- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ, ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Засгийн газрын 2019 оны 77 дугаар
тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ, ХОЁРДОГЧ
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэ журмын зорилго нь Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Засгийн газрын дотоод үнэт цаас гаргахад Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг мөрдөнө.
1.3. Засгийн газрын дотоод үнэт цаас (цаашид “ЗГДҮЦ” гэх) гаргахад тухайн жилийн төсвийн тухай хууль, тухайн төсвийн жилийн зээллэгийн дээд хэмжээ болон Өрийн удирдлагын стратегийн баримт бичигт нийцсэн байх шаардлагуудыг хангасан байна.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. “Үнэт цаас гаргагч” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 26.2-т заасан этгээдийг;
2.1.2. “шууд оролцогч” гэж өөрийн болон шууд бус оролцогчийн нэрийн өмнөөс ЗГДҮЦ худалдан авах, худалдах иргэн, хуулийн этгээдийг;
2.1.3. “шууд бус оролцогч” гэж ЗГДҮЦ-ны арилжаа нь хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах үед Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шууд оролцогчоор дамжуулан ЗГДҮЦ худалдан авах, худалдах иргэн, хуулийн этгээдийг;
2.1.4. “арилжааны мэдэгдэл” гэж ЗГДҮЦ-ны нөхцөл болон арилжаалах хэлбэрийг дэлгэрэнгүй тусгасан жагсаалт бүхий зарлалыг;
2.1.5. “нээлттэй арилжаа” гэж үнэт цаас гаргагч нь арилжаа эрхлэгч этгээдээр дамжуулан олон нийтэд ЗГДҮЦ арилжаалах хэлбэрийг;
2.1.6. “хаалттай арилжаа” гэж үнэт цаас гаргагч нь арилжаа эрхлэгч этгээдээр дамжуулалгүйгээр шууд хөрөнгө оруулагчдад үнэт цаас арилжаалах хэлбэрийг;
2.1.7. “өрсөлдөөнт санал” гэж ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд хүү болон үнээр өрсөлдөхөөр ирүүлсэн саналыг;
2.1.8. “өрсөлдөөнт бус санал” гэж ялгавартай үнэтэй арилжааны үед амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын жигнэсэн дундаж хүүгээр, нэгдсэн үнэтэй арилжааны үед амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын таслагдсан хүүгээр тус тус биелэх саналыг;
2.1.9. “ялгавартай үнэтэй арилжааны хэлбэр” гэж өрсөлдөөнт бус санал нь тухайн арилжааны амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын жигнэсэн дундаж хүүгээр, өрсөлдөөнт санал нь тухайн шууд оролцогчийн ирүүлсэн хүүгийн саналаар биелэх ЗГДҮЦ-ны арилжааны хэлбэрийг;
2.1.10. “нэгдсэн үнэтэй арилжааны хэлбэр” гэж өрсөлдөөнт бус санал болон өрсөлдөөнт санал нь тухайн арилжааны амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын таслагдсан хүүгээр биелэх ЗГДҮЦ-ны арилжааны хэлбэрийг;
2.1.11. “ISIN дугаар” гэж үнэт цаасны олон улсын бүртгэлийн дугаарыг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗГДҮЦ-ны арилжаанд оролцогчдын чиг үүрэг
Гурав. Үнэт цаас гаргагчийн чиг үүрэг
3.1. Үнэт цаас гаргагч нь ЗГДҮЦ-ны арилжаанд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. ЗГДҮЦ-ны арилжааны хуваарийг энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу бэлтгэн мэдээлэх;
3.1.2. ЗГДҮЦ-ны арилжааны мэдэгдлийг энэ журмын хоёрдугаар хавсралтын дагуу бэлтгэн мэдээлэх;
3.1.3. ЗГДҮЦ-ны арилжааны хуваарилалтыг хийх;
3.1.4. ЗГДҮЦ-ны төлбөр тооцоог гүйцэтгэх нөхцөлүүдийг энэ журамд нийцүүлэн төлбөр тооцоо гүйцэтгэгч этгээдтэй байгуулсан гэрээгээр тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих; (Засгийн газрын 2020 оны 199 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
3.1.5. ЗГДҮЦ-ны арилжааны үр дүнг тухай бүр олон нийтэд мэдээлэх;
3.1.6. ЗГДҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх;
3.1.7. ЗГДҮЦ-ны арилжаанд оролцогч этгээдүүдээс арилжааны мэдээлэл, ЗГДҮЦ эзэмшигчийн талаарх мэдээлэл, судалгааг тухай бүр гаргуулан авах;
3.1.8. ЗГДҮЦ-ны зах зээлийг хөгжүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах чиглэлээр шаардлагатай бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3.1.9. ЗГДҮЦ-ыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах, хөрөнгө оруулагчтай тохиролцож өмнө нь гаргасан ЗГДҮЦ-ны нөхцөлийг шинэчлэн тогтоох, хугацааг сунгах;
3.1.10. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
3.2. Үнэт цаас гаргагчийн шийдвэрээр ЗГДҮЦ-ны зах зээлд үндсэн дилер (primary dealer)-ийн тогтолцоог нэвтрүүлж болно.
3.3. Үндсэн дилерийн эрх, үүрэг, урамшуулал, ЗГДҮЦ-ны зах зээл дэх оролцоог энэ журамтай нийцүүлэн Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний хүрээнд зохицуулна.
3.4. Үнэт цаас гаргагч нь ЗГДҮЦ-ны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны зохион байгуулалтын нарийвчилсан нөхцөлүүдийг энэ журамтай нийцүүлэн арилжаа эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээний хүрээнд зохицуулна.
3.5. ЗГДҮЦ-ны анхдагч болон хоёрдогч зах зээлийн үнэ, өгөөж, хүү тооцох болон арилжааны хуваарилалт хийх, ЗГДҮЦ-ыг хоёрдогч зах зээлээс буцаан худалдан авах аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Дөрөв. Арилжаа эрхлэгч этгээдийн чиг үүрэг
4.1. Арилжаа эрхлэгч этгээд нь Үнэт цаас гаргагчтай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ЗГДҮЦ-ны арилжааг зохион байгуулах хуулийн этгээд байна.
4.2. Арилжаа эрхлэгч этгээд нь ЗГДҮЦ-ны арилжаанд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1. ЗГДҮЦ-ны арилжааг явуулах цахим системээр хангах, уг системийн найдвартай, шуурхай, аюулгүй байдлыг хангаж ажиллах;
4.2.2. ЗГДҮЦ-ны арилжааны хуваарь болон мэдэгдлийг үнэт цаас гаргагчаас хүлээн авч өөрийн цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлэх;
4.2.3. ЗГДҮЦ-ны арилжааг зохион байгуулах;
4.2.4. анхдагч зах зээлийн арилжаа эхлэхэд шууд оролцогчоос арилжаанд оролцох өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус саналыг хүлээн авч үнэт цаас гаргагчид хүргүүлэх;
4.2.5. үнэт цаас гаргагчийн хийсэн ЗГДҮЦ-ны хуваарилалтын мэдээллийг тооцоо болон төлбөр гүйцэтгэгчид тус тус хүргүүлэх;
4.2.6. ЗГДҮЦ-ны арилжааны үр дүнг олон нийтэд өөрийн цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлэх;
4.2.7. хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд шууд оролцогчоос ЗГДҮЦ худалдах, худалдан авах саналыг хүлээн авах;
4.2.8. ЗГДҮЦ-ны арилжааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн хандлагын талаар судалгаа, шинжилгээ хийж Үнэт цаас гаргагчийг мэдээллээр хангах;
4.2.9. ЗГДҮЦ-ны зах зээлийн ил тод байдлыг хангах;
4.2.10. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
Тав. Шууд оролцогчийн чиг үүрэг
5.1. Шууд оролцогч нь ЗГДҮЦ-ны арилжаанд оролцохдоо дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1. арилжааны хуваарь болон мэдэгдлийг шууд бус оролцогчид хүргүүлэх;
5.1.2. ЗГДҮЦ-ыг анхдагч зах зээлээс худалдан авах, хоёрдогч зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулах;
5.1.3. шууд бус оролцогчийн эрхийг хамгаалах, түүнийг ЗГДҮЦ-тай холбогдох үнэн зөв мэдээллээр хангах;
