A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ОБЬЕКТОД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн

78 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ

ОБЬЕКТОД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орших усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект /цаашид “обьект” гэх/-д гэрчилгээ олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Обьектыг гэрчилгээжүүлэх ажлыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ Монгол Улсын хууль тогтоомжоор тавигдсан нөхцөл шаардлагын дагуу эрхлэн гүйцэтгэнэ.

1.3. Обьектын гэрчилгээ нь иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг тогтоохгүй.

1.4. Энэхүү журмын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрх олгогдсон Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон харъяа мэргэжлийн байгууллагын усан замын тээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавина.

1.5. Тээвэрлэгч нь ашиглалтын гэрээ байгуулахдаа тухайн обьект нь гэрчилгээжүүлэлтэд хамрагдсан эсэхийг магадална.

1.6. Гэрчилгээжүүлэх ажиллагаанд ил тод, нээлттэй, шуурхай, хууль тогтоомжийг чанд мөрдөх, аюулгүй байдлыг хангах зарчмыг баримтална.

Хоёр.Гэрчилгээжүүлэх обьект

2.1.Дараах обьектыг гэрчилгээжүүлнэ:

2.1.1.усан замын тээврийн хэрэгслийн зогсоол;

2.1.2.усан замын төв буудал;

2.1.3.чиглүүлэгч гэрэлт цамхаг;

2.1.4.бусад хөвөгчтоног төхөөрөмж.

Гурав.Гэрчилгээжүүлэх обьектод тавигдах ерөнхий шаардлага

3.1. Гэрчилгээжүүлэх обьект нь дараах нөхцөлийг хангасан байхаас гадна обьектын төрөл, онцлогоос шалтгаалан энэхүү журмын хавсралтад заасан нөхцөл шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.1. усан замын тээврийн тухай хууль тогтоомжид заасан усан замын тээврийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх;

3.1.2. обьектын ашиглалт, үйлчилгээг хэрэгжүүлэх технологи, техник ашиглалтын зааврын бүрдлийг хангасан байх;

3.1.3. обьектын ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангаж, хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулахгүй, осол аваар гаргахгүй байх урьдчилсан нөхцлийг бүрдүүлсэн байх;

3.1.4. обьектод дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, өрсөлдөх чадварыг сайжруулсан;

3.1.5. аюулгүй, чанартай, соёлтой, шуурхай ажил үйлчилгээг сонгон хэрэглэх боломж, нөхцөлөөр хэрэглэгчдийг хангасан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байх.

Дөрөв.Гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг

4.1.Обьектын гэрчилгээ авах иргэн, хуулийн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

4.1.1. өмчлөгчөөс зохих журмын дагуу гаргасан хүсэлт, өргөдөл;/Уг хүсэлтэд тухайн обьектод хамаарах гэрчилгээний төрлийг тодорхой заах/

4.1.2. обьектын өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;

4.1.3. обьектын өмчлөгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4.1.4. гэрчилгээжүүлэх обьектын талаарх дэлгэрэнгүй танилцуулга;

4.1.5. тухайн обьектын ашиглалтын үедэх техникийн аюулгүй байдлыг харуулсан засвар, өөрчлөлтийн бүртгэл бүхий бичиг баримт, засвар өөрчлөлтийг бүртгэсэн тэмдэглэл, ашиглалтын заавар, техникийн зураг, схем;

4.1.6. обьект нь гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичиг /тухайн обьектын талаарх мэргэжлийн байгууллага, эрх бүхий этгээдийн тодорхойлт, акт г.м/;

4.1.7. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон түрээсийн гэрээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ болон бусад баримт бичиг.

Тав.Обьектын гэрчилгээ авах хүсэлтийг хянан шийдвэрлэх

5.1. Иргэн, хуулийн этгээд нь обьектын гэрчилгээ авах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

5.2. Төрийн захиргааны төв байгууллага нь обьектын гэрчилгээ авах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг судлан дүгнэлт гаргах орон тооны бус байнгын ажлын хэсгийг байгуулна.

5.3. Уг ажлын хэсэг нь хүсэлт гаргагчийн баримт бичгийн иж бүрдэл, тухайн обьект нь гэрчилгээ олгоход тавигдаж байгаа нөхцөл, шаардлагыг хангасан байдлыг нягтлан шалгаж,ажлын 14 хоногийн дотор гэрчилгээ олгох эсэх талаар дүгнэлт гаргана.

5.4. Усан замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэнажлын 7 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ.

5.5. Шаардлагатай гэж үзвэл энэхүү журмын 5.3-т заасан хугацааг ажлын 7 хоногийн хугацаагаар сунгаж болно.

5.6. Төрийн захиргааны төв байгууллага нь тухайн обьектод гэрчилгээ олгохоос татгалзсан тохиолдолд хүсэлт гаргагчид энэ тухай албан бичгээр ажлын 5 хоногт багтаан мэдэгдэнэ.

5.7.Ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл гэрчилгээ авах хүсэлт гаргагчийн үйл ажиллагаа, үйлдвэрийн бааз, техник хангамжийн нөхцөл байдалтай танилцаж болно.

6.Гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа

6.1 Гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллага дараах байдлаар хэрэгжүүлнэ.Үүнд:

6.1.1.гэрчилгээжүүлэлтэд тавигдах нөхцөл, шаардлагыг боловсруулах батлах, боловсронгуй болгох, үр нөлөөг дээшлүүлэх;

6.1.2.гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

6.1.3.гэрчилгээжүүлэлтэд хамрагдах обьектын техникийн нөхцөл, баримт бичгийг хянах;

6.1.4. гэрчилгээ бүхий обьект нь гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

6.1.5. усан замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдээс гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж биелэлтийг хангуулах

6.1.6. гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх.

