A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2019 оны

60 дугаар тушаалын хавсралт

АУДИТЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХИЙХ ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Аудитын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтыг энэхүү журмаар зохицуулна.      

1.2.Аудитын хуулийн этгээд нь аудитын үйл ажиллагааг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэх болон аудитын үйл ажиллагааны чанарын хяналтыг байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихад чанарын хяналт (цаашид “хяналт” гэх)-ын журмын зорилго оршино.

1.3.Сангийн яамны Нягтлан болох бүртгэлийн бодлогын газар болон тухайлсан тушаалаар томилогдсон ажлын хэсэг (цаашид “комисс” гэх) нь энэ журмын дөрөвдүгээр бүлэгт заасан хяналтыг хэрэгжүүлэгч этгээд мөн.

1.4.Жил бүр хяналт, шалгалтад хамрагдах аудитын хуулийн этгээдийн тооноос хамаарч комиссын бүрэлдэхүүнийг томилно.

1.5.Журмын 1.3-т заасан комиссын бүрэлдэхүүнд Сангийн яам, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) болон бусад эрх бүхий мэргэжлийн байгууллагыг оролцуулж болно.

Хоёр. Чанарын хяналт, шалгалт

2.1.Комисс нь аудитын чанарын хяналтыг Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий этгээдийн баталсан холбогдох шийдвэрээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрээр жил бүр хийж гүйцэтгэнэ.

2.2.Төлөвлөгөөт чанарын хяналтын хувиарыг Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий этгээдийн тушаалаар жил бүрийн эхэнд батлуулан, хэрэгжүүлнэ.

2.3.Төлөвлөгөөт бус чанарын хяналтыг Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий этгээдийн үйл ажиллагааны явцад илрүүлсэн зөрчил, хууль, хяналтын байгууллагаас ирүүлсэн албан хүсэлт, шийдвэр мөн үйлчлүүлэгчдээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг үндэслэн явуулах бөгөөд дараах зөрчлүүд байгаа эсэхэд чиглүүлэн зохион байгуулна:

2.3.1.Аудитын үйл ажиллагааг Аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу явуулсан эсэх;

2.3.2.Санхүүгийн тайланг хуурамчаар баталгаажуулсан эсэх;

2.3.3.Аудитын олон улсын стандартаар шаардсан аудитын горим гүйцэтгэхэд Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээ, хугацааны жишиг”-ээс хэт зөрүүтэй, богино хугацаандхийж гүйцэтгэсэн эсэх;

2.3.4.Шударга өрсөлдөөний зарчмыг мөрдөөгүй, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлж, өөрийн байгууллагыг бусад аудитын хуулийн этгээдтэй харьцуулах болон тэдний нэр төрд харшлах үйлдэл гаргасан эсэх;

2.4.Сангийн яамны холбогдох газар болон аймаг, нийслэл, дүүргийн нягтлан бодох бүртгэл, аудитын асуудал хариуцсан мэргэжилтнүүд нь аудитын хуулийн этгээдэд зайны хяналтыг тавьж болно.

2.4.1.Зайны хяналтаар аудитын хуулийн этгээдийг хууль тогтоомж болон сайдын тушаалаар батлагдсан заавар журмыг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт тавина.

2.5.Чанарын хяналт нь аудитын хуулийн этгээдийн Аудитын тухай хуулийн мөрдөлтөд хийх хяналт, аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд хийх чанарын хяналт, аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн аудитын ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналт, хяналт шалгалтын комисс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн нягтлан шалгах ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналт гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

2.6.Аудитын байгууллагын түвшинд хийх чанарын хяналтаар дараах ажлыг хянан, үнэлж, зөвлөмж өгч, дүгнэнэ. Үүнд:

2.6.1.Аудитын ажлын чанарыг хангахад байгууллагын тогтолцооны түвшинд аудитын удирдлагын бодлого, горим нь зохистой, үр нөлөөтэй зохион байгуулагдсан эсэх;

2.6.2.Аудит, баталгаажуулалтын ажлыг хийхэд мөрддөг дотоодын бодлого журам нь аудитын болон бусад холбогдох баталгаажуулах ажлын олон улсын стандарттай нийцэж буй эсэх;

2.6.3.Аудитын үйл ажиллагааг зохих стандарт, дүрэм журмын дагуу чанартай гүйцэтгэхэд шаардлагатай дотоодын чанарын хяналтыг хийдэг эсэх;

