- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО
Засгийн газрын 2019 оны 106 дугаар
тогтоолын хавсралт
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН
БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Барилга, ус, эрчим хүч, харилцаа холбоо, нефтийн барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо (цаашид “тогтолцоо” гэх)-ны зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд барилга байгууламжийг найдвартай, бат бэх, ашиглалтын болон угсралтын үеийн өртөг зардал багатай, үр ашигтай байдлаар төлөвлөх, барьж байгуулах, барилгын материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу барилгын үйл ажиллагаанд шаардагдах стандартчилал, нормчлолын үндсэн чиглэл, бүрдлийг тогтооход оршино.
1.2. Тогтолцоо нь барилга байгууламжийг төсөллөх (судалгааны шатанд мөн адил), зураг төсөл зохиох, боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглах үед заавал болон сонгон мөрдөх, техникийн болон аюулгүй, найдвартай байх нөхцөл шаардлагыг тодорхойлсон, барилгын ажлын уялдаа, дарааллыг тогтоож, бүтээгдэхүүний үр ашиг, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн харилцан уялдаа бүхий техникийн зохицуулалт, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгүүд (цаашид ”тогтолцооны баримт бичиг” гэх)-ээс бүрдэнэ.
1.3. Тогтолцооны баримт бичиг нь барилгын салбарын техникийн зохицуулалт, барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандарт гэсэн хэлбэртэй байна.
1.4. Тогтолцооны баримт бичгийг боловсруулах, зөвшилцөх, батлах, хэрэглэх, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үйл ажиллагаанд Барилгын тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөнө.
1.5. Тогтолцооны баримт бичгийг боловсруулах, хэрэглэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран энэ тогтолцоог баримтална.
Хоёр. Тогтолцооны үндсэн зарчим
2.1. Тогтолцоонд холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна дор дурдсан үндсэн зарчмыг баримтална:
2.1.1. Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх;
2.1.2. шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгаа, сорилт туршилтын арга зүй, техникийн үндэслэлд тулгуурлан боловсруулсан, цаашид хөгжүүлэх боломжтой, нээлттэй байх;
2.1.3. заавал дагаж мөрдөх норм, нормативын баримт бичгийн тоог цөөлөх, сонгон мөрдөх норм, нормативын баримт бичгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санал санаачилгыг дэмжих, бие даасан байдлыг нь дээшлүүлэх;
2.1.4. олон улс, бүс нутгийн стандартчиллын байгууллага, гадаад улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн зарчмыг хүлээн зөвшөөрөх;
2.1.5. олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг өөрийн орны байгаль, цаг уурын онцлог, газар хөдлөлт, инженер-геологийн нөхцөлтэй уялдуулан хэрэглэх.
Гурав. Тогтолцооны баримт бичигт
тавигдах шаардлага
3.1. Тогтолцооны баримт бичиг дор дурдсан шаардлагыг хангасан байна:
3.1.1. барилгын материал, бүтээгдэхүүн нь иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бий болгоход чиглэсэн байх;
3.1.2. барилгын материал, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх болон барилга байгууламжийн ашиглалтын үеийн ажиллагаа нь хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй байх;
3.1.3. онцгой болон гамшгийн нөхцөл байдал гэнэт үүсэх шалтгааныг урьдчилан тооцох замаар хүн амыг эрсдэлээс хамгаалах, барилга байгууламж, барилгын материал, бүтээгдэхүүний бат бэх, найдвартай байдлыг хангуулах;
3.1.4. барилга байгууламжийн буурь хөрсний чанар, суурь, үндсэн бүтээц, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангуулсан байх;
3.1.5. байгалийн нөөц, баялаг, материал, түүхий эд, түлш эрчим хүч, хөдөлмөрийн нөөцийг зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хамгаалах;
3.1.6. шинжлэх ухаан, техник технологийн орчин үеийн ололт, гадаад, дотоодын туршлагад тулгуурласан, олон улс, бүс нутаг, гадаад орнуудын стандартыг жишиг болгосон байх;
3.1.7. холбогдох хууль тогтоомжид заасан барилгын зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал, бүтээгдэхүүнд тавигдах шаардлагад нийцүүлсэн байх;
3.1.8. физик, хими, биологи, цацраг, өндөр хэлбэлзлийн долгионы болон бусад хортой бодисын нөлөөллөөс иргэд, хүрээлэн байгаа орчин хамгаалагдсан байх;
3.1.9. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага, зорчих хөдөлгөөний аюулгүй, найдвартай байдлыг хангасан байх.
