- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2019 оны 128 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үүрэг бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх)-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.
1.3. Үндэсний зөвлөл нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1. Үндэсний зөвлөл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7.4-т заасны дагуу орон тооны бус гишүүдээс бүрдэнэ.
2.2. Үндэсний зөвлөл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7.5-д заасан орон тооны Ажлын албатай байна.
2.3. Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга нь Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга байна.
2.4. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд гишүүдийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.5. Үндэсний зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдах ба шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга, эсхүл нийт гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар зарлан хуралдуулж болно.
2.6. Ээлжит хуралдааны товыг Нарийн бичгийн дарга Үндэсний зөвлөлийн даргатай зөвшилцөж тогтооно. Нарийн бичгийн дарга хуралдааны товыг тогтоосон өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хуралдаанаар хэлэлцэх асуудал, холбогдох материалыг зөвлөлийн гишүүдэд хүргүүлнэ.
2.7. Хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга удирдах бөгөөд түүний эзгүйд орлогч дарга хуралдааныг удирдаж болно.
2.8. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааны материалыг хүлээн авсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүйн улмаас саналаа бичгээр ирүүлсэн гишүүнийг хуралдааны ирцэд оруулж тооцно. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
2.9. Үндэсний зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаанаас тогтоол, зөвлөмж гаргах ба тогтоол, зөвлөмжид Үндэсний зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
Гурав. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх
3.1. Үндэсний зөвлөл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7.6-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1. Үндэсний зөвлөлөөс тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлах, хэрэгжилтийг хангах;
3.1.2. бодлого, хөтөлбөр боловсруулах, судалгааны ажил хийхэд эрдэмтэн, судлаачид, холбогдох мэргэжилтнийг татан оролцуулах;
3.1.3. Үндэсний зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;
3.1.4. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг хариуцах, хамтран ажиллах байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай танилцах, тайланг Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж үүрэг, чиглэл өгөх;
3.1.5. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар олон улсын байгууллага, гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
3.1.6. замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар хурал, зөвлөгөөн, семинар, сургалт, сурталчилгаа зохион байгуулах.
Дөрөв. Үндэсний зөвлөлийн дарга,
гишүүний эрх, үүрэг
4.1. Үндэсний зөвлөлийн дарга дараахь эрх, үүрэгтэй:
4.1.1. Үндэсний зөвлөлийн ажлыг ерөнхий удирдлагаар хангах;
4.1.2. Үндэсний зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
4.1.3. Үндэсний зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
4.1.4. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулах.
4.2. Үндэсний зөвлөлийн гишүүн дараахь эрх, үүрэгтэй:
4.2.1. Үндэсний зөвлөлийн хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх;
4.2.2. Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хариуцсан салбар, чиглэлийн дагуу хяналт тавих;
4.2.3. хариуцсан салбар, чиглэлийн дагуу Үндэсний зөвлөлд холбогдох мэдээ, тайлан, статистик тоо баримтыг гаргаж өгөх;
4.2.4. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах, зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах.
Тав. Үндэсний зөвлөлийн ажлын алба
5.1. Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Ажлын алба хариуцна.
5.2. Ажлын алба нь дарга, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт хариуцсан мэргэжилтэн, эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй байна.
5.3. Ажлын албаны дарга, мэргэжилтэн нь төрийн захиргааны албан хаагч байна.
5.4. Ажлын алба нь дараахь эрх, үүрэгтэй:
5.4.1. хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргаж Үндэсний зөвлөлийн даргаар батлуулах;
5.4.2. Үндэсний зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, хэлэлцүүлэх асуудалтай холбоотой баримт бичгийн бүрдлийг хангах;
5.4.3. Үндэсний зөвлөлийн хуралдааны тэмдэглэл хөтлөх;
5.4.4. Үндэсний зөвлөлийн тогтоол, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах.
Зургаа. Бусад
6.1. Үндэсний зөвлөл нь ажлаа жил бүрийн II улиралд багтаан Улсын Их Хуралд тайлагнана.
6.2. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын батлагдсан төсвөөс санхүүжүүлнэ.
6.3. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотой байгууллага, хувь хүний нууцад хамаарах асуудлыг задруулах, хуралдааны шийдвэр баталгаажих хүртэл аливаа мэдээллийг бусдад тараахыг хориглоно.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A