- Нүүр
- Сайдын тушаал
- Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагатай хийх гэрээний загвар
Эрүүл мэндийн сайдын 2019 оны
04-р сарын 09-ний өдрийн А/164 дугаар
тушаалын 2 дугаар хавсралт
БАТЛАВ БАТЛАВ БАТЛАВ
ЭЭЭШСҮАЗА-НЫ ДАРГА __________________ ___________________
ЭМНЭЛГИЙН ДАРГА ЭМНЭЛГИЙН ДАРГА
_________________ _________________ _________________
Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагатай хийх гэрээний загвар
Нэг талаас _______________________________донор байрлаж буй эмнэлэг /Цаашид Донор эмнэлэг гэх/-ийг төлөөлж ______________ ажилтай_____________, нөгөө талаас Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх бүхий эмнэлэг /Цаашид шилжүүлэн суулгах эмнэлэг гэх/-ийг төлөөлж ________________ ажилтай _______________ /цаашид хамтад нь талууд гэнэ/ нар харилцан тохиролцож, Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/124, А/495 дугаар тоот тушаалуудыг тус тус үндэслэн энэхүү гэрээг дор дурьдсан нөхцөлөөр байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж бөөр болон элэгний дутагдлын эмгэгийн төгсгөлийн үе шатанд байгаа эмчлүүлэгчийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний тусламжийг хүртээмжтэй чанартай болгох, хүлээх хугацааг богиносгох, гадаад орнуудад Монгол Улсын иргэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийлгэх, зардал чирэгдэл их гаргаж буй хүндрэлийг бууруулах, донор болон эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн хүний нөөцийг чадавхжуулах, хөгжүүлэх зорилготой.
Тархины үхэлтэй донорын олдоцыг нэмэгдүүлснээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний тоог нэмэгдүүлэх, чанар, хүртээмж, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор хамтран ажиллахад талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход гэрээний зорилго оршино.
1.2. Донорын үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс эрүүл мэндийн байгууллага нь эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтанд сурталчлан таниулах, харилцан дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг дотоод журмаар албажуулна.
1.3. Гэрээнд оролцогч талууд нь Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, донор эмнэлэг, трансплант эмнэлэг байна.
1.4. Гэрээ хэрэгжих хугацаа ба гэрээ хүчин төгөлдөр болох хугацааг гэрээнд заана.
Хоёр. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах эмнэлгийн эрх, үүрэг
2.1. Эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгах мэс заслыг дараах шаардлагыг хангасан, эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад хийж гүйцэтгэнэ. Үүнд:
2.1.1. Эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгах шалгуурыг хангасан мэргэжлийн баг мэс заслыг гүйцэтгэнэ.
2.1.2. Оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
2.1.3. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийх бололцоо бүхий бүрэн тоноглогдсон вакуумжсан 2 өрөө, судасны мэс заслын болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын иж бүрдэл, механик шарх тэлэгч, микроскопитай мэдээгүйжүүлгийн иж бүрдэл, хяналтын мониторуудтай байна.
2.1.4 Лабораторийн орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шаардлагатай шинжилгээг хийх боломжоор хангагдсан байна.
2.1.5. Мэс заслын дараах бүрэн тоноглогдсон эрчимт эмчилгээний өрөөтэй байна. Үүнд:
2.1.5.1. Нам болон өндөр даралтын ариутгалын хэсэгтэй байна.
2.1.5.2. Эмчлүүлэгчийн эрүүл мэндийн цаашдын хяналт хийдэг байна.
2.2. Трансплант эмнэлэг нь зохицуулах албаны зохицуулагчаар дамжуулан зохицуулах алба болон донор эмнэлэгтэй байнгын холбоотой ажиллана.
2.3. Боломжит донор гарсныг тодорхойлсны дараа зохицуулах албаны координатор болон тухайн эмнэлгийн тархины үхлийг тогтоох багийн хамтран гаргасан шийдвэр, бодит байдал, дүн шинжилгээтэй танилцаж зохих бэлтгэлийг хангаж ажиллана.
2.4. Тархины үхэлтэй донорын мэдээлэл тодорхой болсон болон бусад үед трансплант эмнэлэг нь донорын эрхтэн авах, реципиентийн мэс заслын бэлэн байдлыг хангасан байна.
2.5. Шилжүүлэн суулгах эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багаас боломжит донорыг судалж, шинжлэх багийг томилж ажиллуулна.
2.6. Шилжүүлэн суулгах эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах баг нь эрхтэн авах мэс засалчид болон эрчимт эмчилгээний их эмч, сувилагчдын багийг томилно.
