A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • “Эрүүл мэндийн салбарын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайдын 2019 оны сарын өдрийн дугаар

тушаалын 1 дүгээр хавсралт

“Эрүүл мэндийн салбарын зарим ажил үйлчилгээг  

төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Эрүүл мэндийн салбарын зарим үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхэд  чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар чадавхитай, хариуцлагатай байгууллагыг сонгон гүйцэтгүүлж, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад энэхүү журмын зорилго оршино. 

1.2.Эрүүл мэндийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-45.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх /цаашид “Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагаа”/-д эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага /мэргэжлийн нийгэмлэг, холбоод/ энэхүү журмыг дагаж мөрдөнө. 

1.3.Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагаанд дараах үйл ажиллагаа хамаарна:

1.3.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах;

1.3.2.эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгааг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах;

1.3.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагаанд оролцож, санал өгөх;

1.3.4.эмийг бүртгэх, баталгаажуулах, эмийн чанар, аюулгүй байдлын талаар нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд оролцож, санал өгөх;

1.3.5.эрүүл мэндийн байгууллага шинээр байгуулах, байгууллагын одоогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, зориулалтын барилга байгууламж барих, өргөтгөх, зориулалтаар өөрчлөн засварлах, өндөр өртөгтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, худалдан авах, засварлахад тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд оролцож, санал өгөх;

1.3.6.эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны стандартын хэрэгжилт, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, иргэний гомдол, саналын мөрөөр хяналт тавих, үнэлэх үйл ажиллагаанд оролцож, санал өгөх.

1.4.Энэ журмын 1.3-т зааснаас бусад эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны жагсаалт”-д орсон үйл ажиллагааг холбогдох дүрэм, журмын дагуу ил тод, шударга өрсөлдөөнийг дэмжих зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.

Хоёр. Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааны

удирдлага, зохион байгуулалт

2.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Захиалагч байгууллага” гэх/ нь энэ журмын 1.3-т заасан үйл ажиллагааг гүйцэтгэх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах, шалгарсан байгууллагатай гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээг дүгнэх, үр дүнг хүлээн авах, олон нийтэд мэдээлэх ажлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. Сонгон шалгарсан төрийн бус байгууллагын жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна.  

2.2.Энэ журмын 2.1-д заасныг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий дор дурдсан 3 ажлын хэсэг байгуулан ажиллана:

2.2.1.сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, сонгон шалгаруулалтын зар, дүнгийн талаар нийтэд мэдээлэх,  шалгарсан байгууллагын жагсаалтыг батлах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, батлуулах ажлыг хэсэг;

2.2.2.Засгийн газрын тогтоолоор батлагдсан төрийн бус байгууллагатай гэрээний ерөнхий нөхцлийг тохиролцож гэрээ байгуулах, гэрээг дүгнэж, үр дүнг хүлээн авах, гэрээ байгуулсан төрийн бус байгууллагын жагсаалт, гэрээний хэрэгжилт, дүнгийн талаар мэдээлэх ажлын хэсэг; 

2.2.3.гэрээний хэрэгжилтэд явцын болон гүйцэтгэлийн хяналт тавих, гэрээний хэрэгжилтийг сайжруулах чиг үүрэг бүхий гэрээний талуудын төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсэг.

2.3.Ажлын хэсэг тус бүрийг ажлын байрны чиг үүргийн дагуу тухайн үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан нэгж, түүний мэргэжилтэн хариуцан гүйцэтгэнэ. Ажлын хэсэг нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын төлөөллийг тус тус оролцуулсан байна.  

2.4.Энэ журмын 1.3-т заасан үйл ажиллагааны хүрээнд сонгон шалгаруулалтыг тухайн жилийн төсвийн төсөл боловсруулах цагалбартай уялдуулан зохион байгуулж, шалгарсан байгууллагын жагсаалтыг энэ журмын 2.1-д заасны дагуу баталгаажуулсан байна.

2.5.Энэ журмын 2.1-д заасны дагуу баталсан жагсаалтад орсон төрийн бус байгууллагуудтай захиалагч байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллага тус тус гэрээ байгуулан ажиллана.

2.6.Энэ журмын 2.2-т заасан ажлын хэсэг бүр чиг үүргээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл хөтөлж баримтжуулан, архивын нэгж болгон хадгална.

Гурав. Сонгон шалгаруулалт

3.1.Захиалагч байгууллагаас томилогдсон энэ журмын 2.2.1-д заасан ажлын хэсэг шаардагдаж байгаа үйл ажиллагааны зорилт, хүрэх үр дүн, төсөвт өртөг болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан ажлын даалгавар бэлтгэнэ.

3.2.Энэ журмын 1.3-т заасан шаардагдаж байгаа үйл ажиллагааны төсөвт өртгийг тооцохдоо боловсон хүчний мэргэжлийн чиглэл, түвшин, тухайн үйл ажиллагаанд зарцуулах хугацаа, бичиг хэргийн болон шаардлагатай бусад зардалд үндэслэсэн байна.

