A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

             Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайдын 2019 оны

02 дугаар сарын 14 - ний өдрийн  А/65  дугаар тушаалын

нэгдүгээр хавсралт

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

                   1.1.Энэхүү журмын зорилго нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 18.1.1-18.1.6, 18.1.8, 18.1.10-д заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээ, Ахмад настны тухай хуулийн 7.1.2-7.1.4, 7.1.9-д заасан ахмад настанд үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.6, Ахмад настны тухай хуулийн 7.1.3-д заасан үйлчилгээг үзүүлэх иргэнд тус тус магадлан итгэмжлэл олгох эсэх талаар шийдвэр гаргах, магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

                   1.2.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, сайн дурын үндсэн дээр  шударга байх зарчмыг баримтална.

                   1.3.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь магадлан итгэмжлүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын үйлчилгээ үзүүлэх ажлын байр, мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, үйлчилгээний чанарт тавигдах шалгуур үзүүлэлт, стандартыг хангаж байгаа эсэхийг үнэлэх, дүгнэлт, шийдвэр гаргахад оршино.

             1.4.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зарим зардлын хэмжээг /гэрчилгээ хэвлүүлэх/ нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтооно.

                   1.5.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, үйл явцын талаар нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудаст холбогдох мэдээллийг тогтмол байршуулна.

Хоёр. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт

        2.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх магадлан итгэмжлэх Орон тооны бус зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ хэрэгжүүлэх ба уг зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга магадлан итгэмжлэлийн гэрчилгээ олгоно.

       2.2.Зөвлөл нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох төрийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөл нь дарга, орлогч даргатай байна.

2.3.Зөвлөлийн дарга нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэд дарга, зөвлөлийн орлогч дарга нь тус байгууллагын нийгмийн халамжийн асуудал хариуцсан газрын дарга байна.

2.4.Зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүдийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батална.

2.5.Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл нь орон тооны бус зөвлөлийн гишүүнээр нэг жилийн хугацаатай томилогдох бөгөөд дахин нэг удаа улиран ажиллаж болно.

2.6.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тус байгууллагын олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн байх бөгөөд дараах ажлыг  хариуцан гүйцэтгэнэ:

2.6.1.зөвлөлийн хурал зарлах, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, хурлын тэмдэглэл хөтлөх;

2.6.2.магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад магадлан итгэмжлэлд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх;  

2.6.3.магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл, гомдлыг хянаж хариу өгөх, шаардлагатай бол Зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэх;

2.6.4.зөвлөлөөс гарсан шийдвэрийг албажуулах бөгөөд холбогдох иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад мэдэгдэх, олон нийтэд мэдээллэх;  

2.6.5.магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан шийдвэр, тайлан мэдээ, санал дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэх;

            2.6.6.зардлын зарцуулалтын тайланг магадлан итгэмжлэл явуулсны дараа 14 хоногийн дотор зөвлөлийн гишүүдэд албан бичгээр танилцуулна.

Гурав.  Зөвлөлийн эрх, үүрэг

3.1. Зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй:

3.1.1.магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах, магадлан итгэмжлэл олгох эсэх, сунгах, хүчингүй болгох шийдвэр гаргах;

3.1.2.магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгааг гаргуулан авах;

3.1.3.шаардлагатай бол газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцах,         хяналт-шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах;

3.1.4.магадлан итгэмжлэх  үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл, гомдлыг хянаж шийдвэрлэх;

3.1.5.магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын саналыг хэлэлцэхээс татгалзах, буцаах;

3.1.6.магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагад тавих;

3.1.7.магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын бүртгэл мэдээлэл, хөдөлгөөн, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хэрэгжилтийн тайланг гаргаж хагас жил тутам нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

3.1.8.зөвлөлийн гишүүн нь өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний аль нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай байхыг хориглох бөгөөд зөрчсөн тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагаа

4.1.Зөвлөлийн үйл ажиллагаа нь ээлжит ба ээлжит бус  хуралдааны хэлбэртэй байна.

4.2.Ээлжит хурал нь жилд нэг удаа хуралдах ба шаардлагатай тохиолдолд  ээлжит бус  хурлыг зарлан  хуралдуулна.

4.3. Зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг зөвлөлийн дарга батална.

