A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн

2019 оны А-82 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Монголбанк Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг үндэслэн банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрөл авах хүсэлтийг хүлээн авах, хүсэлтийг хянаж судлах, банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг хязгаарлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжид үндэслэсэн байна.

1.3.Банк үүсгэн байгуулах тухай Монголбанкны шийдвэрт өөрөөр заагаагүй бол банкны үйл ажиллагааны энгийн зөвшөөрлийг банк үүсгэн байгуулах тусгай зөвшөөрлийн хамт олгоно.

1.4.Банк үүсгэн байгуулах тухай Монголбанкны шийдвэрт банк үүсгэн байгуулах зөвшөөрлийг үйл ажиллагааны энгийн зөвшөөрлийн хамт олгоогүй тохиолдолд энгийн зөвшөөрлийг олгохтой холбогдсон харилцааг тухайн шийдвэрт тодорхой заасан байна.

1.5.Банкны үйл ажиллагааны энгийн зөвшөөрлийг нэмэлтээр олгох, нэмэлт зөвшөөрлийг олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.6.Банкны үйл ажиллагааны зөвшөөрлийг Монголбанкны шийдвэрээр Банкны тухай хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаа тус бүрээр олгоно.

1.7.Монголбанк нь энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан банкинд Банкны тухай хуулийн 6.2-т заасан үйл ажиллагаа эрхлэхэд татгалзахгүй тухай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ.

1.8.Монголбанк үйл ажиллагааны зөвшөөрлийг хугацаагүй олгох бөгөөд хуульд заасан үндэслэлээр энэ журмын 6 дугаар бүлэгт зааснаар үндэслэн хязгаарлаж, түдгэлзүүлж, хүчингүй болгоно.

1.9.Монголбанк нь банкны бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц болон хэмжээ, хүний нөөц, ажлын байр, техник, тоног төхөөрөмж, нөөц төв, програм хангамжийн бэлтгэгдсэн байдалд тусгайлан шаардлага тавьж, эрхлэх үйл ажиллагаанд хязгаарлалт, хугацаа тогтоон үйл ажиллагааны зөвшөөрөл олгож болно.

1.10.Банкны үйл ажиллагааны энгийн зөвшөөрөлд дараах зөвшөөрөл хамаарна:

1.10.1.Банкны тухай хуулийн 6.1.2-т заасан зээл;

1.10.2.Банкны тухай хуулийн 6.1.3-т заасан төлбөр тооцооны үйлчилгээ (зөвхөн бэлнээр болон банк хоорондын захаар хийх бэлэн бус төлбөр тооцоо);

1.10.3.Банкны тухай хуулийн 6.1.5-д заасан гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах (зөвхөн харилцагчийн захиалгаар валютын арилжааны хэлцэл хийх, ностро, лоро харилцах, зөвхөн ханшийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хийгдсэн гадаад валютын своп, спот хэлцэл хийх);

1.10.4.Банкны тухай хуулийн 6.1.7-д заасан үнэт зүйл хадгалах;

1.10.5.Банкны тухай хуулийн 6.1.8-д заасан гадаад төлбөр тооцоо хийх (зөвхөн гадаадын банкнаас зээл авах, харилцагчийн захиалгаар валютын арилжааны хэлцэл хийх, ностро, лоро харилцах, зөвхөн ханшийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хийгдсэн гадаад валютын своп, спот хэлцэл хийх);

1.10.6.Банкны тухай хуулийн 6.1.10-т заасан санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг тус тус эрхлэх зөвшөөрлийг хэлнэ.

1.11.Банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрөлд дараах зөвшөөрөл хамаарна:

1.11.1.Банкны тухай хуулийн 6.1.1-д заасан мөнгөн хадгаламж;

1.11.2.Банкны тухай хуулийн 6.1.4-т заасан өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах;

1.11.3.Энэ журмын 1.10.3-т зааснаас бусад гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

1.11.4.Банкны тухай хуулийн 6.1.6-д заасан үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

1.11.5.Энэ журмын 1.10.5-д зааснаас бусад гадаад төлбөр тооцоо хийх;

1.11.6.Банкны тухай хуулийн 6.1.9-д заасан үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;

1.11.7.Банкны тухай хуулийн 6.1.11-д заасан зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;

1.11.8.Монголбанкны Ерөнхийлөгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөлд хамт олгоогүй, Банкны тухай хуулийн 6.1-д заасан бусад үйл ажиллагааны зөвшөөрлийг хэлнэ.

ХОЁР. БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИХ ШААРДЛАГА

2.1.Банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрлийг дараах шаардлагыг хангасан банкинд олгох буюу олгоход татгалзахгүй тухай санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. Үүнд:

2.1.1.Банкны тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн 6 (зургаан) сарын турш тогтмол хангаж ажилласан;

2.1.2.Монголбанкнаас тухайн банкинд хамгийн сүүлд хийсэн газар дээрх иж бүрэн шалгалтаар “Сайн” буюу түүнээс дээш үнэлгээ авсан, хэрэв сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн банкинд иж бүрэн шалгалт ороогүй бол зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг 12 сарын хугацаанд тогтмол хангасан;

2.1.3.Шалгалтын дагуу Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлсэн;

2.1.4.Тухайн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай банкны хүний нөөц, ажлын байр, техник, тоног төхөөрөмж, програм хангамж, хөрөнгийн эх үүсвэр бүрэн хангагдсан;

2.1.5.Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх тухай Монголбанкнаас баталсан журмын дагуу хамгийн сүүлд авсан зохистой засаглалын үнэлгээ нь “Дунд” ба түүнээс дээш байх,

2.1.6.Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загварын маягтын дагуу холбогдох мэдээллийг олон нийтэд заасан хугацаанд мэдээлдэг байх.

ГУРАВ. БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

3.1.Банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрөл хүсэгч банк нь эрхлэх үйл ажиллагааны нэр төрөл, шаардлага, хөрөнгийн эх үүсвэр, тухайн үйл ажиллагааг явуулахад шаардагдах (нягтлан бодох бүртгэл, зээлийн мэдээллийн сан гэх мэт) техник, тоног төхөөрөмж, програм хангамж, шаардлага хангасан нөөц төв, ажлын байр, удирдлага, хүний нөөц, банкны үйл ажиллагаа, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлтэд орох өөрчлөлтийн талаар тодорхой тусгасан хүсэлтийг дараах баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлнэ. Үүнд:

3.1.1.Тухайн үйл ажиллагааг эрхлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;

3.1.2.Банкны дүрэмд орох нэмэлт, өөрчлөлт;

3.1.3.Тухайн үйл ажиллагааг эрхлэхэд нэмж шаардагдах өөрийн хөрөнгө, зардал, тэдгээрийн эх үүсвэрийн тооцоолол;

3.1.4.Бизнес төлөвлөгөө болон санхүүгийн тайланд орох холбогдох өөрчлөлтүүд, танилцуулга;

3.1.5.Тухайн үйл ажиллагааг эрхлэхэд мөрдөх эрх зүйн баримт бичиг (журам, заавар, ажил үйлчилгээний ерөнхий нөхцөл гэх мэт);

3.1.6.Гадаад төлбөр тооцооны нэмэлт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэж буй банк нь энэ журмын 3.1.1- 3.1.5-д заасан баримт бичгээс гадна гадаад валютын арилжааны нэр төрөл, ажил гүйлгээг гүйцэтгэх журамд гадаад төлбөр тооцооны ажилтан тус бүрийн эдлэх эрх, үүрэг, хүлээх хариуцлага, нээлттэй позици болон арилжаатай холбоотой зохицуулалт, харилцагч гадаадын банкуудын эрсдэлийг тооцох аргачлал зэргийг тодорхой тусгасан байна.

3.2.Монголбанк нь энэ журмын 3.1-д заасан баримт бичгээс гадна энэ журмын шаардлагын дагуу нэмэлт материал шаардах эрхтэй.

ДӨРӨВ. БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТ, БАРИМТ БИЧГИЙГ ХЯНАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

4.1.Монголбанк нь Банкны тухай хууль тогтоомжийг үндэслэн банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрлийн хүсэлтийг холбогдох зааврын дагуу хянаж, шаардлагатай асуудлыг Монголбанкны холбогдох газар, хэлтсүүд газар дээр нь шалгана.

4.2.Монголбанк банкны үйл ажиллагааны зөвшөөрөл олгох эсэх шийдвэрээ энэ журмын 3 дугаар бүлэгт заасан өргөдөл, баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөс хойш 30 (гуч) хоногийн дотор гаргаж, энэ тухай хүсэлт гаргагч банкинд ажлын 3 (гурав) хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

4.3.Энэ журмын 3 дугаар бүлэгт заасан баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргагч банкинд энэ талаар албан бичгээр, эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

4.4.Баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрийг банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан өдөрт тооцно.

4.5.Банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд Монголбанкны банкны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар, хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн газар, төлбөр тооцоо, бүртгэлийн асуудал эрхэлсэн газар, мэдээлэл технологийн асуудал эрхэлсэн газар, валютын зах зээлийн асуудал эрхэлсэн газар санал, дүгнэлтээ Монголбанкны Ерөнхийлөгчид танилцуулж, шаардлагатай тохиолдолд Монголбанкны Хяналт шалгалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

4.6.Банкны үйл ажиллагааны нэмэлт зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж, Монголбанкны ажил үйлчилгээний шимтгэлийг ажлын 3 хоногийн дотор төлөхийг хүсэлт гаргагч банкнаас шаардаж, улсын тэмдэгтийн хураамж, Монголбанкны ажил үйлчилгээний шимтгэл төлсөн баримтыг хүсэлт бүхий материалд хавсаргана.

