүрч ойролцоогоор 46 өдрийн дотор халдварлуулах чадвартай авгалдай болно. Нохой Cysticercus ovis-ийн халдвартай махыг идсэнээр цикл үргэлжлэх бөгөөд нохойн биед бие гүйцэж, бэлэг боловсрох хугацаа ойролцоогоор 60 хоног байна.

1.6.Эмнэл зүйн шинж тэмдэг: Эргүүгээр өвчилсөн малын хөдөлгөөн алдагдаж, уйланхайтай тал руугаа эргэх, толгойгоо юманд тулж зогсох, татаж унах, хөлөө алцайж зогсох, эрүүл тал руугаа унах зэрэг шинж тэмдэг үзүүлэх ба барилж үзэхэд уйланхайтай хэсгийн гавлын яс нимгэрч зөөлөрсөн, уулинхайн эсрэг талын нүдний харааны мэдрэлийн хөхөнцөрт цус хурсан, харааны рефлексгүй болох буюу сохорно. Сэмжний уйланхайн халдварын үед малд тодорхой шинж тэмдэг үзэгдэхгүй боловч турж эцнэ. Цочмог халдварын үед төл мал тайван байдлаа алдаж, идэш тэжээлд дургүй болох, хэвлийн хөндийг барилж үзэхэд эмзэглэлтэй байх, чацга алдах, зарим тохиолдолд биеийн халуун нэмэгдсээр үхэж ч болно. Хонины булчингийн цистицеркoз халдварын үед малд тодорхой шинж тэмдэг үзэгдэхгүй боловч турж эцнэ. Цочмог халдварын үед булчинг барилхад эмзэглэнэ.

ХОЁР. ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Жинхэнэ эзэнд: Баасанд туузан хорхойн өндөг хөвүүлэх шинжилгээ хийж туузан хорхойг халдварыг илрүүлж болох боловч туузан хорхойнуудын төрөл зүйлийг өндгөөр нь ялгах боломжгүй тул бааснаас ДНХ ялгаж, полимеразын гинжин урвал тавьж, нуклеотидын дарааллыг тогтоон аль төрөл зүйл гэдгийг ялгаварлан оношилж болно. Мөн задлан шинжилгээгээр нарийн гэдэсний агуулагдахууныг дараалан угаах аргаар бие гүйцсэн хорхой илэрүүлэх замаар оношилно. Мал, амтьдыг нядалсны дараа дотор эрхтэн болон маханд үзлэг хийж уулинхайтах өвчнүүдийг оношилно. Хэвлийн хөндийг нээж үзхэд сэмжний уулинхай нь элэг, сэмж, чацархайнд зүүгдэж байрласан байх бөгөөд нимгэн гэрэлтсэн хальстай байна.

2.2.Ялгаварлан оношлох: C.bovis, C.cellulosae бусад уйланхайтах өвчнүүдээс ялгана. Хонины булчингийн цистицеркoзын үед хөндлөн судалт булчин болон зүрхийг зүсэж цистицерк илрүүлэх үзлэг хийнэ.

2.2.1.Ялгаварлан оношлох: Саркоцистоз, нейрофиброматоз, буглаа, C. tenuicollis, тунгалагийн зангилааны үрэвсэл эргүүгийн гаралт, тархалтын байдал, шинж тэмдэг зэргийг харгалзан нүдний угийг харах, харшил сорил, ийлдэс судлалын шинжилгээ (цус наалдуулах шууд бус урвал)-гээр оношилно. Тархины цус хуралт, буглаа, тархины хавдрын эхний шатууд, тархины үрэвсэл, галзуугийн үеийн тархины гэмтэл зэргээр ялгаварлан оношлоно.

2.3.Эмчилгээ: Эргүүгээр өвчилсөн бол мэс заслын эмчилгээ хийнэ.

2.3.1.Хонины булчингийн цистицеркoз болон сэмжний уйланхайн хувьд эмчилгээ боловсрогдоогүй.

2.3.2.Жинхэнэ эзэн болох гэрийн тэжээвэр нохойд малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бромт устөрөгчийн ареколин (0,001-0,002 г/кг тун), фенасал (0,1 г/кг тун), лопатол (25-60 мг/кг тун), мебендазол (40 мг/кг тун), празиквантел (2,5-5 мг/кг тун) зэрэг бэлдмэлийг талх буюу маханд боож, зааврын дагуу олгоно.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

3.1.Дунд болон бага эрчимжилт хонины булчингийн цистицеркозын үед гулуузыг  хасах 10°C-д 10 хоног хөлдөөх эсвэл 56°C-д халаасны дараа уулинхайнуудыг авч хаяад махыг хүнсэнд хэрэглэж болно.

3.2.Их эрчимжилт халдварын үед малын хэл, улаан хоолой, завж, зүрх болон хөндлөн судалт булчинд 2 удаагийн зүсэлт хийхэд цистицерк илэрвэл экспортонд гаргахыг хориглоно.

3.3.Эргүүтэй тархи, нугасыг нохойд болон бусад амьтанд хаяж өгч болохгүй бөгөөд шатаах эсвэл булж устгах хэрэгтэй.

3.4.Мал, амьтанг нядлахад тухайн мал, амьтны эд эрхтэнд уулинхай илэрсэн тохиолдолд уйланхайг хагалахгүйгээр орчны эдийн хамт авч гүнзгий нүхэнд булах эсвэл шатааж устгана.

3.5.Мал нядлагааны газруудад нядалж байгаа бүх малын дотоод эрхтэнд уйланхай илрүүлэх үзлэг байнга хийнэ.

3.6.Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөнө.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Малчдын болон төв, суурин газрын иргэдийн бүх нохойг улирал бүр үзлэг хийн хорхойгүйжүүлнэ.

4.2.Мал эргүүтвэл мэс заслын эмчилгээ хийнэ.

4.3.Эргүү болон бусад уйланхай илэрсэн тохиолдолд булах эсвэл шатааж устгана.

4.4.Мал нядлах бүрд тэдгээрийн дотоод эрхтэнд үзлэг хийж, уйланхай байгаа эсэхийг тогтоох үзлэг хийнэ.

4.5.Нохойгоо малын эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх, тэдгээрийг төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хорхойгүйжүүлэх (туулгах) арга хэмжээнд хамруулна.

4.6.Нохойг тогтсон газар байнга уяатай байлгах, баасыг цуглуулан устгаж байх, төв, суурин газар тэдгээрийг сул явуулах, ил задгай шээлгэж баалгахгүй тухай суртчилгаа хийнэ.

4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.