4.4.Зөвлөлийн нарийн бичгийн дарга хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох материалыг зөвлөлийн гишүүдэд ажлын 3 хоногийн өмнө цаасаар эсвэл цахим шуудангаар хүргүүлнэ.

4.5.Зөвлөлийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж, саналаа бэлдсэн байна.

4.6.Зөвлөлийн гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралд ирэхгүй тохиолдолд шалтгааныг хурлаас өмнө зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргад мэдэгдэх ба хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа бичгээр өгч болно. Энэ тохиолдолд хуралд ирснээр ирцийг тооцно.

4.7.Зөвлөлийн гишүүдийн 75-аас дээш хувь нь буюу 8 гишүүн хуралд хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.

4.8.Магадлан итгэмжлэл олгох эсэх асуудлыг нээлттэй хурлаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд нууцаар санал хураалт явуулна.

4.9.Хурлын шийдвэр нь зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

4.10.Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

4.11. Зөвлөлийн хуралд тухайн хэлэлцэх асуудалтай холбоотойгоор холбогдох  мэргэжлийн хүмүүсийг санал хэлэх эрхтэйгээр оролцуулж болно.

Тав . Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны үе шат

5.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь дараах үе шаттай явагдана. Үүнд:

5.1.1.иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нь магадлан итгэмжлэлд бэлтгэхдээ энэ журмын Зургаад заасан тавигдах шаардлагын дагуу өөрийн үнэлгээг хийх;

5.1.2.зөвлөлийн гишүүд иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын ирүүлсэн материалд үнэлгээ хийх;

5.1.3.аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас ажлын хэсэг байгуулан газар дээр нь үнэлгээ хийж, ажлын 10 хоногт багтаан дүгнэлт гарган орон тооны бус зөвлөлд хүргүүлнэ.

5.1.4.шаардлагатай тохиолдолд зөвлөлийн гишүүд тухайн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцана.

5.1.5.зөвлөлийн гишүүд иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын ирүүлсэн баримт бичиг, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн дүгнэлтэд үндэслэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид магадлан итгэмжлэл олгох эсэх шийдвэр гаргах.

Зургаа. Иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад тавигдах шаардлага

6.1.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж буй байгууллага нь дараах

шаардлагыг хангасан байна.

 6.1.1. нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр нэг ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;

              6.1.2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.1-18.1.6, 18.1.8, 18.1.10 -т заасан үйлчилгээ, Ахмад настны тухай хуулийн 7.1.2- 7.1.4, 7.1.9-д заасан үйлчилгээний төрлүүдээс үзүүлдэг байх;

          6.1.3.сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээр магадлан итгэмжлэл авах байгууллага нь эрх бүхий байгууллагаас эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх;

            6.1.4.олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх стандартын шаардлага хангасан зориулалтын байртай байх;

        6.1.5.магадлан итгэмжлэлд заасан үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн боловсон хүчинтэй байх;

            6.1.6. татвар, нийгмийн даатгалын байгууллагад өргүй байх;

          6.1.7.төрийн бус байгууллагын хувьд магадлан итгэмжлэлд орох асуудлыг хамт олноороо хүлээн зөвшөөрсөн тодорхойлолттой байх;

           6.1.8. жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байх;

            6.1.9. бүрдүүлсэн баримт бичиг нь зөрчилгүй, үнэн, бодитой байх;

         6.1.10.олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавих шалгуур үзүүлэлт, журам, стандартыг хангасан байх;

       6.1.11.тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан ажлын байрандаа сүүлийн нэг жилийн дотор үйл ажиллагаа явуулсан байх;

         6.1.12.сүүлийн 2 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон бол оролцох эрхгүй.

        6.2. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж буй иргэн нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.6, Ахмад настны тухай хуулийн 7.1.3 дахь хэсэгт заасан үйлчилгээг үзүүлэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

           6.2.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 26.3-т заасны дагуу бүртгүүлж, гэрчилгээ авсан байх;

          6.2.2.эмч, сувилагч мэргэжилтэй болон тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтан байх;

          6.2.3. тухайн чиглэлийн мэргэжлийн диплом, үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээтэй байх;

6.2.4. мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

6.2.5.эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан халдварт өвчин, эмгэггүй, муу зуршилгүй байх;

6.2.6. бүрдүүлсэн баримт бичиг нь зөрчилгүй, үнэн, бодитой байх;

6.2.7.сүүлийн 2 жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон бол оролцох эрхгүй.