Дөрөв. Тогтолцооны бүтэц
4.1. Тогтолцооны баримт бичиг нь заавал болон сонгон мөрдөх гэсэн төрөлтэй байна.
4.2. Дараахь баримт бичгийг заавал мөрдөнө:
4.2.1. техникийн зохицуулалт;
4.2.2. барилгын норм ба дүрэм.
4.3. Дараахь баримт бичгийг сонгон мөрдөнө:
4.3.1. барилгын болон техникийн дүрэм;
4.3.2. заавар;
4.3.3. цомог;
4.3.4. аргачлал;
4.3.5. стандарт.
4.4. Техникийн зохицуулалт нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 5.1-д заасан зорилгод нийцсэн байна.
4.5. Барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартыг дор дурдсанаар ангилна:
4.5.1. удирдлага, зохион байгуулалт, арга зүйн;
4.5.2. ерөнхий техникийн;
4.5.3. хот байгуулалт, барилга байгууламжийн;
4.5.4. инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн;
4.5.5. барилгын бүтээц, эдлэхүүний;
4.5.6. барилгын материал, бүтээгдэхүүний;
4.5.7. түр барилга байгууламж, барилгын багаж хэрэгсэл, тоноглолын;
4.5.8. барилга байгууламжийн эдийн засаг, төсөв, үнэ бүрдлийн.
4.6. Барилга байгууламжийн захиалагчийн хүсэлт, эсхүл тухайлсан барилга байгууламжийн онцлог шаардлагад үндэслэн инженер хайгуулын судалгаа, зураг төсөл, барилгын ажил, ашиглалтын онцлогуудыг тусгасан найдвартай, эрүүл, аюулгүй байдлыг хангах техникийн тусгай нөхцөлийг тогтоож болно.
4.7. Олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг Барилгын тухай хуулийн 6.3-т заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр хэрэглэнэ.
4.8. Барилгын материал, бүтээгдэхүүн норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг тохирлын үнэлгээгээр тодорхойлж, барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламжид хэрэглэнэ.
Тав. Тогтолцооны баримт бичгийн агуулга
5.1. Техникийн зохицуулалт, барилгын норм ба дүрмээр барилгын үйл ажиллагаанд заавал дагаж мөрдөх шаардлагыг тогтооно.
5.2. Тогтолцооны улсын чанартай баримт бичгийн зохицуулалт нь үндэсний болон олон улсын байгууллага, гадаадын ижил төрлийн норм, дүрэм, стандартын шаардлагад нийцсэн байна.
5.3. Байгууллагын стандарт нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 10.2-т заасан шаардлагаас гадна барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрмийн үзүүлэлт, шаардлагад нийцсэн байна.
5.4. Техникийн зохицуулалтад барилгын үйл ажиллагаанд тавигдах аюулгүй байдлын дор дурдсан шаардлагыг тусгана:
5.4.1. хот, суурин газар, барилга байгууламжийг төлөвлөх, барьж байгуулах, өргөтгөх, ашиглахад тавигдах шаардлага;
5.4.2. эрүүл ахуйн шаардлага;
5.4.3. галын аюулгүй байдлын шаардлага;
5.4.4. барилга байгууламжийн бат бэх, тогтвортой байдлын шаардлага;
5.4.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага, зорчих хөдөлгөөний аюулгүй, найдвартай байдлын шаардлага;
5.4.6. эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн шаардлага;
5.4.7. хүрээлэн байгаа орчны болон зэргэлдээ барилга байгууламжийн аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх шаардлага;
5.4.8. хөдөлмөр зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны шаардлага;
5.4.9. агаар болон унд, ахуйн хэрэглээний усны чанарын шаардлага;
5.4.10. нарны тусгал, нарны ээвэрлэлтийн болон дулаан хамгаалалт, агаарын солилцооны шаардлага;
5.4.11. гэрэлтүүлгийн болон дуу чимээ, чийг, доргилт, чичиргээ, цахилгаан, соронзон нөлөөлөл, цацрагаас хамгаалах шаардлага;
5.4.12. барилгын материал, бүтээгдэхүүний найрлага, бүтэц, аюулгүй байдлын шаардлага;
5.4.13. үйлдвэрлэлийн үйл ажиллагааны болон барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага;
5.4.14. тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлага;
5.4.15. барилгын үйл ажиллагаанд хэрэглэх холбогдох техникийн зохицуулалтаар тогтоосон шаардлага.
