- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЦУС СОРОГЧ ХАЧИГТАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,ТЭМЦЭХ ЗААВАР
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/10 дугаар тушаалын зургаадугаар хавсралт
ЦУС СОРОГЧ ХАЧИГТАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,ТЭМЦЭХ ЗААВАР
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Цус сорогч хачигтах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Мал амьтны цус сорогч хачигтах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Тодорхойлолт:Монгол орны нутагт гэрийн тэжээвэр, зэрлэг амьтад (голдуу мэрэгчид)-д шимэгчлэгч 5 төрлийн 16 зүйлийн цус сорогч иксод хачиг тодорхойлогдсоноос Dermacentor nuttalli, D.silvarum, D.daghestanicus, Haemaphysalis pospelovashtromae, Hyalomma asiaticum, H.dromedarii, Ixodes crenulatus мэтийн 7 зүйлийн хачиг нь мал, амьтан, хүнд шимэгчлэн эпизоотологийн холбогдол өндөртэй байдаг.Мал, амьтанд цус сорогч хачиг шимэгчилсний улмаас загатналт, өвдөлт, саажилт, янз бүрийн хордлого, хачиг халдварласан арьсны орчимд илрэх шарх, харшил, дархлааны хариу урвал үүсгэх, ашиг шимийг бууруулах зэргээр хорт нөлөө үзүүлдэг. Хачиг халдварласан арьсны шархны өвдөлт маш хүчтэй бөгөөд үргэлжилсэн хэлбэртэй, олон хоногийн хугацаанд үргэлжилж, түүнчлэн шарх нь бактерийн хоёрдогч халдвараар халдварлан амьтны бие махбодыг зовуурьтай байдалд оруулдаг.Бие гүйцсэн иксод хачиг нь их хэмжээний цус сордог тул мал, амьтныг ихээр тураах, биеийн эсэргүүцлийг сулруулан өвчинд өртөмтгий болгох, улмаар үхэлд хүргэх зэргээр ихээхэн хохирол учруулдаг.Түүнчлэн хачиг нь бусад цус сорогч үе хөлтнүүдтэй харьцуулахад олон төрлийн эмгэг төрүүлэгчийг эзэн амьтанд дамжуулан халдварлуулдаг.
ХОЁР. ОНОШИЛГОО
2.1.Мал, амьтанд үзлэг хийж, хачгийн халдварласан хачгийг илрүүлэн оношилно. Мал, амьтанд шимэгчлэгч хачиг нь мал амьтны толгой, чихний уг, хүзүү, омруу, хэвлийн доод хэсэг, анус, бэлгийн сүв орчмоор шигдэн цус сорох нь элбэг байдаг.
ГУРАВ. ХАЧГИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
3.1.Цус сорогч хачгийн тоог цөөрүүлэх, устгах янз бүрийн аргаас хамгийн оновчтой нь байгалийн хачгийг шууд устгах арга юм.
3.1.1.Хачиг их тархсан нутгийн хагд өвсийг хачиг идэвхжих цагаар түймэр гаргахаас сэргийлсэн аюулгүй ажиллагааг сайтар баримтлан шатаах, өвсийг тайран цуглуулж устгах, мал, амьтан, мэрэгчидтэй тэмцэх зэргээр хачгийн тархалтыг бууруулдаг.
3.1.2.Хачиг ихтэй хязгаарлагдмал орчны хачгийг түүний идэвхжилийн ид үеэр нь цагаан даавуунд наалдуулан цуглуулж устгах аргаар тэмцэнэ.
3.1.3.Хачгийн бие гүйцээгүй шатууд нь олон төрлийн мэрэгчдэд шимэгчлэн амьдардаг учраас тэдгээртэй тэмцэх нь чухал. Хачиг идэвхжих үеэр малыг өндөр өвс, бут сөөг, дэрсгүй, тачир ургамалтай дэнж хөвөө дагуулан салхи сөргөөн бэлчээх, өдрийн халуунд бэлчээрт хэвтүүлэхгүй байх, тухайн орон нутгийн байгаль, цаг агаарын нөхцлийг харгалзан үхрийн хөөвөр, сарлагийн савга, бага насны адууны хөөвөр, тэмээний зогдор, эр ноосыг хачиг асаж эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэн хяргах, хачиг элбэгших үеэр өндөр уулын бэлчээрт нүүж нутаглах зэрэг арга хэмжээ авч малыг хачигтахаас сэргийлнэ.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Монгол орны нөхцөлд хачигтай тэмцэхдээ малын биед байгаа хачгийг устгах, бэлчээр орчинд байгаа хачгаас мал сүргийг сэргийлэх арга хэмжээ явч хэрэгжүүлнэ. Малын биед байгаа хачгийг нэг бүрчлэн түүж, алж устгаж болно. Цус сорж байгаа, ялангуяа олноор байрласан хачгийг түүж авснаас болж малын арьс ихээр гэмтэж, тэнд үүссэн шарх идээж буглах, өтөхөд хүргэдэг сөрөг талтай.
4.2.Хачгийн эсрэг үйлчилгээтэй химийн бодисоор хачиг ассан хэсэгт шүрших, шавших аргаар хачгийг устгаж болох боловч, хачгийн идэвжилт ид явагдах Монгол орны хаврын улиралд салхи ихтэй хүйтэн сэрүүн байдаг тул өргөн хэрэглэх нь тохиромжгүй. Харин дулаан өдөр, байран маллагаатай мал, дулаан байранд дээрх аргыг хэрэглэх боломжтой. Манай орны нөхцөлд хачиг идэвхжиж цасан болон шороон шуурга ихтэй байдаг хаврын улиралд хачгийн эсрэг үйлчилгээтэй цацлага хэлбэрийн хуурай бэлдмэл, дусаалгын эмүүдийг хэрэглэх нь зүйтэй. Иксод хачгийн эсрэг үйлчилгээтэй пиретройд, түүний уламжлалын нэгдлүүд (перметрин, циперметрин, дельтаметрин, флуметрин, лямбда-цихалотрин, зета-циперметрин), амитраз, кленпирин, пропоксур, этофенпрокс, хлор органик бодисууд (токсафен, дихлорвос), фосмет, фосфор органик бодисууд (кумафос, диоксатион, диазинон, бромофос, хлорфенвинфос, тетрахлорвинфос, кротоксифос, пропетамфос, хлорфирифос), хлорометиорон, фипронил, флуазурон, динотефуран, пирипроксифен, метафлумизон, спиносад (спиносин A, спиносин D), авермектин түүний уламжлалын нэгдлийн бодисууд (ивермектин, абамектин, дорамектин, моксидектин, селамектин)-ыг гол үйлчлэгч бодис болгон оруулсан дусаалга, нунтаг, угаалга, шүрших, амаар олгох замаар хэрэглэдэг, Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмүүдийг мал эмнэлгийн байгуллага, малын эмчийн хяналтан дор зааврын дагуу мал, амьтны хачигтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг.
4.3.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A