5.1.4. худалдан авсан ЗГДҮЦ-ны төлбөр тооцоог тогтоосон хугацаанд гүйцэтгэх;
5.1.5. шууд бус оролцогчийн ЗГДҮЦ худалдан авах, худалдах саналыг хүлээн авч, түүнийг төлөөлөн ЗГДҮЦ-ны арилжаанд оролцох, арилжааны дүнг мэдээлэх;
5.1.6. ЗГДҮЦ худалдан авах, худалдах саналаа арилжаа эрхлэгч этгээдэд хүргүүлэх;
5.1.7. шууд бус оролцогчийн худалдан авсан, худалдсан ЗГДҮЦ-тай холбогдох мэдээллийг Үнэт цаас гаргагч, арилжаа эрхлэгч этгээдэд хүргүүлэх;
5.1.8. өөрийн болон харилцагч шууд бус оролцогчийн худалдан авсан ЗГДҮЦ-ны төлбөрийг хариуцах.
Зургаа. Шууд бус оролцогчийн чиг үүрэг
6.1. Шууд бус оролцогч нь ЗГДҮЦ-ны арилжаанд шууд оролцогчоор дамжуулан оролцоно.
6.2. Шууд бус оролцогч нь хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгчид эсвэл кастодиан дээр үнэт цаасны данстай байна.
6.3. Шууд бус оролцогч нь ЗГДҮЦ-ны зах зээлийн талаарх мэдээлэл, судалгааг шууд оролцогчоос авах эрхтэй.
Долоо. Бусад оролцогчийн чиг үүрэг
7.1. ЗГДҮЦ-ны хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгч нь үнэт цаас гаргагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр ЗГДҮЦ-ыг хадгалах, түүнтэй холбоотой бүртгэл хөтлөн үнэт цаас гаргагчийг шаардлагатай мэдээллээр тухай бүр хангана.
7.2. Төлбөр, тооцоо гүйцэтгэгч нь арилжааны хуваарилалт хийгдсэний дараа арилжаанд оролцогч талуудын гэрээ хэлцлийн дагуу төлбөл зохих төлбөрийг гэрээ тус бүрээр тодорхойлж, холбогдох санхүүгийн бүртгэл, тооцооллыг хийн энэ даалгаврын дагуу үнэт цаас худалдан авагчаас төлөх төлбөрийг үнэт цаас гаргагчийн дансанд шилжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа
Найм. ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн ерөнхий зарчим
8.1. ЗГДҮЦ-ны анхдагч зах зээл дээрх нэрлэсэн үнийг үнэт цаас гаргагч тогтооно.
8.2. ЗГДҮЦ-ны арилжаанд оролцогч нь үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг мөрдөж, зах зээлийн зарчим, ил тод, шударга байдлыг хангаж ажиллана.
8.3. Үнэт цаас гаргагч нь ЗГДҮЦ-ыг нээлттэй болон хаалттай хэлбэрээр арилжаалж болно.
8.4. Тухайн төсвийн жилд шинээр гаргах ЗГДҮЦ-ны хэмжээг багтаасан зээллэгийн дээд хэмжээний төслийг Өрийн удирдлагын тухай хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газарт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд Засгийн газар оруулна.
8.5. Тухайн төсвийн жилд шинээр гаргах ЗГДҮЦ-ны хэмжээг багтаасан Засгийн газрын зээллэгийн төлөвлөгөөний төсөл болон энэ журмын 8.10-т заасан Засгийн газрын шийдвэрийн төслийг Өрийн удирдлагын тухай хуулийн 26.3-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын газарт оруулна.
