A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                                                                                                                                                                                                                       Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

                                                                                                                                                                                                                                                                                   2019 оны 15/04 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт            

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТҮР СААТУУЛАХ

БАЙРНЫ АЖИЛЛАХ  ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн,аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулан, эзэмшигчид нь хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг гүйцэтгэхэд чиглэгдэнэ.

1.2. Цагдаагийн эрх бүхий албан хаагчийн шийдвэргүйгээр түр саатуулах байранд тээврийн хэрэгсэл байрлуулах, гаргахыг хориглоно.

Хоёр. Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны ерөнхий нөхцөл шаардлага

2.1.Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр нь хаалганаас бусад хэсгээр хүн болон тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүйгээр хийгдсэн байхаас гадна шөнийн цагт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед түр саатуулагдсан тээврийн хэрэгслүүдийг бүрэн харах бололцоо бүхий гэрэлтүүлэгтэй байна.

2.2.Түр саатуулагдсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчлийг арилгуулах зохих хариуцлагыг аймгийн Замын цагдаагийн тасгаас томилогдсон байцаагч, оногдуулан шийдвэрлэх бөгөөд түр саатуулах байрнаас гаргах тухай цагдаагийн алба хаагчийн зөвшөөрлийн бичиг, энэхүү журмаар батлагдсан үнийн дагуу дансанд мөнгийг тушаасан баримтыг үндэслэн сахиул тээврийн хэрэгсэл эзэмшигчид бүрэн бүтэн байдлыг шалган хүлээлгэн өгнө.  

2.3.Түр саатуулах байранд тээврийн хэрэгслийг 2 сараас илүүгүй хугацаатай хадгална.

2.4.Түр саатуулах байр нь шөнийн цагт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед бүрэн харах бололцоо бүхий камерын системтэй байна.

2.5.Болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор түр саатуулах байр нь даатгалд хамрагдсан байна. Даатгалын төлбөрийг түр саатуулах байрны хураамжаас төлнө.

2.6.Түр саатуулах байрны сахиул нь саатуулагдаж байгаа тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч, буруутан этгээдийг байлцуулан, бүртгэлжүүлж, гарын үсэг зуралцан хүлээж авах, хүлээлгэж өгөх асуудлыг шийдвэрлэнэ. Зөрчил доголдол гаргаж хохирол учруулсан нөхцөлд буруутан хохирлыг бүрэн барагдуулна.

2.7.Сахиул солигдсон нөхцөлд түр саатуулах байрны эд хөрөнгийг сумын Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг эд хөрөнгийн бүртгэлийн акт, сахиулын тэмдэглэлтэй тулгаж хүлээлцэнэ.

2.8.Энэхүү үйл ажиллагаанд сумын Засаг даргын Тамгын газрын дарга биечлэн хяналт тавьж, саатуулах байрны сахиул санхүүгийн болоод бусад зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй шийдвэрлэж ажиллана.

Гурав. Сахиулын ажиллах журам

3.1.Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны сахиул нь саатуулах үндэслэл бүхий цагдаагийн алба хаагчийн хүргэж ирсэн тээврийн хэрэгслийг хашаанд нэвтрүүлнэ.

3.2.Тээврийн хэрэгслийг хүлээн авахдаа гадна, дотно тал, тээш, бүхээг, тэвшинд үзлэг хийж эд ангиудын бүрэн бүтэн байдал,бүхээг тэвшинд ачсан ачаа зэргийг бүртгэлд нэг бүрчлэн тусгаж, хүргэж ирсэн цагдаагийн алба хаагч, саатуулагдаж буй тээврийн хэрэгслийн жолооч нараар гарын үсэг зуруулан хүлээж авна. Үзлэгийн явцад тээврийн хэрэгслийн ачаа тээшинд түргэн муудах, хөлдөх хүнсний бүтээгдэхүүн, бараа материал, мал, амьтан илэрсэн тохиолдолд жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгөх, гэмт хэргийн ул мөр, тэсэрч дэлбэрэх бодис, шатах тослох материал гэх мэт зүйлс илэрвэл холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.

3.3.Тээврийн хэрэгслийн хаалга, тээшийг заавал түгжүүлсэн байх ба түгжигдэхгүй нөхцөлд бүртгэлд тусгаж эзэмшигчээр гарын үсэг зуруулж, лацдуулна.

3.4.Түр саатуулах байрнаас тээврийн хэрэгслийг зөвшөөрлийн бичиггүйгээр,утсаар болон аман шийдвэрээр гаргахыг хориглоно.