3.3.Захиалагч байгууллага ажлын даалгавар бэлтгэж, төсөвт өртгийг тооцоолж гаргасны дараа шаардагдаж буй үйл ажиллагааг гүйцэтгэх төрийн бус байгууллагын жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүссэн урилгыг өдөр тутмын болон бусад хэвлэлд нийтэлнэ.

3.4.Сонгон шалгаруулалтын баримт бичгийг Сангийн сайдын баталсан “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-тэй дүйцүүлэн боловсруулна.

3.5.Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага захиалагч байгууллагын mohs.gov.mn цахим хуудасны “Төр, хувийн хэвшлийн түншлэл” булангийн цахим бүртгэлд урьдчилан бүртгүүлсэн байна.   

3.6.Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн төрийн бус байгууллага дээрх цахим бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ захиалагч байгууллагад энэ журмын 2 дугаар хавсралтад заасан нийтлэг шаардлага хангасан баримт бичгийн хамт цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлсэн байна. Бүртгэлд хамрагдсан байгууллагын хүсэлтийн дагуу зохих нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлд тухай бүр тусгана.

3.7.Сонгон шалгаруулалтад оролцогчдын дэлгэрэнгүй жагсаалтад 1/сонгон шалгаруулалтын урилгын хариуд санал ирүүлсэн төрийн бус байгууллага, 2/энэ журмын 3.5-д заасан цахим бүртгэлд бүртгүүлсэн төрийн бус байгууллагыг тус тус оруулна. 

3.8.Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан төрийн бус байгууллагуудаас  “Найдваргүй түнш”-д бүртгэгдээгүй, төрийн бус байгууллагад тавих нийтлэг шаардлага хангасан чадавхи бүхий байгууллагыг сонгож, хураангуй жагсаалт гаргана.

3.9.Хураангуй жагсаалтад багтсан  төрийн бус байгууллагын техникийн болон санхүүгийн саналыг энэ журмын 2 дугаар хавсралтын нийтлэг шаардлага болон 3 дугаар хавсралтын санал үнэлэх шалгуур үзүүлэлтээр үнэлж, шалгаруулна.  

3.10.Захиалагч байгууллага сонгон шалгаруулалтад оролцогчоос хураамж авна. Хураамжид ажлын хэсгийн гишүүний ажлын даалгавар, сонгон шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, баримт бичгийг үнэлэх, бичиг хэрэгсэл болон үйл ажиллагааны бусад зардлыг багтаан тооцсон байна.

3.11.Сонгон шалгаруулалтын хураамжийг захиалагч байгууллагын нэмэлтийн дансанд төвлөрүүлэн зарцуулна. 

3.12.Сонгон шалгаруулалтын дүнг төсвийн ерөнхий менежерт, эсхүл энэ журмын 1.3.2-1.3.6 дахь үйл ажиллагааны холбогдох зөвлөл, комисст танилцуулж, шийдвэр гаргуулна.

3.13.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын дүнг оролцсон төрийн бус байгууллагад албан ёсоор танилцуулах бөгөөд захиалагч байгууллагын mohs.gov.mn цахим хуудасны “Төр, хувийн хэвшлийн түншлэл” булангаар дамжуулан олон нийтэд тухай бүр мэдээлсэн байна.

Дөрөв. Гэрээ байгуулах, санхүүжүүлэх

4.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажсан төрийн бус байгууллагатай захиалагч байгууллагаас томилогдсон энэ журмын 2.2.2-т заасан ажлын хэсэг гүйцэтгэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна.   

4.2.Гүйцэтгэлийн гэрээний ерөнхий нөхцлийг талууд харилцан зөвшилцөж, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 653 дугаар зүйлийн 5 дахь хэсэг болон энэхүү журамд нийцүүлэн гэрээний төслийг боловсруулна.

4.3.Гэрээг захиалагч байгууллагын  төсвийн ерөнхий менежер, тухайн төрийн бус байгууллагын тэргүүн нар байгуулах бөгөөд 3 хувь үйлдэнэ. Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааны ажлын даалгавар, шалгуур үзүүлэлтийг гэрээний хавсралтаар батална.

4.4.Гэрээнд тухайн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан дор дурдсан асуудлыг тусгана:

                     4.4.1.гэрээний зорилго, үндэслэл;

       4.4.2.талуудын хүлээх эрх, үүрэг, хариуцлага,

4.4.3.төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг;

4.4.4.гэрээний хугацаа;

4.4.5.үйл ажиллагааг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө;

4.4.6.санхүүжилтийн хэмжээ, санхүүжүүлэх хэлбэр, хуваарь;

4.4.7.үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан ирүүлэх хугацаа;

4.4.8.гэрээний гүйцэтгэл, чанарыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлт;

4.4.9.гэрээний хэрэгжилтэд хийх хяналтын хугацаа;

4.4.10.гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл.

