- Нүүр
- Сайдын тушаал
- Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах журам
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 4 сарын 9-ний өдрийн
А/164 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Нэг. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн баг, эмнэлэг, зохицуулах алба, амьд болон амьгүй донорын эс, эд, эрхтнийг бүртгэх, сонгох, авах, нийлүүлэх, шилжүүлэн суулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол харгалзахгүйгээр адил тэгш, үнэн зөв, шударга хийх зарчмыг баримтална.
Хоёр.Тархины үхэл тодорхойлох мэргэжлийн багийн үүрэг
2.1.Тархины үхэл тодорхойлох баг /цаашид баг гэх/-ийг амьгүй донор байрлаж буй эмнэлэг дээр эмнэлгийн дарга, захирлын тушаалаар байгуулна.
2.2.Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга тархины үхэл тодорхойлох багийн ахлагч байх бөгөөд өдөр бүр эрчимт эмчилгээний тасаг болон мэдрэлийн тасгийн жижүүрийн мэдээг сонсож, тархинд цус харвасан болон тархины гэмтэлтэй байгаа боломжит донорын талаар мэдээлэл авч байна.
2.3.Тархины үхэл тодорхойлох багийн гишүүн тухайн мэргэжлээрээ 15-аас дээш жил тасралтгүй ажилласан, тэргүүлэх зэрэгтэй (Зөвлөх эмч, тасгийн эрхлэгч) эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргаагүй мэргэжилтэн байна. Энэхүү багийн гишүүнийг Тархины үхэл тодорхойлох багийн гишүүн мэргэжилтэн буюу Эксперт гэнэ.
2.4.Тархины үхэл тодорхойлох багийн гишүүн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй үед тус гишүүний ажлыг орлон гүйцэтгэх, мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлага бүхий эмч тархины үхэл тодорхойлох багт орж ажиллана.
2.5.Тархины үхэл тодорхойлох баг нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
2.5.1.Багийн ахлагч: Тухайн донор байрлаж буй эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга байна. Багийн ахлагчийг чанарын менежер орлон ажиллана.
2.5.2. Багийн гишүүд:
2.5.2.1.Эрчимт эмчилгээ судлалын их эмч;
2.5.2.2.Мэдрэл судлалын их эмч;
2.5.2.3.Донорын эмчлэгч их эмч;
2.5.2.4.Мэдрэлийн мэс заслын их эмч /шаардлагатай тохиолдолд/;
2.5.2.5.Чих, хамар, хоолой судлалын их эмч /шаардлагатай тохиолдолд/;
2.5.2.6.Дүрс оношлогооны их эмч /шаардлагатай тохиолдолд/;
2.5.2.7.Эмгэг судлаач их эмч /шаардлагатай тохиолдолд/;
2.5.2.8.Нүд судлалын их эмч /шаардлагатай тохиолдолд/ нар байна.
2.6.Багийн ахлагч эмнэлэгт байгаа боломжит донорын тухай мэдээлэл авсан даруйд багийн хурлыг зарлан хуралдуулж, боломжит донорыг хамтран үзэж, донорын эрүүл мэндийн байдал, холбогдох шинжилгээнүүд, тархины үхлийн эмнэл зүйн шалгуур, стандартын дагуу тархины үхэлтэй эсэхийг тодорхойлно. Тусгай маягтыг асуултын дагуу бөглөн тэмдэглэл хөтлөж, гарын үсэг зурж баталгаажуулна.
2.7.Тархины үхэл эхэлсэн гэж үзэх цаг хугацааг тодорхой зааж тусгана.
2.8.Тархины үхэл тодорхойлох сорилын цээртэй заалтуудаас илэрсэн тохиолдолд тайлбар бичиж багийн гишүүд гарын үсэг зурж, баталгаажуулан цаашид хийх сорилыг зогсооно.
2.9.Хийгдэх сорилуудыг мэргэжил, мэргэшлийн дагуу багийн гишүүд хийж гүйцэтгэн, тэмдэглэл хөтөлнө.
