A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 108 дугаар
  тогтоолын хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ,
МАГАДЛАЛ ХИЙХ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Барилга байгууламжийн зураг төсөл (цаашид “зураг төсөл” гэх)-д тавигдах шаардлагыг хангуулах, инженер хайгуулын судалгаа хийх, зураг төслийг үе шатны дагуу боловсруулах, зөвшилцөх, батлах, магадлал хийх, хадгалахтай холбоотой үйл ажиллагаанд энэ дүрмийг мөрдөнө.

1.2. Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, түүнд магадлал хийхэд энэ дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална.

1.3. Ашиглагдаж байгаа барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, засварлах, тоноглох, буулгалтын ажлын зураг төслийг Барилгын тухай хуулийн 49.5-д заасан мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу гаргасан паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн боловсруулна.

1.4. Зураг төслийг барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу боловсруулна.

Хоёр. Зураг төсөл боловсруулахад
          тавигдах шаардлага

2.1. Зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12, 15 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байна.

2.2. Зураг төсөлд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт заасан болон барилгын материал, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн шаардлагыг тусгасан байна.  

Гурав. Инженер хайгуулын судалгааны ажил

3.1. Барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, захиалагч нь инженер хайгуулын судалгааны ажлыг зураг төсөл зохиогчтой хамтран гүйцэтгэж болно.

3.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна.

3.3. Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна:

       3.3.1. барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг дүгнэсэн талаар;

       3.3.2. барилга байгууламжийн хэмжээ, өндөр, давхрын тооны талаар;

       3.3.3. тухайн барилга байгууламжийн зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээний талаар;

       3.3.4. хүрээлэн байгаа орчин, тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх ажлын хэмжээ, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар;

       3.3.5. инженерийн хангамжийн сүлжээнд холбогдох боломж, техникийн нөхцөлийн талаар;

       3.3.6. нарны тусгал, ээвэрлэлтийн шаардлагыг хангуулах, нүүр тал буюу фасадны зонхилох өнгө, дээвэр, тагтны хашлага, хаалт, материалын талаар;

       3.3.7. инженерийн хангамжийн шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар.

3.4. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална.

3.5. Захиалагч барилга байгууламжийн байршлыг тогтоосон шийдвэр, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төслийн даалгавар боловсруулж батална.
 
3.6. Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална.         
                                               
3.7. Барилгын тухай хуулийн 22.2-т заасан инженерийн хангамжийн  байгууллага захиалагчийн хүсэлтэд үндэслэн барилга байгууламжийн техникийн нөхцөлийг олгоно.

3.8. Барилгын тухай хуулийн 37.9.3, 37.9.4-т заасан зураг төслийн даалгаврыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хянуулсан байна.

3.9. Техник-эдийн засгийн үндэслэлд барилга байгууламжийн хүчин чадал, төлөвлөлт, техник технологи, дэд бүтцийн хангамж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн нөөц, түүхий эд, материалын хангалт, эдийн засгийн үр ашиг, зах зээлд өрсөлдөх чадварыг тодорхойлсон харьцуулсан тооцоо, судалгааг тусгасан байна.

3.10. Барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, захиалагч барилга байгууламжийн байр зүйн дэвсгэр зургийг газрын эрхийн гэрчилгээ, байршлын бүдүүвч зураг, техникийн нөхцөлийг үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

3.11. Инженер хайгуулын судалгааны ажлыг дараахь байдлаар гүйцэтгэнэ:

       3.11.1. барилга байгууламж барих газрын инженер-геологийн дүгнэлтийг гаргаж, баталгаажуулах;

       3.11.2. шаардлагатай барилга байгууламжийн хувьд геотехник, гидрогеологийн дүгнэлт гаргаж, баталгаажуулах;

       3.11.3. барилга байгууламж барих газрын төлөв байдлын талаар урьдчилсан дүгнэлтийг боловсруулах;

       3.11.4. орчны архитектур төлөвлөлт, тохижилт, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээгээр хангагдах боломжийг хот, тосгоны хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу урьдчилан тогтоох.

3.12. Захиалагч инженер-геологийн судалгааны ажлын даалгаврыг зураг төсөл зохиогчтой хамтран боловсруулах бөгөөд инженер-геологийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

Дөрөв. Зураг төсөл боловсруулах үе шат,
         үйл ажиллагаа

4.1. Инженер хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэсний дараа энэ дүрмийн 3.6-д заасан загвар зурагт үндэслэн Барилгын тухай хуулийн           4.1.43-т заасан эх загвар зураг /эскиз/-ийг боловсруулна.