2.6.4.Аудитын чанарыг хангахуйц хүний нөөцтэй, тэдгээрт зориулсан бодлогоор зохицуулагдсан чиг үүргүүд нь тухайн аудитын хуулийн этгээдийн аудитын бодлого, арга зүй, стандарт, гарын авлага, дүрэм, журмын дагуу бэлтгэгдсэн эсэх;

2.6.5.Аудитын хуулийн этгээд нь ёс зүйн шаардлагууд болон хараат бус байдлаа хадгалахтай холбоотой дүрэм журмыг мөрддөг эсэх;

2.6.6.Олон нийтийн ашиг сонирхолын аж ахуйн нэгж (“ОНАСААН”)-д аудит, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох олон улсын стандартаар шаардсан бодлого, горим болон хугацааг төлөвлөж гүйцэтгэдэг эсэх;

2.6.7.Аудитын тухай хуулийн 10.1-д заасан аж ахуйн нэгж байгууллагуудад заавал аудит хийх гэсний дагуу санхүүгийн тайлангийн аудит хийсэн эсэх;

2.7.Аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн аудитын болон нягтлан шалгах ажлын баримтад хийх чанарын хяналтаар дараах ажлыг хянан, үнэлж, зөвлөмж өгч, дүгнэнэ. Үүнд:

2.7.1.Аудитын хуулийн этгээдийн батлан дотооддоо мөрдөж буй аудит, нягтлан шалгах ажил, бусад баталгаажуулалтын ажлын бодлого, горим, журмуудыг баримталж ажилладаг эсэх;

2.7.2.Үйлчлүүлэгч байгууллагынхаа санхүүгийн тайлан бэлтгэсэн байдлыг үнэлж, дүгнэлт өгөхдөө Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбооноос (НБОУХ) гаргасан холбогдох санхүүгийн тайлагналын олон улсын стандартын мөрдөлтийг шалгахад чиглэсэн аудитын горим гүйцэтгэж байгаа эсэх;

2.7.3.Аудитор нь аудит, баталгаажуулалтын ажлыг хангалттай зохистой нотолгоонд үндэслэн баримтжуулдаг эсэх;

2.7.4.Аудиторууд нь мэргэжлийн шийдэл гаргахдаа холбогдох олон улсын стандарт болон хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөж ажиллаж байгаа эсэх;

2.8.Энэ журмын 2.6-д заасан байгууллагын түвшинд хийх чанарын хяналтыг зайнаас эсвэл комиссоос баталсан загварын дагуу аудитын хуулийн этгээдийг өөрөөр нь үнэлүүлж, тодруулах шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал авч, үр дүнд нь хяналт тавьж болно.
2.9. Аудитын хуулийн этгээд аудитын болон нягтлан шалгах ажил хийж гүйцэтгэсэн бол чанарын хяналтад хамрагдах үндэслэл болно. /Сангийн сайдын 2023 оны А/77 дугаар тушаалаар нэмсэн/

Гурав. Хяналтыг хэрэгжүүлэгч этгээдэд тавигдах шаардлага, түүний эрх, үүрэг

3.1.Чанарын хяналтыг хэрэгжүүлэгч этгээдэд дараах шаардлага тавигдана.Үүнд:

3.1.1.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн байх;

3.1.2.Чанарын хяналтыг хэрэгжүүлэх комиссын гишүүдийн хувьд хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас албан ёсоор томилогдож үүрэг хүлээсэн тухайн байгууллагад ажилладаг, аудитын болон нягтлан бодох бүртгэлийн мэдлэг, туршлагатай ажилтан байх;

3.2.Чанарын хяналтыг хэрэгжүүлэгч дараах эрх, үүргийг эдэлнэ.

3.2.1.Чанарын хяналтыг хараат бусаар, мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомж, холбогдох олон улсын стандартын дагуу явуулах;

3.2.2.Холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах;

3.2.3.ММНБИ-ээс Мэргэжлийн ёс зүйн талаар лавлагаа гаргуулж авах;

3.2.4.Хяналт шалгалтад хамрагдаж буй байгууллагаас хяналт шалгалтад шаардлагатай баримт, материалыг цаг хугацаанд нь гаргуулж авах, стандартын дагуу үнэлж, дүгнэлтээ хараат бусаар гаргах;

3.2.5.Комисс нь гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг бичгээр болон амаар тайлбарлах;

3.2.6.Комисс нь чанарын хяналтын дүгнэлтийн тайлан бэлтгэж, аудитын хуулийн этгээдэд хүргүүлэн, алдаа дутагдлыг хэрхэн залруулах талаар төлөвлөгөө гаргуулан авч, үнэлэн дүгнэнэ;

3.2.7.Хуулийн шаардлага хангаагүй аудитын хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах шийдвэр гаргуулж, холбогдох газарт нь мэдэгдэж, хүргүүлэх;

3.3.Аудитын нэг хуулийн этгээдэд чанарын хяналтыг хийж хэрэгжүүлэх комиссын бүрэлдэхүүн нь 3-аас доошгүй хүнтэй байна.