2.10. Бичгээр тайлбар хийх шаардлагатай хэсгүүдийг нэмэлт хуудсанд гараар бичиж багийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
2.11. Заавал хийж гүйцэтгэх сорилуудын үр дүн эргэлзээтэй, хийх боломжгүй тохиолдолд стандартын нэмэлт сорил шалгууруудыг хийж гүйцэтгэнэ.
2.12. Тархины үхэл тодорхойлогдон батлагдсан тохиолдолд тархины үхэл тодорхойлох баг протокол хөтөлж, дүгнэлт гарган гарын үсэг зурж баталгаажуулна. Боломжит донорын талаар нэн даруй зохицуулах албанд болон түүний зохицуулагчид мэдэгдэнэ.
2.13. Тархины үхэл нь тогтоогдсоноос хойш 6 цагийн дараа давтан үзэж, онош дахин батлагдсан тохиолдолд тархины үхэл тодорхойлох багийн ахлагч эсвэл гишүүн, зохицуулах албаны зохицуулагч, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмчлэгч их эмчийн хамт донорын гэр бүлтэй уулзаж бодит байдлыг танилцуулна.
2.14. Эмчилгээний цаашдын менежментийг зөвшилцөж донор болох саналыг тавина.
2.15. Донорын эрүүл мэндийн байдал эрхтэн шилжүүлэн суулгахад харшлахаар бол донор болохыг хориглосон дүгнэлт гаргана.
Гурав. Тархины үхэлтэй боломжит донорыг тандан судалж, үнэлгээ өгөх
3.1. Донор эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, эмчлэгч их эмч нар тархины үхэлтэй гэж таамагласан эмчлүүлэгчийн гэр бүлийнхэнд бодит байдлыг танилцуулж, зохицуулах алба болон тухайн эмнэлгийн тархины үхлийг тодорхойлох багт мэдээлнэ.
3.2. Донор эмнэлгийн баг донорын тархины үхэлтэй эсэхийг бодит үзлэг, тархины цахилгаан бичлэг, компьютер томографийн шинжилгээ болон бусад сорилуудаар оношлож, тархины үхэлтэй эсэхийг тодорхойлно.
3.3. Донор эмнэлгийн багийн ахлагч нь тархины үхэл тодорхойлогдсон донор байгаа талаар мэдээллийг зохицуулах албанд утсаар мэдээлж холбогдох мэдээллийг тус албаны мэдээллийн нэгдсэн санд нэн даруй /1 цагийн дотор/ оруулна.
3.4. Зохицуулах албанаас эмнэлгүүдийн тархины үхэл тодорхойлох багийн ахлагчтай өдөр бүр холбогдож, тархины үхэлтэй донорын мэдээллийг авч байна.
3.5. Зохицуулах алба донорын талаар мэдээллийг авсан даруйд холбогдох шинжилгээнүүдийг хийлгэж зохицуулах албаны тусгай програмд оруулна.
3.6. Донорын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг танилцуулж гэр бүлд донор болгох санал хүсэлт тавина. Донорын гэр бүл зөвшөөрсөн тохиолдолд батлагдсан маягтад гарын үсэг зуруулж, баталгаажуулна.
3.7. Донорын амин чухал эрхтнүүдийг дэмжих эрчимт эмчилгээг үргэлжлүүлэн, шаардлагатай шинжилгээг хийх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
3.8. Зохицуулах алба донорын эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгахаар сонгогдсон реципиентэд мэс засал хийлгүүлэхээр мэргэжлийн багуудад мэдээлж, донороос эрхтэн авах бэлтгэл ажлыг хангуулна.
3.9. Эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг тархины үхэлтэй донор байгааг мэдээлсэн хугацаанаас эхлэн донороос эрхтэн шилжүүлэн суулгах бэлтгэл ажлыг эхэлнэ.
