A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 73 дугаар
тогтоолын хавсралт

 

ЦАХИМ ЗАСАГЛАЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Ерөнхий мэдээлэл

Төрийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүнд инновацийг нэвтрүүлэх арга замын нэг нь цахим засаглалыг хөгжүүлэх явдал юм. Дэлхийн бусад улс оронд үйлдвэрлэлийн эринээс технологийн эринд шилжих үйл явц хурдацтай өрнөж, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжиж байна. Монгол Улс нь Цахим монгол үндэсний хөтөлбөрийг 2005-2012 онд, Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг 2008-2012 онд, Цахим засаг үндэсний хөтөлбөрийг       2012-2016 онд тус тус хэрэгжүүлсэн.

Цахим монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээг салгах, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг үүсгэн байгуулах, цахилгаан холбооны салбарыг либералчлах, мэдээлэл холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээлэл холбооны сүлжээг олон улсын интернэтийн урсгалд холбох, бүх нийтийг компьютержүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Монгол Улсын интернэтийн гадаад гарцын багтаамж 2005 онд 78Мбит/c, интернэт хэрэглэгч 22000, өргөн зурвасын шилэн кабелийн урт 3251 км, үүрэн холбооны хэрэглэгч 551000 байсан бол 2012 онд интернэтийн гадаад гарцын багтаамж 22Гбит/с, интернэт хэрэглэгч 654009, өргөн зурвасын шилэн кабелийн урт 18123.8 км, үүрэн холбооны хэрэглэгч 3409005 болж өсчээ.

Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд Үндэсний дата төвийг байгуулан иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг төгөлдөржүүлж хөрөнгийн арилжаа солилцоог баталгаажуулан бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд хамрагдах төрийн байгууллагын бүртгэл, мэдээллийн сан, системийг шинэчилсэн. 2010 оны               7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн орон даяар иргэний шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн 132 хороо, нийт 463 нэгжээр дамжуулан иргэдийг бүртгэлд хамруулан иргэдэд цахим иргэний үнэмлэх олгосон байна.

Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн систем, мэдээллийн санг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг ТҮЦ машинаар дамжуулан иргэдэд хүргэх, гамшгийн аюулыг урьдчилан мэдээлэх, шилэн данс, нэмэгдсэн өртгийн албан татварын систем хөгжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн мэдээлэл солилцооны харилцан холболтын дэд бүтцийг байгуулах судалгааг хийж, төрийн 63 байгууллага хамрагдсан. Эдгээрээс 50 байгууллага цахим мэдээллийн сантай, бусад 13 байгууллага цахим мэдээллийн сан үүсгээгүй, мэдээллийг цаасан хэлбэрээр цуглуулдаг байна. Иймд цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой төрийн үйлчилгээг тодорхойлж                    25 үйлчилгээг Төрийн үйлчилгээний цахим машинаар, иргэдийн зүгээс хамгийн их хүндрэл, чирэгдэлтэй гэж үзсэн 18 үйлчилгээг цахим хэлбэрээр төрийн үйлчилгээний нэгдсэн портал болох www.ezasag.mn цахим хуудсаар хүргэж байна. ТҮЦ машины үйлчилгээг нэвтрүүлснээр давхардсан тоогоор 2018 онд      2,2 сая иргэн үйлчлүүлж, нэг үйлчилгээ авахад 1 цаг 40 минут хэмнэсэн байна.

Цаашид цахим засаглалыг хөгжүүлэх хатуу болон зөөлөн дэд бүтцийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй зохион байгуулж төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх замаар төрийн мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж, нээлттэй өгөгдлийн сан үүсгэж хэрэглээг дэмжих, төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн цахим оролцоог хангах, хүний хөгжлийг дэмжиж ухаалаг төхөөрөмж ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ байна.