Долоо. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах, баримт бичиг бүрдүүлэх

7.1.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж буй байгууллага нь бие дааж үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд байна.

7.2.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах байгууллага нь дор дурдсан материалыг бүрдүүлнэ.         

7.2.1.байгууллагын танилцуулгад дараах агуулгыг бүрэн багтаасан байна. Үүнд:                                                                                                                    

7.2.1.1. байгууллагын бүтэц,  үйл ажиллагааны талаарх товч танилцуулга;   

7.2.1.2. олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ болон ахмад настанд үзүүлэх үйлчилгээний аль төрлийн үйлчилгээг үзүүлэх тухай;

7.2.1.3. олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хувьд аль зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээг үзүүлэх тухай;                              

7.2.1.4.үйлчилгээг аль аймаг, дүүрэгт үзүүлэх тухай;  

7.2.1.5. үйлчилгээ авах иргэдийн хэрэгцээний судалгаа;               

7.2.1.6. үйлчилгээнд шаардагдах байр, орон сууцны үзүүлэлт, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн тодорхойлолт, жагсаалтыг гарган, фото зургийн хамт хавсарган ирүүлэх;

7.2.2. үйлчилгээ үзүүлэх байгууллагын  санал болгож буй удирдах болон мэргэжлийн боловсон хүчний боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээллийг нотлох баримт бичгийн хамтаар ирүүлэх;                                                                                                                                          7.2.3.магадлан 7.2.3.магадлан итгэмжлүүлэх хүсэлт бүхий албан бичиг;

7.2.4. байгууллагын болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 

7.2.5.магадлан итгэмжлэлийн гэрчилгээний хуулбар /анх удаа орох байгууллагад хамаарахгүй/;   

7.2.6.магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтээр хийсэн өөрийн үнэлгээний тайлан;                      

7.2.7. сүүлийн 2 жилийн хугацаанд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ болон ахмад настанд үзүүлэх үйлчилгээний ижил төстэй үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан тохиолдолд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх тайлан мэдээлэл; /давтан магадлан итгэмжлүүлэх байгууллага бол магадлан итгэмжлэгдсэн хугацааны, харин анх удаа магадлан итгэмжлүүлэх байгууллага бол сүүлийн 1 жилийн үзүүлэлт /

7.2.9.санхүүгийн баталгаажсан тайлан;                                                      

7.2.10.харилцагч банкны тодорхойлт; (Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй харилцагч банк бүрээс хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх тодорхойлолт авч ирүүлэх)

7.2.11.магадлан итгэмжлэлд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нь баримт бичгийг бэлтгэн цаасан хэлбэрээр ирүүлэх ба бүх материал тод байх бөгөөд уншигдахгүй материалыг ирүүлээгүйд тооцно;

7.2.12.магадлан итгэмжлэлийн баримт бичгийн бүрдүүлэлтэд заасан материалуудаас аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын материалаас татгалзах үндэслэл болно;

7.2.13. магадлан итгэмжлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй.

7.3.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах иргэн нь дор дурдсан материалыг бүрдүүлнэ.         

7.3.1. иргэний үнэмлэхний хуулбар;

7.3.2. магадлан итгэмжлүүлэх хүсэлт;

7.3.3.мэргэжлийн диплом /гэрчилгээ/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;                                                                                 

            7.3.4. оршин суугаа газрын тодорхойлолт;

            7.3.5. эрүүл мэндийн үзлэгийн хуудас.

Найм. Магадлан итгэмжлэл зарлах, олгох

8.1.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь магадлан итгэмжлэлийг жил бүрийн эхний улиралд багтаан зохион байгуулах бөгөөд магадлан итгэмжлэлд орох иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хүсэлт авах хугацааг байгууллагын цахим хуудсанд 30 хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлж, материал хүлээн авна.

8.2.Зөвлөл нь магадлан итгэмжлүүлэх материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуралдаж  магадлан итгэмжлэл олгох эсэх талаар шийдвэр гаргана.

8.3.Магадлан итгэмжлэлд хамрагдахаар анх удаа хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын баримт бичиг шаардлага бүрэн хангасан, бүтэц, үйл ажиллагаа нь Стандартчиллын Үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан холбогдох үндэсний стандарт, Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд магадлан итгэмжлэлийг 2 жилийн хугацаагаар олгоно. 

