A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 70 дугаар
тогтоолын хавсралт

ТӨРӨӨС БАРИЛГЫН САЛБАРЫН ТАЛААР
БАРИМТЛАХ БОДЛОГО


Нэг. Ерөнхий мэдээлэл

          
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан хот байгуулалтын нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас шалтгаалан орон нутгаас төв суурин газар руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн эрс нэмэгдэж, хот, суурин газруудад төлөвлөлтгүй, эмх замбараагүй суурьшил ихээр бий болж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх хангагдахгүй, ашиг сонирхол нь зөрчигдөж байна.

Улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, хөгжлийн цаашдын чиг хандлагатай уялдуулан хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэн барилгын салбарын бодлогод шинэчлэл хийх, олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх шаардлага тулгарч байна.

Өнөөгийн байдлаар барилгын салбарын бүтээн байгуулалтын ажлын 94.4 хувийг хувийн хэвшил гүйцэтгэж, жилдээ нийт 3.566,0 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх чадавх бүхий үндэсний компаниуд энэ салбарт ажиллаж байна.

Барилгын салбар зах зээлийн зарчмын дагуу хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгуурлан хөгждөг хэдий ч эрэлт, нийлүүлэлтийн нэгдсэн тооцоо, судалгаагүй, зах зээлийн эрсдэлийн үнэлгээ хийхгүйгээр үйл ажиллагаа явуулснаас өнөөгийн байдлаар барилгын салбарын хувьд 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө барьцаалсан 540 тэрбум орчим төгрөгийн зээлийн өртэй, үүний 318.4 тэрбум нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл болоод байна.

Орон сууц барих зориулалтаар 4.76 их наяд төгрөгийн зээл олгогдсон боловч иргэдийн орон сууц худалдан авах төлбөрийн чадвар жил ирэх тусам буурч 1.9 их наяд төгрөгийн эргэн төлөгдөх баталгаагүй зээл хуримтлагдаж, зах зээлийн эдийн засгийн харилцааны хэвийн нөхцөл алдагдаж, барилгын салбарт төдийгүй банк, санхүүгийн салбарыг эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй байна.

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил цахим хэлбэрт шилжиж, 2018 оны байдлаар энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 854 байгууллага, аж ахуйн нэгж салбарт ажиллаж байгаа хэдий ч зураг төслийг иж бүрнээр боловсруулдаг байгууллагуудын тоо цөөн байгаа нь зураг төслийн болон тооцоо, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэхэд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байна.

Барилгын салбарт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байхгүй, салбарын хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх, судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэлүүд тодорхойгүй байгаагаас техник технологи, инновацийг хөгжүүлэх үйл ажиллагаа дутмаг байна. Барилгын салбарт  2018 оны байдлаар шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгө оруулалтаар 449.2 сая төгрөгийн 6 төсөл хэрэгжсэн нь салбарын хөгжилд бодитой нөлөө үзүүлж чадахгүй байна.

Импортыг орлох, дотооддоо үйлдвэрлэдэг барилгын материал, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, чанарт жилээс жилд ахиц дэвшил гарч, үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн хувьд 6, бетон хийц, эдлэлийн хувьд 4, хөнгөн бетоны хувьд 2 дахин нэмэгдсэнээр барилгын гол, нэр төрлийн түгээмэл хэрэглэгддэг бетон, төмөр бетон болон барилгын дүүргэлтийн материал, хаших бүтээц, дулаалгын материалын хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах түвшинд хүрсэн. Гэвч Улаанбаатар хот дахь барилгын материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төвлөрлийг сааруулах зорилгоор барилгын материалын үйлдвэрүүдийг орон нутагт бүсчлэн байгуулах, уул уурхай, дэд бүтцийн салбарт хэрэгжих томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажил, эрэлт, хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлэх, барилгад өргөнөөр хэрэглэгдэх гол нэр, төрлийн материал, бүтээгдэхүүнийг тодорхойлж, эрэлт, хэрэгцээний тэнцвэрт байдлыг хангах, дотоодын зах зээлийг хамгаалах замаар барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Барилгын материал, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, түгээлт өртөг, зардал ихтэй үйлдвэрлэл, тээвэр ложистикийн тогтолцоонд суурилсан, эдийн засгийн хувьд үр ашиггүй байгаа тул захиалга хүргэлтийн үйлчилгээний оновчтой хэлбэрт шилжүүлэх шаардлага үүсээд байна.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгааны дүнгээр 2018 оны байдлаар барилгын салбарт улсын хэмжээнд 59078 ажиллагсад байгаа бөгөөд цаашид уг ажиллах хүчний хэмжээг 18.6 мянган хүнээр нэмэгдүүлэх хэрэгцээ байна.

Барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд 2018 оны байдлаар нийт 72 мэргэжлээр 1480 инженер, техникийн ажилтан, барилгын өргөн мэргэжлээр 13825 ажилчин сурган бэлтгэж, мэргэжил эзэмшүүлэн төгсгөсөн байна. Гэсэн хэдий ч төгсөгчдийн мэдлэг, ур чадвар ажил олгогчоос тавьж байгаа шаардлагад нийцэхгүй, төгсөгчид мэргэжлээрээ ажиллахгүй байх зэрэг асуудал түгээмэл байна.

Барилгын салбарын техникийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх үндэс болсон барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг техник, технологийн өнөөгийн хурдацтай хөгжилтэй уялдуулан боловсронгуй болгох, олон улсын түвшинд ойртуулах, хүргэх зайлшгүй шаардлага үүсээд байна. 

Орон сууц, олон нийт, үйлдвэрийн бүх төрлийн барилга байгууламжийг төлөвлөх, барих асуудлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн нэгдсэн бодлогоор хангаж, барилга байгууламжийн хүчин чадлыг хот төлөвлөлт, барилгажилтын бодлогод нийцүүлэн хүн амын тоо, суурьшилд тулгуурлан оновчтой төлөвлөж, хүн амыг орон сууцаар хангах, төвлөрлийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах болон хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай байна.  

Улсын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажиллагаанд төрийн оролцоог багасгах, хяналтыг хөндлөнгийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлэх, барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем (БТУМНС)-д шилжүүлэх, олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны барилгын гэрээг нэвтрүүлэх, барилгын материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, түгээлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, төрөөс дотоодын зах зээлийг зохицуулах замаар салбарын эдийн засгийн дархлааг хамгаалах хэрэгцээ байна. 

Хот байгуулалт, барилгын салбарын үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, салбарын техникийн нэгдсэн бодлого, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж шинэ түвшинд гаргах, импортыг орлох экспортын баримжаатай барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, материал, бүтээгдэхүүн, техник, технологи нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал, эрчим хүчний хэрэглээ, дулаан алдагдлыг бууруулж, тогтвортой, ухаалаг, ногоон хот, ногоон барилгын үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх арга замыг тодорхойлох шаардлагатай байна.

Хоёр. Бодлогын зорилго, зорилт

2.1. Бодлогын зорилго

Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогын зорилго нь бүс нутаг, хот байгуулалтын хөгжлийн чиг хандлага, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан барилгын салбарын хөгжлийг эрчимжүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

2.2. Бодлогын зорилтууд

   2.2.1. салбарын бүтэц, тогтолцоог оновчтой тогтоох, хууль эрх зүйн орчин, норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох замаар барилгын техникийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж салбарын хөгжлийг эрчимжүүлэх;

      2.2.2. салбарын шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг  тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоx;

     2.2.3. хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд суурилсан хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажилд тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган олон улсын түвшинд хүргэх орчин нөхцөлийг бүрдүүлэх;

      2.2.4. хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар барилгын салбарын эдийн засгийн өсөлтийг хангаx;

      2.2.5. эх орны эрдэс, түүхий эдийн нөөцийг үр ашигтай, зохистой ашиглах замаар импортыг орлох, экспортын чиг баримжаатай барилгын материалын үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх;

    2.2.6. барилгын салбарын мэргэжлийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, шинэчлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлж, салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах арга хэмжээ авч зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиx;

      2.2.7. орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хангамж, чанар, үйлчилгээг нэмэгдүүлэх замаар иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах;

      2.2.8. барилгын салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээг үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцэд тулгуурлан газрын харилцааны бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх.