2.7. Шилжүүлэн суулгах эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах баг нь эрхтэн авах мэс засалд шаардлагатай онцлог зарим багаж, тоног төхөөрөмж, хэрэгслийг хангана.
2.8. Донорын эрхтэнг авах мэс заслыг трансплант эмнэлэгт хийсэн тохиолдолд цогцсыг цэгцэлж донор эмнэлгийн цогцос түр хадгалах байрт хүлээлгэн өгнө. Шаардлагатай тохиолдолд эмгэг судлалын шинжилгээнд эрчимт эмчилгээний тасгийн эмчлэгч их эмч оролцоно.
2.9. Бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, суулгах горим алдагдсан эс, эд, эрхтэн болон уг үйл ажиллагаанд хэрэглэсэн багаж, хэрэгслийг хамтад нь устгана.
2.10. Шилжүүлэн суулгах эмнэлэг нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээтэй холбоотой санхүүгийн тайлан, эмчилгээний үр дүн (амьд донор болон реципиентийн хоорондын хамаарал, амьд болон тархины үхэлтэй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгасан талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, реципиент болон суулгацын амьдарсан хугацаа, гарсан хүндрэл, нас баралт)-г нэгтгэн улирал бүр Зохицуулах албанд мэдээлнэ.
2.11. Шилжүүлэн суулгах эмчилгээ хийх эрх бүхий эмнэлэг нь эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгчийг эмчилгээнд бэлтгэх, шилжүүлэн суулгах эмчилгээний дараа тухайн эмчлүүлэгч өөрийн амьдарч буй аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд байх нөхцөл бололцоог хангах мэргэжлийн сургалт, дадлагажуулалт тогтмол хийнэ. /Сургалтын хөтөлбөртэй байх, хөтөлбөрийг ЭМХТ-д танилцуулж батлуулсан байна./
2.12. Шилжүүлэн суулгах багийн хяналтад байсан болон бусад эмнэлгийн эмчийн хяналтад байх үедээ эмчлүүлэгч гадаад улс руу эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд явж байгаа тохиолдолд тухайн эмчлүүлэгчийн болон донорын тухай холбогдох мэдээллийг Зохицуулах албанд мэдээлнэ.
2.13. Журмын 2.12 дахь заалтад бүртгэгдсэн иргэн дархлаа дарангуйлах эм болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах хяналтад хамрагдана.
2.14 Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн талаар шилжүүлэн суулгах багийн гишүүд болон тухайн эмнэлгийн захиргаа, эмнэлгийн мэргэжилтнүүд олон нийтэд 1 сарын дараа мэдээлж болно.
Гурав. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны эрх, үүрэг
3.1. Зохицуулах алба тухайн эмнэлгийн удирдлагын баг, тархины үхэл тодорхойлох багтай байнгын хамтын үйл ажиллагаатай байна.
3.2. Донор эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ болон тархины үхэл, донорын талаар тогтмол сургалт, танилцуулга хийж байна.
3.3. Тархины үхэл тодорхойлох баг, зохицуулах албаны зохицуулагч нь тухайн эмнэлгийн тархины мэс засал, эрчимт эмчилгээ, мэдрэлийн болон бусад тасагтай байнгын холбоотой ажиллана.
3.4. Тархины үхлийг дахин тодорхойлж онош батлагдсан тохиолдолд тархины үхэл тодорхойлох багийн гишүүн болон зохицуулах албаны зохицуулагч, эмчлэгч эмчийн хамт гэр бүлд бодит байдлыг танилцуулна.
3.5. Зохицуулах албаны зохицуулагч нь гэр бүлд бодит байдлыг танилцуулан ойлгуулж боломжит донорын эрхтэнг эмгэг өвчтэй бусдад донор болгон өгөх талаар зөвшөөрлийн хуудсыг танилцуулна. Гэр бүл нь зөвшөөрсөн тохиолдолд зохицуулах алба болон эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багт мэдэгдэнэ.
3.6. Тархины үхэлтэй донорын талаарх мэдээллийг яаралтай нэгдсэн бүртгэл мэдээллийн санд оруулж тохирох реципиентүүдийг тодруулна.
3.7. Донорын эс, эд, эрхтнийг хүлээх жагсаалтад байгаа эмчлүүлэгч нарт цусны бүлэг болон эд нийцлийн тохирооны дагуу хуваариалан нийлүүлэх үйл ажиллагааг зохицуулна. Онцгой тохиолдолд /хүүхэд болон эрхтний хурц дутагдалд орсон залуу хүн/ хүлээх жагсаалтын урдуур оруулах асуудлыг багтай хамтран шийднэ.
