- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /Монголбанкны 2019 оны А-138 дугаар тушаалаар хүчингүй/
/Монголбанкны 2019 оны А-138 дугаар тушаалаар хүчингүй/
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 он
A-57 дугаар тушаалын хавсралт
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ
ТОГТООХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Банкны тухай хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шаардлагыг банк үйл ажиллагаандаа хэрхэн биелүүлж байгааг тооцох зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоож, түүний биелэлтэд хяналт тавихад оршино.
1.2.Банк нь өөрийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг зохистой харьцааны дараахь шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож ажиллана:
1.2.1.өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт;
1.2.2.төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа;
1.2.3.зээлийн төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцаа;
1.2.4.гадаад валютын ханшийн эрсдэлийн зохистой харьцаа.
1.3.Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавихад дараах зарчмыг баримтална:
1.3.1.Хувьцаат капитал (ердийн хувьцаа, давуу эрхтэй хувьцаа болон халаасны хувьцаа), бусад өмч (нэмж төлөгдсөн хувьцаа, дахин үнэлгээний нэмэгдэл болон хандивын капитал), хуримтлагдсан ашиг, алдагдал, хоёрдогч өглөг болон нийгмийн хөгжлийн санг банкны өөрийн хөрөнгө (Цаашид “Банкны өөрийн хөрөнгө” гэх)-д хамааруулах;
1.3.2.Хувьцаат капитал (ердийн хувьцаа, халаасны хувьцаа болон энэ журмын 2.6.5-т заасан шаардлагыг хангасан давуу эрхтэй хувьцаа), цэвэр ашгаас байгуулсан нөөцийн сан болон хуримтлагдсан ашиг алдагдал, нэмж төлөгдсөн хувьцаа (ердийн хувьцаа) болон хандивын капиталийг банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө (Цаашид “Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө” гэх)-д хамааруулах;
1.3.3.Банкны хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө (цаашид “Хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө” гэх)-д хувьцаат капитал дахь энэ журмын 2.6.4-т заасны дагуу нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд тооцогдсоноос бусад давуу эрхтэй хувьцаа, нэмж төлөгдсөн хувьцаа (давуу эрхтэй хувьцаа), дахин үнэлгээний нэмэгдэл, нийгмийн хөгжлийн сан, энэ журмын 2.6.8-д заасан тохируулгыг хийсэн банкны активын ерөнхий эрсдэлийн сан болон 5-аас дээш жилийн хугацаатай хоёрдогч өглөгийг оруулах;
1.3.4.Гэрээнд заасан хугацаа дууссаны эцэст хөрөнгө оруулагчдын хурлын шийдвэрийг үндэслэн хувьцаагаар солих нөхцөлтэй, энэ талаар холбогдох гэрээнд тодорхой заасан байх өрийн бичгийг энэ журамд заасан хоёрдогч өглөгт тооцох.