3.10. Хэрэв донор гэмтлийн улмаас тархины үхэлд хүрсэн тохиолдолд гадны нөлөөтэй эсэхэд цагдаагийн байгууллагын үзлэгийг хийлгэж дүгнэлт гаргуулна.
3.11. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийх үндэслэл, хэрэгцээ, шаардлагын талаар холбогдох хуулийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, шаардлагатай бол бичгээр зөвшөөрөл авах ажлыг донор эмнэлэг болон зохицуулах алба хамтран хариуцан ажиллана.
3.12. Зохицуулах албаны мэдээллийн санд оруулсан мэдээллийн дагуу эрхтэн шилжүүлэн суулгахад тохирох реципиент болон донорыг эд нийцлийн солбилцлын тохироогоор тохируулан сонгоно.
3.13. Эрхтэн авах мэс засалд зарцуулсан эм, хэрэгсэл, эд материалын зардлыг оролцсон баг тус бүр тооцон гаргаж, батлагдсан маягтын дагуу тэмдэглэж зохицуулах албаны зохицуулагчид хүлээлгэн өгнө.
3.14. Дараах тохиолдолд донорын шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Үүнд:
3.14.1. 65 ба түүнээс дээш настай;
3.14.2. Эмнэлэгт 7 хоногоос дээш хугацаагаар сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ хийгдсэн. Тухайн тохиолдолд амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг шинжилгээнүүдээр хянах;
3.14.3. Цусны эргэлт тогтвортой бус артерийн даралтыг хэвийн болгохын тулд даралт өсгөх болон бусад эмийг их хэмжээгээр хэрэглэсэн;
3.14.4. Зүрх гэнэт зогссон;
3.14.5. Архи, мансууруулах бодис болон эмийн хамааралтай;
3.14.6. Биохимийн шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт ихэссэн болон эрдсийн тэнцвэр алдагдсан;
3.14.7. Вирусын болон нянгийн идэвхтэй халдвартай;
3.14.8. ХДХВ/ДОХ-ын халдвартай;
3.14.9. В, С вируст гепатитын антиген илэрсэн;
3.14.10. Сүрьеэ, тэмбүү, бруцеллёз, боом, голомтот халдвараар өвчилсөн;
3.14.11. Өмөнтэй болох нь оношлогдсон;
3.14.12. Зүрх нь зогсож амьдралын чухал эрхтэн эргэшгүй өөрчлөлтөд орсон;
3.15. Эрхтэн шилжүүлэн суулгах багууд батлагдсан заавар, удирдамжийн дагуу ажиллана.
Дөрөв. Тархины үхлийн эмнэл зүйн шалгуур
Тархины үхлийг дараах шалгуураар тодорхойлно. Үүнд:
4.1. Тархины үхлийг тархины үхэл тодорхойлох баг 6 цагийн зайтай 2 удаа үзлэг хийж тогтооно.
4.2. Тархины үхлийг тогтоох үзлэгийн өмнө удаан хугацаагаар ухаангүйдэх, амьсгал зогсох, гадны шалтгаан байгаа эсэхийг эмчлэгч эмч нягтлан тогтоож, бололцоотой бол лабораторийн болон бусад шаардлагатай шинжилгээгээр нотолсон байна.
4.3. Амьсгал бүрэн зогссон хүмүүст 20-24 цаг зохиомол амьсгал хийхэд амьсгал сэргэх шинжгүй байвал тархины баганын рефлексийн сорилуудыг хийнэ.
4.4. Гадны шалтгаан ба эмийн аргаар халуун бууруулаагүй, нойрсуулах, тайвшруулах, булчин сулруулах эмийн нөлөө, хордлого үгүйг тогтоосны дараа баганын үхлийг шалгах сорилуудыг анхааралтай хийж гүйцэтгэнэ.
