- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЦАЙРЫН ДУТАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/46 дугаар тушаалын 8 дугаар хавсралт
ЦАЙРЫН ДУТАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Нэг.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Цайрын дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Хамрах хүрээ:Цайрын дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үед зааврыг дагаж мөрдөнө.
1.3.Тодорхойлолт:Цайр дутал бүх төрлийн амьтанд тохиолдоно.Яс үүсэх, цус төлжүүлэх болон үржлийн эрхтний үйл ажиллагаа хямрах, хучуур эсийн бүтэц эмгэгээр өөрчлөгдөх зэрэг хэлбэрээр илэрдэг архаг явцтай өвчин. Энэ нь залуу малын өсөлт хөгжилтийг саатуулж эцээж тураах, арьсны үрэвсэлт үүсгэх үс унах аюултай байдаг юм. Тэжээлийн жоронд цайр дутагдах үр тогтсон өндгөн эсийн хэвийн хөгжлийг саатуулна. Цайрын дутагдал нь мэдрэлийн тогтолцоог хөөрүү болгоно. Тэжээлийн жоронд ургамлын ба амьтны гаралтай янз бүрийн тэжээл оролцуулбал малын биед шаардагдах цайрын хамгийн бага хэмжээг бүрэн хангаж чадна. Цайр бие махбодын амьдралын чухал эрхтнүүдийн бүрэлдүүнд чухал үүрэг гүйцэтгэж байдаг учир түүнийг дутагдахад мал өвчилнө. Жишээ нь: нойр булчирхайн дотоод шүүрлийн эдийн нойтон жингийн 1 кг тутамд 800 мг цайр байна. Гэтэл уг булчирхайн гадаад шүүрлийн хэсэгт зөвхөн 25мг байна. Энэ нь нойр булчирхайн даавар инсулин, липокаин, глюкоген, соматостатик, полипептидийн найрлагад цайр ордогтой холбоотой. Простата булчирхайн идэвх мөн цайрын хэмжээнээс хамаарна. Бие махбодид байх цайрын 75% нь цусны улаан цогцост байрлаж, нүүрсхүчлийн хийг өөртөө нэгтгэж гадагш гаргах үүрэг гүйцэтгэнэ. Энолаза, дипептидаза, амилаза, каброангидраза ферментийн идэвх цайрын төвшрүүлгээс хамаарна.
1.4.Шалтгаан:Малын биед орох цайрын хэмжээ багасах буюу тэжээл боловсруулах замаар шимэгдэх үйл буурах үед:
а/Тэжээлийн 1 кг хуурай бодисонд агуулагдах цайрын агууламж 20мг- аас доош байвал уг өвчин үүснэ.
б/Хивэгч мал бэлчээрийн ургамалын найрлаганд байгаа хуурай бодисын 1кг-д 18-36мг цайр агуулагдаж байвал уг өвчнөөр өвчилнө.
в/Газрын хөрсөнд агуулагдах цайрын хэмжээ 3 мг/кг, тэжээлд 20 мг/кг (хуурай бодисын) болон түүнээс доош байвал уг өвчин үүсэх биогеохимийн бүс гэнэ.
г/Хуурай тэжээл буюу кальци ихээр агуулсан тэжээлээр торойг тэжээх үед уг өвчин үүсэж болно. Тэжээлд агуулагдах илүүдэл кальци ба фосфор нь гэдсэнд цайртай холбогдож усанд муу уусдаг нэгдэл болон хувирдаг тул гэдэсний ханаар шимэгдэх процесс буурна.
д/Цайрын шимэгдэлтийн эрчмийг зэс кадми бууруулна.
е/Уураг ихтэй тэжээлээр тэжээх үед түүний найрлаганд байгаа фитиновын хүчил нь тэжээл боловсруулах замаар цайр шимэгдэх процессыг саатуулна.
ё/Бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах нь паракератоз үүсэх үндсэн шалтгаан болно.
1.5.Эмгэг жам: Бие махбодид цайр олон тооны солилцоонд оролцоно, Цайр нь карбоангидраз карбоксилаз, шүлтлэг фосфатаз, саармаг протеаз,элэгний депелтидаз, глютаматдегидрогеназ зэрэг ферментүүдийн молекулын найрлаганд ордог. Цайр нь инсулин задрахаас сэргийлэхийн зэрэгцээгээр түүнийг идэвхжүүлнэ. Ихэнх амьтны нойр булчирхайн Лангергансийн бетта эсэд цайр ихээр хуримтлагдана. Тэнд цайр инсулинтэй холбогдож иж бүрдэл үүсгэнэ. Цусанд байгаа цайрын 70% нь эритроцитид, 22% нь сийвэнд, 3% нь лейкоцитид агуулагдана. Эритроцитид агуулагдах цайр нь СО2-ийг холбох, холбоог таслах үйл ажиллагааг зохицуулдаг ферментийн найрлаганд орно. Цайр нь төмсгөвчийн эс болон бэлгийн даавар булчирхайн найрлаганд орно. Цайр нь тироксинтэй холбогдож болно. Хивэгч малын урьдал ходоод, олгой, адууны олгой, хос, гахай, туулайн олгойн микрофлорын үйл ажиллагаа нь тэжээлд агуулагдах цайрын хэмжээнээс ихээхэн хамаарна. Бие махбодид цайр дутагдах үед уураг, нүүрс ус, өөх тос, эрдсийн солилцоо хямарч, уураг нийлэгжилт буурах, төл малын өсөлт хөгжилт удаашрах, бэлгийн мөчлөг сул илрэх, төмсгөвчний хөгжил саарах, эр үрийн үүсэлт буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хоол тэжээлд кальци, фосфор их хэмжээгээр агуулагдаж байвал цайрын шимэгдэлт багасна. Кадьми болон зэс организмд илүүдэх нь паракератозын шалтгаан болж болно.
