A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2021 оны А/116 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн

274 дугаар тушаалын хавсралт

ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН

БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, харьяаллыг үл харгалзан авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн орлогыг улсын авто замын санд төвлөрүүлж, төлбөр авах цэг байгуулах, засварлаж тохижуулах, төлбөр авах үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх болон Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4, 24.5-д заасны дагуу зарцуулна.

1.3.Тусгай зориулалтын авто замаар зорчиж буй тусгай зориулалтаас бусад тээврийн хэрэгслээс авах төлбөр нь Засгийн газраас тогтоосон олон улс, улсын чанартай авто замд авах төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байна.

1.4.Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага (цаашид “Зам, тээврийн хөгжлийн төв” гэх) зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Хоёр.Төлбөр авах үйл ажиллагаанд тавигдах шаардлага

2.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, гүүрээс авто зам ашигласны төлбөр авна. Төлбөр авахдаа тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, бүх жинг харгалзан Засгийн газраас тогтоосон төлбөрийн хэмжээг баримтална.

2.2.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн түргэн тусламж, зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын алба, төрийн тусгай хамгаалалтын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалттай тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.

2.3.Энэ журмын 2.2-т зааснаас бусад бүх тээврийн хэрэгсэл авто зам, замын байгууламж ашигласны төлбөр төлөх үүрэгтэй.

2.4.Төлбөр авах үйл ажиллагааг авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулна.

2.5.Авто зам, замын байгууламж ашигласан төлбөрийн хэмжээг заасан тасалбарыг төлбөр төлөгчдөд олгоно. Тасалбарт авто замын чиглэл, дугаар, төлбөр авах цэгийн нэр, төлбөрийн хэмжээ, огноог тусгаж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна.

2.6.Төлбөр авах үйл ажиллагааг төлбөр авах замын эхлэл болон төгсгөлийн цэгт байгуулсан байнгын болон байнгын бус ажиллагаатай төлбөр авах цэгт (цаашид “төлбөр авах цэг” гэнэ.) төвлөрүүлэн зохион байгуулна. Төлбөр авах цэгт ахлагч, төлбөр хураагчид, авто пүү ажиллаж байгаа цэгт жин хэмжигч ажилтан ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд авто зам, тээврийн хяналтын улсын байцаагч, замын цагдаа, харуул, хамгаалагч нар байрлан ажиллаж болно.

2.7.Авто зам ашигласны төлбөр авах цэг нь шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдож, аюул осолгүй ажиллах нөхцөл боломжоор хангагдсан байна.

2.8.Төлбөртэй авто зам нь дараагийн төлбөр авах цэг хүртэл үргэлжлэх бөгөөд тээврийн хэрэгсэл дараагийн төлбөртэй авто замаар зорчих бол дахин төлбөр төлнө. Төлбөртэй авто замын төгсгөлийн цэг нь эсрэг урсгалдаа эхлэлийн цэг болно.

2.9.Төлбөр  авах цэгийн орох хэсэгт тээврийн хэрэгслээс төлбөр авсныг нотлох тасалбар олгон бүртгэлжүүлж, дараагийн төлбөр авах цэгт тасалбараа шалгуулна. Тасалбар байхгүй тохиолдолд зорчсон замынхаа төлбөрийг төлж дараагийн замд зорчих төлбөрийг төлж тасалбар авна.

2.10.Тухайн авто зам, замын байгууламжаар байнга зорчиж, тээвэрлэлт хийдэг иргэн, байгууллага авто зам ашигласны төлбөрийг гэрээ байгуулан урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд 30 хувиар хөнгөлөлт үзүүлнэ.

2.11.Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслийн бүх жин, овор хэмжээ ба уртыг шалгаж, MNS 4598-2011 стандартад нийцсэн эсэхийг тогтооно. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн жин, овор, урттай тээврийн хэрэгслийг тухайн авто замаар зорчихыг зөвшөөрөхгүй.

2.12.Төлбөр авах цэгээс хоёр тийш авто замын дагууд 500 метр дотор аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, зар сурталчилгааны самбар байрлуулахгүй.

2.13.Төлбөр авах цэг нь хөдөлгөөний эрчмийн тооллогыг “Улсын чанартай авто замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн тооллого хийх журам”-ын дагуу болон энгийн тооллогын аргаар хийж болно.

Гурав.Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

3.1.Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг бодлого, чиглэлээр хангаж, олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн орлого, зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

3.2.Энэхүү журмын 5.1-д заасан үйл ажиллагаа, төсөл арга хэмжээний зардлыг батлан, Зам, тээврийн хөгжлийн төв, зам хариуцагч болон бусад холбогдох байгууллагатай гэрээ хэлцэл байгуулан үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулах арга хэмжээ авна.