4.5. Тархины баганын рефлексүүдийг дараах сорилуудаар шалгана. Үүнд:
4.5.1. Хүүхэн харааны сорил: Хүүхэн хараа нэгэн хэмжээнд хэвшиж, тод гэрэл тусгахад урвал (өргөсөж, нарийсаж) гарч байгаа эсэх;
4.5.2. Эвэрлэгийн рефлекс: Нүдний эвэрлэгт ариун бөмбөлгөөр зөөлөн хүрэлцэхэд зовхи хөдлөх эсэх;
4.5.3. Тэнцвэр (вустибуляр)-нүдний рефлекс: Чихний гадна 2 сувагт хүйтэн ус 2 мл-ийг урсгаж хийхэд нүд хэлбийх, чичрэх хөдөлгөөн гарах эсэхийг шалгана. (Сорилыг чихний хэнгэргийн бүтэн эсэхийг шалгасны дараа 2 чихэнд ээлжлэн хийнэ);
4.5.4. Нүд, тархины рефлекс: Толгойг хажуу тийш цочмог эргүүлэхэд нүдний харц толгойн хамт хөдлөх эсэх(хүүхэлдэйн нүд); (энэ сорилыг хүзүү гэмтсэн хүнд хийж болохгүй);
4.5.5. Залгиур, амьсгалын доод замын рефлекс: Ам хамраар хаймсуур тавих, гуурсаар соруулах үед хөдөлж, ханиаж байгаа эсэх;
4.5.6. Хүчтэй өвтгөх цочролын хариу урвал: Нүдний ухархайн дээд ирмэг яс руу хүчтэй дарахад ямар нэг хариу урвал гарч байгаа эсэхийг шалгана. (Тархи үхсэн үед биеийн доод хэсэгт дарж цочрооход нугасны автоматизмаар хөдөлж болно).
4.6. Тархины баганын рефлексийн сорилуудад ямар нэг цочролгүй бол амьсгал зогссоныг шалгах (апноэ) сорил хийнэ.
4.7. Апноэ сорилыг дараах маягаар хийнэ. Үүнд:
4.7.1. Зохиомол амьсгалын аппаратаар 100 хувийн хүчилтөрөгчөөр 10-15 минут амьсгална;
4.7.2. Дараа нь аппаратыг салгаж гуурсаар 1 минутад 4-5 литр хүчилтөрөгч өгч ажиглана. Энэ сорилыг 10 минут хийхэд цусанд хүчилтөрөгчийн дутагдал болохгүй харин нүүрсхүчлийн хэмжээ (PaCO2) 60мм мөнгөн усны баганаас илүү буюу амьсгалын төвийг хүчтэй цочроох хэмжээнд хүрэх бөгөөд энэ үед амьсгал хөдөлгөөн огт үгүй байвал амьсгал эргэлтгүй зогссоны шинж гэж үзнэ.
4.8. Дээрх сорилуудыг хийхийн зэрэгцээ боломжтой үед тархи үхэжсэн (ялангуяа гадрын) нэмэлт нотолгоо болгож тархины цахилгаан бичлэгийг (электроэнцофалограмм) 30 минутаас доошгүй хугацаагаар өдөрт хоёроос доошгүй удаа бичиж шалгаж болно.
4.9. Боломжтой нөхцөлд тархины судасны ангиографи хийнэ.
4.10. Тархины судасны Допплер ЭХО хийж дүгнэлтийг өвчний түүхэнд хавсаргана.
4.11.Тархины үхлийг шинжилсэн тухай бүрд тусгай маягтад тэмдэглэнэ.
4.12. Сэхээн амьдруулах арга хэмжээ үргэлжилж байгаа нөхцөлд тархины үхэл тодорхойлох мэргэжлийн багийн дүгнэлтээр тархины үхэл болсон нь нотлогдсон тохиолдолд амьгүй донор гэж үзэж өөрийнх нь гэрээслэл, эсвэл гэр бүлийн гишүүний зөвшөөрлийг үндэслэн сэхээн амьдруулах ажиллагааг зогсоож эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болно.
Тав. Эс, эд, эрхтэн авах багийн үүрэг
5.1. Тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн авахад энэхүү журмыг баримтална.