Цайр муу шимэгдэнэ. Тэжээлээр орж ирсэн цайрын 10 хувь нь арван хоёр нугалаа гэдэсний ханаар шимэгдэнэ. Цайрын карбонат, сульфат, исэл хэлбэрээр шимэгдэх нь илүү. Кальци, фитиний хүчил, зэсийн агууламж өндөр байхад цайрын шимэгдэлт дарангуйлагдана. Кадьми цайрын бодис солилцоон дахь оролцоог бүрэн дарангуйлна. А, Ц витамин дуталын үед, бамбай булчирхайн дааврын идэвх буурахад цайрын шимэгдэлт буурна. Цайр нарийн гэдсээр шимэгдэж, сийвэнгийн уурагтай нэгдэн элэг, дэлүү, нойр булчирхайд зөөвөрлөгдөнө. Ихэвчлэн нойр булчирхай, гэдэс болон цөсний шүүрлээр, багахан хэсэг нь шээсээр гадагшлана.
Арьс, яс, үс, ноос, хоол боловсруулах болон амьсгалын замын ферментүүд, улаан эсэд нүүрсхүчлийн хий зөөвөрлөх, яс кальцижих, уураг, нуклейн хүчил нийлэгжих, нөхөн үржихүйн эрхтний хөгжил, үйл ажиллагаа, шарх, түлэгдэлтийн эдгэрэлт, инсулины үйл ажиллагаанд тус тус оролцоно.
1.6.Эмнэлзүйн шинж тэмдэг: Үхэр, хонь, ямаанд өсөлт буурах, ясны гажиг үүсэх, эр бэлгийн булчирхайн хөгжил удаашрах, ороо жигд бус болох, шарх эдгэрэлт удаашрах, цусан дахь дархлаат уургийн хэмжээ буурснаар чацаг алдамтгай болох, үс, ноос халцрах, арьс зузаарч, хайрсжин, барзгар, овон товон болох, хээлтэй малд эрэмдэг төл гарах, төллөх үед зан байдал өөрчлөгдөх, цус багадах, өсөлт зогсох, ноомойрох, ясны үе хооронд цус харвалт үүсэх, яс эргэж шимэгдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хивэгч малын тэжээлийн хуурай бодист 20 мг/кг, гахайд 30 мг/кг, үхэр, хонь, гахайн цусны ийлдсэнд 100 мкг/100 мл, цусанд 300 мкг/100 мл-ээс тус тус бага бол цайр дутал өвчинтэй гэж үзнэ. Саркоптоз, бусад халдварт өвчнөөс ялгаварлан оношлоно.
Цайр дутагдахад мал тэжээлдээ дур муутай болж, ашиг шим нь буурч, тарга хүч авалт удааширна. Энэ нь цайр шууд дутагдсанаас буюу кальци илүүдсэний улмаас уургийн нийлэгжилт саатсантай холбоотой. Цайр дүтагдахад малын бэлгийн бойжилт удааширна. Хонь хээл хаях, гажигтай төл гаргах, төлийн амьдрах чадвар сул байх явдал илэрнэ. Үхрийн цайрын дутмагшил паракератозоор илэрнэ. Өөрөөр хэлбэл арьсний эпидермисийн эвэршилт гажиж, зузаан хөвсгөр хогжруутай болно. Тугалын өсөлт, хөгжилт саатна. Малын цусанд 700 мкг%, сийвэнд 350мг % цайр байвал хангалттай гэж үзэх ба хээлтэй буюу хөхүүл үед цайрын хэрэгцээ нэмэгдэнэ. Цусанд цайр 400мкг%, ийлдсэнд 100мкг %-аас бага байвал цайрын дутмагшил гэж үзнэ.
Хоёр. ОНОШЛОГОО
2.1.Тэжээл, малын цус, үс болон бусад эдэд агуулагдах цайрын хэмжээг тодорхойлно.
Цусны сийвэнд агуулагдах цайрын хэмжээ 100-200мкг/100мл, цусанд 200-400мкг/100 мл -ээс доош агуулагдаж байвал уг өвчний шинж тэмдэг илэрнэ. Эрүүл малын үсэн бүрхүүлд 1 кг хуурай бодисонд 100-130мг хэмжээтэйгээр агуулагдана.
Гурав. ЭМЧЛЭН СЭРГИЙЛЭХ АРГА
3.1.Тэжээл дэх кальци, цайрын хэмжээг судлана. Тэжээлийн хуурай бодист үхэрт 30-60 мг/кг, хонь, ямаанд 20-50 мг/кг, гахайд 45-50 мг/кг цайр байхаар бодож өгнө. Өвчний эхэн үед тооройд хоногт 200 мг/толгой, илэрхий өвчтэйд 500 хүртэл мг/толгой, хүнд нөхцөлд 700-1000 мг/толгой цайрын сульфатыг 2 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар олгоно. Цайрын сульфатыг усанд уусган тэжээлийг шүршиж норгох замаар эсвэл нэг удаа булчинд тарьж болно (5 хувь усан уусмал 10 мг/кг амьдын жин).
Паракератозын үед цистин, лизин зэрэг аминхүчлүүдийг хамт хэрэглэхэд үр дүнтэй. Тэжээлд цайр нэмэхэд амьтны эсийн болон шингэний дархлаа идэвхжиж, бусад өвчнүүдэд ч тэсвэртэй болно.
Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэжээлийн хуурай бодисын 1 кг тутамд 100мг хүхэрлэг цайр нэмж өгнө.
3.2.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A