5.5. Барилгын норм ба дүрэмд хот байгуулалтын баримт бичиг болон барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн зураг төслийг боловсруулах, барилга байгууламжийг барьж байгуулахад хүрэх түвшин, зорилтыг тодорхойлох бөгөөд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээний байгаль, цаг уурын нөхцөл, газар хөдлөлт, инженер-геологийн болон бусад онцлог шинж чанарыг харгалзан үзсэн, дор дурдсан агуулга бүхий заавал дагаж мөрдөх нийтлэг хэм хэмжээ тогтоосон зохицуулалтыг тусгана:
5.5.1. барилга байгууламж, түүний системийн ашиглалтын найдвартай байдал, барилга бүтээц ба суурийн бат бэх тогтвортой чанар;
5.5.2. газар хөдлөлт, хөрсний нуралт, гулсалт болон байгалийн бусад аюул ослын үед барилга, байгууламжийн тогтворжилт, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чанар;
5.5.3. гал түймрийн болон аюул ослын үед барилга байгууламжийн тогтворжилт, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чанар;
5.5.4. барилга байгууламжийн ашиглалтын үеийн өрөө тасалгааны дулаан, агаарын чийгшилт, дуу чимээ, гэрэлтүүлгийн хэмжээ;
5.5.5. барилга байгууламжийн ашиглалтын үзүүлэлт, параметрийг эрүүл ахуй, байгаль орчны нормтой уялдуулсан байдал;
5.5.6. барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, түлш, эрчим хүчний зарцуулалтыг багасгасан байдал;
5.5.7. зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрүүл ахуй, байгаль орчны болон бусад норм нормативын шаардлагаас иш татан заасан байдал;
5.5.8. барилгын дулааны алдагдал багатай, түлш, эрчим хүчний хэмнэлттэй байх чанар;
5.5.9. хот байгуулалт, хот төлөвлөлтийн шаардлагыг хангах чанар.
5.6. Шаардлагатай тохиолдолд барилгын норм ба дүрэмд эрүүл ахуйн болон байгаль орчин, экологийн норм, нормативын шаардлага, үзүүлэлтийг тусгаж болно.
5.7. Барилгын болон техникийн дүрэм, заавар, аргачлалд барилгын норм ба дүрмийн зохицуулалтыг мөрдөх аргачлалыг нарийвчлан тогтоосон, цаашид хөгжүүлэхэд чиглэсэн сонгон мөрдөх, зөвлөмжийн шинжтэй зохицуулалтыг тусгах бөгөөд дор дурдсан чиглэлтэй байна:
5.7.1. барилгын инженер хайгуулын судалгаа хийх;
5.7.2. хот байгуулалт, хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх;
5.7.3. барилга байгууламжийн эзлэхүүн төлөвлөлт болон архитектурын шийдлийг тогтоох;
5.7.4. барилга байгууламж, түүний бүрдэл хэсгүүдийн хийц, бүтээцийн шийдлийг тогтоох, тооцоолох;
5.7.5. барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах;
5.7.6. барилгын ажил гүйцэтгэх;
5.7.7. барилга байгууламжийг ашиглах;
5.7.8. барилгын материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
5.7.9. барилгын ажлын механикжуулалт, машин, техник, тоног төхөөрөмжийг ашиглах;
5.7.10. барилга байгууламжийн чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг үнэлэх.
5.8. Барилгын материал, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид тавих чанар, аюулгүй байдлын шаардлагыг тогтоох, сорилт туршилт хийх, үйлдвэрлэх, нийлүүлэхэд хүрэх түвшинг үндэсний стандартаар зохицуулна.
5.9. Үндэсний стандарт нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан тодорхойлолт, шаардлагад нийцсэн байна.
5.10. Цомог нь барилгын норм ба дүрмийн зохицуулалтын хүрээнд зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, туршихад хэрэглэх арга, аргачлал (бүтээц, эдлэхүүний нэг маягийн хийц, хэсэглэлийн ажлын зураг, хэрэглэх заавар)-ыг агуулсан сонгон мөрдөх шинж чанартай баримт бичиг байна.
Зургаа. Тогтолцооны баримт бичгийг боловсруулахад
тавих шаардлага
6.1. Техникийн зохицуулалтыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.2-т заасан стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан зааврын дагуу боловсруулна.
6.2. Барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрэм, цомог, стандартын бүтэц, найруулга, боловсруулалт нь “Стандартын бүтэц ба боловсруулах” MNS1-2:2006 стандартын шаардлагад нийцсэн байна.
6.3. Тогтолцооны баримт бичигт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрэм, стандартын зохицуулалтыг давхардуулахгүй, эшлэл хэрэглэнэ.
6.4. Тогтолцооны баримт бичиг нь нэр томьёоны болон арга зүйн тайлбар, үзүүлэлт, схем зураг зэргийг агуулсан хавсралттай байж болно.