4.2. Эх загвар зураг /эскиз/-т Барилгын тухай хуулийн 4.1.43-т тодорхойлсон асуудлыг тусган боловсруулах бөгөөд барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийг М1:500, М1:1000, М1:2000, архитектур төлөвлөлт, технологи, барилга бүтээц, инженерийн хангамжийн байгуулалт, огтлолын зургийг М1:100, М1:150, М1:200, орчны тоймын зургийг М1:2000, М1:5000, М1:10000-ны масштабтайгаар тус тус гүйцэтгэнэ.

4.3. Эх загвар зураг, иж бүрэн ажлын зургийг Барилгын тухай хуулийн    23.2-т заасны дагуу боловсруулна.

4.4. Иж бүрэн ажлын зураг төслийг зураг төслийн даалгавар, эх загвар зураг /эскиз/-т үндэслэн Барилгын тухай хуулийн 23.3-т заасан үе шатаар боловсруулна.

4.5. Эрх бүхий гадаад улсын хуулийн этгээдийн боловсруулсан зураг төслийг Барилгын тухай хуулийн 23.5-д заасны дагуу Монгол Улсын эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран баталгаажуулсан байх бөгөөд дараахь нөхцөлийг хангасан байна:

       4.5.1. Монгол Улсын эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан байх;

       4.5.2. зураг төслийг Монгол Улсын норм, нормативын баримт бичигт нийцүүлэн боловсруулсан байх;
       4.5.3. зураг төслийг англи, монгол хэлээр хөрвүүлсэн байх;

       4.5.4. холбогдох хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан шаардлагыг хангуулсан байх;

       4.5.5. гадаад улсын хуулийн этгээд Монгол Улсын эрх бүхий хуулийн этгээдтэй хамтарч боловсруулсан зураг төслийн англи, монгол хувийн нүүр болон хуудас бүрийг хоёр талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан байх.

4.6. Барилга байгууламжийн төсвийг Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу боловсруулна.

Тав. Зураг төслийг зөвшилцөх, батлах

5.1. Барилгын тухай хуулийн 25.1, 25.2-т тус тус заасан эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зургийг дараахь байгууллагаар хянуулж, зөвшилцсөн байна:

       5.1.1. онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гал түймэртэй тэмцэх нэгж;

       5.1.2. мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн хяналт хариуцсан нэгж;

       5.1.3. инженерийн хангамжийн байгууллага;

       5.1.4. авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын  холбогдох нэгж (шаардлагатай тохиолдолд).

5.2. Энэ дүрмийн 5.1-д заасан байгууллагын эрх бүхий албан тушаалтан эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зургийг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан хянаж, шаардлага хангасан нөхцөлд хүснэгт 1-д заасны дагуу гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна. Ажлын цар хүрээ, хэмжээнээс хамаарч дээрх хугацааг нэг удаа сунгаж болно.

Хүснэгт 1 

Чиглэл

Зөвшилцөх байгууллага, албан тушаалтан

Зураг төслийн холбогдох хэсэг

Эх загвар зураг /эскиз/

Иж бүрэн ажлын зураг

1.

Галын аюулгүй байдлын шаардлага

Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн    захиргааны байгууллагын гал түймэртэй тэмцэх газар

1.Эх загвар зургийн нүүр хуудас;

2. Барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

1.Иж бүрэн ажлын зургийн нүүр хуудас;

2.Барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;

3.Иж бүрэн ажлын зургийн холбогдох хэсэг

2.

Эрүүл ахуйн нөхцөл, шаардлага

Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн хяналт хариуцсан газар

1. Эх загвар зургийн нүүр хуудас;

2. Барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

1.Иж бүрэн ажлын зургийн нүүр хуудас;

2.Барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;

3.Иж бүрэн ажлын зургийн холбогдох хэсэг

3.

Техникийн нөхцөлийн шаардлага

Инженерийн хангамжийн байгууллага

-

Гадна инженерийн хангамжийн зураг төслийн хэсэг тус бүрийн ерөнхий өгөгдлийн хуудас

4.

Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн шаардлага (шаардлагатай тохиолдолд)

Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газар

-

1.Барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

5.3. Энэ дүрмийн 5.1.1, 5.1.2-т заасан байгууллага зураг төслийн холбогдох хэсгийг хянаж, зөвшилцөхөд галын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргана. 

5.4. Зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийн дарга (захирал) Барилгын тухай хуулийн 38.1.3-т заасны дагуу иж бүрэн зураг төслийн нүүр хуудсанд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

5.5. Зураг төслийн холбогдох хэсгийн зохиогч боловсруулсан зураг төслийг мэргэшлийн зэрэг бүхий архитектор, инженерээр хянуулж, шалгуулсан байна.

5.6. Зураг төслийн холбогдох хэсгийн хуудас тус бүрийг зохиогч болон хянаж шалгасан инженер, архитектор гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулсан байна.

 
Зургаа. Зураг төсөлд магадлал хийх

6.1. Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна.