1.3.5.Банкны эрсдэлийн ерөнхий түвшинг "Банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг газар дээр нь шалган үнэлгээ, дүгнэлт өгөх журам"-ыг үндэслэн тодорхойлох;
1.3.6.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш хэлбэлзэхэд алдагдал хүлээх эрсдэлийг гадаад валютын ханшийн эрсдэлд тооцох;
1.3.7.“Гадаад валютын нээлттэй позиц” болох тэнцлийн гадаад валютын активын үлдэгдэл, тэнцлийн гадуур бүртгэлтэй байгаа гэрээ, хэлцэлээс үүсч болзошгүй гадаад валютын авлагын нийлбэр болон тэнцлийн гадаад валютын пассивын үлдэгдэл, тэнцлийн гадуур бүртгэлтэй байгаа гэрээ, хэлцэлээс үүсч болзошгүй гадаад валютын өглөгийн нийлбэрийн цэвэр зөрүүг тооцох;
1.3.8.Энэ журмын 1.3.7-д заасан цэвэр зөрүү сөрөг утгатай үед тухайн цэвэр зөрүүгийн абсолют утгыг “Гадаад валютын нээлттэй богино позиц”, эерэг утгатай үед тухайн цэвэр зөрүүгийн абсолют утгыг “Гадаад валютын нээлттэй урт позиц”, тэг утгатай үед “Гадаад валютын хаалттай позиц” гэж тус тус тодорхойлох;
1.3.9.Тухайн нэг гадаад валют болон нийт гадаад валютын хувьд үүссэн нээлттэй урт, богино позицийг банкны өөрийн хөрөнгөд харьцуулан тогтоосон хязгаарлалт болох “Гадаад валютын нээлттэй позицийн лимит”-ыг тооцох;
1.3.10.Гадаад валютын ханш, хүү болон үнийн хэлбэлзлээс алдагдал хүлээх эрсдэл болох “Зах зээлийн эрсдэл”-ийг тооцох;
1.3.11.Санхүүгийн бүтээгдэхүүний багцаас тодорхой хугацаанд, тодорхой магадлалтайгаар хүлээж болзошгүй алдагдлын дээд хэмжээ болох “Хамгийн их эрсдэл”- "Value-at-Risk" (цаашид "VaR" гэх)-ийг тооцох;
1.3.12.Позиц нэг төгрөгөөр нэмэгдэхэд багцын VaR хэдэн нэгжээр өөрчлөгдөхийг харуулсан хэмжигдэхүүнийг “Ахиуц VaR” буюу “marginal VaR”, багцад шинэ позиц нэмэгдэхэд VaR хэдэн нэгжээр өөрчлөгдөхийг харуулсан хэмжигдэхүүнийг “Өсөн нэмэгдэх VaR” буюу “incremental VaR”, багцаас нэг позиц хаахад VaR хэдэн нэгжээр өөрчлөгдөхийг харуулсан хэмжигдэхүүнийг “Хүчин зүйлийн VaR” буюу “component VaR”, банкинд 12 сарын хугацаанд томоохон хэмжээний санхүүгийн хүндрэл учруулсан үеийн түүхэн мэдээлэлд үндэслэн VaR-г үнэлсэн үнэлгээг “Онцгой VaR” буюу “stressed VaR” гэж тус тус тодорхойлох;
1.3.13.Эрсдэлийн хүчин зүйлийн магадлал багатай боловч боломжтой өөрчлөлтийн дүнд хүлээж болзошгүй алдагдлыг тодорхойлох аргачлалыг эрсдэлийн сорил буюу “Мэдрэмтгий байдлын шинжилгээ” (stress test)-нд хамааруулах;
1.3.14.Эрсдэлийг тооцоолох загварын илэрхийлэх чадварыг бодит мэдээлэлтэй харьцуулах замаар тодорхойлох аргыг “Буцаан шалгалт” (backtesting) гэж тодорхойлох;
1.3.15.Мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, эсвэл гэрээний хугацаа дуусахад мөнгөн хөрөнгөд хөрвөх чадвартай биет бус авлагыг санхүүгийн хөрөнгөд, гэрээний хугацаа дуусахад мөнгөн хэлбэрээр төлөх биет бус өглөгийг санхүүгийн өр төлбөрт хамааруулах;
1.3.16.Банкны дотоод хяналтын тогтолцооны дутагдал, ажилтны зүй бус (ёс зүйн зөрчил, техник алдаа гэх мэт) үйл ажиллагаа, мэдээллийн системийн доголдол, осол болон гадаад хүчин зүйлсийн улмаас алдагдал хүлээх эрсдэлийг үйл ажиллагааны эрсдэлд тооцох.
1.4.Банк нь энэ журмын 1.2-т заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бодитой, үнэн зөв тооцож, түүний өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тогтоон үнэлэлт, дүгнэлт өгөх замаар үйл ажиллагаандаа учирч болзошгүй эрсдэлийг тооцох, түүнээс сэргийлэх арга хэмжээг авна.
1.5.Банк нь өөрийн үйл ажиллагааны бүх төрлийн эрсдэлийг үнэлэх, хяналт тавин удирдах зорилгоор энэ журмын 1.2-т заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээс гадна, эрсдэлийг удирдах бусад нэмэлт дүрэм, журмыг энэхүү журамд заасан шаардлагад нийцүүлэн банкны үйл ажиллагаандаа мөрдөж болно.