5.2. Эс, эд, эрхтэн авах баг нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах багийн мэс засалч их эмч нар болон зохицуулагч, мэдээгүйжүүлэгч их эмч, эрчимт эмчилгээний их эмч, лабораторийн их эмч, эмгэг судлаач их эмч, мэс заслын сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, жолооч зэрэг бүрэлдэхүүнтэй байх ба эрхтэн тээвэрлэлтийн зориулалтын машин зэргээс бүрдэнэ.
5.3. Эс, эд, эрхтэн авах баг нь мэс засалд хэрэглэгдэх шаардлагатай багаж хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл бусад хэрэгцээт зүйлсийг бэлтгэж авч явна.
5.4. Эс, эд, эрхтэн авах багийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын их эмч ахлан ажиллана.
5.5. Донорын эс, эд, эрхтэн нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний шаардлага хангаж байгаа нь эдийн шинжилгээгээр /биопси/ батлагдсаныг тэр даруй зохицуулах албанд мэдэгдэнэ. Эдийн шинжилгээг донор эмнэлэг дээр хийнэ.
5.6. Эс, эд, эрхтэн авах мэс заслын багийн гишүүд эрхтэн авах мэс заслын талаарх дэлгэрэнгүй тэмдэглэлийг бичиж, авсан эс, эд, эрхтэн тус бүрийг батлагдсан маягтанд тодорхой тэмдэглэж, багт ажилласан эмч нар гарын үсгээ зурж баталгаажуулна. Мэс заслын үед хэвлийн болон цээжний хөндийд эмгэг өөрчлөлт байсан эсэхийг тэмдэглэлд тодорхой тусгавал зохино.
5.7. Донорын эс, эд, эрхтэнг тусгай зориулалтын саванд хийж, түргэн тусламжийн машинаар тээвэрлэж, богино хугацаанд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өрөөнд авчирна.
5.8. Донорыг тээвэрлэх шаардлагатай болсон тохиолдолд тусгай зориулалтын түргэн тусламжийн машинаар тээвэрлэж, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэгт авчрах үйл ажиллагааг мэдээгүйжүүлэгч их эмч, эрчимт эмчилгээний их эмч ахлан хариуцна.
5.9. Тээвэрлэх үед амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих эрчимт эмчилгээг стандартын дагуу хийнэ.
5.10. Тархины үхэлтэй донороос эрхтэн авахад дараах заалтыг удирдлага болгоно. Үүнд:
Шалгуур |
Эрхтэн тогтолцоо |
|||
Бөөр |
Элэг |
Зүрх |
Нойр булчирхай |
|
Насны хязгаар |
65-аас доош байх |
65-аас доош байх |
55-аас доош байх |
55-аас доош байх |
Эсрэг заалт |
Бөөрний архаг өвчин; Бөөр уйланхайжих өвчин; АД ихсэх өвчин; Бөөрний гэмтлийн асуумж; Чихрийн шижин; |
Элэгний вирусын шалтгаант архаг өвчин; Хордсон тохиолдолд; элэгний эс, эд гэмтээх; Эмээр хордсон тохиолдолд; 7 хоногоос илүү хугацаанд зохиомол амьсгалтай байсан тохиолдолд; Эрхтэн авахаас өмнө зүрх зогссон тохиолдолд |
Зүрх судасны архаг өвчин Цээжний гэмтэлийн үед зүрх гэмтсэн Зүрх зогссон |
Чихрийн шижин; Нойр булчирхайн архаг үрэвсэл; Хэвлийн хөндийн гэмтэл; Хэвлийн хөндийн идээт үрэвсэл; Архаг архидалт; Таргалалт; Нойр булчирхайн өөхлөлт;
|
Авах шинжил гээ |
▪ШЕШ ▪Шээсний ариун чанар ▪Биохими ▪Цус бүлэгнэлт ▪Хэт авиа ▪Доплерографи ▪Бөөрний эдийн шинжилгээ |
▪HBV, HCV маркер ▪Биохими ▪Цус бүлэгнэлт ▪Хэт авиа ▪Доплерографи ▪Элэгний эдийн шинжилгээ |
▪ЭКГ ▪Зүрхний хэт авиа ▪Цээжний рентген зураг ▪Биохими (Зүрхний шигдээсийн маркер -тропонин, C урвалжит уураг заавал) ▪Цус бүлэгнэлт |
▪ЭКГ ▪Биохими (Глюкоз, амилаза заавал үзэх) ▪ШЕШ ▪Цус бүлэгнэлт ▪Хэт авиа
|
Тохироо |