6.2. Захиалагч зураг төсөлд магадлал хийлгүүлэх хүсэлтийг энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагад гаргана.

6.3. Барилгын тухай хуулийн 25.2, 25.3, 25.5-д заасан зураг төсөлд заавал магадлал хийнэ.

6.4. Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан барилга байгууламжийн болон газар хөдлөлтийн 7-оос доош баллын бүсэд хамаарах бага, дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөлд захиалагчийн хүсэлтээр магадлал хийнэ.

6.5. Цогцолбороор баригдах барилга байгууламжийн хувьд технологийн нэгдмэл бус бүрдэл хэсгийн зураг төсөлд нь хэсэгчлэн магадлал хийж болно.

6.6. Эх загвар зураг /эскиз/-т магадлал хийгдэхээс өмнө инженер-геологийн дүгнэлтэд магадлал хийгдсэн байна.

6.7. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах шаардлагатай барилга байгууламжийн хувьд зураг төслийг боловсруулахаас өмнө техник, эдийн засгийн үндэслэлд магадлал хийгдсэн байна.

6.8. Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:

       6.8.1. захиалагчийн хүсэлтийн дагуу эх загвар зураг /эскиз/-ийг хүлээн авч, иж бүрдлийг хянах. Эх загвар зураг /эскиз/-т барилга байгууламжийн газрын эрхийн гэрчилгээ, аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, зургийн даалгавар, инженер-геологийн дүгнэлт, техникийн нөхцөлүүдийг хавсаргасан байна;

       6.8.2. Барилгын тухай хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгогдсон зураг төсөлд магадлал хийх эксперттэй гэрээ байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих;

       6.8.3. захиалагчтай магадлал хийх ажлыг зохион байгуулах, зураг төсөлд магадлал хийх ажлын зардлыг тусгасан гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

       6.8.4. зураг төсөлд магадлал хийх экспертийг мэргэжлийн чиглэлийн дагуу цахим програмаар сонгож, томилох;

       6.8.5. томилогдсон эксперт нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас магадлал хийх боломжгүй болсон тохиолдолд өөр экспертийг томилох;

       6.8.6. энэ дүрмийн 6.14-т заасны дагуу зураг төслийн холбогдох хэсэг тус бүрт хийгдсэн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, дугаар олгож захиалагчид ажлын 3 өдөрт багтаан хүргүүлэх.

6.9. Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага магадлал хийлгүүлэхээр ирүүлсэн зураг төслийн иж бүрдэл хангагдсан тохиолдолд хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан магадлал хийх гэрээ байгуулж, экспертийг томилно.

6.10. Эксперт магадлалын ажлыг зураг төслийн холбогдох хэсгийг хүлээн авснаас хойш Барилгын тухай хуулийн 25.1-д заасан хугацаанд багтаан хийнэ.

6.11. Эксперт инженер-геологийн дүгнэлтэд магадлал хийхэд дор дурдсан арга хэмжээ авна:

       6.11.1. хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан эсэхийг хянаж, шалгах;

       6.11.2. хөрсний дээжлэлтийн тоо, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний үр дүнг шалгах;

       6.11.3. өрөмдлөг, малталт, туршилт, хэмжилтийн арга аргачлалыг шалгах;

       6.11.4. Барилгын тухай хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн хувьд барилгын талбайн туршилт, инженер-геологийн нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийсэн байдлыг шалгах.

6.12. Зураг төсөлд магадлал хийхэд дор дурдсан нөхцөл, шаардлагыг  хангуулсан эсэхийг хянана:

        6.12.1. архитектур төлөвлөлтийн болон зургийн даалгавар, загвар зураг, эх загвар зураг /эскиз/, байгаль, цаг уурын ерөнхий өгөгдлүүдийг тодорхойлсон, техникийн нөхцөлтэй эсэх;

       6.12.2. холбогдох мэргэжлийн байгууллагаар энэ дүрмийн 5.2-т заасны дагуу хянуулж, дүгнэлт гаргуулж баталгаажуулсан эсэх;

       6.12.3. барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, барилга бүтээц, инженерийн хангамжийн шийдэл нь норм, нормативын баримт бичиг, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу боловсруулсан эсэх;

       6.12.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, техник технологийн аюулгүй ажиллагаа, орчны эрүүл ахуйн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг  хангуулсан эсэх;

        6.12.5. барилгын ажлын талбай, үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник технологийн аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлагыг тусгасан эсэх;

       6.12.6. инженерийн хангамжийн хувилбар, харьцуулсан тооцоо, сонгосон хувилбарын талаарх дүгнэлттэй эсэх;

       6.12.7. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангуулсан эсэх;

       6.12.8. эдийн засгийн үр ашиг, экологийн хор хөнөөлгүй байдал, ашиглалтын үеийн найдвартай ажиллагаа, барилга байгууламжийн нийгмийн ач холбогдол зэргийг харгалзан хөрөнгө оруулалтын үр ашгийн талаарх дүгнэлт гаргасан эсэх;

       6.12.9. зураг төслийн сонгосон шийдэл, магадлал хийх явцад экспертээс өгсөн нэмэлт, өөрчлөлтийн саналыг зураг төсөлд тусгасан эсэх.