3.5. Сахиул нь согтуугаар ажил үүрэг гүйцэтгэх, ажлын байраа хараа хяналтгүй орхин явах, тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн эд анги зэргийг алдаж үрэгдүүлэх, зөрчил доголдол гаргасан бол хохирлыг бүрэн төлүүлж, ажлаас халах үндэслэл болно.

Дөрөв. Хоногийн төлбөрт тавих хяналт

4.1.Саатуулагдсан тээврийн хэрэгслийн хоногийн төлбөрийг тус журмаар батлагдсан тарифын дагуу тооцож, Хэрлэн сумын төсвийн ерөнхий орлогын Хас банкин дахь 5001789612 тоот дансанд тушаалган, баримтыг сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч авсны дараа тээврийн хэрэгслийг гаргах, зөвшөөрлийн бичгийг тээврийн хэрэгслийн эзэмшигчид олгоно. Түр саатуулах байрны сахиул энэхүү бичгийг үндэслэн тээврийн хэрэгслийг гаргаж “Зөрчил шийдвэрлэх бүртгэлийн дэвтэр”-т тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө.

4.2.Хадгалах байрны сахиул “Зөрчил шийдвэрлэх бүртгэлийн дэвтэр”-т шийдвэрлэлтийн талаар нэг бүрчлэн бичиж 7 хоног бүр дүнг нэгтгэн, бүртгэл хөтөлсөн байх шаардлагатай ба Даваа гараг бүрийн сумын Засаг даргын Тамгын газрын шуурхай хуралдаанд тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны нөхцөл байдлын мэдээг танилцуулж, сар бүрийн 30-ны өдрөөр тасалбар болгон саатуулагдсан тээврийн хэрэгслийн жагсаалтыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, санхүүгийн тасагт хянуулан, холбогдох материалыг хүлээлгэн өгч баталгаажуулна.

4.3.Хоногийн төлбөрийг саатуулах байрнаас тээврийн хэрэгслийг гаргасан өдрөөр нь тасалбар болгон тооцож авах ба хадгалагдсан хоногийг дутуу тооцсон, зохих зөвшөөрлийн бичиггүйгээр саатуулах байрнаас тээврийн хэрэгслийг дур мэдэн гаргасан, санхүүгийн баримтыг үрэгдүүлсэн, санхүүгийн журмыг зөрчсөн тохиолдолд тухайн буруутай албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцож шийдвэрлэнэ.

Тав. Хоногийн төлбөрийг авах

5.1.Түр саатуулах байранд орсон тээврийн хэрэгслийг саатуулагдсан өдрөөс эхлэн хоногийн төлбөрийг тооцно.

5.2. Саатуулагдсан тээврийн хэрэгслийн хоногийн төлбөрийг тус журмаар батлагдсан тарифын дагуу тооцож, Хэрлэн сумын төсвийн ерөнхий орлогын Хас банкин дахь 5001789612 тоот дансанд тушааж, баримтаар тооцоог хийнэ. /бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй/       

5.3.Зам тээврийн осол, бусад төрлийн гэмт хэрэг, Цагдаа болон Шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зэрэг шалтгаанаар саатуулагдсан /удаан хугацаагаар саатуулагдсан/ тээврийн хэрэгслийг Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын албан тушаалтны гаргасан шийдвэрийг үндэслэн хоногийн төлбөрийг тооцож саатуулах байрнаас гаргана.

5.4.Энэ журмын 5.3-д зааснаас бусад шалтгаанаар саатуулагдсан тээврийн хэрэгслээс түр саатуулах байранд байсан хугацааны шууд зардлыг хариуцагч байгууллага, иргэдээс хоногоор тооцож авна.

5.5.Тооцоо хийгдээгүй, зохих байгууллагын шийдвэр ирээгүй нөхцөлд саатуулах байрны сахиул дур мэдэн тээврийн хэрэгсэл хөдөлгөхийг хориглоно.

Зургаа. Хоногийн төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөх

6.1.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, захиргааны зөрчлийн улмаас хадгалагдсан тээврийн хэрэгслийн жолооч нас барсан, гэм буруугүй нь шүүхээр нотлогдсон тохиолдолд хоногийн төлбөрийг хөнгөлж, чөлөөлнө.

Долоо. Бусад

7.1.Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хоногийн төлбөрийн орсон орлогоос тухайн байрны үйл ажиллагааны зардалд зарцуулна.