A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/13 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

АДУУНЫ СТРОНГИЛЯТТАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

(Стронгилятозы лошадей; Equine strongylosis)

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Адууны стронгиляттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Адууны стронгиляттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Strongylus (Delafondia) vulgaris, Alfortiaedentatus, Strongylusequinus зүйлийн бие гүйцсэн хорхой нь адууны бүдүүн гэдсэнд, авгалдай нь нойр булчирхай, гэдэсний артери, гэдэсний хананд шимэгчлэн эмгэг шүүлэхийг адууны стронгиляттах гэнэ. Стронгиляттах нь адуунд гэдэсний хатгалга, биеийн жин алдалт, чацга алдалт, цус багадалт, арьсан доорх хавагнах, зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлж, тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэхгүй үед 50% үхэлд хүргэдэг эдийн засагт хор хөнөөлтэй өвчин юм. 

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Стронгилятоз үүсгэгчид болох том стронгилятхорхой нь эрэгчин ба эмэгчин салангид бэлэгтэй, S.vulgaris1,5-2 см урт, S.edentatus2.5-4.5 см, S.equines 2.5-5 см урттай, 2 мм хүртэл өргөн, цагаан шаргалаас улаан хүрэн өнгөтэй, өндөг нь дотроо 16 үр хөврөлийн эс бүхий 45х80 мкм хэмжээтэй, зуйван дугуй хэлбэртэй. Үүсгэгчид гадаад орчны тохиромжтой нөхцөл (8°C-25°C,  >10–15 mm чийг)-д 21 хүртэл хоногт  90%-иар халдах чадвараа хадгалдаг ба орчны хэм -10°C–аас доош ба 30°C-аас дээш нөхцөлд 48 цагт 70% хүртэл халдварлах чадвараа алддаг.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Адууны бүдүүн гэдсэнд шимэгчилж байгаа эмэгчин стронгилятууд өндөг төрүүлэх ба адууны баастай хамт гадагшилсан өндөг гадаад орчны тохиромжтой нөхцөлд 7-10 хоногт халдварлуулах чадвартай, орчны нөлөөнд тэсвэртэй авгалдай болж хөгждөг. Өвс, тэжээлтэй хамт эзэн амьтанд залгигдсан 3-р үелбэрийн авгалдайн зүйлээс хамаарч гэдэсний салст бүрхүүл, чацархайн артериар дамжин нойр булчирхай, цоройн гадна хальс, чацархайн артерт4, 5-р үелбэрийн авгалдай болж, шимэгчлэлийн тусгай зангилаа үүсгэн 2-9 сарын турш шимэгчилдэг. Шимэгчлэлийн зангилаанаас гарсан авгалдай гэдэсний хөндийд орж бие гүйцсэн хорхой хөгжин, шимэгчилж, үржлээ цааш үргэлжлүүлдэг.  Халдварын нууц үе буюу авгалдайамаар залгигдснаас хойш бие гүйцэж, өндөг ялгаруулах хүртэл 6-12 сар байна.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Стронгилятоз нь хурц болон ужиг хэлбэрээр илэрдэг. Олон тоогоор авгалдай залгигдсан үед өвчлөл хурц хэлбэрээр илрэх ба ихэвчлэн гэдэсний хатгалга буюу коликийн шинж тэмдэг үзүүлэх ба 410С халуурах, номойрох, гэдсийг барилахад эмзэглэх байдал илэрч, гэдэс саажин, үхэлд хүрдэг. Ужиг хэлбэрийн үед тэжээлийн дуршил буурах, цус багадах, эцэж турах, чацга алдахерөнхий шинж тэмдэг илрэнэ. Мөн авгалдайн шимэгчлэлийн улмаас S.vulgaris нь цусны судасны ханыг гэмтээн, судасны цүлхэн үүсгэх, S.equinus нойр булчирхайн үрэвсэл, Alfortiaedentatus хэвлийн хөндийн үрэвсэл үүсгэсний улмаас чацархайн артери зузаарч, өргөсөх, арьсан дор хаван үүсэх, гэдэсний хатгалга, тэжээлийн дуршил буурах шинж тэмдэг үзүүлэн өвчлүүлдэг.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Турж, эцсэн байхаас гадна үүсгэгчийн зүйлийн онцлог, халдварын эрчимжлээс хамаарч гэдэсний салст, шар уст бүрхүүлд цусан харвалтууд, чацархайд уст болон идээт үрэвсэл, үхжилтийн голомтолсон өөрчлөлтүүд, гол судас болон чацархайн артерт шимэгчлэлийн зангилаанууд, хэвлийн гялтанд цус харвалт, буглаа тус тус үүссэн байхаас гадна хэвлийн хөндийд нь уст, цусархаг, идээт үрэвслийн шингэн хуримтлагдсан байна. Мөн нойр булчирхайн үрэвсэл, элэг, дэлүүнд авгалдай яргасан мөр, үрэвсэл, үхжилтийн голомтолсон өөрчлөлт үүсдэг. Бүдүүн гэдэсний салс бүрхүүлд цусан харвалтууд, үхжил, шимэгчлэлийн өвөрмөц зангилаанууд үүссэн байна. 