Иймд эдийн засаг, нийгмийн салбарт мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй нэвтрүүлж тунгалаг, өрсөлдөх чадвартай, өндөр бүтээмж бүхий хариуцлагатай төрийг бий болгох зорилгоор иргэн төвтэй цахим засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.1-д “Цахим засгийг хөгжүүлэх замаар төрийн алба, үйлчилгээг иргэндээ хандсан, үр нөлөөтэй, шуурхай, хэмнэлттэй болгоно.”, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын        Зорилт 7-д “Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг өргөтгөх, орон нутагт өндөр хурдны сүлжээг нэвтрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлж, үндэсний хиймэл дагуул хөөргөнө”, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.29.7-д “Цахим засгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулах”, Засгийн газрын 2017 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2025”-ын 2.3.8-д “төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг идэвхжүүлэх, төрийн үйл ажиллагааны инновацийг дэмжиж, цахим засгийн хөгжлийг боловсронгуй болгох замаар цахим засаглалыг хөгжүүлнэ.” гэж заасныг тус тус үндэслэн “Цахим засаглал үндэсний хөтөлбөр” (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсрууллаа.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

      2.1.1. хүний эрхийг дээдлэн, хувь хүний өгөгдлийг хамгаалах;

      2.1.2. ил тод, иргэн төвтэй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй засаглалыг бэхжүүлэх;

      2.1.3. төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байх;

      2.1.4. ногоон технологийг дэмжих;

      2.1.5. төр, иргэн, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан, мэдээллийн систем нь харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх.

Гурав. Хөтөлбөрийн зорилго

3.1. Төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааны инновацийг дэмжих замаар цахим засаглалыг хөгжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

4.1. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

      4.1.1. бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болгох;

      4.1.2. цахим засаглалын эрх зүйн орчинг бүрдүүлэх;

      4.1.3. цахим заcаглалын тогтолцоог боловсронгуй болгож, хатуу болон зөөлөн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх;

      4.1.4. төрийн цахим мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж, нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгож, хөгжүүлэх;

      4.1.5. иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд мэдээлэл, харилцаа холбооны дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог дэмжих;

      4.1.6. цахим оролцоог хөгжүүлж, төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хангах;

      4.1.7. мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бүрдүүлэх;

      4.1.8. бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид мэдээлэл, харилцаа холбооны технологийн зохистой, ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлэх;

      4.1.9. эдийн засаг, нийгмийн бүх салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.1. Бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болгох зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       5.1.1. олон улсын стандартад нийцсэн мэдээлэл, харилцаа холбооны технологийн суурь мэдлэг, ур чадвар олгох бүх нийтийн сургалтыг зохион байгуулax;

      5.1.2. интернэт болон өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр дамжуулан алсын зайн болон нээлттэй онлайн бүх нийтийн сургалтыг тогтмол зохион байгуулах;

      5.1.3. радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн нийтэд хүртээмжтэй давуу талыг ашиглан хувь хүний хөгжил, мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн, үр өгөөж бүхий төрөлжсөн контентыг бүтээх, түгээx;

      5.1.4. төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, орон нутгийн интернэтийн хурдыг нэмэгдүүлж, иргэдийн тоон бичиг үсгийн ялгааг багасгах;

      5.1.5. орон нутгийн иргэд, малчид, ахмад настанд зориулсан энгийн, хялбар програм хангамжийг хөгжүүлж, төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр нэвтрүүлэх;

      5.1.6. боловсролын салбарын удирдлага мэдээллийн цахим нэгдсэн системийг хөгжүүлж, ашиглах;

      5.1.7. мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа боловсролын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулax;

      5.1.8. мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, мэргэшлийн чадавхыг сайжруулах сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах;

      5.1.9. мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хүртэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгийн нийгмийн тэгш оролцоог бүрдүүлэх зорилгоор тусгай техник, програм хангамж нэвтрүүлэх, контентоор хангах;

      5.1.10. хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлэгт зориулсан мэдээлэл, харилцаа холбооны технологийн боловсрол олгох төрөлжсөн сургалтын танхим байгуулж, сургалт зохион байгуулах;

      5.1.11. иргэдэд тоон гарын үсэг олгож, хэрэглээнд нэвтрүүлэх.

5.2. Цахим засаглалын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      5.2.1. цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг шинээр боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

      5.2.2. төрийн мэдээллийн нээлттэй өгөгдлийн бодлого боловсруулж, батлуулах;

      5.2.3. өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй тоног төхөөрөмжийн болон зорилтот бүлгийн иргэд ашиглах боломжийг бүрдүүлсэн цахим хуудасны стандарт боловсруулах;

      5.2.4. мэдээллийн технологийн салбарын шаардлагатай стандартыг боловсруулж, батлуулах;

      5.2.5. цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах тушаал шийдвэр, дүрэм, журмыг боловсруулан батлуулах.
5.3. Цахим заcаглалын тогтолцоог боловсронгуй болгож, хатуу болон зөөлөн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      5.3.1. цахим засаглалыг хөгжүүлэх удирдлагын тогтолцоо, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;