8.4.Зөвлөлийн хурлаар баталгаажсан хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга магадлан итгэмжлэлд тэнцсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээ олгох бөгөөд дарга гарын үсэг зурж баталгаажсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

8.5.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, үйлчилгээнд хамрагдсан иргэдийн талаарх мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ.

Ес. Магадлан итгэмжлэлийн хугацааг сунгах

9.1.Магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нь үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацааг дуусахаас 30 хоногийн өмнө дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг дараах материалын хамт бүрдүүлж нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Зөвлөлд ирүүлнэ:

9.1.1. хугацаа сунгуулахыг хvссэн өргөдөл;

9.1.2. иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус  байгууллагын гэрчилгээний

нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;                                        

9.1.3. магадлан итгэмжлүүлсэн гэрчилгээний хуулбар;  

9.1.4. аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагаас хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүн, дүгнэлт;

9.1.5.иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын үйчилгээний чанар, үр дүнгийн талаар үйлчлүүлэгч, олон нийтийн санал, хүсэлт, дүгнэлт;

9.1.6. магадлан итгэмжлэгдсэн хугацаанд хийсэн ажлын тайлан; 9.1.7.сунгалт бүхий тусгай зөвшөөрлийн хуулбар; /тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлчилгээн дээр/

9.2.Холбогдох байгууллагаас хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээгээр үйлчилгээний стандарт, шалгуурыг ханган, үр дүнтэй сайн ажилласан, цаашид үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах чадавх, бололцоотой талаарх дүгнэлт бүхий Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар магадлан итгэмжлэлийн хугацааг дахин 2  жилийн хугацаатай сунгана. 

Арав. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох

 10.1.Магадлан итгэмжлэлийг дор дурдсан нөхцөлд Зөвлөлийн хурлын шийдвэрээр хүчингүй болгоно.                                   

10.1.1.магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дууссан;  

10.1.2.магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн; 

10.1.3.үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гэрээ байгуулсан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад ирүүлэхдээ хуурамч материал бүрдүүлсэн тохиолдолд;

10.1.4.магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын үйлчилгээний төрөл, тусгай зөвшөөрлийн чиглэл өөрчлөгдсөн, эсхүл байгууллага татан буугдсан бол; 

10.1.5.магадлан итгэмжлэл авахаар хуурамч материал бүрдүүлсэн нь тогтоогдсон;            

10.1.6.магадлан итгэмжлэгдсэн хугацаанд үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөө баталж, хэрэгжүүлээгүй, явцын хяналт-шинжилгээ, үнэлгээнд хангалтгүй дүгнэгдсэн бол;

            10.1.7.үйлчлүүлэгчдээс тухайн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чанар, үйл ажиллагаатай холбоотой 3 ба түүнээс дээш удаа гомдол ирсэн бол;

            10.1.8.журмын Зургаад заасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад тавигдах шаардлагын аль нэгийг хангахгүй болсон тохиолдолд.

            10.1.9.магадлан итгэмжлэлийг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад 10 хоногийн дотор албан бичгээр болон цахим хаягаар хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.

Арван нэг. Маргааныг шийдвэрлэх

11.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан маргааныг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. 

11.2.Тухайн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нь Зөвлөлийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй эсхүл гишүүдийн ёс зүй, харилцаа, хандлагатай холбоотой гомдол гарвал магадлан итгэмжлэх орон тооны бус Зөвлөлд дахин нэг удаа хүсэлт гаргаж магадлан итгэмжлэлд орж болно.  

11.3. Магадлан итгэмжлэх орон тооны бус зөвлөл хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.                                                   

11.3.Дахин магадлан итгэмжлэлд орж байгаатай холбогдон гарах зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага хариуцана. Энэхүү магадлан итгэмжлэлийн дүгнэлт нь Зөвлөлийн эцсийн шийдвэр болно.

11.4.Тухайн магадлан итгэмжлэх орон тооны бус зөвлөлд байгууллага нь зөвлөлийн гаргасан шийдвэр, дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гомдол гаргаж болно.                                                      

11.5.Зөвлөлийн хурлын шийдвэрээр шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар дахин хэсэгчилсэн үнэлгээ хийж болно.

 

                                                       - - - oОо - - -