3.8. Зохицуулах алба нь донор эмнэлгийн зүгээс гаргасан тодорхой зардлыг эргүүлэн төлж барагдуулах, тархины үхэл тодорхойлох багийн гишүүд болон ёс зүйн салбар зөвлөлийн гишүүдийн илүү цаг ажилласан хөлс (урамшуулал), мэс заслын өрөөний түрээс, мэс заслын эмч, сувилагч нарын ажлын хөлс гэх мэт зардлыг багтай хамтран тооцож бүртгэнэ. Эдгээрийг зохицуулах төсвийг тодорхой болгох, донор эмнэлгийн үйл ажиллагааны талаар зохих мэдээлэл, үр дүнг тооцож донор эмнэлэгт дэмжлэг үзүүлдэг байх механизмыг бий болгоно.
3.9. Донор эмнэлгийн эрчимт эмчилгээний болон мэс заслын нэгдсэн тасгийн хүчин чадал, чадамжийг сайжруулан дээшлүүлэх болон эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллана.
3.10. Шилжүүлэн суулгах эс, эд, эрхтэнг авсан даруйд зааварт заасан зориулалтын уусмалд хадгалах, эрхтэнг мөстэй саванд хийж тээвэрлэнэ.
3.11. Зохицуулах алба нь боломжит донорыг болон донорын эрхтэнг зөөвөрлөх тээврийн хэрэгслийг шилжүүлэн суулгах эмнэлэгтэй хамтран зохицуулна. Тусгай зориулалтын түргэн тусламжийн машинаар тээвэрлэнэ.
3.12. Эс, эд, эрхтнийг авсан болон хүлээлгэн өгсөн тухай батлагдсан маягтад бичиж мэс заслын тэмдэглэлд хавсаргана.
3.13. Эс, эд, эрхтнийг тээвэрлэхийн өмнө хүлээн авах байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.
Дөрөв. Донор эмнэлгийн үүрэг
4.1. Донор эмнэлэг нь тухайн эмнэлгийн даргын тушаалаар батлагдсан тархины үхэл тодорхойлох баг байгуулан ажиллуулах ба ажиллах горимыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган эрчимт эмчилгээ бусад холбогдох тасгийн эмч нарын уялдаа холбоо, ажиллах орчин нөхцөлийг хангаж ажиллана.
4.2. Тархины үхлийн шалтгаан нь тархины гэмтэл буюу гадны нөлөөтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж зохих үзлэг, шалгалтуудыг хийлгэж холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ.
4.3. Боломжит донор эмчлүүлж буй донор эмнэлэг нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгээс ажиллах багийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, шаардлагатай нөхцөлөөр хангана.
4.4. Эс, эд, эрхтэн авах мэс заслын өрөө болон багаж, тоног төхөөрөмж, хүний нөөц, шаардлагатай хэрэгслээр хангана.
4.5. Донорын цогцост задлан шинжилгээг хийлгэнэ.
4.6. Донорын цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгнө.
4.7. Шаардлага хангахгүй эс, эд, эрхтнийг хэсэгчлэн хэрчиж, бүтцийн бүрэн, бүтэн байдлыг эвдэн, эс, эд, эрхтэнг шаардлага хангахгүй тухай тэмдэглэл үйлдэн, тэмдэглэлийг Эмгэг судлалын үндэсний төвд хүлээлгэн өгнө.
Тав. Бусад нөхцөл
5.1. Гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга дарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
5.2. Аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээг цуцлах эрхгүй бөгөөд хэрвээ цуцлах тохиолдолд нэг сарын өмнө албан бичгээр мэдэгдэнэ.
5.3. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах бол гурван тал адил бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, асуудлаа хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
5.4. Энэхүү гэрээний биелэлтийг талууд хамтран дүгнэж аль нэг тал нь гэрээг өөрчлөх, цуцлах санал гаргаагүй нөхцөлд гэрээг сунгаж ажиллана.
5.5. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах маргааныг эвийн журмаар шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:
________________ ____________________ ДОНОР
ЭШС ЭМНЭЛГИЙГ 2015 оны ....... сар ЭМНЭЛГИЙГ ТӨЛӨӨЛЖ ЭЭОД
ТӨЛӨӨЛЖ ЭЗЭОД
_______________ _______________ _______________
Улаанбаатар хот
он сар өдөр
--оОо--
Текст томруулах
A
A
A