2.3. Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

      2.3.1. Салбарын бүтэц, тогтолцоог оновчтой тогтоох, хууль, эрх зүйн орчин, норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох замаар барилгын техникийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн салбарын хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр:

               2.3.1.1. салбарын төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардалгүй, цомхон, чадварлаг байхаар шинэчлэх;

               2.3.1.2. хууль, эрх зүйн баримт бичгүүд хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгаж, салбар дундын уялдаа, зохицуулалтыг сайжруулах;

               2.3.1.3. салбарын норм, нормативын баримт бичгүүдийг эрдэм шинжилгээ, судалгаанд суурилан боловсронгуй болгон шинэчилж, олон улсын жишигт нийцүүлэх;

               2.3.1.4. салбарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, цахим засаглалыг төлөвшүүлэх;

               2.3.1.5. олон улсад нийтлэг мөрдөгддөг гэрээ, стандартуудыг хэрэглэх, нэвтрүүлэх замаар барилгын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах;

               2.3.1.6. барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдсон стандарт, норм, дүрэм, журмыг боловсронгуй болгох, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

      2.3.2. Салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох чиглэлээр:

                2.3.2.1. эх орны эрдэс түүхий эдийг гүн боловсруулах, барилгын ажлын улирлын нөлөөллийг багасгах, инженер геологийн судалгааг нэмэгдүүлэх, газар хөдлөлт, үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах болон эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх судалгаа, шинжилгээг салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх;

            2.3.2.2. шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд суурилсан гарааны компани байгуулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бойжуулах, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх.

      2.3.3. Хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд суурилсан хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажилд тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган олон улсын түвшинд хүргэх орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр:

               2.3.3.1. хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын төлөвлөлт, чанарыг сайжруулах замаар хүн амын шилжилт хөдөлгөөн, төвлөрлийг сааруулж, нийгмийн үйлчилгээний чанарт дэвшил гаргах;

         2.3.3.2. хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төслийн байгууллага, мэргэжилтнүүдийн хариуцлагыг өндөржүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулах болон зураг төсөлд хийгдэх магадлалын хяналтыг боловсронгуй болгох;

      2.3.4. Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар барилгын салбарын эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр:

               2.3.4.1. салбарын хөгжлийн дунд ба урт хугацааны төлөвлөлтийг улсын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлттэй уялдуулж, түүнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах;

               2.3.4.2. зах зээлийн харилцаанд нийцүүлэн үндэсний бүтээн байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэх, дэмжих, салбарын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, хамгаалах;

               2.3.4.3. эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгыг дэмжих хөнгөлөлттэй зээл, татвар, урамшууллын тогтвортой тогтолцоог бий болгох, хөгжүүлэх.

      2.3.5. Эх орны эрдэс, түүхий эдийн нөөцийг үр ашигтай, зохистой ашиглах замаар импортыг орлох, экспортын чиг баримжаатай барилгын материалын үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх чиглэлээр:

               2.3.5.1. барилгын материалын үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлтийг нэмэгдүүлж, үндсэн нэр, төрлийн материалаар дотоодын хэрэгцээг хангах;

               2.3.5.2. барилгын материалын эрдэс түүхий эдийн хайгуул, судалгааг өргөжүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологи нэвтрүүлэх замаар материалын нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх;

               2.3.5.3. хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх, хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах;

               2.3.5.4. барилгын материал, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах;

               2.3.5.5. барилгын материал, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр ложистикийг оновчтой, боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх.