6.13. Зураг төсөл энэ дүрмийн 6.11, 6.12-т заасан шаардлагыг хангасан эсэхийг инженер-геологийн болон зураг төслийн магадлалын дүгнэлтэд тусгана.

6.14. Эксперт зураг төслийн магадлалын дүгнэлтийг гаргаж, энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагад хүргүүлнэ.

6.15. Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна.

6.16. Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага магадлалын дүгнэлттэй холбоотой маргаантай асуудлыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

6.17. Магадлал хийж баталгаажсан зураг төслийг болон барилга байгууламжийн нэг маягийн зургийг давтан хэрэглэх тохиолдолд ажлын зургийн өөрчлөлт орсон хэсэгт магадлал хийлгэнэ.

6.18. Эх загвар зураг /эскиз/-т магадлал хийсэн эксперт иж бүрэн ажлын зураг төсөлд магадлал хийнэ.

6.19. Зураг төслийн магадлалын ажлыг хүснэгт 2-т заасны дагуу баталгаажуулна.

Хүснэгт 2

Барилга байгууламжийн ангилал

Зураг төсөлд магадлал хийснийг бүртгэж, дугаар олгох, баталгаажуулах

Эх загвар зургийн хувьд

Иж бүрэн ажлын зураг төслийн хувьд

Барилгын тухай хуулийн

10.1.1-д заасан барилга байгууламж

Захиалагчийн хүсэлтийн дагуу энэ дүрэмд заасны дагуу эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төсөлд магадлал хийж, баталгаажуулна.

Барилгын тухай хуулийн

10.1.2-10.1.5-д заасан барилга байгууламж

1. Эксперт нь эх загвар зургийн холбогдох хэсгийн хуудас бүрт магадлал хийсэн огноог тавьж, гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулна.

2. Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагын дарга эх загвар зургийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн бүртгэж, дугаар олгосныг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

3. Эх загвар зургийн нүүр хуудсыг энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагын зураг төслийн магадлалын асуудал хариуцсан нэгжийн дарга гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

1. Эксперт нь иж бүрэн ажлын зураг төслийн холбогдох хэсгийн хуудас бүрт магадлал хийсэн огноог тавьж, гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулна.

2. Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагын дарга иж бүрэн ажлын зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн бүртгэж, дугаар олгосныг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

3. Иж бүрэн ажлын зураг төслийн нүүр хуудсыг энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагын зураг төслийн магадлалын асуудал хариуцсан нэгжийн дарга гарын үсэг, тэмдгээр баталгаажуулна.

6.20. Магадлалын дүгнэлт Барилгын тухай хуулийн 25.6-д заасны дагуу зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хэлбэртэй байна.

6.21. Барилгын тухай хуулийн 12.1, 15.1 болон энэ дүрэмд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд магадлалын дүгнэлтийг татгалзсан хэлбэрээр гаргана.

6.22. Магадлалын дүгнэлт татгалзсан хэлбэртэй гарсан тохиолдолд захиалагч илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулсны үндсэн дээр дахин магадлал хийлгэх хүсэлт гаргана.

6.23. Магадлал хийгдсэн эх загвар зураг, иж бүрэн ажлын зургийг 1 хувь, магадлалын дүгнэлтийг 2 хувь үйлдэж баталгаажуулна.

Долоо. Барилга байгууламжийн зураг
        төслийг хадгалах

7.1. Захиалагч магадлалын дүгнэлт, эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг цахим (PDF форматаар CD хэлбэрт хөрвүүлэх) хэлбэрээр, барилга байгууламжийн төсвийг цахим болон цаасан хэлбэрээр энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагын архивт зохих журмын дагуу хүргүүлнэ.

7.2. Барилгын тухай хуулийн 25.5-д заасны дагуу зураг төсөлд өөрчлөлт орсон тохиолдолд тухайн хэсэгт хийгдсэн магадлалын дүгнэлтийг архивын эх материалд хавсаргана.

7.3 Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага зураг төсөлд магадлал хийсэн талаарх мэдээллийг бүртгэл мэдээллийн санд оруулж, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутам хүргүүлнэ.

Найм. Бусад

8.1. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт нь Барилгын тухай хуулийн 8.3-т заасны дагуу мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулж, мөн хуулийн 39.4-т заасны дагуу мэргэжлийн хариуцлага хүлээнэ.

8.2. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болон барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 


-----o0o-----