ХОЁР.Өөрийн хөрөнгийн хүрэлцээ
2.1.Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг дараахь харьцааг үндэслэн тодорхойлно:
2.1.1.өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа
2.1.2.нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа
2.1.3.системийн нөлөө бүхий банкинд тавигдах нэмэлт өөрийн хөрөнгийн шаардлага.
2.2.Банкны тухай хуулийн 3.1.10-т заасан өөрийн хөрөнгийн шаардлагыг энэ журмын хавсралт 15-д зааснаар тогтооно.
2.3.Тухайн нэг банкны эрсдэлийн ерөнхий түвшин нь банкны системийн дундаж үзүүлэлтээс өндөр байвал тухайн банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг энэ журмын 2.2-т зааснаас дээгүүр тогтоож болно.
2.4.Энэ журмын 2.6-д заасны дагуу тохируулсан өөрийн хөрөнгийг энэ журмын 2.7-д заасны дагуу тодорхойлсон эрсдэлээр жигнэсэн активт харьцуулж өөрийн хөрөнгө эрсдлээр жигнэсэн активын харьцааг тооцно.
2.5.Энэ журмын 2.6-д заасны дагуу тохируулсан нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг энэ журмын 2.7-д заасны дагуу тодорхойлсон эрсдэлээр жигнэсэн активт харьцуулж нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцааг тооцно.
2.6.Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг тооцохдоо өөрийн хөрөнгийг дараахь байдлаар тохируулна:
2.6.1.Банк болон банкны бус санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгөд шууд болон гуравдагч этгээдээр дамжуулан байршуулсан хөрөнгийн 75 хувийг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс, үлдсэн 25 хувийг хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс тус тус хасна;
2.6.2.Хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс хэтрэхгүй.
2.6.3.Хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд оруулан тооцох хоёрдогч өглөг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтрэхгүй.
2.6.4.урьдчилсан болон дараалсан хяналт, шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдалтай холбоотой залруулгын гүйлгээг зохих дансанд хийж өөрийн хөрөнгийн бодит дүнг гаргана;
2.6.5.хугацаагүй, ногдол ашгийг хуримтлуулан тооцдоггүй давуу эрхтэй хувьцаа нь нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд эзлэх хувь нь 15 хувиас хэтрэхгүй байна;
2.6.6.хянан шалгагч үнэлгээний зохистой байдал, зах зээлийн үнийн хэлбэлзэл, яаралтай худалдан борлуулахад хүлээж болзошгүй алдагдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр шаардлагатай гэж үзвэл банкны тодорхой үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийг хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс хасаж тооцож болно;
2.6.7.гудвилыг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс хасаж тооцно;
2.6.8.Банк нь эрсдэлээр жигнэсэн активын 1 хувиас ихгүй хэмжээгээр ерөнхий эрсдэлийн сангийн нөөцийг хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд энэ журмын 2.6.2.-ыг хангахуйц байдлаар оруулан тооцно.
2.7.Эрсдэлээр жигнэсэн активын дүнг тооцохдоо тэнцлийн актив болон тэнцлийн гадуур бүртгэлтэй гэрээ, хэлцлийн дагуу бусдын өмнө хүлээж болзошгүй үүргүүдийн банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд заасны дагуу тусгай эрсдэлийн сангаар цэвэршүүлсэн дүнг энэ журмын нэгдүгээр хавсралтад заасан эрсдэлийн хувь хэмжээгээр үржүүлж, гарах нийлбэр дүнг дараахь байдлаар тохируулна:
2.7.1.энэ журмын 2.6.1, 2.6.3, 2.6.4, 2.6.5, 2.6.6-д заасан болон бусад залруулгын гүйлгээг активын холбогдох дансуудад хийнэ;
2.7.2.санхүүгийн деривативын зээлтэй адилтган тооцох өртгийг энэ журмын 7 дугаар хавсралтад заасан аргачлалын дагуу тооцно;
2.7.3.Стандарт энд Пурс (Standard & Poors), Мууди (Moody’s), Фич (Fitch) болон бусад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл тогтоох байгууллагаас тогтоосон рейтингийг ашиглан гадаадын банкнаас авах авлагын эрсдэлийн хувь хэмжээ болон гадаадын банкны батлан даалтаар баталгаажсан зээлийн эрсдэлийн хувь хэмжээг дараахь хүснэгтийг үндэслэн тооцно.
Стандарт энд Пурс |
AAA / AA- |
A+ / A- |
BBB+ / BBB- |
BB+ / B- |
B- бага |
Рейтинггүй банк |
Фич |
||||||
Мууди |
Aaa/Aa3 |
A1/A3 |
Baa1/Baa3 |
Ba1/B3 |
B- бага |
|
Урт хугацаат авлага (3 сараас дээш) |
20% |
50% |
50% |
100% |
150% |
100% |
Богино хугацаат авлага (3 сараас доош) |
20% |
20% |
20% |
50% |
150% |
100% |
2.7.4.гадаад валютын ханшийн тэгшитгэлээс хүлээж болзошгүй алдагдлыг “Хамгийн их эрсдэлийн арга”-аар тооцох эрх авсан банк нь энэ журмын 5.13-т заасан дүнг тухайн банкны мөрдөж байгаа өөрийн хөрөнгийн шаардлагын урвуугаар үржүүлэн нэмэх бөгөөд бусад банкны хувьд энэ журмын 5.6-д заасан нийт нээлттэй позицийн дүнг нэмнэ.
2.7.5.үйл ажиллагааны эрсдэлээс учирч болзошгүй хохирлоос сэргийлэхийн тулд банк нь сүүлийн гурван жилийн татварын өмнөх эерэг ашгийн дунджийн 15 хувийг тухайн банкны мөрдөж байгаа өөрийн хөрөнгийн шаардлагын урвуугаар үржүүлэн нэмнэ.
ГУРАВ.Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл
3.1.Банк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн анхны шаардлагаар Төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай эсэхийг энэхүү журмын хавсралт 14-ний дагуу тооцно.
3.2.Түргэн борлогдох активыг касс дахь бэлэн мөнгө, Монголбанкинд байршуулсан хөрөнгө, бусад банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө, үнэт метал, Төв банкны болон Засгийн газрын үнэт цаас, Засгийн газрын баталгаатай хөгжлийн банкны үнэт цаасны дүнгийн нийлбэрээс клирингийн дамжуулалтын саатлын дансдын үлдэгдлийг хасаж тооцно.
3.3.Энэ журмын 3.2-т заасан тооцоллыг хийхдээ гэрээний үндсэн дээр хугацаа, хүүгийн хэмжээг тохироогүй, захиран зарцуулах эрх нь шилжин ирээгүй үнэт цаас, Монголбанкнаас банк байгуулах зөвшөөрлийг нь хүчингүй болгосон, татан буугдсан, дампуурсан, бүрэн эрхт төлөөлөгч болон эрх хүлээн авагч томилсон банкнаас авах авлага болон бусад банкинд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан харилцах, хадгаламжийн үлдэгдлийг түргэн борлогдох активт оруулж тооцохгүй.
3.4.Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг харилцах, хадгаламж, банк санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр болон бусад өр төлбөрийн нийлбэр дүнгээс клирингийн дамжуулалтын саатлын дансдын үлдэгдлийг хасаж тооцно.
3.5.Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг түргэн борлогдох активыг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөд харьцуулж тооцно.
3.6.Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны доод хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно.
3.7.Банк нь санхүүгийн авлага, өглөгийн орох, гарах мөнгөн урсгалын төсөөллийг нэг өдөр, долоо хоног (ажлын 5 өдөр) болон нэг сараар төгрөг, валютаар салган гүйцэтгэнэ. Энэхүү төсөөллийг тооцохдоо тэнцлийн болон тэнцлийн гадуурх дансдын мөнгөн урсгалыг харгалзан үзэж, энэ журмын Хавсралт 6-ын дагуу гүйцэтгэнэ.
ДӨРӨВ.Зээлийн төвлөрлийн эрсдэл
4.1.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг банк хэрхэн биелүүлж байгааг энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу тооцно.
4.2.Банкны нэг зээлдэгч, түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтэрсэн тохиолдолд тухай бүрт Монголбанкинд мэдэгдэнэ.
4.3.Банкны тухай хуулийн 17.3-т заасан хязгаарлалтыг банк хэрхэн биелүүлж байгааг энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу тооцно.
4.4.Банкнаас холбогдох этгээдүүдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт нь нэг төслийг санхүүжүүлэх зорилгоор ашиглагдаж байгаа эсвэл аль нэг зээлийн зориулалт тодорхой бус байна гэж үзвэл Монголбанк “Банкны тухай хууль”-ийн 17.3-т заасан хязгаарлалтыг тооцохдоо эдгээр зээлийг нэгтгэн тооцож болно.
4.5.Зээлийн газар зүйн байршил, эдийн засгийн салбар, зориулалт, барьцаа хөрөнгө болон батлан даагч аж ахуйн нэгжтэй холбоотой төвлөрлийн эрсдэлийг зохих түвшинд нь барьж байх хязгаарлалтыг банк өөрөө тогтоож, дотооддоо мөрдүүлнэ.
ТАВ.Гадаад валютын ханшийн эрсдэл
5.1.Гадаад валютын зохистой харьцааны үзүүлэлтийг нийт болон тухайн нэг гадаад валютын нээлттэй позиц тус бүрээр нь тодорхойлно.
5.2.Нэг гадаад валютын актив пассивын зөрүүг тухайн валютын хувьд дор дурдсан зүйлсийн нийлбэрээр тооцно:
5.2.1.Цэвэр спот позиц буюу тэнцлийн гадаад валютын актив, пассивын зөрүү (үүнд хуримтлуулж тооцсон хүүг оруулан тооцно, алтны үнэлгээг гаргахдаа тухайн үеийн спот ханшийг ашиглана);
5.2.2.Тэнцлийн гадуур бүртгэлтэй байгаа гадаад валютын форвард, фьючерс болон свопын арилжаатай холбоотой өглөг авлагын зөрүү (үүнд свопын хувьд спот арилжаатай холбоотой хэсгийг нь хасч тооцох бөгөөд ирээдүйд орох, гарах мөнгөн урсгалыг спот ханшаар нь үнэлнэ);
5.2.3.Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөх нь тодорхой болсон баталгаа, батлан даалт болон бусад тэнцлийн гадуур бүртгэлтэй хүлээж болзошгүй үүргийн сөрөг дүн;
5.2.4.Ирээдүйд хэрэгжих нь тодорхой болсон, тодорхой гэрээ, хэлцлээр баталгаажсан орлого зарлагын гүйлгээний зөрүү;
5.2.5.Гадаад валютын опционы "дельта" суурьтай өртөг.
5.3.Гадаад валютын эрсдэлийн тайланд зөвхөн тайлант үеэс хойш 6 сарын дотор хэрэгжих гадаад валютын деривативууд, батлан даалт, аккредитив, орлого, зарлага болон гадаад валютын опционы дүнг тусгана.
5.4.Тухайн нэг гадаад валютын нээлттэй позиц нь банкны энэ журмын 2.6-д заасны дагуу тохируулсан өөрийн хөрөнгийн 15 хувиас хэтрэхгүй байна.
5.5.Нийт нээлттэй позицийг гадаад валют тус бүрийн хувьд тооцсон урт позициудын нийлбэр болон богино позицуудын абсолют нийлбэрийн аль их дүн дээр алтны нээлттэй позицийг абсолют дүнгээр нь нэмж тодорхойлно.
5.6.Нийт нээлттэй позиц нь банкны энэ журмын 2.6-д заасны дагуу тохируулсан өөрийн хөрөнгийн 40 хувиас хэтрэхгүй байна.