4.7.Монголбанк нь банкны үйл ажиллагаа эрхлэх тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр, Улсын тэмдэгтийн хураамж, ажил үйлчилгээний шимтгэл төлсөн тухай нотлох баримтыг үндэслэн банкны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад зохих тэмдэглэгээг хийнэ.

ТАВ. БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАХ ҮНДЭСЛЭЛ

5.1.Монголбанк дараах үндэслэлээр банкны үйл ажиллагааны зөвшөөрөл олгохоос татгалзана. Үүнд:

5.1.1.Энэ журмын 2 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаагүй;

5.1.2.Энэ журмын 3 дугаар бүлэгт заасан баримт бичгийг бүрэн гүйцэд ирүүлээгүй;

5.1.3.Хүсэлт гаргагч банк тухайн үйл ажиллагааг эрхэлснээр үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, эсхүл санхүү, банкны салбарын тогтолцооны тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй гэж Монголбанк үзсэн;

5.1.4.Монголбанкнаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл болон тухайн мэдээллийн нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй;

5.1.5.Бүрдэл дутуу материалыг буцааснаас хойш 30 (гуч) хоногийн дотор холбогдох баримт бичгийг ирүүлээгүй;

5.2.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай банк байгуулах хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.

ЗУРГАА. БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЯЗГААРЛАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

6.1.Банк үүсгэн байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор урьд олгосон, банкны үйл ажиллагаа эрхлэх бүх зөвшөөрөл хүчингүй болно.

6.2.Монголбанк банкны үйл ажиллагааны зөвшөөрлийг Банкны тухай хуульд заасан албадлагын арга хэмжээний дагуу дараах үндэслэлээр хязгаарлаж, түдгэлзүүлж, хүчингүй болгож болно. Үүнд:

6.2.1.Банкны тухай хуулийн 16.1.1, 16.1.2 дахь заалт, 17 дугаар зүйлд заасан шаардлагыг 3 сар дараалан хангаж ажиллаагүй;

6.2.2.Тухайн үйл ажиллагаанаас өөрийн хөрөнгийн үзүүлэлтэд нөлөөлөхүйц хэмжээгээр алдагдал хүлээсэн;

6.2.3.Банкны зарим үйл ажиллагааг хязгаарласан, түдгэлзүүлсэн шалтгааныг арилгаагүйгээр тухайнүйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлсэн, эсвэл 6 сарын хугацаанд хязгаарласан, түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг цуцлах хангалттай нөхцөл бүрэлдээгүй;

6.2.4.Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг зөрчсөн буюу биелүүлээгүй;

6.2.5.Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл бүрдсэн.

6.3.Гадаад төлбөр тооцоо хийх зөвшөөрлийг Монголбанкнаас хүчингүй болгосон тохиолдолд банк нь гадаадын банк дахь ностро, лоро дансдын хуулга болон холбогдох гэрээ, хэлцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Монголбанкинд ирүүлнэ.

6.4.Банк энэ журмын 6.2-т заасан үндэслэлээр хязгаарласан, түдгэлзүүлсэн үйл ажиллагааны зөвшөөрлийг сэргээлгэх, хүчингүй болгосон үйл ажиллагааны зөвшөөрлийг шинээр авах хүсэлтийг Монголбанкинд ирүүлсэн тохиолдолд зөрчил дутагдлыг арилгасан эсэх, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхийг газар дээр хийсэн хэсэгчилсэн буюу иж бүрэн шалгалтаар тогтоосон дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

6.5.Хүчингүй болсон үйл ажиллагааны зөвшөөрлийг дахин олгох тухай хүсэлтийг Монголбанк тухайн үйл ажиллагааг хүчингүй болгох тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 6 (зургаан) сарын хугацаанд хүлээн авахгүй бөгөөд хүсэлт гаргагч нь тогтоосон хугацааны дараа энэ журамд заасан шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг шинээр бүрдүүлэн хүсэлт гаргана.

6.6.Банкны тухай хуулийн 6.2-т заасан үйл ажиллагааны зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос түдгэлзүүлсэн, хязгаарласан, хүчингүй болгосон тохиолдолд тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 (тав) хоногийн дотор тухайн банк энэ талаар Монголбанкинд бичгээр мэдэгдэнэ.

ДОЛОО. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

7.1.Энэ журмын 6.1, 6.2-т заасан үндэслэлээр банкны үйл ажиллагааг хязгаарлаж, түдгэлзүүлж, хүчингүй болгож, арга хэмжээ авахтай холбогдон гарсан зардлыг тухайн банк хариуцна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А-146

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Банк байгуулах зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-82 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "Банк байгуулах тусгай зөвшөөрөл журам", хоёрдугаар хавсралт "Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам", дөрөвдүгээр хавсралт "Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан шийдвэрлэх заавар"-ыг тус тус хүчингүй болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т даалгасугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ   Б.ЛХАГВАСҮРЭН