8.6. Нээлттэй хэлбэрээр арилжаалах ЗГДҮЦ нь үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр илэрхийлэгдэнэ.
8.7. Нээлттэй арилжаа нь ялгавартай үнэтэй арилжаа болон нэгдсэн үнэтэй арилжааны хэлбэрээр зохион байгуулагдана.
8.8. Үнэт цаас гаргагч нь ЗГДҮЦ-ыг хувьсах болон тогтмол хүүтэйгээр анхдагч зах зээлд арилжаалж болно.
8.9. ЗГДҮЦ-ыг нээлттэй хэлбэрээр арилжаалахад Үнэт цаас гаргагч арилжаа эрхлэгч этгээдийг сонгоно.
8.10. Үнэт цаас гаргагч нь энэ журмын 8.12, 8.13-т заасны дагуу эсхүл Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр хаалттай арилжааг зохион байгуулан арилжаанд оролцогчтой ЗГДҮЦ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ЗГДҮЦ-ны гэрчилгээ олгоно. (Засгийн газрын 2020 оны 199 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
8.11. Үнэт цаас гаргагч нь ЗГДҮЦ-ны ээлжит бус арилжааг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрлөөр арилжаа эрхлэгч этгээдэд хандан явуулж болно.
8.12. Үнэт цаас гаргагч нь Өрийн удирдлагын тухай хуулийн 18.7-д заасны дагуу төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй богино хугацаат үнэт цаасыг хаалттай арилжаагаар Монголбанкинд арилжаалж болно.
8.13. Үнэт цаас гаргагч нь Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-т заасан зориулалтаар гаргасан ЗГДҮЦ-ыг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпорацид хаалттай хэлбэрээр гэрээний үндсэн дээр арилжаална. (Засгийн газрын 2020 оны 199 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
8.14. Үнэт цаас гаргагч болон арилжаа эрхлэгч этгээдийн зүгээс ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд шууд оролцогчдыг үгсэн тохиролцсон эсхүл өндөр хүүгийн санал ирүүлсэн, мөн энэ журмын 3.5-д заасан арилжааны хуваарилалт хийх аргачлалын дагуу санал хуваарилах боломжгүй гэж үзвэл ирүүлсэн саналыг цуцлах эрхтэй.
8.15. Үнэт цаас гаргагч нь арилжааны мэдэгдэлд заасан хэмжээнээс бага хэмжээний үнэт цаасыг арилжаалж болох бөгөөд энэ талаар үндэслэл, тайлбарыг арилжааны үр дүнд тусган олон нийтэд мэдээлнэ.
8.16. ЗГДҮЦ-ны арилжааг эрчим хүчний саатал, програм хангамжийн гэмтэл, бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цуцалж болно.
8.17. Үнэт цаас гаргагч нь анхдагч зах зээлийн арилжааг цуцалсан тохиолдолд хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгчид мэдэгдэж ЗГДҮЦ-ыг бүртгэлээс хасуулах бөгөөд арилжаа цуцлагдсан үндэслэл, тайлбарыг олон нийтэд мэдээлнэ.
8.18. Үнэт цаас гаргагч хугацаа нь дуусаагүй байгаа өмнө хийгдсэн арилжааг дахин нээж болох ба ингэсэн тохиолдолд арилжаа эрхлэгч этгээдэд мэдэгдэнэ.
8.19. Хаалттай арилжааны хүрээнд байгуулах ЗГДҮЦ худалдах, худалдан авах гэрээ болон ЗГДҮЦ-ны гэрчилгээний загварыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. (Засгийн газрын 2020 оны 199 дүгээр тогтоолоор нэмсэн)
Ес. ЗГДҮЦ-ны арилжааны хуваарь, арилжааны мэдэгдэл
9.1. ЗГДҮЦ-ны арилжааны хуваарийг Өрийн удирдлагын тухай хуулийн 26.5-д заасны дагуу зээллэгийн төлөвлөгөө болон стратегийн баримт бичиг, тухайн төсвийн жилийн зээллэгийн дээд хэмжээнд нийцүүлэн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.2. ЗГДҮЦ-ны арилжааны хуваарийг Өрийн удирдлагын тухай хуулийн 26.1-д заасан зориулалтаас хамаарч тодорхой давтамжтай батална.