      5.3.2. төрийн мэдээлэл солилцох үүлэн тооцооллын дэд бүтцийг өргөтгөх;

      5.3.3. төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг сайжруулан хөгжүүлэх;

      5.3.4. цахим төлбөр тооцооны нэгдсэн системийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбох;

      5.3.5. төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын системийг холбох;

      5.3.6. төрийн байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх бизнес процессын ре-инженеринг хийх;

      5.3.7. үйлчилгээний нэгдсэн төвийг операторын горимд шилжүүлэн төрийн зарим үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэх төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн тоог нэмэгдүүлэх;

      5.3.8. төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайтыг боловсронгуй болгоx;

     5.3.9. хөдөлгөөнт холбооны технологи ашиглан төрийн үйлчилгээний нэгдсэн порталаас үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх;

      5.3.10. төрөөс цахим хэлбэрээр иргэнд хүргэх үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх;

      5.3.11. эзэмшиж байгаа үүрэн холбооны дугаараар нь иргэнийг цахим орчинд таних боломжийг бүрдүүлэх;

      5.3.12. төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг үе шаттай нэвтрүүлэх;

      5.3.13. захиргааны байгууллагын албан хэрэг хөтлөлт, удирдлага болон албан бичиг солилцооны үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, хэвшүүлэх;

      5.3.14. Үндэсний дата төвийн нөөц төвийг байгуулах.

5.4. Төрийн цахим мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгож, хөгжүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      5.4.1. Үндэсний дата төвийн үүлэн тооцооллын системд нэгдсэн ангилал кодчиллын мэдээллийн сан үүсгэж, суурь болон төрөлжсөн мэдээлэл бүрдүүлэгч төрийн байгууллагын системтэй холбох;

      5.4.2. хувь хүний өгөгдөлд хандсан тухай мэдээллийг иргэнд хүргэх боломжийг бүрдүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх;

      5.4.3. төрийн мэдээллийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал хөгжүүлэх;

      5.4.4. газар зүйн мэдээллийн системд тулгуурласан xаягжилтийн нэгдсэн сан бүрдүүлэх, иргэд, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлэх;

      5.4.5. Үндэсний дата төвийн мэдээллийн систем, сүлжээ, өгөгдлийн сангийн хамгаалалтыг сайжруулах, шинэчлэх.

5.5. Иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд мэдээлэл, харилцаа холбооны дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог дэмжих зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      5.5.1. төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх;

      5.5.2. програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын зах зээлийн судалгааг хийх;

      5.5.3. төрийн байгууллагын мэдээллийн технологийн ажил үйлчилгээг аутсорсингоор үе шаттай хэрэгжүүлэх;

      5.5.4. төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг боловсронгуй болгох, инноваци нэвтрүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх.

5.6. Цахим оролцоог хөгжүүлж, төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      5.6.1. иргэдийн цахим оролцоо, санал санаачилга, өргөдөл, гомдлыг нэгтгэх, төрийн бодлого, шийдвэр гаргалтад тусгах боломжийг бүрдүүлэх, бизнес анализийн систем хөгжүүлэх;

      5.6.2. төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар иргэд санал бодлоо цахим хэлбэрээр чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг хангаж, цахим хэлэлцүүлэг хийх систем хөгжүүлэх;

      5.6.3. төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүргэх мэдээллийн хүртээмжийг сайжруулах, тэдгээрийн оролцоог хангах систем хөгжүүлж, нэвтрүүлэх.

5.7. Мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      5.7.1. мэдээллийн технологийн аудитын нөхцөл, шаардлагыг тодорхойлон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг нутагшуулах;

      5.7.2. мэдээллийн технологийн аудитын хүний нөөцийг хөгжүүлэх;

      5.7.3. мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах сорилтын лаборатори байгуулах;
      5.7.4. төрийн байгууллагын үйлчилгээ болон мэдээллийг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд холбогдох байгууллага үнэлгээ хийж, зөвлөмж өгч ажиллах;

      5.7.5. мэдээллийн технологийн аудитын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх.