6.5. Барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрэм, цомгийг дор дурдсан байдлаар дугаарлана:
6.5.1 Барилгын норм ба дүрмийг “БНбД” гэсэн нэрийн товчлол бүхий индекс тэмдэглэгээ хийж, 01 дугаараас эхлэн;
6.5.2. Барилгын болон техникийн дүрмийг “БД” гэсэн нэрийн товчлол бүхий индекс тэмдэглэгээ хийж, 101 дугаараас эхлэн;
6.5.3. Цомгийн нэрийн тэмдэглэгээ, дэс дугаарыг Барилгын зураг. Барилгын цувралын код MNS 5053:2001 стандартад заасны дагуу.
6.6. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлагдсан тогтолцооны баримт бичигт шифр, дугаар олгож бүртгэнэ.
Долоо. Тогтолцооны баримт бичгийг боловсруулах
ажлын зохион байгуулалт
7.1. Тогтолцооны баримт бичгийг тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, шинжлэх ухаан, техно¬ло¬гийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэдэг, ажлын туршлага бүхий иргэн, баг гэрээний үндсэн дээр боловсруулна.
7.2. Барилгын тухай хуулийн 34.1.2-т заасны дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтолцооны баримт бичиг боловсруулах ажлыг тухайн жилийн тогтолцооны баримт бичиг боловсруулах төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
7.3. Тухайн жилийн тогтолцооны баримт бичиг боловсруулах төлөвлөгөөг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор батлах бөгөөд уг төлөвлөгөөнд шинээр болон шинэчлэн боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах норм, нормативын баримт бичгийг дор дурдсан хэрэгцээ, шаардлагыг үндэслэн тусгана:
7.3.1. тогтолцооны баримт бичгийг боловсронгуй болгох, хөгжүүлэх шаардлага;
7.3.2. иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санал, санаачилга, олон нийтийн санал асуулгын дүн;
7.3.3. тогтолцооны баримт бичгийн хэрэгжилтийн түвшин тогтоосон үзлэгийн үр дүн;
7.3.4. зайлшгүй шаардлагатай бусад тохиолдол.
7.4. Тогтолцооны баримт бичгийг 1 дүгээр хавсралтад заасан норм, нормативын баримт бичгийн бүрдлийн дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан техникийн даалгаврыг үндэслэн боловсруулна.
7.5. Техникийн даалгаварт тогтолцооны баримт бичиг боловсруулах үндсэн зорилго, бүтэц, тавигдах шаардлага, онцгой нөхцөл, хүрэх үр дүн, боловсруулах үе шат, хугацаа, төслийг хэлэлцүүлэх, санал авах болон зөвшөөрөлцөх байгууллагууд, санхүүжилтийн хэмжээг тодорхой тусгана.
7.6. Тухайн жилийн тогтолцооны баримт бичиг боловсруулах төлөвлөгөөнд тусгагдаагүй, захиалагчийн хүсэлтээр боловсруулах баримт бичгийг хүсэлт гаргасан захиалагч санхүүжүүлэх бөгөөд энэ тохиолдолд техникийн даалгаварт санхүүжилтийн хэмжээг тусгахгүй байж болно.
7.7. Тогтолцооны баримт бичгийн төслийн агуулга, бүтэц, бүрдэл хэсэг болон ажлын төвөгшлөөс шалтгаалан техникийн даалгавар боловсруулах ажилд Барилгын тухай хуулийн 42.1-д заасан зөвлөх үйлчилгээг авч болно.
7.8. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага техникийн даалгаврын төслийг хянаж, эрх бүхий албан тушаалтан техникийн даалгаврыг ажлын 5 өдөрт багтаан батална.
7.9. Тогтолцооны баримт бичиг нь салбар хоорондын зохицуулалттай тохиолдолд техникийн даалгаврыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
7.10. Техникийн тусгай нөхцөлийг тогтолцооны баримт бичгийн нэгэн адил техникийн даалгаварт үндэслэн боловсруулна.
7.11. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтолцооны баримт бичиг боловсруулах гүйцэтгэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажиллана.
7.12. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтолцооны баримт бичгийн төслийн эхний хувилбарыг хүлээн авснаас хойш гурван долоо хоногт багтаан техникийн даалгаврын шаардлагад нийцэж буй эсэхийг урьдчилсан байдлаар хянана.
7.13. Шаардлага хангасан төслийг тайлбар бичгийн хамт цахим хуудсанд байршуулах болон холбогдох байгууллагуудад хүргүүлж, олон нийтийн саналыг авна.
7.14. Шаардлага хангаагүй тохиолдолд үндэслэлийг зааж төслийг дахин боловсруулахаар буцаана.