9.3. Үнэт цаас гаргагч нь ЗГДҮЦ-ны арилжааны хуваарийг бэлтгэн баталгаажуулсны дараа үнэт цаасны хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгчид бүртгүүлэн ISIN дугаар авна.
9.4. ЗГДҮЦ-ны арилжааны хуваарийг үнэт цаас гаргагч, арилжаа эрхлэгч этгээдийн цахим хуудсаар болон бусад сувгаар, шаардлагатай тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан арилжааны хуваарьт туссан эхний арилжааны өдрөөс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдээлнэ.
9.5. ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн ээлжит болон ээлжит бус арилжааг урьдчилан зарласан арилжааны мэдэгдлийн дагуу товлосон хугацаанд тогтоосон хэмжээ, нөхцөлөөр явуулна.
9.6. Үнэт цаас гаргагч нь арилжааны өдрөөс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө арилжааны мэдэгдлийг олон нийтэд зарлана.
Арав. ЗГДҮЦ-ны төлбөр, тооцоо
10.1. ЗГДҮЦ-ны арилжааны тооцоо гүйцэтгэгч нь арилжаа эрхлэх байгууллагын илгээсэн арилжааны хэлцлийн дагуу шууд болон шууд бус оролцогчдын төлбөрийн үүргийг нэг бүрээр болон нэгдсэн байдлаар тодорхойлон төлбөр гүйцэтгэх даалгаврыг төлбөр гүйцэтгэгчид илгээнэ.
10.2. Шууд оролцогч нь өөрийн болон шууд бус оролцогчийн өмнөөс худалдан авсан ЗГДҮЦ-ны төлбөрийг гүйцэтгэнэ.
10.3. Төлбөр гүйцэтгэгч нь тооцоо гүйцэтгэгчээс ирүүлсэн даалгаврын дагуу оролцогчдын төлбөрийг хийж гүйцэтгэх ба төлбөр хийгдсэн эсэх тухай мэдээллийг тооцоо гүйцэтгэгч, үнэт цаас гаргагч, арилжаа эрхлэгч этгээд болон хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгчид хүргүүлнэ.
10.4. Хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгч нь ЗГДҮЦ-ны төлбөр төлөгдсөн эсэх тухай мэдээллийг үндэслэн өмчлөх эрхийг баталгаажуулна.
Арван нэг. ЗГДҮЦ-ны бүртгэл
11.1. Хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгч нь үнэт цаасны олон улсын бүртгэлийн дугаар ISIN-ыг ЗГДҮЦ тус бүрт олгож, бүртгэл хөтөлнө.
11.2. Хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгч нь ISIN дугаарын задаргааг (үнэт цаасны нэр, нэрлэсэн үнэ, арилжаалагдах огноо, дуусах хугацаа гэх мэт) мэргэжлийн байгууллагад мэдээлнэ.
11.3. Хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгч нь энэ журмын 14.6-д заасны дагуу хоёрдогч зах зээлийн арилжааны мэдээллийг тухай бүр хүлээн авч, өмчлөх эрхийг баталгаажуулна.
Арван хоёр. Арилжааны үр дүн
12.1. Арилжаа эрхлэгч этгээд нь арилжааны санал хүлээн авах цаг дууссаны дараа шууд оролцогчдоос ирүүлсэн саналын мэдээг Үнэт цаас гаргагчид мэдэгдэнэ.
12.2. Үнэт цаас гаргагч нь энэ журмын 3.5-д заасан аргачлалыг үндэслэн ирүүлсэн саналын хуваарилалтыг хийнэ.
12.3. Арилжааны үр дүнг үнэт цаас гаргагч болон арилжаа эрхлэгч этгээдийн цахим хуудсаар дамжуулан тухай бүр олон нийтэд мэдээлнэ.