3.4.Комиссын гишүүн нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль”-ийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээдийг хянан шалгахгүй.

3.5.Чанарын хяналтыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага нь Улсын хэмжээнд аудит, баталгаажуулалтын үйлчилгээний чанарын хяналтын бодлогыг тодорхойлох үүрэг хариуцлагыг хүлээнэ.

3.6.Хяналтын комисс нь энэ журмын 7 дугаар хавсралтаар баталсан “нууц хадгалах баталгаа”-г шалгагч бүрээр бичгээр гаргуулсны дараа энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан “Аудитын хуулийн этгээдийн Аудитын тухай хуулийн мөрдөлтөд хийх хяналтын Асуулгын хуудас”, 2 дугаар хавсралтаар баталсан “Аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд хийх чанарын хяналтын Асуулгын хуудас”, 3 дугаар хавсралтаар баталсан “Аудитын ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналтын шалгах хуудас”, 4 дүгээр хавсралтаар баталсан “Нягтлан шалгах ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналтын шалгах хуудас”-ыг чанарын хяналтыг ажлыг зохион байгуулах бүрдээ шалгуулж буй байгууллагын онцлог, тухайн үед шинээр гарсан стандарт, хууль тогтоомжийн шаардлагатай нийцүүлэн шинэчлэн сайжруулж ашиглах;

Дөрөв. Аудитын хуулийн этгээдийн эрх, үүрэг

4.1.Хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг цаг хугацаанд нь гаргаж, хүлээлгэн өгөх;

4.2.Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор үйлчилгээ үзүүлсэн, үзүүлж байгаа байгууллагын жагсаалтыг Сангийн яамны холбогдох газарт хүргүүлэх;

4.3.Хяналт шалгалт явуулах нөхцөл бололцоо, ажлын байраар хангах;

4.4.Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг шуурхай залруулах;

4.5.Хяналт шалгалтын явцад саад учруулахгүй, хөндлөнгөөс оролцохгүй, албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг дарамтлах, нөлөөлөх, шахалт үзүүлэхгүй байх;

4.6.Хяналт шалгалтын дүгнэлтийн талаар тайлбар өгөхийг шаардах;

Тав.Чанарын хяналт хийх хугацаа

5.1.Комисс нь аудитын нэг хуулийн этгээдэд хийх чанарын хяналтыг батлагдсан удирдамжийн дагуу томилсон хугацаанд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр шуурхай гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын удирдлагад мэдэгдэн, энэхүү хугацааг сунгаж болно.

5.2.Төлөвлөгөөт чанарын хяналт хийх талаар аудитын хуулийн этгээдэд хяналт шалгалт эхлэхээс өмнө мэдэгдэнэ. Төлөвлөгөөт бус хяналт хийх бол урьдчилан мэдэгдэхгүй байж болно.

5.3.Аудитын хуулийн этгээдийн хуулийн хэрэгжилт, хэрэгжүүлдэг процесс ба үйл явц, аргачлал, ажлын баримт зэргийг зохих чанарын шалгууруудын дагуу үнэлж дүгнэнэ. Шалгах зүйлийг сонгохдоо санамсаргүй түүврийн арга болон олон нийтийн ашиг сонирхолд хэр хүчтэй нөлөөтэй байдлыг харгалзан үзнэ.

Зургаа. Аудитын чанарын хяналт хийх, шалгах ажлын баримтыг сонгох аргагах ажлын баримтыг сонгох арга

6.1.Чанарын хяналтыг дараах аргуудыг ашиглан явуулна.

6.1.1.Ажлын байранд очиж танилцах;

6.1.2.Бичиг баримтыг шалгах;

6.1.3.Загвар “Асуулга”,” Шалгах” хуудас ашиглан ярилцлага хийх;

6.1.4.Асуулга, судалгаа авах;

6.1.5.Гадны хэрэглэгчдээс мэдээлэл авах/шаардлагатай бол/.

