A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МАЛ, АМЬТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ, ТЭЭВЭР, ТУУВРЫН ЗАМД СААТУУЛЖ, ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТАД АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын  2019 оны 43 дугаар
          тогтоолын 1 дүгээр хавсралт

 

МАЛ, АМЬТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ,
ТЭЭВЭР, ТУУВРЫН ЗАМД СААТУУЛЖ, ХОРИО ЦЭЭРИЙН
ХЯНАЛТАД АВАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт отор, нүүдэл хийх, мал, амьтныг үзэсгэлэн худалдаа, нийтийг хамарсан уралдаан, тэмцээнд оролцуулах, хүнс, арилжаа, бэлэглэл, үржлийн зориулалтаар тээвэрлэх, тууварлах болон мал бүхий иргэд оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сумын нутаг дэвсгэрт шилжин суурьших зорилгоор хийх мал, амьтны шилжилт, хөдөлгөөнийг зохицуулахад энэ журмыг баримтална.

Хоёр. Отор, нүүдлийн зорилгоор хийх мал, амьтны
    шилжилт хөдөлгөөнийг зохицуулах

2.1. Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь отор, нүүдэл хийхээр өөр аймаг, нийслэл, сум, дүүргийн нутгийн захиргааны байгууллага (цаашид “шилжүүлэгч тал” гэх)-аас гаргасан хүсэлтийг харьяа мал эмнэлгийн газар (тасаг)-ын саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

2.2. Мал эмнэлгийн газар (тасаг) нь энэ журмын 2.1-д заасан саналыг гаргахдаа шилжин ирэхээр төлөвлөж байгаа нутаг дэвсгэр дэх мал, амьтны гоц халдварт, халдварт болон шимэгчтэх өвчний тархвар зүйн судалгаа, хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг харгалзан үзнэ.

2.3. Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ отор, нүүдэл хийхийг зөвшөөрсөн тохиолдолд нь шилжүүлэгч талтай гэрээ байгуулж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.11-д заасны дагуу шилжүүлэгч талаас эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргуулан авна.

2.4. Энэ журмын 2.3-т заасан гэрээнд отор, нүүдэл хийх мал, амьтны төрөл, тоо, отор, нүүдэл хийх чиглэл, хугацаа, нутаг дэвсгэрийг заана.

2.5. Шилжүүлэгч тал нь отор, нүүдэл хийх мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан байна.

2.6. Шилжүүлэгч болон хүлээн авагч талын Засаг дарга отор, нүүдлийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, хяналт тавих хамтарсан ажлын хэсгийг байгуулна.

2.7. Хамтарсан ажлын хэсэг нь отор, нүүдэл хийх явцад болон гэрээгээр тогтоосон нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах, бэлчээр, уст цэг, үерийн жалга, усны эх булгийг цэвэрлэх, хашаа, хороог халдваргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.8. Энэ журмын 2.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг шилжүүлэгч тал хариуцна.

Гурав. Отор, нүүдлээс бусад зорилгоор хийх мал, амьтны
       шилжилт хөдөлгөөнийг зохицуулах

3.1. Малчин, мал бүхий иргэн оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сумын нутаг дэвсгэрт шилжин суурьших, үзэсгэлэн, худалдаа, уралдаан, тэмцээнд оролцох, эсхүл үржлийн болон хүнс, арилжаа, бэлэглэлийн зориулалтаар мал, амьтныг тууварлах, тээвэрлэх бол Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.4-т заасан шаардлагыг  урьдчилан хангасан байна.

3.2. Үржлийн мал, амьтныг худалдах, худалдан авахтай холбогдсон шилжилт хөдөлгөөнийг тухайн мал, амьтныг эрүүл болохыг нотолсон мал эмнэлгийн гэрчилгээг үндэслэн хийнэ.

3.3. Энэ журмын 3.2-т заасан гэрчилгээг тухайн орон нутгийн гэрээт мал эмнэлгийн нэгжийн эрүүл мэндийн тодорхойлолтыг үндэслэн сумын мал эмнэлгийн тасаг олгоно.

3.4. Халдварт өвчингүй, тайван болон тусгаарласан бүс нутаг руу мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн бүсэд мөрдөхөөр мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврыг дагаж мөрдөнө.

3.5. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас уруудсан мал, амьтныг буцаан тээвэрлэж, тууварлахаас өмнө тухайн мал, амьтан очсон нутаг дэвсгэрийн гэрээт мал эмнэлгийн нэгж үзлэг хийж, эрүүл мэндийн тодорхойлолт олгосон байна.