▪Цусны АВО бүлэг ▪Резус фактор ▪Хүний цагаан эсийн антиген, ▪Цагаан цогцсын солбилцох урвал |
▪Цусны АВО бүлэг ▪Резус фактор ▪Суулгац элэгний эзэлхүүн ▪Цагаан цогцсын солбилцох урвал |
▪Цусны АВО бүлэг ▪Резус фактор ▪Хүний цагаан эсийн антиген ▪Цагаан цогцсын солбилцох урвал |
▪Цусны АВО бүлэг ▪Резус фактор ▪Хүний цагаан эсийн антиген ▪Цагаан цогцсын солбилцох урвал |
Зургаа. Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг гүйцэтгэх мэргэжлийн багийн үүрэг
6.1. Тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үед реципиентийн мэс засалд шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг хийж, цусны банкны нөөцийг бүрдүүлнэ.
6.2. Донорын эрхтэн авах үйл ажиллагаатай уялдуулан реципиентийн мэс заслыг яаралтай бэлдэж, эхлүүлнэ.
6.3. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг стандарт, батлагдсан заавар, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ.
6.4. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний явцыг өвчний түүхэнд тодорхой бичиж, зурж тэмдэглэн гарын үсэг зурж баталгаажуулна.
6.5. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний дараах эхний 1 сар мэс заслын их эмч, хяналтын эмчтэй хамтран хянана.
6.6. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах реципиентийн эмчилгээ, шинжилгээ, биеийн байдлыг тухайн тасгийн эрхлэгч, зөвлөх, эмчлэгч их эмч болон эрхтэн шилжүүлэн суулгах баг хамтран хянана.
Долоо. Донор эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах
Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарыг дараах шаардлагыг хангасан, эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн баг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
7.1. Мэргэжлийн багт мэс заслын их эмч, мэдээгүйжүүлэгч их эмч, судасны мэс заслын их эмч, эрчимт эмчилгээний их эмч, хяналтын их эмч, элэг судлалын их эмч, бөөр судлалын их эмч, зүрх судлалын их эмч, нүд судлалын их эмч, эмнэлзүйн цус судлалын их эмч, хүүхэд судлалын их эмч, хавдар судлалын их эмч, халдвар судлаач их эмч, лабораторийн их эмч, эд нийцлийн лабораторийн их эмч, судасны хэт авианы их эмч, ангиографийн их эмч, эмгэг анатомийн их эмч, хоол судлалын их эмч нар багтана.
7.2. Мэргэжлийн баг нь батлагдсан заавар, удирдамжийг дагаж мөрдөн ажиллана.
7.3. Мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн орчин үеийн багаж, тоног төхөөрөмжтэй байна.
7.4. Мэс заслын дараах бүрэн тоноглогдсон эрчимт эмчилгээний тусгай өрөөтэй байна.
7.5. Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн цаашдын хяналт хийдэг байна.
7.6. Эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг нь мэргэжлийн багийн бэлэн байдлыг ханган ажиллана.
7.7. Мэргэжлийн багийн гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
7.7.1. Эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр гадаад улс оронд 3-аас доошгүй сарын хугацаатай тухайн мэргэшлээрээ дагнан суралцаж, дадлагажсан батламж авсан байх;
7.7.2. Эзэмшсэн мэргэшлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
7.7.3. Ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;
7.7.4. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх сүүлийн үеийн ном товхимол судалсан байна.
--оОо--
Текст томруулах
A
A
A