6.2.Аудитын чанарын хяналтыг гүйцэтгэхээр томилогдсон комисс нь шалгалтаа зохион байгуулж, үр дүнг үнэлэхдээ энэ журмын 1, 2, 3 ба 4 дүгээр хавсралтад заасан Загвар асуулгын хуудас, Загвар шалгах хуудсыг ашиглахын хамт энэ журмын 6.1-д заасан аргуудыг хослуулан хэрэглэж болно.

6.3.Аудитын хуулийн этгээдэд чанарын хяналт хийх тухай заавал урьдчилан мэдэгдэнэ. Тухайн мэдэгдэлд комиссоос баталсан хугацаанд багтаан бэлтгэж комисст ирүүлэх мэдээлэл, шаардлагатай материалын жагсаалтыг урьдчилан хүргүүлж, шалгалтын бэлтгэлийг хангуулах бодлого баримтална.

6.4.Аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлэгч нь аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн ажлын чанарыг үнэлэхдээ тухайн шалгуулагч аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн аудитын болон нягтлан шалгах ажлуудаас сонгон шалгах аудитын гэрээт ажлын жагсаалтыг гаргана. Ингэхдээ аль болох аудитын гэрээт ажлуудыг шалгалтад хамруулах бодлого баримтлах боловч тухайн аудитын хуулийн этгээд нь аудитын үйлчилгээ үзүүлээгүй бол хийж гүйцэтгэсэн нягтлан шалгах ажлаас энэ журмын 6.5.2-т заасан аргачлалаар түүвэр сонгон шалгах нягтлан шалгах гэрээт ажлын жагсаалтыг гаргана.

6.5.Чанарын хяналтын комисс нь чанарын хяналтын дэлгэрэнгүй шалгалтад хамруулах ажлыг сонгохдоо дараах аргачлалыг баримтална.

6.5.1.Нийт аудит, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлсэн харилцагчдын жагсаалтыг аудитын хуулийн этгээдээс гаргуулан авч, уг жагсаалтыг групп аж ахуйн нэгж, нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж ба бусад гэсэн ангиллаар ангилж, уг жагсаалтын ангилал тус бүрээс 1-ийг сонгож тэдгээртэй холбоотой бүрдүүлсэн ажлын баримтад чанарын хяналт хийнэ;

6.5.2.Хэрэв тухайн аудитын хуулийн этгээд нь групп аж ахуйн нэгж, нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлээгүй бол үйлчлүүлэгчийн жагсаалтаас санамсаргүй түүврийн аргаар гурван аж ахуйн нэгжийг сонгож тэдгээртэй холбоотой бүрдүүлсэн ажлын баримтад нь чанарын хяналт хийнэ;

6.5.3.Шалгах хуудсыг “Аудитын ажлын баримт шалгах” түүвэрт сонгогдсон ажил тус бүр дээр бэлтгэнэ.

Долоо. Чанарын хяналтын нэгдсэн дүгнэлт, тайлагнал

7.1.Чанарын хяналтын дүгнэлт нь “Хангалттай”, “Сайжруулах шаардлагатай”, “Хангалтгүй” гэсэн үнэлгээтэй байна.

7.2.Аудитын хуулийн этгээдэд хийх аудитын чанарын хяналтыг журмын 1 дүгээрхавсралтаар баталсан “Аудитын хуулийн этгээдийн Аудитын тухай хуулийн мөрдөлтөд хийх хяналтын Асуулгын хуудас”, 2 дугаар хавсралтаар баталсан “Аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд хийх чанарын хяналтын Асуулгын хуудас”, 3 дугаар хавсралтаар баталсан “Аудитын ажлынбаримтын түвшинд хийх чанарын хяналтын шалгах хуудас”, 4 дүгээр хавсралтаар баталсан “Нягтлан шалгах ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналтын шалгах хуудас”, 5 дугаар хавсралтаар баталсан “Илрүүлэлтийн жагсаалт”, 6 дугаар хавсралтаар баталсан “Чанарын хяналтын нэгдсэн тайлангийн загвар” зэргийг ашиглан явуулна.

7.3.Комисс нь чанарын хяналтын “Асуулгын хуудас” болон “Шалгах хуудас”-д багтсан асуулт тус бүрээр хариулт авч, аудитын хуулийн этгээдийн хуулийн шаардлага хангаж байгаа байдал, аудитын байгууллагын түвшинд тогтоосон чанарын хяналтын систем болон хийж гүйцэтгэсэн ажлыг шалгасан баримттай холбоотой хангагдаагүй үзүүлэлтийн эрсдэлийг мэргэжлийн шийдэл ашиглах замаар үнэлж, хариулт тус бүрээр 0-ээс 3 хүртэл үнэлгээ өгч чанарын хяналтын үр дүнг дүгнэнэ.