5.7.Банк энэ журмын 5.4 ба 5.6-д заасан хязгаарлалтыг хангаж ажиллана. Банк гадаад валютын эрсдэлийг үнэлэх дотоод аргачлал ашиглаж болох ба уг аргачлал нь энэ журамд тусгасан “Хамгийн их эрсдэлийн арга”-д суурилсан байна.
5.8.Монголбанкны банкны хяналт шалгалтын чиг үүрэгтэй газар нь банкны дотоод зохион байгуулалттай холбоотой дараахь шалгуурыг хангасан банкинд “Хамгийн их эрсдэлийн арга”-ыг ашиглахыг зөвшөөрнө:
5.8.1.Банк нь эрсдэлийн удирдлагын асуудлыг хариуцсан бие даасан тусгай нэгжтэй, энэхүү нэгж нь математик, статистик тусгай загварын дагуу зах зээлийн эрсдэлээс хүлээж болзошгүй алдагдлын тооцоог өдөр тутам гаргаж, удирдлагад танилцуулдаг тогтолцоог бий болгосон;
5.8.2.Эрсдэлийн удирдлагын асуудлыг хариуцсан нэгжийн удирдлага нь тухайн эрсдэл бүхий актив, пассив болон тэнцлийн гадуурхи хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд тусгай загвар болон програм хангамжийн тусламжтайгаар тооцсон эрсдэлийн үнэлгээг арилжааны лимит тогтоох үйл ажиллагаандаа ашигладаг;
5.8.3.Банкнаас эрсдэлийн удирдлагын талаар, ялангуяа ажилтнуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан тусгай дүрэм, журам, заавар, зөвлөмжийг баталсан;
5.8.4.Банкны дотоод аудитын алба нь өөрийн акт материалдаа дараахь зүйлсийг зайлшгүй тусгасан байна:
5.8.4.а.эрсдэлийг удирдах үйл ажиллагаатай холбоотой баримтын бүрдэл;
5.8.4.б.эрсдэлийг удирдах нэгжийн зохион байгуулалт, эрсдэлийн үнэлгээг хэрхэн ашиглаж байгаа талаар;
5.8.4.в.арилжааны болон арын албанаас эрсдэлийн үнэлгээг тогтооход ашиглаж буй загваруудыг, мөн эдгээр загварт орсон өөрчлөлтийг дээд шатны удирдлагаас хэрхэн баталгаажуулж байгаа;
5.8.4.г.тухайн загвар нь зах зээлийн эрсдэлийг хэр зэрэг үндэслэлтэй тодорхойлж байгаа;
5.8.4.д.удирдлагын мэдээллийн системийн найдвартай байдал;
5.8.4.е.тооцоо судалгаанд ашиглагдаж буй мэдээллийн үнэн зөв бөгөөд бүрэн бүтэн байдал;
5.8.4.ё.эрсдэлийн үнэлгээ тогтооход ашиглаж буй мэдээллийг авч байгаа байгууллагын бие даасан байдал болон мэдээлэл нь найдвартай бөгөөд цаг хугацаандаа ирж байгаа эсэх;
5.8.4.ж.ханшийн хэлбэлзэл, ханшийн хоорондын хамаарлыг үнэн зөв тооцсон байдал;
5.8.4.з.эрсдэлийн үнэлгээний найдвартай байдал;
5.8.4.и.тусгай загварын дагуу тооцсон эрсдэлийн үнэлгээг бодит алдагдлын дүнтэй тухай бүр нь харьцуулж байсан эсэх талаар.
5.8.5.Банк нь гадаад валютын ханшийн өөрчлөлтөөс хүлээж болзошгүй алдагдлыг “Хамгийн их эрсдэлийн арга”-аар тооцохын зэрэгцээ зах зээлийн хүчин зүйлд мэдрэмтгий байдлын шинжилгээг зайлшгүй хийсэн байх шаардлагатай. Үүнд банкинд их хэмжээний алдагдал учруулж болзошгүй буюу эрсдэлийн удирдлагыг алдагдуулж болзошгүй нөхцөл байдал, хүчин зүйлсийн шугаман болон шугаман бус хамаарлыг харгалзан үзнэ.