7.15. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төсөлд ирүүлсэн саналыг нэгтгэж, шаардлагатай засвар, өөрчлөлтийг тусгах талаар хугацаатай үүрэг, даалгавар бүхий дүгнэлтийг гүйцэтгэгч, захиалагчид хүргүүлнэ.
7.16. Гүйцэтгэгч нь төсөлд ирүүлсэн санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй тохиолдолд гэрээний талууд уг асуудлыг хамтран судалж, холбогдох чиглэлийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлэнэ.
7.17. Гүйцэтгэгч нь төсөлд тусгаагүй саналын тайлбарыг холбогдох байгууллагад албан бичгээр заавал хүргүүлнэ.
7.18. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санал, дүгнэлтийн дагуу дахин боловсруулсан төслийг хянан тохиолдуулах, шүүмж бичих ажлыг 45 хоногт багтаан зохион байгуулна.
7.19. Хянан тохиолдуулах, шүүмж бичих ажлыг тухайн салбарын мэргэшсэн, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэн, эсхүл зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.
7.20. Төслийг хянан тохиолдуулахад утга, найруулга, үг үсгийн алдаа, нэр томьёог хянан үзнэ.
7.21. Төсөлд дараахь асуудлаар шүүмж бичнэ:
7.21.1. төслийн агуулга нь зорилгод нийцсэн эсэх;
7.21.2. шинжлэх ухаан, техникийн үндэслэл, сорилт туршилтын арга зүйд тулгуурлан боловсруулсан эсэх;
7.21.3. техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн эсэх;
7.21.4. бусад тогтолцооны баримт бичгийн шаардлагатай уялдуулсан эсэх;
7.21.5. саналын зөрүүтэй төслийг хэрхэн шийдвэрлэх.
7.22. Дараахь баримт бичгийг цаасан хэлбэрээр шүүмж бичих этгээдэд хүргүүлнэ:
7.22.1. тогтолцооны баримт бичгийг боловсруулсан үндэслэл, өгөгдлүүд, ашигласан бусад материал, гадаад орны ижил төрлийн байгууллагын норм, нормативын баримт бичигтэй харьцуулсан судалгаа хийсэн талаарх танилцуулга, тайлбар бичиг;
7.22.2. тогтолцооны баримт бичгийн төслийн эхний хувилбар, санал авсан байгууллагын жагсаалт;
7.22.3. төсөлд ирүүлсэн санал, саналын товчоо;
7.22.4. төслийн хянан тохиолдуулсан хувь;
7.23. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төслийг хянан тохиолдуулсан, шүүмж бичсэн дүгнэлтийн хамт 10 хоногт багтаан хянаж, Барилгын тухай хуулийн 34.1.13-т заасан мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
7.24. Мэргэжлийн зөвлөлийн нийт гишүүдийн 70-аас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд тогтолцооны баримт бичгийн төслийг дэмжсэнд тооцно. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн саналыг бичгээр авч болно.
7.25. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг тогтолцооны баримт бичгийн төсөлд тусгах эсэхийг гүйцэтгэгч, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөвшилцөн шийдвэрлэнэ.
7.26. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, шаардлагатай засвар өөрчлөлтийг тусгасан төслийн хувилбарыг гүйцэтгэгч багийн гишүүд болон хянан тохиолдуулж, шүүмж бичсэн этгээд тус бүрийн гарын үсгээр баталгаажуулж, хүлээн авна.
7.27. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төслийг салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр дор дурдсан баримт бичгийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
7.27.1. тогтолцооны баримт бичгийн төсөл;
7.27.2. тогтолцооны баримт бичгийн төслийн танилцуулга, үндэслэл, өгөгдөл, тайлбар бичиг;
7.27.3. тогтолцооны баримт бичгийн төслийг боловсруулахад ашигласан материал, харьцуулсан судалгаа;
7.27.4. төсөлд ирүүлсэн санал, саналын товчоо;
7.27.5. төслийн хянан тохиолдуулсан хувь;
7.27.6. төсөлд хийсэн шүүмжийн дүгнэлт;
7.27.7. тухайн төслийг хэлэлцсэн тухай мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл;
7.27.8. хүчин төгөлдөр мөрдөж байгаа норм, нормативын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай шийдвэрийн төсөл.