4.5.Гэрээгээр гүйцэтгэх үйл ажиллагааны цар хүрээ, онцлог, үргэлжлэх хугацаа, үе шат, зардлын хэмжээ, явцын хяналт, гүйцэтгэлийн үнэлгээний дүн зэргээс хамааран дараах хэлбэрээр санхүүжүүлнэ:

4.5.1.тодорхойлогдсон үйл ажиллагааг бүрэн санхүүжүүлэх;

4.5.2.ажлын даалгаврын тодорхой хэсгийг санхүүжүүлэх;

4.5.3.үйл ажиллагааны гүйцэтгэлээр санхүүжүүлэх.

          4.6.Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

4.6.1.энэ журмын 1.3.1 дэх үйл ажиллагаа нь улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хандив тусламжаас;

4.6.2.энэ  журмын 1.3.2 дахь үйл ажиллагаа нь Эрүүл мэндийг дэмжих сан болон орон нутгийн төсвөөс;

4.6.3.энэ журмын 1.3.3- 1.3.6-д заасан үйл ажиллагаа нь улсын төсөв болон аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрөөс.

          4.7.Гэрээний хугацаа нь тухайн гүйцэтгэх үйл ажиллагааны цар хүрээ, давтагдах байдлаас шалтгаалан урт болон богино хугацаатай байна.

          4.8.Гүйцэтгэлийн гэрээний хяналт, үнэлгээний үр дүнг харгалзан гэрээг сунгах, эсхүл цуцлах асуудлыг энэ журмын 5.3-т заасны дагуу шийдвэрлэх бөгөөд гэрээний ерөнхий нөхцөлд тусгасан байна.  

Тав. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэх,

үр дүнг хүлээн авах, мэдээлэх

         5.1.Гэрээний хэрэгжилтэд талууд хамтран явцын болон гүйцэтгэлийн хяналт тавина.

        5.2.Захиалагч байгууллага гэрээний гүйцэтгэгчийг ажлын удирдамж, холбогдох баримт бичгээр хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд сургалт зохион байгуулах, гүйцэтгэгчийн ажилд төрийн байгууллагыг татан оролцуулж хүн хүчний дэмжлэг үзүүлнэ.

            5.3.Гэрээний хэрэгжилт хангалтгүй, үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд  хяналтын дүн, саналыг Төсвийн ерөнхий менежерт танилцуулж, гэрээг үргэлжлүүлэх эсэх талаар шийдвэр гаргуулна.

         5.4.Гэрээний үр дүнг тухайн үйл ажиллагааны гүйцэтгэлийн болон чанарын шалгуур үзүүлэлт, гэрээний бусад нөхцлийн хэрэгжилтийн үр дүнг харгалзан дүгнэнэ.

          5.5.Гүйцэтгэлийн гэрээгээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, санал зөвлөмжийг гэрээнд заасан нөхцлийн дагуу захиалагч байгууллагад урьдчилан танилцуулж, гарсан саналыг тусган, эцсийн тайланг баталгаажуулан цахим болон цаасан хэлбэрээр хүлээлгэн өгнө. Санхүүгийн тайланг зарцуулсан задаргааны хамт ирүүлж, тооцоо хийсэн байна.

        5.6.Захиалагч байгууллага нь гүйцэтгэгчийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, санал, зөвлөмжийг бодлогын шийдвэр, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлнэ.  

          5.7.Гүйцэтгэлийн гэрээ байгуулсан төрийн бус байгууллагын жагсаалт, гэрээний хяналтын дүн, “хамгийн сайн” болон “хангалтгүй” гүйцэтгэсэн төрийн бус байгууллагын мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын mohs.gov.mn цахим хуудасны “Төр, хувийн хэвшлийн түншлэл” буланд байршуулж, олон нийтэд тухай бүр мэдээлнэ.

          5.8.Захиалагч байгууллагын “Төр, хувийн хэвшлийн түншлэл” цахим буланд 1/ энэ журмын 2 дугаар хавсралтад заасан нийтлэг шаардлагын дагуу бүртгүүлсэн төрийн бус байгууллагын бүртгэл, 2/ сонгон шалгаруулалтын зар, 3/ сонгон шалгарсан төрийн бус байгууллагын мэдээлэл, 4/ гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх үйл ажиллагаа, хэрэгжих хугацаа, 5/ санхүүжилтийн хэмжээ, 6/ гэрээний гүйцэтгэл, үр дүн гэсэн мэдээг агуулна.   

          5.9.Энэ журмын 5.8-д заасан мэдээний санг үндэслэн энэ журмын 2.5-д заасан байгууллагууд жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор тайлан гаргаж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан ёсоор хүргүүлсэн байна.

Зургаа. Хариуцлага хүлээлгэх

          6.1.Сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг захиалагч байгууллага болон хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллагад хандаж шийдвэрлэнэ.

        6.2.Сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн захиалагч байгууллагын албан тушаалтан, мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүдэд маргааныг зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

        6.3.Энэ журмын 5.3-т заасан шийдвэрийг үндэслэн сонгон шалгаруулалтад оролцоход хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, гэрээний хэрэгжилтийг биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн төрийн бус байгууллагыг “Найдваргүй түнш”-д бүртгэн авч, цаашид хамтран ажиллахгүй байх үндэслэл болгоно.

          6.4.Гэрээний нөхцлийг зөрчин, хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон төрийн бус байгууллагад холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

-------0-------