5.8.6.Банк мэдрэмтгий байдлын шинжилгээг дараахь байдлаар хийж болно:
5.8.6.а.Энэ журмын 13 дугаар хавсралтад заасан ханшийн өөрчлөлтийн хувь хэмжээг ашиглан;
5.8.6.б.“Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох зөвлөмж”-д заасан экстремум хэлбэрийн тархалтаар эрсдэлийг тооцох аргуудыг ашиглан;
5.8.6.г.математик, статистикийн бусад загварыг ашиглан.
5.9.Зах зээлийн эрсдэлийг тооцох программ хангамж нь дараахь тоон шалгуурыг хангасан байна:
5.9.1.VaR, ахиуц VaR, өсөн нэмэгдэх VaR, хүчин зүйлийн VaR-ыг өдөр тутам тооцох чадвартай;
5.9.2.“Хамгийн их эрсдэлийн арга”-аар тооцоолсон алдагдал хүлээх магадлал нь 99 хувьтай байх, үүнд хэвийн тархалттай санамсаргүй хэмжигдэхүүний нягтын функцийг ашигладаг;
5.9.3."VaR"-ын дүнг ажлын 10 өдрийн хугацаанд гарч болзошгүй ханшийн хэлбэлзлээр тооцдог. Хэрэв хугацаа нь 10 өдрөөс бага байх шаардлагатай бол хугацааг квадрат язгуураар тэгшитгэх ба банк нь энэхүү аргаар тооцох зөвшөөрлийг Монголбанкнаас авна. Энэхүү тооцооллыг ашиглах зөвшөөрөл авсан банк нь тооцооллын бодит байдлыг Монголбанкны хяналт шалгалтын газраар жилд нэг удаа хянуулна.
5.9.4.Ханшийн хэлбэлзлийг тооцохдоо түүврийн аргыг ашиглах бөгөөд дор хаяж 250 бие даасан ажиглалт буюу таван жилийн үзүүлэлтийг хамруулдаг. (Жигнэсэн дундажийн болон бусад аргыг ашиглаж байгаа банкуудын хувьд жигнэсэн дундаж хугацааны хоорондын зай нь 6 сараас багагүй байна. Ханшийн хэлбэлзэл өндөр байх үед хяналт шалгалтын байгууллага нь хэлбэлзлийг тооцох хугацааг дээр заасан хугацаанаас багаар тогтоож болно).
5.9.5.Холбогдох мэдээллийн баазыг нэг сар тутамд шинэчлэх ба шаардлагатай тохиолдолд үүнээс бага хугацаанд шинэчлэх боломжтой байх.
5.9.6.Онцгой VaR-ыг долоо хоног бүр тооцох ба үүнийг энгийн VaR аргаар үнэлэхэд банкны тухайн үеийн нөхцөл байдалд хамгийн их алдагдал учруулж болзошгүй дараалсан 250 бие даасан ажиглалтын утгын түүхэн мэдээллийг сонгон авч, VaR загвартай ижил нөхцлөөр тооцно. Сонгосон хугацааг Монголбанкны Хяналт шалгалтын газар улирал бүр хянана.
5.10.Зах зээлийн эрсдэлийг тооцох загварыг хэрэглэх зөвшөөрөл Монголбанкнаас авахын тулд хэлбэлзэл, “вариац-ковариац”, “цаг хугацаа”, “Монте-Карло” болон тухайн сонгосон загвараар эрсдэлийг тооцоолон, энэхүү журамд заасан бусад шаардлага нөхцлийг нэг жилийн хугацаанд хангасны үндсэн дээр хүсэлт гаргана. Монголбанкны Хяналт шалгалтын газар банкны хэрэглэсэн загварыг 11 дүгээр хавсралтад заасан буцаан шалгалтын аргаар шалган, энэхүү журамд заасан бусад холбогдох шаардлага хангагдсан нөхцөлд тухайн загварыг ашиглах зөвшөөрлийг олгоно.
5.11.Банк нь төрөл бүрийн эрсдэлийн хоорондын хамаарлыг загварт оруулан тооцох эсэх асуудлыг Монголбанкны Хяналт шалгалтын газрын зөвшөөрөлтэйгээр шийдвэрлэнэ.