Найм. Тогтолцооны баримт бичгийг батлах
8.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага стандартаас бусад тогтолцооны баримт бичгийн төслийн сүүлийн хувилбарыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан холбогдох хууль тогтоомж, техникийн даалгаварт нийцэж байгаа эсэхийг хянаж, салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
8.2. Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн дэмжсэн төслийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжийн мэргэжилтэн гүйцэтгэгчтэй хамтран холбогдох зөвлөмжийн дагуу засвар өөрчлөлтийг тусган боловсруулж, дараахь баримт бичгийг бүрдүүлж, батлуулах бэлтгэлийг хангана:
8.2.1. тайлбар бичиг;
8.2.2. бичгээр хүлээн авсан саналын жагсаалт;
8.2.3. шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн зөвлөмж;
8.2.4. тогтолцооны баримт бичгийг батлах, мөрдөж байгаа баримт бичигт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай шийдвэрийн төсөл.
8.3. Техникийн зохицуулалт, стандартаас бусад тогтолцооны баримт бичгийг 30 хоногийн дотор батална.
8.4. Техникийн зохицуулалтыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу Засгийн газар батална.
8.5. Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн дэмжээгүй төслийн саналын зөрүүтэй асуудлыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр дахин хэлэлцүүлэх бөгөөд дахин шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх эсэхийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
8.6. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын норм ба дүрмийн төслийн салбар хоорондын зохицуулалттай асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний дараа батална.
8.7. Холбогдох төрийн захиргааны төв байгууллага төслийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөвшилцөх хариугаа ирүүлэх бөгөөд заасан хугацаанд хариу ирээгүй бол зөвшилцсөнд тооцно.
8.8. Барилгын норм ба дүрмийн саналын зөрүүтэй болон зөвшилцөх боломжгүй салбар хоорондын зохицуулалттай асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ.
8.9. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшилцсөн асуудлыг дахин хянасны үндсэн дээр батална.
8.10. Холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд асуудлыг зөвшилцөж чадаагүй тохиолдолд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн барилгын норм ба дүрмийг баталж болно.
8.11. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын норм ба дүрмийг баталснаас хойш Захиргааны ерөнхий хуулийн 64.3-т заасан хугацаанд танилцуулга, холбогдох бусад баримт бичиг, нөлөөллийн шинжилгээний хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.
8.12. Барилгын норм ба дүрмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн дугаарыг тэмдэглэгээний хэсэгт тусгана.
8.13. Тогтолцооны баримт бичгийг батлах шийдвэрт түүнийг мөрдөж эхлэх хугацааг тогтоох бөгөөд уг хугацаа нь батлагдсанаас хойш барилгын норм ба дүрмийн хувьд 6 сар, барилгын болон техникийн дүрмийн хувьд 3 сараас багагүй байна.
8.14. Тогтолцооны баримт бичгийг боловсруулах явцад холбогдох норм, нормативын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд тусдаа техникийн даалгавар боловсруулахгүй байж болно.
8.15. Тогтолцооны баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг тусад нь шинээр боловсруулах тохиолдолд тогтолцооны баримт бичиг боловсруулах журмыг баримтална.
8.16. Барилгын норм ба дүрмийн зарим зохицуулалтыг тодорхой үндэслэл бүхий тооцоо, судалгааны үндсэн дээр заавал дагаж мөрдөхгүй байх нөхцөл үүссэн тохиолдолд төсөөтэй хэрэглэх зохицуулалтыг холбогдох мэргэжлийн болон шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, дэмжсэн тохиолдолд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр хэрэглэнэ.
Ес. Тогтолцооны баримт бичгийг
хэрэглэх, хэвлэн нийтлэх
9.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлагдсан тогтолцооны баримт бичгийг хэвлэх, сурталчлах, сургалт хийх ажлыг зохион байгуулна.
9.2. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батлагдсан тогтолцооны баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон өөрийн албан ёсны цахим хуудсанд бүртгэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор байршуулна.
9.3. Тогтолцооны баримт бичгийн хэрэгжилтийн түвшин тогтоох үзлэгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан удирдамжийн дагуу 5 жил тутамд зохион байгуулна.
9.4. Батлагдсан тогтолцооны баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр хэвлэн нийтэлнэ. Зохих зөвшөөрөлгүйгээр норм, нормативын баримт бичгийг ашиг олох зорилгоор бүтнээр болон хэсэгчлэн хувилах, олшруулах, тараахыг хориглоно.
9.5. Батлагдсан барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрэм, цомгийг хэвлэн нийтлэхэд барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан загварыг баримтална.
9.6. Тогтолцооны баримт бичгийг хэвлэн нийтлэх ажлыг барилга байгууламжийн норм, нормативын сангийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
9.7. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа тогтолцооны баримт бичгийн жагсаалтыг жил бүр хэвлэн нийтэлж, олон нийтэд мэдээлнэ.
