- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЦАХИУРТАХ (ТООСЖИХ) ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (Silicosis)
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/46 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ЦАХИУРТАХ (ТООСЖИХ) ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
(Silicosis)
Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Цахиуртах эмгэгээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Хамрах хүрээ:Цахиуртах эмгэгээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үед уг зааврыг дагаж мөрдөнө.
1.3.Тодорхойлолт:Цахиур нь тархалтаараа хүчилтөрөгчийн дараа орох ба дэлхийд хамгийн өргөн тархсан эрдэс юм. Энэ эрдэс нь дэлхийн өнгөн хөрсний 28 хувь, дэлхийн бөмбөрцөгийн хатуулгийг бүрдүүлэгч ба агуулагч зарим чулуулгийн 90 хувийг эзэлдэг. Цахиур (50, хүчилтөрөгч (О2)-ийн нэгдлээс бүрдэлтэй исэл юм. Цахиур нь байгальд цэврээр тохиолдох ба давхар исэл байдлаар оршдог. Магнийн чулуулгийн найрлагыг түүнд агуулагдаж байгаа цахиурын ислийн хэмжээгээр ангилдаг. Цахиур хэт суурилаг чулуулагт хамгийн бага 45 хувь, хүчиллэг чулуулагт 65-75 хувийг эзэлдэг.Цахиур нь шил, элс, боржин, хад чулууны бүрэлдэхүүний үндсэн нэг бөгөөд байгаль дээр таван янзын хэлбэртэй байдгаас аморф ба талст хэлбэр цахиуртах өвчнийг үүсгэдэг.
1.4.Шалтгаан: Цахиур агуулсан тоос нь амьсгалын эрхтэнд өвчин үүсгэх гол шалтгаан болдог. Ихэвчлэн чийглэг биш, хуурай орчинд элс шороо бэлтгэх, хад чулуу бутлах, зүсэх мөн замын хучилт хийх, шүүрдэх, хайгуулын малтлага, уул уурхайн нураалт хийх, уурхай, чулуу, ашигт малтмал ашиглах, цементийн үйлдвэр зэрэгт үүссэн эрдсийн гаралтай тоосны ширхэгэнцэр уг өвчнийг үүсэхэд нөлөөлнө.
Хоёр. ОНОШЛОХ
2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Үхэр, хонь, ямаа ихээр турж эцэх, үсэн бүрхүүл бүрзийж өнгө алдах хээл хаях, ханиах, хамраас нь усархаг, зарим тохиолдолд салсархаг шингэн гоожих, амьсгаадах, хөдөлгөөн удаашрах, нүд нуухтах зэрэгэмнэл зүйн шинж тэмдгүүд ихэвчлэн өвөл, хаврын тарчиг улиралдилрэх бөгөөд бага насны ялангуяа тугал, бяруу, хурга, ишиг, борлон, шүдлэн болон хөгшин малд эмнэл зүйн шинж тэмдэг арай давуутай илэрч, зун, намрын дэлгэр цагт ч нүднээс нуух, нулимс гоожин, хамар, нүдэнд хатуурсан тах хэлбэрийн хар үргэлжлэн тогтсон байх нь ажиглагдана.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Үхэр, хонь, ямаа, гахайн ихэвчлэн цуллаг эрхтнүүд тухайлбал уушги, зүрхний ховдлын булчинт давхаргад нэлэнхүй цус ихдэлт, уушгины гялтангийн болон зүрхний эндокардын доор толбон цус харвалт, зүрхний булчингийн тэлэгдэлт хатанхайтал, элэгний голомт олсон хуурай үхжил, бөөрний мөхлөгт сөнөрөл, дэлүү, тунгалгийн зангилаа урвалт өөрчлөлт зэрэг эмгэг хувиралтуудаас гадна уушгинд нягт, гэржсэн өвөрмөц зангилаанцарууд, ходоод гэдэсний дотор талын хананд үргэлжилсэн биржгэр жижигхэн зангилаанцараар битүү хучигдсан байдаг. Энэ шинж тэмдэг тоосны нөлөөлөлд байгаа бүс нутгийн хүнсэнд хэрэглэж байгаа мал бүхэнд байна.
2.3.Эмгэг бие бүтцийн бичил хувиралт: Мал, амьтны цуллаг эрхтэнүүдийн эд, эсийн түвшинд тухайлбал зүрхний булчингийн ширхэгийн багцуудын хатанхайтал, уушги, зүрхний цус ихдэлт, элэгний эсийн голомтолсон хуурай үхжил, бөөрний сувганцрын ханын эсийн мөхлөгт сөнөрөл, дэлүү, тунгалгийн зангилааны лимфойд эдийн бластотрансформацийн урвал илрэхийн сацуу уушгины цуллагийн эдэд цусны улаан эсүүд, эозиноор тод будагдсан шилэрхүү масс, гадны гаралтай нөсөөрхөг бодис (silicotic material)-оос бүрдсэн, холбогч эдэн гэр бүхий өвөрмөц зангилаанцар үүсч, улмаар дээрхи эмгэг хувиралтын ул мөр дэлүү, уушгины тунгалгийн зангилаа, бөөрөнд илэрнэ. Энэхүү өвөрмөц зангилаан царуудыг туйлшруулсан микроскопоор харахад илэрч буй хайлсан шил шиг химийн тунамалыг аморф гэнэ. Цахиурын гаралтай аморф маш бага темпертурт ургаж, тунадасжин хавтгай, бөөрөнхий, бүслүүртэй ургацыг үүсгэдэг. Микроскопын гэрлийн сонголтыг өөрчлөхөд бэлдмэл дээр шөнийн од гэрэлтэн түгж байгаа юм шиг дүр зураг харагддаг. Зүү шиг хэлбэртэй шаврын эрдэс харагдаж байна. Мөн энэ бэлдмэлд цахиурын бөөрөнхий аморфууд, 2 никельтэй гэрэлгүй орчинд зүү хэлбэрийн шаврын эрдсүүд, маш жижиг, их хэмжээний цахиурын аморфууд, шаврын эрдсүүдтэй хамт холилдон харагдана.
Гурав. ЭМЧЛЭХ
3.1.Эмчилгээ: Цахиуртах эмгэгтэй мал, амьтныг эмчлэх арга одоогоор боловсрогдоогүй байна.
Дөрөв. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Технопат гаралтай эндемик эмгэгээс хүн, малыг сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тоосны нөлөөлөлд байгаа малын дотор эрхтнийг хүнсэнд хэрэглэхгүй байх, экологи, байгаль орчны бохирдлыг хянах, үнэлгээ өгөх судалгаа хийх, мал сүргийг тоосжилт гардаг бүс нутгаас тоосны дэгдэлтийн ид эрчимжилтийн үед (хавар, зун, намар) хөнөөлийн бүсээс гаргаж отор нүүдэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.2.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A