A

A

A

Бүлэг: 1979

                                                               Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны 16/03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

ОРОН НУТГИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД

ХӨРӨНГӨ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Энэхүү журмын эрхэм зорилго нь орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн талаарх баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, өмчийн менежмент, нийгмийн хариуцлагыг сайжруулах, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн сайн засаглалыг хөгжүүлэх, өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

1. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4, 5-д зааснаас бусад орон нутгийн өөрийн өмчийн бүх төрлийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлж болно.

3. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

4. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшигч, ашиглагч нь эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай Монгол улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд (цаашид “түрээслэгч” гэнэ) байна.

5. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэгч нь Орон нутгийн өмчийн газар болон орон нутгийн өмчит хуулийн этгээд (цаашид “түрээслүүлэгч” гэнэ) байна. Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж буй орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг энэ журмын дагуу түрээслүүлнэ.

6.Түрээслүүлэгч нь нэг зориулалттай, нэгдмэл байдалтай ашиглагдах цогцолбор орон нутгийн өөрийн өмчийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхдээ холбогдох байгууллагын саналыг авна.

7. Түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондын харилцааг хууль тогтоомж энэ журамд заасны дагуу байгуулсан түрээсийн гэрээгээр зохицуулна.

8.Орон нутгийн өөрийн өмчийн тухайн эд хөрөнгийг түрээслэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна.

9.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулна.

10.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын саналыг авч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар тогтооно.

Хоёр. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн

түрээсийн гэрээ байгуулах

1.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулна.

2.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно.

3.Орон нутгийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Орон нутгийн өмчийн газраар батлуулах бөгөөд шаардлагатай бол Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлнэ.  

4.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацааг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол түрээслэж буй эд хөрөнгийн шинж байдал, зориулалт, онцлогийг харгалзан талууд харилцан тохиролцож тогтооно.

5.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийн хэмжээг энэ журмын 11-д заасан жишиг үнийг баримтлан, зах зээлийн тухайн үеийн үнэ болон бусад холбогдох үзүүлэлтүүдийг харгалзан тогтоож, гэрээнд тусгана.

6.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн 30 хувийг Орон нутгийн өмчийн газарт төвлөрүүлнэ. Үлдсэн төлбөрийн 70 хувийг орон нутгийн төсөвт оруулна.

7.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний биелэлтэд Орон нутгийн өмчийн газар, түрээслэгч, орон нутгийн өмчит хуулийн этгээд хяналт тавина.

8.Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр Орон нутгийн өмчийн газарт ирүүлж байх үүрэгтэй.

9.Түрээслэгч нь орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцах бөгөөд Орон нутгийн өмчийн газрын зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.

10.Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журмыг Орон нутгийн өмчийн газар батална.

Гурав. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн

түрээсийн гэрээ цуцлах

1.Түрээслэгч Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж учирсан хохирлыг төлүүлнэ.       

 

Дөрөв. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр

эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг шийдвэрлэх

1. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэхтэй холбогдсон маргааныг Орон нутгийн өмчийн газар шийдвэрлэнэ.

2. Орон нутгийн өмчийн газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлнэ.