- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- КАЛЬЦИЙН ДУТАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/46 дугаар тушаалын 7 дугаар хавсралт
КАЛЬЦИЙН ДУТАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Кальцийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Хамрах хүрээ:Кальцийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх өвчний үед зааврыг дагаж мөрдөнө.
1.3.Шалтгаан:Тэжээлийн дотор кальц дутагдалтай байх буюу бие махбодиос кальци их алдагдвал тэр нь төл малын рахит, бүдүүн малын яс зөөлрөлтийн нэг шалтгаан болно.
Хоёр. ОНОШЛОХ
2.1.Шинж тэмдэг: Рахит нь хөдөлгөөний хямралын шинж болох хөлөө солбин гишгэх, алхахдаа их хүчлэх, босохдоо, ялангуяа хойд хөл дээрээ босохдоо муу болох, заримдаа доголох зэрэг байдлаар илэрдэг. Рахиттай мал ихэвчлэн хэвтэж босох дургүй байна. Заримдаа татганана. Хавирганы мөгөөрс зузаарч (овойх), яс мурийх (голдуу хөлийн яс) , гавлын яс ба эрүү нь томорч, үе мөч хавдах, чээжний яс нарийсна. Тэжээл боловсруулах эрхтэн нь хямрах (үе үе чацга алдах), тэжээлидэх хүслээ алдах ба элдэв юм идэж долоох явдал ихээхэн үзэгдэнэ. Кальци дутагдвал, судас их шүүрэмтгий болох ба зүрхний ажиллагаа суларна. Төлийн өсөлт саатна. Рахитаар ихэвчлэн гахайн торой ба бойжилт түргэнтэй бусад төрлийн малын төл өвчилнө.
Нас гүйцсэн малын яс зөөлөрч хэврэг, эмзэг өвчтэй болно. Ийм мал ихэвчлэн удаан хугацаагаар хэвтэж босохдоо дургүйцэх бөгөөд арай ядан хөдөлнө. Нуруугаа бөгтийж, хөлөө алцайлган, хөлөө солбиж зогсоно. Алхахдаа их хүчилж хазганах нь цөөнгүй байдаг. Босох ба хөдлөхөд ихэвчлэн үе шажигнах чимээ сонсогдож, заримдаа үе хавдана. Яс (голдуу хөлийн) мурийж, яс хугарах явдал их тохиолдоно. Заримдаа гавлын яс өөрчлөгдөнө (томроно). Амьсгал давхцана.
Яс зөөлрөлтийн жинхэнэ шинж тэмдэг илэрхийн өмнө элдэв юм долоох (ялангуяа үхэр), тэжээл боловсруулах эрхтэн хямрах, заримдаа татганан унах байдал үзэгдэнэ. Энэ өвчин архаг хэлбэрээр явагдана. Өвчтэй мал турж эцэх ба үнээний сүү багасна.
2.2.Оношлогоо: Клиник шинж тэмдэг болон эд эрхтэн, ийлдэс, яс, үсэнд агуулагдах хэмжээгээр оношлоно.
Гурав. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Тэжээлд кальци дутагдсантай холбогдсон өвчнөөс урьдчилан сэргийлэх ба түүнийг эмчлэхэд кальциар баялаг тэжээл сайн чанарын өвс ялангуяа буурцагт ургамал, зохицсон эрдсийн нэмэлтөгөх нь онцгой ач холбогдолтой байдаг.Загасны тос (витаминжуулсан) буюу Д витамины бэлдмэл өгөх малыг наранд зугаацуулах, мөнгөн уст кварцын лампаар шарах явдал зохимжтой байдаг. Хэт ягаан туяагаар гэрэлтүүлсэн бүтээгдэхүүн, ялангуяа гэрэлтүүлсэн пиво ба талхны хөрөнгө зэргээр нэмж тэжээхэд сайн байдаг.
3.2.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A