5.8. Бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид мэдээлэл, харилцаа холбооны технологийн зохистой, ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      5.8.1. бүх шатны төрийн байгууллага, албан хаагчдын нийгмийн мэдээллийн сүлжээ болон интернэт орчны ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлэх талаар удирдамж, зөвлөмжөөр хангах;

      5.8.2. нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих зөвлөмж боловсруулах;

      5.8.3. бүх шатны төрийн байгууллага, албан хаагчдын дунд нийгмийн мэдээллийн сүлжээний зохистой хэрэглээний талаар сургалт зохион байгуулах;

      5.8.4. төрийн байгууллагад мэдээлэл, харилцаа холбооны технологийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, байгууллага хооронд сайн туршлага хуваалцах, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах;

      5.8.5. бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэх талаар гарын авлага боловсруулж түгээх, сургалт зохион байгуулах.

5.9. Эдийн засаг, нийгмийн бүх салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      5.9.1. Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах;

      5.9.2. цахим засаглалын хүрээний салбар дундын тулгамдсан асуудлыг мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байх;

      5.9.3. мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр давхардсан, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг арилгах, нэгдсэн бодлого, удирдлагаар хангах;

      5.9.4. эдийн засаг, нийгмийн салбарт мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах;

      5.9.5. эдийн засаг, нийгмийн салбарт мэдээллийн технологийн дэвшил, төрийн үйл ажиллагаанд инновацийг нэвтрүүлэх үйл ажиллагааг хариуцсан бодлогын болон техникийн албан хаагчдын хамтын ажиллагааг тогтмол хангах.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

6.1. Хөтөлбөрийг 4 жилийн хугацаанд дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:

      6.1.1. I үе шат: 2019-2020 он

      6.1.2. II үе шат: 2021-2022 он.

Долоо. Хөтөлбөрийн үр дүн

7.1. Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавх, төрийн албан хаагчдын мэдээлэл, харилцаа холбооны технологийн зохистой, ёс зүйтэй хэрэглээ дээшилнэ.

7.2. Цахим засаглалыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

7.3. Цахим засаглалын хатуу, зөөлөн дэд бүтэц сайжирна.

7.4. Иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэх төрийн үйлчилгээний тоо, чанар, хүртээмж нэмэгдэнэ.

7.5. Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо бүрдэж, мэдээллийн технологийн аудитын үйлчилгээ эрхлэгчийн тоо нэмэгдэнэ.

7.6. Төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад иргэд цахим хэлбэрээр оролцох боломж нэмэгдэнэ.

7.7. Төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үр ашиг нэмэгдэж, ил тод, нээлттэй байдал сайжирна.


Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

8.1. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Мэдээллийн эх сурвалж

1.

Бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болгох

Иргэдийн тоон бичиг үсгийн чадавх

%

32

80

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн судалгаа

2.

Цахим засаглалын эрх зүйн орчинг бүрдүүлэх

Шинээр боловсруулж батлуулах хуулийн тоо

Хуулийн тоо

0

2

ХХМТГ

3.

Цахим заcаглалын хатуу болон зөөлөн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх

Цахим үйлчилгээний индекс

Индексийн үзүүлэлт

0.597

0.65

НҮБ-ын цахим засгийн хөгжлийн санал асуулга

4.

Төрийн цахим мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгож, хөгжүүлэх

Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд бүртгэлтэй үйлчилгээний тоо

Тоо

25

176

Бодлогын судалгаа

5.

Иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд мэдээлэл, харилцаа холбооны дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог дэмжих

Дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчээр гүйцэтгүүлж байгаа үйлчилгээний тоо

тоо

0

100

Бодлогын судалгаа

6.

Цахим оролцоог хөгжүүлж, төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хангах

Цахим оролцооны индекс

Индексийн үзүүлэлт

0.73

0.78

НҮБ-ын цахим засгийн хөгжлийн санал асуулга

7.

Мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бүрдүүлэх

Мэдээллийн технологийн аудитын үйлчилгээ эрхлэгч

тоо

4

10

Бодлогын судалгаа

8.

Бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид мэдээлэл, харилцаа холбооны технологийн зохистой, ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлэх

Сургалтад хамрагдсан албан хаагчид

тоо

400

2000

Бодлогын судалгаа

9.

Цахим засаглалын хөгжил

Хөгжлийн индекс

тоо

0.582

0.6

НҮБ-ын цахим засгийн хөгжлийн санал асуулга

Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр

9.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ:

      9.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

      9.1.2. гадаадын зээл тусламж;

      9.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

      9.1.4. концессын гэрээ;

      9.1.5. бусад эх үүсвэр.

Арав. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ

10.1. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.

10.2. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн 10.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

10.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

 

------о0о------