12.4. Нийтэд мэдээлэх арилжааны үр дүн нь нийт зарласан хэмжээ, арилжаанд ирсэн нийт саналын хэмжээ, биелсэн саналын хэмжээ, арилжааны жигнэсэн дундаж хүү, биелсэн саналын хамгийн өндөр хүү, хамгийн бага хүү, таслагдсан хүү зэргийг тусгасан байна.
12.5. Арилжаа эрхлэгч этгээд нь энэ журмын 12.4-т зааснаас бусад арилжааны мэдээллийн нууцыг хадгална.
Арван гурав. ЗГДҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр, тооцоо
13.1. Үнэт цаас гаргагч нь ЗГДҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөрийг ЗГДҮЦ-ны хугацаа дуусах өдөр төлбөр гүйцэтгэгчийн дансанд шилжүүлж, төлбөр гүйцэтгэгч нь тухайн өдөрт багтаан үнэт цаасны эцсийн эзэмшигчид төлнө.
13.2. Үнэт цаас эзэмшигч нь ЗГДҮЦ-ны үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хүлээн авах банкны дансны дугаарыг өмнө бүртгэгдсэнээс өөрчлөх тохиолдолд өөрчилсөн даруйд эсвэл уг ЗГДҮЦ-ны хугацаа дуусахаас ажлын 3 өдрийн өмнө төлбөр гүйцэтгэгчид мэдэгдэж, дансны дугаарын шинэчилсэн бүртгэлийг хийлгэнэ.
13.3. Шууд оролцогч нь төлбөр гүйцэтгэгчид өөрийн харилцах дансны дугаараа буруу оруулах, эсхүл огт оруулаагүйгээс шалтгаалан төлбөр төлөгдөөгүй тохиолдолд ЗГДҮЦ-ны эргэн төлөлт хоцорсон эсхүл хийгдээгүй гэсэн үндэслэлд тооцогдохгүй.
13.4. Төлбөр гүйцэтгэгч нь ЗГДҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр хийгдэж дууссан талаар тухайн өдөрт багтаан хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгчид мэдэгдэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗГДҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа
Арван дөрөв. ЗГДҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжааны зарчим
14.1. ЗГДҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжааг энэ журмын 3.4-т заасны дагуу Үнэт цаас гаргагчийн арилжаа эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээний дагуу зохион байгуулна.
14.2. ЗГДҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцогч нь үйл ажиллагаандаа Өрийн удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөж, зах зээлийн зарчим, ил тод, шударга байдлыг хангаж ажиллана.
14.3. Шууд оролцогч нь өөрийн болон шууд бус оролцогчийн нэрийн өмнөөс ЗГДҮЦ-ыг худалдах/худалдан авах саналыг арилжааны системд оруулна.
14.4. ЗГДҮЦ-ны хоёрдогч зах зээлийн хэлцлийн мэдээллийг арилжаа эрхлэгч этгээд нь төлбөр, тооцоо гүйцэтгэгчид хүргүүлнэ.
14.5. Арилжаа эрхлэгч этгээд нь арилжаалагдсан ЗГДҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нэгдсэн мэдээллийн санг тогтмол үүсгэнэ.
14.6. Төлбөр, тооцоо гүйцэтгэгч нь ЗГДҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжааны төлбөр, тооцоо хийгдсэн мэдээллийг хадгалагч, өмчлөх эрхийн бүртгэгчид хүргүүлж, уг мэдээллийг үндэслэн өмчлөх эрхийг баталгаажуулна.
Арван тав. Үнэт цаасыг буцаан худалдан авах, хугацаа
сунгах, нөхцөл тогтоох
15.1. Үнэт цаас гаргагч нь ЗГДҮЦ-ыг үнэт цаас эзэмшигчтэй харилцан тохиролцсоны дагуу буцаан худалдан авах, хугацааг сунгах, нөхцөлийг шинэчлэх зэрэг өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж болно.