9.8. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр тогтолцооны баримт бичгийг хэрэглэх, ашиглах талаар мэргэжил, арга зүйн зөвлөмж тайлбар өгч болно.
9.9. Сонгон мөрдөх тогтолцооны баримт бичгийн зохицуулалтыг барилгын ажил гүйцэтгэх, материал, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгасан тохиолдолд тухайн зохицуулалтыг заавал дагаж мөрдөнө. Бусад тохиолдолд сонгон мөрдөх тогтолцооны баримт бичгийн зохицуулалтыг мөрдөхийг шаардах эрхгүй.
-----o0o-----
Барилга байгууламжийн норм, нормативын
баримт бичгийн ерөнхий тогтолцооны хавсралт
НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ
Бүлэг, цогцолбор |
Үндсэн чиглэл |
1. Удирдлага, зохион байгуулалт, арга зүйн норм, нормативын баримт бичиг |
|
10. Барилгын нормчлол |
-Барилга байгууламжийн стандартчилал, нормчлол, баталгаажуулалт, сертификатчиллын ажлын зорилго, бодлого, техникийн болон төсөв, үнэ бүрдлийн арга зүй, зохион байгуулах ажил |
11. Инженер хайгуул, зураг төслийн ажил |
-Барилгын ажил, барилгын зураг төслийн өмнөх болон төслийн ажлын инженер-хайгуулын бүрдэл, ерөнхий шаардлага, гүйцэтгэх зарчим; -Төслийг зөвшилцөх, экспертиз хийх ба батлах журам; -Хот байгуулалт, зураг төслийн баримт бичгийн агуулга, баталгаажуулалт |
12. Үйлдвэрлэл |
-Барилгын ажлын зохион байгуулалт, технологийн бэлтгэл, барилгын ажлын ерөнхий дүрэм, барилгын ажлын механикжуулалт, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах ба барилгын ажлын явцад хүрээлэн буй орчныг хамгаалах; -Дууссан барилга байгууламж, объектуудыг хүлээн авах ба чанарын шалгалт хийх; -Барилга байгууламжийн материал, эдлэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулах; -Технологийн ба гүйцэтгэлийн баримт бичгийн төрөл, агуулга, хэлбэрүүд, тэдгээрийг албан ёсны болгох |
13. Ашиглалт, буулгалт |
-Барилгын бүтээц болон барилга байгууламжийг шалгах, засварлах ажлын техникийн үйлчилгээний ерөнхий дүрэм; -Засвар ашиглалтын баримт бичгийн хэлбэрүүд, төрөл агуулга, тэдгээрийг албан ёсны болгох |
2. Ерөнхий техникийн норм, нормативын баримт бичиг |
|
20. Барилга, байгууламжийн найдвартай ажиллагааны үндэслэл |
-Барилга байгууламжийн материал, бүтээц, инженерийн систем, барилга байгууламжийн эдэлгээний ба ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах ерөнхий зарчим; -Барилга байгууламжийн зориулалт, ачаалал, янз бүрийн үйлчлэлийн зэрэглэлийн ангилал найдварын тухай ойлголт; -Барилга байгууламж, бүтээц, суурийн найдварт тавих норматив шаардлагыг тогтоох зарчим ба тооцоонд хэрэглэх хүчин зүйлүүд, үл зөвшөөрөгдөх хязгаарын ангилал; -Барилгыг хүлээн авах статистик хяналтын арга барилын үндэс |
21. Галын аюулгүй байдал |
-Хот байгуулалт, барилгын бүтээц, эдлэхүүн төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх барилга байгууламжийг ангилах тэдгээрийн гал тэсвэрлэх чадвар, түймрийн аюулын зэрэглэл, галын аюулаас хамгаалах багаж хэрэгсэл, эвакауци хийх зам, аюулгүй бүс зэргийг тодорхойлох галын аюулгүй байдлыг хангах ерөнхий зарчим; -Барилгын бүтээц, материал эдлэлийн гал түймэр техникийн үзүүлэлт, түүнийг тооцоолох, хянах, туршилт хийх арга |
22. Геофизикийн аюултай нөлөөллөөс хамгаалах |
-Хүн амын аюулгүй байдал, инженерийн хамгаалалтын байгууламжийн ашиглалт, барилгын инженер хайгуулын судалгаа болон хот байгуулалт, эзлэхүүн төлөвлөлт, барилгын бүтээц, барилгын техникийн арга хэмжээнд тавигдах шаардлага |
23. Бичил уур амьсгал, түүний хортой нөлөөллөөс хамгаалах |
