A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журам
Бүлэг: 1979

Уул уурхай, хүнд үйлдвэрийнсайдын 
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн

А/16 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг

ашиглалтад хүлээн авах журам

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Энэхүү журмын зорилго нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг тзаасныг үндэслэн холбогдох болон бусад хууль, дүрэм, журам, заавар, стандартын шаардлага, тухайн орд газрыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд нийцүүлэн уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авахад оршино.

1.2.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн ашиглалтын өмнөх бэлтгэл ажлыг бүрэн хангасан аж ахуйн нэгж (цаашид “компани” гэх) нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан хүсэлт гаргаж Комисс (цаашид “Комисс” гэх) томилуулах, томилогдсон Комисс уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрт ажиллахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Комиссын зохион байгуулалт, бүрэлдэхүүн

2.1. Комиссыг дараахь байдлаар зохион байгуулна. Үүнд:

2.1.1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг түшиглэн барьж байгуулсан уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний томилсон Комисс хүлээн авна.

2.1.2. Энэхүү журмын 2.1.1-т зааснаас бусад Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан удирдамжийн дагуу Комисс хүлээн авна.

2.1.3. Улсын Комиссын дарга нь Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын газар, хэлтсийн дарга болон ахлах мэргэжилтэн байна.

2.2. Комиссын бүрэлдэхүүн сондгой тооны 5-9 хүртэлх хүний гишүүнтэй байх ба ажил үүрэг, чиглэлийн дагуу дараах яам, агентлагийн төлөөллийг оролцуулсан байна. Үүнд:

  • Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
  • Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
  • Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын  асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
  • Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
  • Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
  • Орон нутгийн төлөөлөл буюу сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар. (шаардлагатай тохиолдолд)

2.3. Тухайн уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн онцлогийг харгалзан тухайн комиссын бүрэлдэхүүнд шаардлагатай тохиолдолд Дэд бүтэц (зам, тээвэр, эрчим хүч, барилга, хот байгуулалт)-ийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

2.4. Комиссын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэлдэхүүнд багтаж ажиллаж чадахгүй тохиолдолд тухайн чиг үүргийг хариуцсан байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

Гурав. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг

ашиглалтад хүлээн авах Комиссын эрх, үүрэг

3.1. Комисс хурлын дэгийг өөрөө тогтооно. Комиссын дарга дэгийг сахиулж, дэгийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, хурлыг хаалттай хийх, зэрэг хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.

3.2. Комиссын гишүүдийн олонхи уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж үзвэл акт үйлдэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгнө. 

3.3. Комиссын гишүүдийн олонхи тухайн уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй гэж үзвэл компанид хугацаатай албан даалгавар өгч, албан даалгаврын хэрэгжилтийн тайланг албан ёсоор ирүүлсэн тохиолдолд акт үйлдэж болно.

3.4. Комиссын гаргасан дүгнэлттэй зарчмын зөрүүтэй саналтай гишүүд саналаа хурлын тэмдэглэлд тусгайлан тэмдэглүүлж болно.

3.5. Комисс нь Ашигт малтмалын тухай болон Монгол улсад мөрдөгдөж буй бусад хууль, дүрэм, журам, заавар, стандартын шаардлага, тухайн орд газрыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл зэрэгтэй танилцаж, хянан үзэхийн зэрэгцээ дор дурьдсан баримт бичиг, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, шалгана. Үүнд:

3.5.1. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн талбай, хэсэг, цех, шат дамжлагын барилга байгууламж, тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрлийн талбайн шав тэмдэгт газар дээр нь хяналт хийж техник, эдийн засгийн үндэслэл болон бусад зураг төслийн дагуу байгуулсан бүтээн байгуулалт, төсөлд тусгагдсан техник, технологи, тоног төхөөрөмж, машин механизмуудыг ажиллуулж байгаа эсэх;

3.5.2. Ажилтнуудын ажлын байр, ажиллах нөхцөл, ахуйн байр, технологийн болон унд ахуйн усан хангамж, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэр, галын аюулгүй байдал, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, журмын шаардлагад нийцэж буй эсэх;

3.5.3. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хүдрийн далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм” болон уурхай, уулын үйлдвэрийн онцлог, технологи, шат дамжлагад холбогдох бусад хууль, дүрэм, журмын шаардлагад нийцэж байгаа эсэх;

3.5.4. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулах, тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын түгээх байр болон тэсэлгээний үйл ажиллагааны бэлтгэл ажил “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-д нийцэж байгаа эсэх;

3.6. Комиссын бүх гишүүдийн гарын үсэг зурж баталгаажуулсан акт нь уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх, ашиглалтад хүлээн авсан эрх зүйн баримт бичиг болно.

Дөрөв. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг

ашиглалтад хүлээлгэн өгөх компанийн эрх, үүрэг

4.1. Компани нь уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөх хүсэлтээ Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хүргүүлэх баөөрийн эзэмшлийн уурхай болон барилга, байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. 

4.2. Компани нь Комиссын нарийн бичгийн даргад энэхүү журмын хавсралтад заасан бүрдлийг Комисс ажиллахаас ажлын 5 хоногийн өмнө урьдчилж хянуулсан байна.

4.3. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх компани ньКомиссын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлыг хангана.

4.4. Баяжуулах үйлдвэрийн металл авалт, болон гарц, хаягдлын сангийн хоргүйжүүлэлт, далд уурхайн агааржуулалт, агаарын бохирдолт зэргийг мэргэжлийн байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байх ба барилга, байгууламж, эрчим хүчний шугам сүлжээ, дэд станцад эрх бүхий байгууллагын акт, баримтыг бүрдүүлсэн байна. 

4.5. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах Комиссын томилолтын зардлыг хүсэлт гаргасан тухайн компани хариуцна.

Тав. Бусад

5.1. Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авахтай холбоотой гарах маргаантай асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

---о Оо ---