7.4.Аудитын хуулийн шаардлагыг аудитын хуулийн этгээд заавал хангах хуулиар хүлээсэн үүрэг учраас Аудитын байгууллагын чанарын нэгдсэн үнэлгээнд нөлөөлөхгүй.

7.5.Комисс нь аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд хийсэн чанарын хяналт болон сонгосон ажлын баримтын түвшинд хийсэн чанарын хяналтын үр дүнг тус тусад нь нэгтгэн, дараах хүснэгтийг ашиглан үнэлгээг гаргана.

Аудитын хуулийн этгээдийн чанарын үнэлгээний дүгнэлт гаргах матриц

Гүйцэтгэлийн хувь

Үнэлгээ

75% ба түүнээс дээш бол

Хангалттай

50%-иас 74%-ийн хооронд бол

Сайжруулах шаардлагатай

49%-иас доош бол

Хангалтгүй

Хувиар илэрхийлсэн нэгдсэн үнэлгээг гаргахдаа таслалаас хойшхи оронг дэвшүүлнэ.

7.6.Аудитын чанарын хяналтын нэгдсэн дүгнэлтийг үндэслэн аудитын хуулийн этгээдэд дараах арга хэмжээ авна. Үүнд:

7.6.1.“Сайжруулах шаардлагатай” гэсэн үнэлгээ авсан тохиолдолд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах албан шаардлага хүргүүлэх;

7.6.2.Энэ журмын 7.6.1-д заасан шаардлагыг биелүүлээгүй эсхүл албан шаардлагад заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд Аудитын тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасан дагуу арга хэмжээ авах;

7.6.3.“Хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд хуульд заасны дагуу хуулийн этгээдийн аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах санал боловсруулан дээд шатны удирдлагад танилцуулан шийдвэр гаргуулах.
7.6.4. “Сайжруулах шаардлагатай” үнэлгээ авсан хуулийн этгээдийг чанарын хяналтын ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гарснаас хойш 1 жилийн хугацаанд чанарын хяналтад дахин хамруулна.
7.6.5. “Сайжруулах шаардлагатай”, “Хангалтгүй” үнэлгээ авсан хуулийн этгээдийг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтэд албан бичгээр мэдээлнэ. 
/7.6.4-7.6.5 дахь заалтыг Сангийн сайдын 2023 оны А/77 дугаар тушаалаар нэмсэн/

7.7.Чанарын хяналтын үр дүнг хэлэлцсэний дараа аудитын чанарын хяналтын нэгдсэн тайланг 2 хувь үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурах ба гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбарыг хавсаргана. Шалгуулсан этгээд тайлантай танилцаж гарын үсэг зурна. Шалгуулагч этгээд гарын үсэг зурахаас татгалзсан нь аудитын чанарын хяналтын нэгдсэн тайланг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

7.8.Чанарын хяналтын эцсийн үр дүнг аудитын хуулийн этгээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Сангийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороогоор хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Аудитын тухай хуулийн мөрдөлтөд хийх хяналтын үнэлгээ

7.9.Аудитын тухай хуулийн шаардлага хангасан байдлыг шалгах “Асуулгын хуудас”-д заасан асуултад “Тийм”, “Үгүй”, “Үл хамаарна” гэсэн хариултын аль нэгийг өгнө.

7.10.Аудитын хуулийн этгээд нь Аудитын тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангаж ажилласан эсэх талаарх шалгалтад “Хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд байгууллагын түвшинд болон хийж гүйцэтгэсэн аудитын ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналтыг үргэлжлүүлэх эсэхийг комисс шийдвэрлэнэ.

7.11.Аудитын хуулийн этгээд нь Аудитын тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангаж ажилласан эсэх талаарх шалгалтад “Хангалттай” үнэлгээ авсан тохиолдолд Байгууллагын түвшинд болон хийж гүйцэтгэсэн аудитын ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналтыг үргэлжлүүлнэ.

