- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТӨМРИЙН ДУТАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/46 дугаар тушаалын 9 дүгээр хавсралт
ТӨМРИЙН ДУТАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Төмрийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Хамрах хүрээ:Төмрийн дутал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үед зааврыг дагаж мөрдөнө.
1.3.Тодорхойлолт:Төмөр дутал (iron deficiency) нь хоол тэжээл дэх төмрийн агууламж дутмаг мөн малын төмрийн хэрэглээ ихсэж хангалттай хэмжээнд төмөр авч чадахгүйгээс болж цус багадах, өсөлт удааширах, дархлаа сулрах зэрэг гол шинж тэмдэг үзүүлдэг нэгэн төрлийн бодис солилцооны эмгэг юм. Уг эмгэг нь бүх төрлийн мал амьтанд илэрдэг боловч тэжээдэг төл малд ихэвчлэн тохиолддог. Хамгийн мэдрэмтгий нь торой, удаах нь тугал, хурга, ишиг, болон шувууны төрөл.
1.4.Шалтгаан: Анхдагч нөлөөний төмөр дутагдах эмгэгээр ихэвчлэн дөнгөж төрсөн төл өвчилдөг. Төл малын өсөлтийн хурдыг дагаад төмрийн хэрэгцээ төдий чинээгээр нэмэгддэг боловч төмрийн нөөц нь харьцангуй бага байдаг. Торойны төмрийн хэрэгцээ 1 кг аар биеийн жин нэмэгдэхэд 21 мг төмөр шаардагддаг, торой нь сүүгээр дамжуулж өдөрт ердөө 1 мг төмөр авдаг, ихэнх төл малын элэг 2-3 долоо хоногийн хэвийн өсөлтөнд шаардагдах төмрийг нөөцөлдөг, иймээс 3-6 долоо хоногтой төл мал хамгийн их төмөр дутагдах эмгэгээр өвчилдөг. Тугал, хурга, ишиг нь мөн сүүгээр өдөрт 1 мг аас хэтрэхгүй төмөр авдаг, тиймээс биеийн өсөлтийн хэрэгцээнд хангалттай хэмжээний төмөр өгөхийн тулд өдөрт 15 мг шаардлагатай, хэрэв дан сүү юм уу сүү орлуулагчаар төл малаа тэжээвэл төмрийн дутагдал үүсэх өндөр эрсдэлтэй. Бие гүйцсэн малд тэжээл дэх зэсийн агууламж хэт өндөр болсоноос төмөр шингээх явцад саад учруулж цус багадалт болдог. Тахиа нь өндөглөлтийн явцад төмрөө их хэмжээгээр алдаж байдаг, нэг өндөг гаргахад ойролцоогоор 1 мг төмөр зарцуулдаг байна, иймээс идэш тэжээлээр заавал төмрөө нөхөх хэрэгтэй байдаг.
Хоёрдогч нөлөөний төмөр дутагдал нь ихэвчлэн бие гүйцсэн мал өвчилдөг, ихэнхдээ гэдэсний шимэгчээр халдварлагдах, ужиг чанартай халдварт өвчин, цус алдах болон цусны задрал болох зэргээс шалтгаалж үүснэ.
1.5.Шинж тэмдэг: Торойнд ихэвчлэн салст бүрхүүл цайх, идэш тэжээлдээ муудах, өсөлт саарах, номойрох, биеийн эсэргүүцэл муудах, үс хуурай хугарамтгай болох, арьс нимгэрэх зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Задлангийн шинж тэмдэгээр хүүр цайж, турж эцэж, толгой болон биеийн дээд хэсгээр усан хавантай, бие хийн хавантай байна. Мөн элэг томорч, элгэнд толбо үүсэж, өөх гөлгөр саарал шаргал өнгөтэй болно. Туршалтын үр дүнгээр үзэхэд ходоодны ёроолын салст нимгэрч, эс багассан, бүрхүүл эс их хэмжээгээр буурч, үүнээс улбаалж ходоодны хүчлийн шүүрэл багассан. Мөн зүрх томорч, зүрхний булчин суларч, цусны бүлэгнэл саатсан. Хурга, ишиг болон тугаланд ихэвчлэн шимэгч хорохойн халдвар болон, төмрөөр баялаг тэжээлээс тэжээгүйгээс болж төмөр дутагдал үүснэ.Гэрийн тэжээвэр шувуунд бага тохиолддог, тэжээлдэх төмрийн хэмжээ 15 мг/кг буюу түүнээс бага үед төмөр дутагдал үүсдэг.