      2.3.6. Барилгын салбарын мэргэжлийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, шинэчлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлж, салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах арга хэмжээ авч зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

               2.3.6.1. инженерийн болон мэргэжлийн сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлж, сургалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэргэжилтний мэргэжлийн чадамж, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх;

               2.3.6.2. барилгын салбар дахь зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ажлын байрны тогтвортой байдлыг хангаж хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах;

               2.3.6.3. инженер, техникийн мэргэжилтнүүдийн мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх, мэргэшүүлэх, сургалтын болон үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох.

      2.3.7. Орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хангамж, чанар, үйлчилгээг нэмэгдүүлэх замаар иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр:

               2.3.7.1. хот байгуулалтын бодлого, төлөвлөлтөд суурилсан орон сууцны үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэн зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх;

               2.3.7.2. нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсронгуй болгох;

               2.3.7.3. инженерийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх.

      2.3.8. Барилгын салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээг үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцэд тулгуурлан газрын харилцааны бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр:

               2.3.8.1. барилгын салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг орон зайн мэдээлэлд тулгуурлан газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх.

Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх хугацаа, үе шат

3.1. Бодлогыг 2019-2029 онд дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:

I үе шат: 2019-2021 онд барилгын салбарын бодлого, үйл ажиллагаанд шинэчлэлт хийгдэж, хууль, эрх зүйн орчин боловсронгуй болсноор төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт цомхон, чадварлаг болж, төрийн зохицуулалт сайжирч, төр, хувийн хэвшлийн түншлэл өргөжих нөхцөл бүрдэнэ.

II үе шат: 2022-2025 онд барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн цахим систем нэвтэрч, норм, нормативын баримт бичиг боловсронгуй болсноор барилгын үйл ажиллагааны уялдаа холбоо, чанар сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангагдах бодит нөхцөл бий болж, үндэсний бүтээн байгуулалтын чадавх нэмэгдэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой, таатай орчин нөхцөл бүрдэнэ.

III үе шат: 2026-2029 онд барилгын салбарын үйл ажиллагаа шинжлэх ухаан, инновацид суурилан хөгжих боломж нөхцөл бүрдэж, эрчим хүч, усны хэмнэлттэй, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, барилгын материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэн барилгын ажил улирлын хамаарлаас гарна.

Дөрөв. Бодлогын үр нөлөө, бүтээгдэхүүний
         шалгуур үзүүлэлт


4.1. Бодлогын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг дараахь байдлаар тогтоож, 2018 оны тоон мэдээллийг суурь үзүүлэлт болгон үнэлнэ:

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

2018 он

Зорилтот түвшин

2021 он

2025

он

2029 он

1.

Салбарын бүтэц, тогтолцоог оновчтой тогтоох, хууль эрх зүйн орчин, норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох замаар барилгын техникийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж салбарын хөгжлийг эрчимжүүлнэ.

Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

тоо

0

1

-

-

Нэмэлт, өөрчлөлт оруулах хууль

тоо

-

6

11

-

Техникийн зохицуулалт

тоо

-

1

2

3

Норм, нормативын баримт бичгийн боловсруулалт

хувь

27

40

60

80

Олон улсын жишигт нийцсэн стандарт

хувь

55

60

70

80

Цахим сан, програм хангамж

тоо

1

2

4

-

Нэгдсэн цахим систем

тоо

-

1

-

-

Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001 стандарт нэвтрүүлэх байгууллага, аж ахуйн нэгж

тоо

9

12

25

50

Барилгын үйл ажиллагааны олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны барилгын гэрээний хэрэгжилт

хувь

8

15

40

66

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо

MNS ISO 45001 стандарт нэвтрүүлэх байгууллага, аж ахуйн нэгж

тоо

-

3

10

15

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт

хувь

-

100

100

100

2.

Салбарын шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоно.

Импортыг орлох, экспортыг дэмжих шинэ материал, бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл

тоо

-

10

15

20

Барилга угсралтын ажлын улирлын нөлөөллийг  бууруулах судалгаа, үйлдвэрлэл

тоо

-

2

4

6

Инженер геологийн болон инженерийн бэлтгэл ажлын судалгаа

тоо

-

2

4

6

Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийн судалгаа, үйлдвэрлэл

тоо

-

2

5

10

Үйлдвэрлэл, технологийн парк

тоо

-

1

1

-

Ногоон барилгын технологи нэвтрүүлэх гарааны компани

тоо

10

20

30

40

3.

Хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд суурилсан хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажилд тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган олон улсын түвшинд хүргэх орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

Хот төлөвлөлтийн  норм, нормативын баримт бичиг

тоо

-

2

4

6

Ерөнхий төсөл, хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт

хувь

-

-

10

20

Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем  (BIM), Arch JIS програм хангамж нэвтрүүлсэн байгууллага

тоо

2

10

40

80

Магадлалын үйл ажиллагаа

Үе шат

2

1

-

-

4.

Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар барилгын салбарын эдийн засгийн өсөлтийг хангана.

ДНБ-д эзлэх барилгын салбарын хувь хэмжээ

хувь

3.7

5

5

5

Барилгын ажлын механикжилт

хувь

60.9

61

62

65

Барилга угсралтын ажлын хэмжээ

төгрөг

(тэрбум)

2.944.6

4.343,0

8.338,0

12.330,0

Ногоон барилгын үнэлгээний систем

тоо

-

1

2

-

Ногоон гэрчилгээтэй барилга

тоо

-

5

10

20

5.

Эх орны эрдэс, түүхий эдийн нөөцийг үр ашигтай, зохистой ашиглах замаар импортыг орлох, экспортын чиг баримжаатай барилгын материалын үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлнэ.

Үндсэн нэр төрлийн барилгын материалын үйлдвэрлэлийн өсөлт

хувь

-

1.24

 

1.79

 

2.07

Эрдэс хөвөнгийн үйлдвэрийн хүчин чадал

мян м. куб

15

20.2

29.1

31.6

Гангийн үйлдвэрийн хүчин чадал

мян. тонн

100.0

150.0

235.0

435.0

Дотоодын эрдэс түүхий эдийн ашиглалт

ордын тоо

263

273

283

293

Шинэ нэр төрлийн барилгын материалын үйлдвэр

тоо

554

560

570

580

Барилгын дулаан алдагдлын бууралт

хувь

-

20

30

40

Барилгын салбарын хүлэмжийн хийн бууралт

мян.тн СО2

0.3

10.9

30.1

53.7

Тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн

тоо

410

480

550

580

Лабораторийн хүчин чадлын өсөлт

дахин

-

1.5

2.5

3.0

Чөлөөт бүсэд байгуулах импортын хангамжийн төв

тоо

-

1

2

-

Бөөний худалдааны сүлжээ

тоо

-

1

1

1

6.

Барилгын салбарын мэргэжлийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, шинэчлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлж, салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах арга хэмжээ авч зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөртэй их дээд сургууль

тоо

-

5

10

15

Мэргэжлийн сургалтанд олгох тэтгэлэг

хувь

-

40

60

100

Ажиллах хүчний хэрэгцээ

Мян.хүн

65.0

70.2

76.0

85.0

Гадаад ажилчид

хувь

-

9.3

9

8

Инженер, техникийн ажилтны сургалтад хамрагдах хувь хэмжээ

хувь

-

20.0

40.0

60.0

Ур чадварын үнэлгээний шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт

хувь

-

20.0

40.0

60.0

7.

Орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хангамж, чанар, үйлчилгээг нэмэгдүүлэх замаар иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулна.

Орон сууцны үндэсний хөтөлбөр

тоо

-

1

-

-

Төрөөс нийтийн  аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг

тоо

-

1

-

-

8.

Барилгын салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээг үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцэд тулгуурлан газрын харилцааны бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлнэ.

Төрөөс баримтлах бодлого,

хөтөлбөр

тоо

-

3

-

-

 

Тав. Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах
санхүүжилтийн эх үүсвэр

 

5.1. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

      5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

      5.1.2. гадаадын зээл, тусламж;

      5.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

      5.1.4. бусад эх үүсвэр.

Зургаа. Бодлогын хэрэгжилтэд хийх
             хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж, дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

 

-----o0o-----