Байгууллагын түвшинд хийх чанарын хяналтын үнэлгээ

7.12.Байгууллагын түвшинд хийх чанарын хяналт нь дараах хэсгээс бүрдэх ба тус тусад нь үнэлгээ өгч дүгнэлт гаргана:

7.12.1.Аудит, баталгаажуулах үйлчилгээний чанартай холбоотой асуудлаарх манлайллын үүрэг хариуцлагын хяналтын үнэлгээ;

7.12.2.Ёс зүйн болон хараат бус байдлын үнэлгээ;

7.12.3.Үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөлтийн үнэлгээ;

7.12.4.Хүний нөөцийн үнэлгээ;

7.12.5.Гэрээт ажлын гүйцэтгэлийн чанарын үнэлгээ;

7.13.Байгууллагын түвшинд хийх чанарын хяналтын асуулгад хариулсан хариултад дараах журмыг баримтлан үнэлгээ өгнө:

7.13.1.Энэхүү журмын 7.12-д заасан хэсэг тус бүрийн 1дүгээр асуултад “Үгүй” гэж хариулсан бол дараагийн асуултууд руу шилжилгүйгээр шууд 0(тэг) оноо өгнө.

7.13.2.Харин энэхүү журмын 7.12-д заасан хэсэг тус бүрийн 1 дүгээр асуултад “Тийм” эсхүл “Үгүй боловч практикт хэрэгждэг” гэсэн хариулт өгсөн бол дараагийн асуултад хариулт өгч, “Үгүй” гэсэн хариулт бүрийн хангагдаагүй үзүүлэлтийн эрсдэлийг шалгагч мэргэжлийн шийдэл ашиглан тодорхойлсноор эрсдэлийг “Өндөр”, “Дунд”, “Бага”-ын аль нэгээр сонгож, дараах байдлаар харгалзах оноо өгнө.

Үнэлэгдсэн эрсдэлд тохирох онооны хуваарилалт

Үнэлгээ

(оноогоор)

Шалгагчийн мэргэжлийн шийдэлд суурилан тодорхойлсон эрсдэлийн үнэлгээ

3

Эрсдэлгүй гэж үнэлсэн бол

2

Эрсдэл бага гэж үнэлсэн бол

1

Эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн бол

0

Эрсдэл Өндөр гэж үнэлсэн бол

“Үгүй” гэсэн хариултын эрсдэлийг шалгагч “Өндөр” эсхүл “Дунд” гэж сонгосон бол Илрүүлэлт баганад илрүүлэлтийг заавал бичиж баримтжуулна. Эрсдэлийг үнэлж байх явцдаа тухайн зөрчилтэй асуудал нь аудитын хуулийн этгээдийн ерөнхий аудитын чанарт материаллаг эсхүл байгууллагын хэмжээнд тархмал сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг нягтлан тэмдэглэл хөтлөх хэрэгтэй.

7.13.3.Хэсэг тус бүрийн эхний асуултын “Тийм” эсхүл “Үгүй боловч практикт хэрэгждэг” хариултыг бататгах асуултуудын хариултаар тодорхойлсон дундаж оноогоор эхний асуултын дундаж оноо гарна. Энэхүү гүйцэтгэлээрх оноог авбал зохих 3 оноонд хувааж хувьд шилжүүлснээр тухайн хэсгийн чанарын үнэлгээний хувийн жин гарна. 1-р асуултыг бататгах бүх асуултад “Тийм” хариулт авсан тохиолдолд 3 оноог бүрэн цуглуулж, 100% үнэлгээ авна.

7.14.Энэхүү журмын 7.12.1, 7.12.5-д заасан хэсгүүдэд 100% үнэлгээ авсан тохиолдолд хэсэг тус бүрт 30%, 7.12.3-д заасан хэсэгт 100% үнэлгээ авсан тохиолдолд 20%, 7.12.2 ба 7.12.4-д заасан хэсгүүдэд 100% үнэлгээ авсан тохиолдолд тус бүр 10%-ийн жин өгөх ба эдгээрийн нийлбэрээр байгууллагын түвшинд хийх чанарын үнэлгээ 100% байна. Хэсэг тус бүрийн хувьд тогтоосон бодлогын чанарыг үнэлэхдээ Гүйцэтгэлээрх үнэлгээг авбал зохих 3 оноонд хувааж, авбал зохих хувиар жигнэснээр чанарын үнэлгээний гүйцэтгэлийн хувийг гаргана. Нийт авсан оноо болон авбал зохих оноонд “үл хамаарна” гэсэн хариултыг оруулахгүй.

7.15.Гүйцэтгэлийн хувь нь хэсэг тус бүрийн хувьд 49% хүртэл оноо авсан бол “Хангалтгүй”, 50%-иас 74%-ийн хооронд үнэлгээ авсан бол “Сайжруулах шаардлагатай”, 75% ба түүнээс дээш бол “Хангалттай” үнэлгээ өгнө.

