- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БОГ МАЛЫН АНАПЛАЗМОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/13 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
БОГ МАЛЫН АНАПЛАЗМОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Бог малын анаплазмоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Бог малын анаплазмоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Тодорхойлолт. Бог малын анаплазмоз нь халуурах, цус багадах, хөдөлгөөн зохицуулагч булчингийн саажил, үе мөчнүүд хавагнах, доголох, турах зэрэг шинж тэмдгээр илэрдэг цочмог, ужиг явцтай, хонь, ямаа, зэрлэг хивэгч амьтад хачгаар дамжин халдварладаг өвчин юм.Бог малын анаплазмоз нь амьтны улаан эсэд шимэгчилдэгAnaplasmaovisзүйлийн риккетсигээр үүсгэгддэг. A.ovis-ын халдвар хонь, ямаанд Ази, Африк, Европ, Америк тивд өргөн тархсан эндемик өвчин үүсгэгч юм. Мөн сүүлийн үеийн судалгаагаар A.ovis зүйл нь хүнээс молекул биологийн аргаар оношлогдсон тохиолдол Грек, Иранд бүртгэгдсэн байна.
1.4.Өвчний үүсгэгч:Rickettsialis багийн Anaplasmatacae язгуурын Anaplasma төрлийн Anaplasmaovis зүйлийн цусны шимэгч риккетсигээр үүсгэгдэнэ. A.ovis зүйл нь улаан эсийн дотор гүн ягаан өнгөөр будагдсан бөөрөнхий хэлбэртэй, 0.4-0.8 мкм хэмжээтэй байна.
1.5.Халдвар дамжих зам, механизм:Бэлчээрийн хачиг нь анаплазмоз өвчин тархахад гол үүрэг гүйцэтгэдэг биологийн дамжуулагч юм. Анаплазмоз өвчний халдвар эхээс урагт хөхний сүүгээр дамждаггүй. Халдвар тархах хоёр зам байдаг.
1.5.1. Хачгаар дамжин халдварлах буюу байгалийн халдвар
1.5.2. Хүний оролцоотой дамжин халдварладаг байна.
1.6.Эмнэлзүйн шинж тэмдэг: Бог малд халуурах, цус багадах,хөдөлгөөн зохицуулагч булчингийн саажил, үе мөчнүүд хавагнах, доголох, турах зэрэг шинж тэмдэг цочмог, ужиг явцтай илэрдэг
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Оношлогоо: Эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторит эмгэгт материалыг зааврын дагуу авч ирүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжид микроскопын тусламжтай цусны түрхэцэд өвчний үүсгэгчийг илрүүлэх болон үүсгэгчийн генийн хэсгийг ПГУ-аар илрүүлэх шинжилгээ хийнэ.
2.2. Ялгаварланоношлох: Бог малын бабезиозоос ялган оношлох шаардлагатай.
2.3.Эмчилгээ:Монгол улсын мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн цусны шимэгчийн эсрэг эмийн бэлдмэлүүд, тетрациклиний бүлгийн эмийг зааврын дагуу хэрэглэнэ.
ГУРАВ.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1Ерөнхий арга хэмжээ: Урьдчилан сэргийлэх вакцин байхгүй.Хавар бэлчээрийн хачиг идэвхижих үеэр бэлчээрийн хачгийн эсрэг эмийг эмийн зааврын дагуу хэрэглэнэ. Тусгайлан хорио цээрийн дэглэм баримтлах шаардлагагүй. Хаврын улирлалд хонь, ямааг бэлчээр сэлгэн уг өвчнөөр тайван нутагт байлгана. Өвчилж үхсэн малын хүүрийг устгана.
3.2.Бүх мал, амьтанд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малд шинж тэмдгийн эмчилгээ хийн өвчтэй малын тэжээллэг, арчилгаа маллагаа ялангуяа тэжээлийн нөхцөлийг сайжруулна.
3.3.Өвчтэй мал байсан хашаа, саравч,байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйтгэх бодис, бэлдмэлүүдийг ашиглан халдваргүйтгэнэ.
3.4.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A