Хоёр. ОНОШЛОГОО
2.1.Клиник шинж тэмдэг болон ийлдсэн дэх төмөр, төмрийн уураг (Ferritin), (Саалийн үнээнд төмрийн уургийн хэмжээгээр оношлох нь үр дүн муутай) Гемоглобиний агууламж, улаан эсийн тоо, дүрст элемент сийвэнгийн харьцаа, фолийн хүчил зэргийн агууламжаар оношилно. Мөн хачигтсан малын ийлдэс дэх төмрийн хэмжээ хэвийн хэмжээнээс буурдаг.
Гурав. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ
3.1.Гахайн төмөр дутагдлаас сэргийлэх: Mэгжийг төрөхөөс 2 долоо хоногийн өмнө төмрийн бэлдмэлээр тэжээснээр торойг төмөр дутагдлаас үүсэх цус багадалт болохоос урьдчилан сэргийлнэ. Эхийн сүүгээр бойжиж буй торойг хөрс шороо, ногоон ширэг дээр сайн бэлчээх хэрэгтэй, харин дан жүчээ, байранд тэжээдэг торойг сүүнээс гаргахаас өмнө заавал төмөр нөхөх хэрэгтэй. Өдөрт 1.8 хувийн төмрийн сульфат 4 мл-ийг амаар долоо хоног олгоно. Төрөөд 12 цаг болсон торойд амаар төмрийн декстрад олгоно Мөн дахин боловсруулсан төмрийг долоо хоногт нэг удаа 0.5-1.0 гр өгч болох бөгөөд энэ нь торойн хоол боловсруулах салстад сөргөөр нөлөөлөхгүй. Төмрийн сульфатын уусмал (2.5 гр төмрийн сульфат, 1.0 гр зэсийн сульфат, 2.5 гр кобальт хлоридийг 1 л усан уусгаж самбаагаар шүүнэ)-аар өдөр бүр мэгжний дэлэнг арчих, эсвэл ус болон сүү орлуулагчинд хольж хэрэглэнэ, энэхүү арга нь гахайн тоо толгой ихтэй аж ахуйнд илүү тохиромжтой. Уусдаг төмрийн давсыг хэт их хэмжээгээр өгвөл гахайн гэдэсний үрэвсэл болж чацага алдаж үхэлд ч хүргэх аюултай. Мөн хээлтэй мэгж витамин Е болон селен дутагдалтай үед төмрийг их хэмжээгээр тарихад сөрөг нөлөө үзүүлдэг, жишээ нь бөөлжих, чацага алдах, 1-2 цагийн дотор архаг хордлого өгч үхэлд хүрэгдэг.
Биеийн жин ба тэжээл дэх төмрийн агууламжийн харьцаа
3.2.Үхэр, хонь, ямааг төмөр дутагдлаас сэргийлэх: Төмрийн декстраныг булчинд тарьж төмөр дутагдлаас үүссэн цус багадалтыг эмчилж мөн урьдчилан сэргийлж болно. Хурга, ишгэнд 1 хоногтойд 200 мг төмрийн декстраныг булчин маханд, 10 хоногтой болох үед нь давтан тариснаар 60 хоногт цус багадалт болохгүй. Тугаланд декстран 32 мг/кг тооцож булчинд тарина. Эдийн засагт хамгийн хэмнэлттэй арга бол төмрийн сульфатыг амаар өдөр 2-4 гр ийг хоёр долоо хоног өгөх арга юм. Мал дуршилгүй байдаг тул сироп болгон найруулж хуурай өвс тэжээлд нь цацаж хэрэглэж болно.Мөн 5 кг давсанд 1.2 кг төмрийн оксид 0.5 кг төмрийн сульфат хольж долооц бэлдэж болно.
3.3.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A