15.2. Үнэт цаас гаргагч нь тохиролцсон хугацааны эцэст тохиролцсон үнээр буцаан худалдах нөхцөлтэйгээр ЗГДҮЦ-ыг худалдан авах хэлцэл (репо арилжаа)-ийг хийж болно.
15.3. Үнэт цаас гаргагч шаардлагатай тохиолдолд буцаан худалдан авах үнэт цаасыг дугаар болон дуусгавар болох хугацаа зэргээр нарийвчлан тогтоож болно.
15.4. Үнэт цаас гаргагч нь зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор ЗГДҮЦ-ны буцаан худалдан авалтын үйл ажиллагааг тогтмол явуулж болно.
15.5. Үнэт цаас гаргагч нь шууд болон шууд бус оролцогчдоос ирүүлсэн саналыг хуваарилахдаа буцаан худалдан авах зардлыг хамгийн бага байх зарчмыг баримтална.
15.6. Үнэт цаас гаргагч нь шууд болон шууд бус оролцогчдыг үгсэн тохиролцсон эсхүл өндөр хүүгийн санал ирүүлсэн гэж үзвэл буцаан худалдан авах саналыг цуцалж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
Арван зургаа. Бусад
16.1. Үнэт цаас гаргагч нь ЗГДҮЦ-ыг анхдагч болон хоёрдогч зах зээлд зуучлан борлуулах, бүртгэл, хадгалалт, төлбөр тооцоо, өмчлөх эрх баталгаажуулах үйлчилгээг тухайн байгууллагуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр тогтооно.
16.2. Өрийн удирдлагын тухай хуулийн 26.7-д заасны дагуу ЗГДҮЦ гаргахтай холбогдон гарах шимтгэл, хураамжийн төлбөрийг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
16.3. ЗГДҮЦ-ны арилжаанд хууль тогтоомжийн хүрээнд Үнэт цаас гаргагч, арилжаа эрхлэгч этгээд хяналт тавьж ажиллана.
16.4. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----o0o-----
“Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч,
хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны
журам”-ын 1 дүгээр хавсралт
20... оны ... сар ... өдөр
АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Үнэт цаасны төрөл |
|
Үнэт цаасны зориулалт |
|
Үнэт цаасны хугацаа |
|
ЗГДҮЦ гаргах дээд хэмжээ |
|
Арилжааны хэлбэр |
|
Зарлах өдөр |
|
Арилжааны өдөр |
|
Төлбөр тооцооны өдөр |
|
“Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч,
хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны
журам”-ын 2 дугаар хавсралт
20... оны ... сар ... өдөр
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ
АРИЛЖААНЫ МЭДЭГДЭЛ
Үнэт цаасны төрөл |
|
Үнэт цаасны хугацаа |
|
Үнэт цаасны зориулалт |
|
Арилжаалах үнэт цаасны тоо ширхэг |
|
Олон улсын үнэт цаасны бүртгэлийн дугаар (ISIN) |
|
Арилжаа явагдах огноо |
|
Төлбөр тооцоо хийх огноо |
|
Үнэт цаасны хугацаа дуусах огноо |
|
Үнэт цаасны өгөөжийн хувь |
/Арилжаагаар тодорхойлогдоно/ |
Купоны хувь хэмжээ |
|
Купон төлөх давтамж |
|
Купон төлөх огноо |
|
Арилжааны хэлбэр (ялгавартай үнэтэй эсхүл нэгдсэн үнэтэй арилжаа) |
|
Өрсөлдөөнт бус санал хүлээж авах цаг |
|
Өрсөлдөөнт санал хүлээж авах цаг |
|
Өрсөлдөөнт бус нийт саналд хуваарилах дээд хэмжээ |
|
Нэг шууд/шууд бус оролцогчийн өрсөлдөөнт бус саналд хуваарилах дээд хэмжээ |
|
Шууд болон шууд бус оролцогчдод хуваарилах өрсөлдөөнт саналын дээд хэмжээ |
|
Текст томруулах
A
A
A