2.3.Лабораторийн оношлогоо: Шинжилгээнд стронгилят үүсгэгч хорхой, баас, цус ба эмгэгт эд эрхтний сорьцыг ашиглана. Баасны сорьцонд стронгилятын зуйван хэлбэртэй, дотроо үр хөврөлийн эс, эсвэл авгалдай бүхий цагаан шаргал өндөг илрүүлэн, үүсгэгчийн төрлийг тогтоох ба өсгөвөрлөсөн баасны сорьцонд өвөрмөц бүтэц бүхий авгалдай илрүүлэн үүсгэгчийн зүйлийг тогтооно. 1гр баасны сорьцонд байгаа стронгилятын өндөг, авгалдайн тоогоор халдварын явцыг тогтооно. Цусны сорьцонд ийлдэс судлалын аргаар стронгилятын эсрэгбие илрүүлнэ. Стронгилятын генийн маркер ашиглан цус, баас болон эмгэгт эд эрхтэнд молекул биологийн шинжилгээ хийж, стронгилятын төрөл, зүйл, тархалтыг тогтооно.

2.4.Ялгаварланоношлох:Гельминтийн задлан шинжилгээ болон баас, цусны шинжилгээгээр илрүүлсэн стронгилятыг үндэслэн гэдэсний хатгалга үүсгэх, цус багадах, тураах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлдэг бусад өвчнөөс ялгаварлан оношлоно. Гельминтийн бүрэн бус задлан шинжилгээ (ГББЗШ) хийж бие бүтцийн эмгэг хувирал болон бүдүүн гэдсэнд бие гүйцсэн стронгилятууд, чацархайн артер, нойр булчирхай, цоройд стронгилятын авгалдайн шимэгчлэлийн зангилаа ба авгалдайг илрүүлэн үүсгэгчийн төрөл, зүйл, тоог үндэслэн оношийг тогтооно.Бүдүүн гэдэснээс 200-аас дээш тооны стронгилят илрүүлснээр стронгиляттах оношлогдсонд тооцно.  

2.5.Эмчилгээ:Сүрэгт оношлогдсон стронгиляттахын халдварын хамаарал, явцыг үндэслэн эмчилгээг төлөвлөн хэрэгжүүлнэ. Стронгиляттах оношлогдсон тухай бүр өвчтэй адуунд Ивермектин агуулсан бэлдмэл, Альбендазол, фенбендазол агуулсан бэлдмэл, Левамизол агуулсан бэлдмэлүүдийг шингэн юмуу болюс хэлбэрээр 14 хоногийн зайтай 2 удаа амаар олгоно.

ГУРАВ.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Адууг шимэгчийн халдварт өртөхгүйгээр арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцлөөр хангана. Адууг цэнгэг уст гол, горхи, худгаас услана.Адуун сүргийн төвшинд эмнэл зүйн үзлэг, баасны шинжилгээг тогтмол хийнэ.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Жилд 2-оос доошгүй удаа адуун сүргийн 6%-аас дээш лабораторийн шинжилгээнд хамруулахдаа стронгиляттахын халдварт өртөмтгий бүлэг болох турж, доройтсон, бага насны, хөхүүл, үржилд түлхүү ашиглаж байгаа өндөр ашиг шимт малыг сонгон хамруулна. Стронгиляттах өвчин тогтмол гардаг нутгийн адуунд сэргийлэх хорхойгүйжүүлэх арга хэмжээг жилд 2 удаа буюу хавар 4-5 сард, намар 10-11 сард багтаан хэрэгжүүлнэ. Сэргийлэх арга хэмжээнд нэг бэлчээрийн нийт адууг хамруулна.  

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Өвчилсөн адууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулан өвчтэй адуу байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг халдваргүйтгэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйтгэн, хомоол, ялгадсыг шатаах буюу биотермийн арга ашиглана.

4.2.Адууны стронгилтяттах өвчингарсан бэлчээр, усыг 21 хүртлэх хоногт чөлөөлж, сэлгэн ашиглана. Хорхойгүйжүүлсэн арга хэмжээний үр дүнг үнэлэн, дүгнэлт гаргах хүртэл малын хөдөлгөөний хязгаарлан, бусад адуутай ус, бэлчээр холихгүй.

4.3.Стронгиляттах өвчний шимэгчлэлийн улмаас үхэж хорогдсон адууны хүүр, сэг зэмийг халдваргүйтгэх бодис, бэлдмэлээр халдваргүйтгэн булах,шатаах аргаар устгана.

4.4.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.