6.2. Төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 6.1.1-6.1.6-дзаасан үүргээ Усан замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-т “гэрээний үндсэн дээр зарим чиг үүргийг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэх” гэж заасны дагуу мэргэжлийн байгууллагад шилжүүлж болно.

6.3. Төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 6.2-т заасан байгууллага гэрчилгээжүүлэлтийг хууль, тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

6.4. Гэрчилгээний загварыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах ба гэрчилгээнд обьектын код, нэр, төрөл, хүчинтэй хугацаа, техникийн үзүүлэлтүүд, олгосон байгууллага, эрх бүхий албан тушаалтны нэр, тухайн объектын өмчлөгчийн нэр, хаяг, гэрчилгээний дугаар, олгосон он, сар, өдрийг тэмдэглэнэ. 

Долоо. Гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг

7.1 Гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг

7.1.1.гэрчилгээ эзэмшигч нь усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах нөхцөл шаардлагыг биелүүлэх, объектын үндсэн эд ангидзасвар өөрчлөлт орсон бол энэ тухай хуанлийн 30 хоногийн дотор төрийн захиргааны төв,эсхүл гэрчилгээ олгосон байгууллагад мэдэгдэнэ.

7.1.2.гэрчилгээний хүчинтэй хугацаанд объектын хэвийн ашиглалт, хөвөлтийн аюулгүй байдалд нөлөөлж болох технологийн процесс, бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь энэ тухай төрийн захиргааны төв, эсхүл гэрчилгээ олгосон байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

7.1.3.энэ журмын 7.1.1-т заасан өөрчлөлтийг хийсэн бол төрийн захиргааны төв, эсхүл гэрчилгээ олгосон байгууллага нь гэрчилгээнд тухайн өөрчлөлтийг тэмдэглэх эсхүл гэрчилгээг шинэчлэн олгоно. Гэрчилгээг шинэчлэн олгох асуудлыг энэ журмын 6-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

Найм.Гэрчилгээний хугацааг сунгах

8.1. Гэрчилгээний хугацаа:

8.1.1. обьектын гэрчилгээний хугацаа 3 жил байна.

8.1.2. гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хугацаа дууссанаар уг гэрчилгээ хүчингүйд тооцогдоно.

8.2. Гэрчилгээний хугацааг дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах тухай хүсэлтээусан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон мэргэжлийн байгууллагад бичгээр гаргана.

8.3. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

8.3.1.обьектын гэрчилгээг сунгуулах тухай зохих журмын дагуу гаргасан хүсэлт, өргөдөл;

8.3.2.обьектын хугацаа дууссан гэрчилгээний эх хувь;

8.3.3.гэрчилгээжүүлсэн обьектын ашиглалтын тайлан /захиалагч байгууллагаас гаргасан тодорхойлолт, үйл ажиллагааны үр дүнг нотлох баримт бичиг, акт, тухайн байгууламжийн дэвсгэр зураг, фото зураг зэрэг болно/;

8.3.4.гэрчилгээг анх авахдаа бүрдүүлж өгсөн мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл;

8.3.5.татварын байгууллагын тодорхойлолт.

8.4. Гэрчилгээний хугацааг сунгуулах тухай өргөдлийг энэ журмын 8.2-т заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцсоны үндсэн дээр сунгалт хийх, эсхүл гэрчилгээ шинээр олгох журмыг баримтална.

Ес. Гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

9.1. Гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлэх үндэслэл:

9.1.1.гэрчилгээ олгох, сунгахад тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчсөн;

9.1.2.энэ журмын 7.1-д заасныг зөрчсөн;

9.1.3.гэрчилгээ эзэмшигчийн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдсөн, хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон.

9.2. Усан замын тээврийн хяналтын улсын байцаагчаас гэрчилгээг хүчингүй болгуулах, үйлчлэлийг түдгэлзүүлэх тухай гаргасан саналын дагуу төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүнээс эрх олгосон байгууллага хянан үзэж гэрчилгээг хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

9.3. Гэрчилгээжсэн объектын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөлийг арилгасан тохиолдолд уг гэрчилгээний үйлчлэлийг сэргээж болно.

9.4. Гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл:

9.4.1.гэрчилгээ эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан;

9.4.2.гэрчилгээжсэн объектод тавигдах нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

9.4.3.гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

9.4.4. гэрчилгээг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

9.4.5.гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан.

9.5. Гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг гэрчилгээ эзэмшигч, холбогдох объект өмчлөгч буюу эзэмшигч, тээвэрлэгчид албан бичгээр мэдэгдэнэ.

9.6. Хугацаа дууссан буюу хүчингүй болгосон гэрчилгээг төрийн захиргааны төв байгууллага,эсхүл түүнээс эрх олгосон байгууллага хураан авна.

Арав. Хяналт

10.1.Төрийн захиргааны төв байгууллага,түүний эрх олгосон мэргэжлийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагань гэрчилгээжүүлэлтэд хамрагдсан объектын үйл ажиллагаанд хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавина.

Арван нэг. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан

11.1. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан нь дараах мэдээллүүдийг агуулна. Үүнд:

11.1.1.стандарт, норматив, баримт бичиг;

11.1.2.гэрчилгээжүүлсэн объектуудын нэр, эзэмшигч, хаяг, байршил, утас;

11.1.3.объектын ангилал, төрөл;

11.1.4. гэрчилгээ олгосон огноо;

11.1.5. гэрчилгээ олгосон байгууллага;

11.1.6. гэрчилгээ сунгасан эсэх.

11.2.Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектод гэрчилгээжүүлэлтийн дараа хийгдсэн засвар, үйлчилгээ, өөрчлөлтийн талаархболон бусад мэдээллээр гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн санг баяжуулна.