5.12.Энэхүү журмын 2.7.7-д заасан эрсдэлээр жигнэсэн активт нэмэгдэх гүйлгээг тооцохдоо өмнөх өдрийн "VaR" эсвэл өмнөх 60 өдрийн "VaR"-ын дундажийг үржүүлэгчээр үржүүлсэн дүнгийн аль их дээр хамгийн сүүлд тооцсон онцгой VaR эсвэл өмнөх 60 өдөр тооцсон онцгой VaR-ын дундажийг онцгой үржүүлэгчээр үржүүлсэн дүнгийн аль ихийг нэмж тооцно. Энэхүү үржүүлэгчийн дүнг буцаан шалгалтын дүнг үндэслэн 11 дүгээр хавсралтын дагуу тогтоох ба онцгой үржүүлэгчийн дүнг загварын үр дүнд үндэслэн Монголбанкны хяналт шалгалтын газраас 3-аас 4-ийн хооронд байхаар тогтооно.
5.13.Банк “Хамгийн их эрсдэлийн арга”-ын дагуу тооцсон эрсдэлийн үнэлгээг бодит алдагдлын дүнтэй харьцуулсан судалгааг сар бүр, мэдрэмтгий байдлын шинжилгээний дүнг улирал бүр Хяналт шалгалтын газарт ирүүлж байна.
5.14.Монголбанк зах зээлд онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэн, банкнаас шаардсан нөхцөлд мэдрэмтгий байдлын шинжилгээг хийж, үр дүнг Монголбанкны Хяналт шалгалтын газарт ирүүлнэ.
ЗУРГАА.Үндсэн хөрөнгийн үзүүлэлт
6.1.Банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг үндсэн үйл ажиллагаа болох зээл олголтод ашиглах явдлыг дэмжих зорилгоор банкны үндсэн хөрөнгийн үзүүлэлтийн хязгаарлалтыг тогтооно.
6.2.Банкны үндсэн хөрөнгийн дүнг нийт активт харьцуулж үндсэн хөрөнгийн үзүүлэлтийг тооцно. Үндсэн хөрөнгийн харьцаа нь 8 хувиас дээшгүй байна.
ДОЛОО.Бусад
7.1.Банкны үйл ажиллагаанд мөрдөгдөх зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлтэд Монголбанкны Хяналт шалгалтын газар хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авна.
7.2.Банк нь дор дурдсан тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор Монголбанкны Хяналт шалгалтын газарт бичгээр болон файлаар ирүүлнэ:
7.2.1.Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийн тайлан /1 дүгээр хавсралт/;
7.2.2.Банкны том зээлдэгчид олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгийн тайлан /2 дугаар хавсралт/;
7.2.3.Банкны хувь нийлүүлэгч, өөрийн ажилтан, холбогдох этгээдэд олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгийн тайлан /3 дугаар хавсралт/;
7.2.4. Банкны тэнцлийн гадуур бүртгэлтэй байгаа батлан даалт, аккредитив, бусад хүлээж болзошгүй үүргийн тайлан /4 дүгээр хавсралт/;
7.2.5.Актив, пассивын эргэн төлөгдөх хугацааны тайлан /5 дугаар хавсралт/;
7.2.6.Санхүүгийн авлага, өглөгийн мөнгөн урсгалын тайлан /6 дугаар хавсралт/.
7.2.7.Гадаад валютын эрсдэлийн тайланг тухайн сарын өдөр бүрээр /7 дугаар хавсралт/;
7.2.8.Банкны ерөнхий мэдээлэл /8 дугаар хавсралт/;
7.2.9.Гадаад улсаас авах авлагын тайлан /9 дүгээр хавсралт/.
7.2.10.Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны тайлан /хавсралт 14/
7.3.Гадаад валютын эрсдлийн тайланг /7 дугаар хавсралт/ Монголбанкны Валют, эдийн засгийн газарт өдөр бүр файлаар ирүүлнэ.
Текст томруулах
A
A
A