3.3.Төлбөртэй авто зам, замын байгууламж, төлбөр авах цэгийн байршлыг авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, мэдээлэх ажлыг зохион байгуулна.

Дөрөв.Зам, тээврийн хөгжлийн төвийн чиг үүрэг

4.1.Зам, тээврийн хөгжлийн төв нь олон улс, улсын чанартай авто замын тогтоосон чиглэлд төлбөр авах цэг байгуулан үйл ажиллагааг  зохион байгуулж, авто зам ашигласны төлбөрийн орлогыг авто замын сангийн дансанд төвлөрүүлнэ.

4.2.Төлбөр авах цэгийн байр, авто пүү, түр саатуулах ил зогсоолын талбайн бүрэн бүтэн байдал,  ажиллагсдын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж, хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчилсан мэдээллийн самбар байрлуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

4.3.Төлбөр авах үйл ажиллагааг цахимжуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж, төлбөр авах цэгээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг төрөл, улсын дугаараар бүртгэж, цахим сан бүрдүүлнэ.

4.4.Төлбөр авах цэгүүдийн орлогыг дараа өдөрт багтаан авто замын сангийн дансанд төвлөрүүлж, сар бүрийн тайланг тухайн сарын 25-ны өдрийн дотор авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Мөн төлбөр авах үйл ажиллагааны орлого, зарлагын улирал, жилийн тайланг тогтоосон хугацаанд гарган холбогдох байгууллагад хүргүүлнэ.

Тав.Авто зам ашигласны төлбөрийн орлогын зарцуулалт

5.1.Олон улс, улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс тогтоосон тарифын дагуу авсан авто зам ашигласны төлбөрийн орлогыг дараах үйл ажиллагаа, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

5.1.1.Төлбөр авах цэгийн байр барих түүний зам талбай, зогсоол байгуулах, тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах арга хэмжээний зардалд;

5.1.2.Төлбөр авах үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, дүрэм журмыг олон нийтэд тайлбарлан таниулах, тухайн чиглэлийн авто зам, замын байгууламжийн талаарх мэдээ, мэдээллээр зам хэрэглэгчдийг хангах зардалд;

5.1.3.Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Хөдөлгөөнт эргүүл” ажиллуулах зардалд;

5.1.4.Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, техник ашиглалтын түвшин тогтоох, хөдөлгөөний эрчмийн тооллого хийх болон судалгаа, шинжилгээний ажлын зардалд;

5.1.5.Авто замын бүртгэл мэдээллийн санг шаардлагатай техник, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллээр хангах зардалд;

5.1.6.Олон улс, улсын чанартай авто зам хариуцагч төрийн өмчит байгууллагын үйлдвэрлэлийн баазыг хөгжүүлэх, авто замын салбарт дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагаанд;

5.1.7.Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн урсгал засвар, арчлалтын ажлын зардалд;

5.2.Төлбөр авах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, төлбөр авах цэгийн зардлыг авто зам ашигласны төлбөрөөс тухайн сар бүрд төвлөрүүлсэн нийт орлогын дүнгээс 40 хувиар тооцож санхүүжүүлнэ. Энэ зардалд төлбөр авах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, ажиллагсдын цалин, урсгал зардал, хяналт шалгалт, төлбөр авах цэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цахим сан бүрдүүлэх, зорчигчдыг мэдээ мэдээллээр хангах зэрэг төлбөр авах үйл ажиллагаатай холбоотой бүх зардал багтана.

5.3.Журмын 5.1-д заасан зардлыг санхүүжүүлэх төсөл арга хэмжээний саналыг Зам, тээврийн хөгжлийн төвөөс боловсруулж, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулан хэрэгжүүлнэ.

5.4.Журмын 5.2-д заасан зардлыг авто зам ашигласны төлбөрийн сарын орлогын тайланг үндэслэн дараа сарын 05-ны өдрийн дотор Зам, тээврийн хөгжлийн төвийн дансанд шилжүүлнэ.

5.5.Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн жилийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд давсан орлогын 30 хувийг төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсэн байгууллагад урамшуулал болгон олгоно.

Зургаа.Бусад

6.1.Төлбөр авах цэгийн ажиллах дотоод журмыг Зам, тээврийн хөгжлийн төв тогтоож хэрэгжүүлнэ.

6.2.Төлбөр авах цэгийн хэвийн үйл ажиллагаа, ажиллагсдын аюулгүй байдлыг Зам, тээврийн хөгжлийн төв, түүнээс томилогдсон ажилтан, төлбөр авах цэгийн ахлагч бүрэн хариуцна.

6.3.Авто замын тухай хууль болон энэхүү журмын заалтыг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.