Аудитын хийж гүйцэтгэсэн ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналтын үнэлгээ

7.16.Аудитын ажлын баримтын шалгах хуудас нь Аудитын гэрээт ажлын төлөвлөлт хэсэг, Аудитын нотолгоо хэсэг, Аудитын дүгнэлт ба тайлан хэсэг гэсэн гурван хэсгээс, хэсэг тус бүр нь хэд хэдэн дэд хэсгээс бүрдэнэ.

7.17.Дэд хэсэг тус бүрийн хүрээнд асуусан асуултад “Тийм” гэсэн хариулт өгч, тухайн хариулт нь бататгах шалгалтаар батлагдсан тохиолдолд авбал зохих 3 оноог цуглуулж, Эрсдэлгүй гэсэн үнэлгээ авна. Дэд хэсэг тус бүрийн асуултын хариултад өгсөн онооны дунджаар тухайн хэсгийн үнэлгээг гаргана. Харин “Үгүй” гэсэн хариулт бүрт шалгагч энэ журмын 7.13.2-д заасан хүснэгтийн дагуу үнэлэгдсэн эрсдэлд харгалзах оноог мэргэжлийн шийдэл ашиглан өгнө.

7.18.Тухайн хэсгийн доторх дэд хэсгүүдийн онооны дунджаар хэсгийн ерөнхий дундаж оноог гаргана. Хэсэг тус бүрийн чанарыг үнэлэхдээ Гүйцэтгэлээрх үнэлгээ(тухайн хэсгийн ерөнхий дундаж оноог)-г авбал зохих 3 оноонд хувааж, чанарын үнэлгээний гүйцэтгэлийн хувийг гаргана.

7.19.Аудитын ажлын баримт тус бүрийн ерөнхий үнэлгээг гаргахдаа Аудитын гэрээт ажлын төлөвлөлт хэсэгт 30%, Аудитын нотолгоо хэсэгт 30%, Аудитын дүгнэлт ба тайлан хэсэгт 40%-ийн жин өгч ерөнхий үнэлгээг гаргана.

7.20.Гүйцэтгэлийн хувь нь хэсэг тус бүрийн хувьд 49% хүртэл оноо авсан бол “Хангалтгүй”, 50%-иас 74%-ийн хооронд үнэлгээ авсан бол “Сайжруулах шаардлагатай”, 75% ба түүнээс дээш бол “Хангалттай” үнэлгээ өгнө.

7.21.Аудитын ажлын баримтын шалгалтыг сонгосон харилцагч тус бүрээр хийж үнэлэх бөгөөд нийт ажлын дундаж үнэлгээг гаргана. Сонгосон ажил тус бүрийн аль нэгэнд Хангалтгүй үнэлгээ авсан бол ажлын баримтын түвшинд хийсэн чанарын хяналтын ерөнхий үнэлгээг Хангалтгүй гэж үнэлнэ.

Нягтлан шалгах ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналтын үнэлгээ

7.22.Нягтлан шалгах ажлын баримтын шалгах хуудас нь ажлын баримтын зохион байгуулалт, хараат бус байдал ба ёс зүйн шаардлага, төлөвлөлт, нягтлан шалгах ажил гүйцэтгэхэд хэрэглэсэн гол горимуудтай холбоотой ажлын баримтын нотолгоо, нягтлан шалгах ажлын дүгнэлт ба тайлагнал гэсэн таван хэсгээс бүрдэнэ.

7.23.Хэсэг тус бүрийн хүрээнд асуусан асуултад “Тийм” гэсэн хариулт өгч, тухайн хариулт нь бататгах шалгалтаар батлагдсан тохиолдолд авбал зохих 3 оноог цуглуулж, Эрсдэлгүй гэсэн үнэлгээ авна. Хэсэг тус бүрийн асуултын хариултад өгсөн онооны дунджаар тухайн хэсгийн үнэлгээг гаргана. Харин “Үгүй” гэсэн хариулт бүрт шалгагч энэ журмын 7.13.2-д заасан хүснэгтийн дагуу үнэлэгдсэн эрсдэлд харгалзах оноог мэргэжлийн шийдэл ашиглан өгнө.