3.6. Энэ журмын 3.5-д заасан эрүүл мэндийн тодорхойлолтыг үндэслэн сумын мал эмнэлгийн тасгаас гэрчилгээ олгосны дараа уг мал, амьтныг тээвэрлэх, эсхүл тууварлана.

3.7. Олон улсын болон улсын чанартай авто зам дамжин өнгөрдөг аймаг, сумын нутаг дэвсгэрт мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийх үед түр саатах, түр амраах цэгийг мал эмнэлгийн газар, тасгийн улсын байцаагчийн саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга тогтоож, нийтэд мэдээлнэ.

Дөрөв. Мал, амьтныг тээвэр, тууврын замд саатуулж,
       хорио цээрийн хяналтад авах

4.1. Хяналтын цэгийн болон мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.6-д зааснаас гадна дараахь тохиолдолд мал, амьтныг тээвэрлэх, тууварлах замд саатуулж, хорио цээрийн хяналтад авна:

4.1.1. мал эмнэлгийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан;

           4.1.2. мал эмнэлгийн гэрчилгээнд бичигдсэн тээврийн хэрэгсэл солигдсон;

           4.1.3. мал эмнэлгийн гэрчилгээнд бичигдсэн мал, амьтны төрөл, тоо, зүс, ялган тэмдэглэгээ нь цахим бүртгэлийн сангийн мэдээллээс зөрүүтэй;

4.1.4. гэрчилгээний хүчинтэй хугацаанд тухайн мал, амьтны гарал
үүсэл бүхий нутаг дэвсгэрт нь халдварт өвчин шинээр оношлогдсон;

           4.1.5. мал эмнэлгийн гэрчилгээнд бичигдсэн аймаг, сум дамжин өнгөрөх замын чиглэлийг зөрчсөн, дамжин өнгөрөх мал эмнэлгийн хяналтын цэгийн бүртгэл, тэмдэглэгээ хийгдээгүй, хяналтад ороогүй;

          4.1.6. мал, амьтны халдварт өвчний голомт илэрсэн нутаг дэвсгэрээр тухайн тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн талаар мал эмнэлгийн байгууллагаас мэдээлэл ирүүлсэн.

4.2. Мал эмнэлгийн хяналтын цэгт болон тээвэр, тууврын замд мал, амьтан саатуулсан тохиолдолд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.3. Энэ журмын 4.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу мал, амьтныг тээвэрлэж, тууварлаж, унаж эдэлж байгаа иргэн, хуулийн этгээд хариуцна.

4.4. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан гарч болох халдварт өвчний хор хөнөөл, түүнээс сэргийлэх талаар иргэн, хуулийн этгээдэд ухуулга, сурталчилгаа хийх, мэдээллээр хангах ажлыг хариуцан хэрэгжүүлнэ.

Тав. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

5.1. Мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийж буй иргэн, хуулийн этгээд нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.4-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ:

                 5.1.1.тогтоосон замын чиглэлийн дагуу мал, амьтныг тээвэрлэж, тууварлах;

                 5.1.2. хүлээн авагч талын Засаг даргаас тогтоож өгсөн нутаг  дэвсгэрт оторлох, нүүдэллэх;

                 5.1.3. мал, амьтныг тээвэрлэхдээ зориулалтын, эсхүл мал, амьтанд бэртэл гэмтэл учруулахгүй байхаар нэмж тоноглосон тээврийн хэрэгслийг ашиглах, тээвэрлэхийн өмнө механик цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэх;

                 5.1.4. отор, нүүдэл болон худалдах, арилжихаас бусад зорилгоор тээвэрлэж, тууварлаж яваа мал, амьтныг тухайн сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн зөвшөөрөлгүйгээр худалдаалах, солих, үлдээхгүй байх;

                 5.1.5. мал, амьтны шилжилт хөдөлгөөний үед хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг зөвшөөрсөн цэгт зааврын дагуу устгах;

                 5.1.6. шилжилт хөдөлгөөний үед мал, амьтны өвчний сэжиг илэрсэн тохиолдолд засаг захиргаа, мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх;

                 5.1.7. мал, амьтан тээвэрлэх, тууварлах талаар эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааврыг мөрдөх;

                 5.1.8. олон улсын болон улсын чанартай авто зам дамжин өнгөрдөг аймаг, сумын нутаг дэвсгэрээр мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийх бол тогтоосон цэгт түр саатах, түр амраах.

5.2. Иргэн, хуулийн этгээд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхтэй холбоотой санал, гомдлоо холбогдох эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

------o0o------