A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Донороос эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, устгах журам
Бүлэг: 1979

                                                                                       Эрүүл мэндийн сайдын

                                            2018 оны  12  сарын 07-ны өдрийн

                                                         А/504 дугаар тушаалын 1 дүгээр

хавсралт

 

Донороос эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах,

 тээвэрлэх, устгах журам

 

Нэг.Амьд донороос эрхтэн авах

 

1.1. Амьд донороос эрхтэн авахын өмнө зөвшөөрлийг бичгээр авсан  байна.

1.2. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өмнө цусны бүлэг тодорхойлох, эд нийцлийн тохирооны шинжилгээг хийж, реципиентэд тохирох эсэхийг шийднэ.

1.3  Амьд донор , реципиентийн  гэр бүлийн хамаарлыг нотолсон байна.

1.4. Амьд донороос эс, эд, эрхтнийг ерөнхий мэдээ алдуулалтын дор авна.

1.5. Эс, эд, эрхтэнг  холбогдох  зааврын дагуу авах явцдаа ойр орчмын эд, эрхтний үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, донор хамгаалах зарчмыг баримтална.

 

                                    Хоёр. Амьгүй донороос эрхтэн авах

 

2.1. Эс, эд, эрхтнийг цогцосноос авахдаа холбогдох  зааврын дагуу авна.

2.2.Судсаар тэжээгдэх эд, эрхтнийг тэжээгч болон тараагуур судас, түүний салаануудыг залгаас хийхэд  хангалттай  хэмжээгээр авч болохуйц  мэс заслын хүрцийг  сонгоно.

2.3. Амьгүй донорын  мэс заслын бэлтгэлийг донор байрлаж буй эмнэлэг хангана.

2.4. Амьгүй донороос эс, эд, эрхтнийг авахдаа дараах дарааллыг баримтлан ажиллана.

                        2.4.1. Элэгний баг хэвлийн хөндийг нээж эрхтэнг чөлөөлнө.

                        2.4.2. Зүрх, уушгины баг цээжний хөндийг нээж  эрхтэн чөлөөлнө.

                        2.4.3. Нойр булчирхай, бөөрний баг эрхтэнг чөлөөлнө.

                        2.4.4. Цээж, хэвлийн эрхтнийг угаана.

2.5. Эрхтэнг авахдаа зүрх, уушги, элэг, нойр булчирхай, бөөр, судас, нүдний эвэрлэг, шөрмөс гэсэн дарааллаар авна.

2.6. Амьгүй донор байрлаж буй эмнэлгийн мэс заслын баг цогцсыг хэвийн болгон хаана.

2.7. Эс, эд, эртхэн авсан тухай тэмдэглэл үйлдэж, багийн гишүүд гарын үсэг зурна.

2.8. Мэс засал хийх боломжгүй эмнэлэгт амьгүй донор гарвал тээвэрлэнэ.

 

Гурав. Донорын эс, эд, эрхтнийг хадгалах, тээвэрлэх

 

3.1. Шилжүүлэн суулгах эд, эрхтэнг  авсан даруйд  зориулалтын уусмалд хадгалан эрхтэн зөөвөрлөх мөстэй  ариун саванд хийж  тээвэрлэнэ.

3.2. зүрх, уушиг,элэг, нойр булчирхайг 4-8 цаг, бөөрийг 12 цаг, нүдний эвэрлэг, шөрмөс 8-10 цаг хадгалж болно.

3.3. Эс, эд, эрхтэн авах багийн эмч  донорын  эд, эрхтнийг зориулалтын түргэн  тусламжийн машинаар  тээвэрлэнэ.

3.4. Эд, эрхтнийг тээвэрлэхэд энэхүү журмын 2.7-д заасан тэмдэглэлийг хавсаргана.

3.5. Эс, эд, эрхтнийг зөөвөрлөхийн өмнө хүлээн авах байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

 

Дөрөв. Шаардлага хангаагүй эс, эд, эрхтнийг устгах

 

4.1. Бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, суулгах горим алдагдсан эс, эд, эрхтэн болон уг үйл ажиллагаанд хэрэглэсэн нэг удаагийн багаж хэрэгслийг хамтад нь устгахдаа холбогдох дүрэм журмын заалтыг баримталж ажиллана.

4.2. Эс, эд, эрхтнийг хэсэгчлэн хэрчиж, бүтцийн бүрэн  бүтэн байдлыг эвдэн, эд эрхтэн шаардлага хангахгүй тухай тэмдэглэл үйлдэн, эрхтэн авах багийн ахлагч тэмдэглэлийг Эмгэг судлалын үндэсний төвд хүлээлгэн өгнө.

4.3. Эмгэг судлалын үндэсний төв нь шаардлага хангахгүй эс, эд, эрхтнийг устгаж, тэмдэглэл хөтлөнө.

 

ооОоо