7.24.Тухайн хэсэг тус бүрийн онооны дунджаар ерөнхий дундаж оноог гаргана. Түүврийн аргаар сонгож шалгасан нягтлан шалгах ажлын чанарыг үнэлэхдээ Гүйцэтгэлээрх үнэлгээ(таван хэсгийн ерөнхий дундаж оноог)-г авбал зохих 3 оноонд хувааж, нягтлан шалгах ажлын чанарын үнэлгээний гүйцэтгэлийн хувийг гаргана.

7.25.Нягтлан шалгах ажлын баримт тус бүрийн ерөнхий үнэлгээг гаргахдаа хэсэг тус бүрт 20%-ийн жин өгч ерөнхий үнэлгээг гаргана.

7.26.Гүйцэтгэлийн хувь нь сонгож шалгасан ажил тус бүрийн хувьд 49% хүртэл оноо авсан бол “Хангалтгүй”, 50%-иас 74%-ийн хооронд үнэлгээ авсан бол “Сайжруулах шаардлагатай”, 75% ба түүнээс дээш бол “Хангалттай” үнэлгээ өгнө.

7.27.Нягтлан шалгах ажлын баримтын шалгалтыг сонгосон харилцагч тус бүрээр хийж үнэлэх бөгөөд нийт ажлын дундаж үнэлгээг гаргана. Сонгосон ажил тус бүрийн аль нэгэнд Хангалтгүй үнэлгээ авсан бол ажлын баримтын түвшинд хийсэн чанарын хяналтын ерөнхий үнэлгээг Хангалтгүй гэж үнэлнэ.

 

Байгууллагын түвшиний болон Аудитын ба нягтлан шалгах ажлын баримтын түвшинд хийх чанарын хяналтын онооны системээр авсан үнэлгээг чанарын үзүүлэлтээр засварлах эрх

7.28.Энэхүү журмын байгууллагын түвшиний чанарын үнэлгээ болон хийж гүйцэтгэсэн ажлын чанарын үнэлгээний аль алиных нь хувьд онооны системийн үнэлгээгээр “Хангалттай” эсхүл “Сайжруулах шаардлагатай” гэсэн үнэлгээ авсан ч илрүүлэлтийн төрөл, үнийн дүн ба зөрчлийн ноцтой байдалд үндэслэн тухайн онооны системээр авсан үнэлгээг бууруулах эсхүл өсгөх нь тохиромжтой эсэхийг шийдвэрлэх эрх зөвхөн комисст олгогдоно. Энэхүү шийдвэрийг комисс өөрсдийн мэргэжлийн шийдэл, комиссын хэлэлцүүлэгт суурилан гаргана. Ингэхдээ дараах зааварчилгааг анхаарвал зохино. Үүнд:

7.28.1.Байгууллагын түвшинд тогтоосон чанарын хяналтын нэг юмуу нэг хэсэг бодлоготой холбоотой зөрчилтэй зүйлс нь аудитын хуулийн этгээдийн аудитын чанарт материаллаг сөрөг нөлөө үзүүлэхээр эсхүл аудитын хуулийн этгээдийн байгууллагын түвшинд тогтоосон чанарын хяналтын бодлогод тархмал нөлөө үзүүлэхээр байвал комисс түүний нөлөөг харгалзан ерөнхий үнэлгээг бууруулан үнэлнэ;

7.28.2.Хийж гүйцэтгэсэн аудитын ажлын баримт бүрдүүлэлт, эрсдэлийг илрүүлж, үнэлэх, үнэлэгдсэн эрсдэлд тохирох хариу арга хэмжээ авах, чухал зүйлстэй холбоотой мэргэжлийн шийдэл, дүгнэлт гаргалт зэрэг нэг юмуу нэг хэсэг асуудлыг хамарсан зөрчилтэй зүйлс нь аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн аудитын ажлын чанарт материаллаг сөрөг нөлөө үзүүлэхээр, ялангуяа санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтэд шууд нөлөөлөхөөр байх эсхүл аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн аудитын ажлын чанарт бүхэлд нь тархмал сөрөг нөлөөтэй байж болохоор байвал комисс түүний нөлөөг тусад үнэлж, цэгнэнэ;

7.28.3.Чанарын хяналтад хамрагдаж байгаа аудитын хуулийн этгээд нь энэ журмын 6.5-д заасан аргачлалаар сонгож шалгах аудитын ажил гүйцэтгээгүй бол хийж гүйцэтгэсэн нягтлан шалгах ажлаас сонголт хийх замаар хийж гүйцэтгэсэн гэрээт ажлын чанарын хяналтыг хийж, үнэлэлт, дүгнэлт гаргана;