-Өрөө, тасалгааны гэрэлтүүлэг, дуу чимээ, агаарын чийглэг, дулааны дэглэмийг хангах ерөнхий зарчим; -Хүрээлэн байгаа орчны (байгаль цаг уурын нөхцөл, чимээ шуугиан, чичиргээ, цацраг туяа, хорт бодисын ялгаруулалт г.м) нөлөөллийн илэрхийлэл; -Хүмүүсийн эрүүл мэндийг дээрх нөлөөллөөс хамгаалах тооцооны аргууд болон төлөвлөлтийн үндсэн зарчим болон тэдгээрийг турших, шалгах арга |
24. Хэмжүүрийн нийцлэл ба харилцан орлох чанар |
-Барилгын хэмжээсийн харилцан орлох чанар ба нийцлийг хангах ерөнхий зарчмууд: -Хэмжээсийг зохицуулах дүрэм; -Геометр илэрхийллийн зөвшөөрөгдөх алдааны (хүлцлийн) хязгаар; -Тооцооны болон хэмжих нарийвчлалыг тооцоолох хэмжих шалгах арга |
25. Эрчим хүчний хэмнэлт |
-Эрчим хүчний хэмнэлтийг бүрдүүлэх ерөнхий шаардлага |
3. Хот байгуулалт, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг |
|
30. Хот байгуулалт |
-Хүн амын нутагшилт суурьшилт, үйлдвэрлэх хүчний байршил, хот суурин газрын хоорондын инженерийн болон тээврийн дэд бүтцийн хөгжил, нутаг дэвсгэрийн болон хэсэгчилсэн төлөвлөлт, барилгажилтын асуудлыг шийдвэрлэх үндсэн журам |
31. Орон сууц, олон нийтийн болон үйлдвэрийн барилга байгууламж |
-Орон сууц, олон нийтийн болон үйлдвэр, агуулахын барилга, байгууламжууд, тэдгээрийн бүрэлдэх хэсгийн ангилалууд болон тэдгээрт тавих техникийн шаардлага; -Барилгын ажил, үйлчилгээ явуулах үндсэн журам, хүлээн авах дүрэм, шалгаж турших арга |
32. Тээврийн байгууламж |
-Авто, төмөр зам, далан, агаарын, үйлдвэрлэлийн болон хотын тээврийн байгууламж түүний элементүүдэд тавих техникийн шаардлага, ачаалал ба үйлчлэл, ангилал; -Ажил гүйцэтгэх ба зураг төсөл боловсруулах, тооцоолох үндсэн журам, хүлээн авах дүрэм, шалгах, турших арга |
33. Гидротехникийн болон усжуулалтын байгууламж |
-Ус хаах далан, суваг шуудуу зэргийн бэхэлгээ зэрэг барилга байгууламжид тавигдах техникийн шаардлага, ачаалал ба үйлчлэл, ангилал |
34. Гол болон үйлдвэрлэлийн дамжуулах хоолой |
-Ажил гүйцэтгэх ба зураг төсөл боловсруулах, тооцоолох үндсэн журам, хүлээн авах дүрэм, шалгах турших аргууд; -Дамжуулах хоолой, нефть, нефтийн гаралтай бүтээгдэхүүний агуулах, тэдгээрийн байршилд тавигдах техникийн шаардлага |
35. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц |
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх ерөнхий шаардлага |
4. Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн норм, нормативын баримт бичиг |
|
40. Ус хангамж, ариутгах татуурга |
-Гадна сүлжээ ба түүний барилга, байгууламж тэдгээрийн байршил болон дотор системд тавих техникийн шаардлага, систем ба хэрэглэгчдийн ангилал, ус хэрэглээний нормууд, ус бэлтгэх ба хаягдал усыг цэвэрлэх; -Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах болон ашиглалтын горимын үндсэн журам, эрүүл ахуй, техникийн тоног төхөөрөмж, арматур, багаж хэрэгсэл ба бохир усны хоолой дамжуулга; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
41. Дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт ба кондиционер (агаар сэлгэлт) |
-Систем ба хэрэглэгчийн ангилал, гадна сүлжээ ба барилга байгууламж тэдгээрийн байршил, төхөөрөмж дотор системд тавих техникийн шаардлага; -Дулааны хэрэглээний норм, хаягдлыг цэвэрлэх, хоёрдогч дулааны нөөцийг ашиглах норм; -Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, ашиглалтын горимын үндсэн журам; -Халаалтын хэрэгсэл, арматур, агаар дамжуулах хоолой; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
42. Хий хангамж |
-Системийн ангилал, хий дамжуулга, тоног төхөөрөмж ба таслан хаах төхөөрөмжид тавих техникийн шаардлага; -Хий хэрэглээний норм; -Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, ашиглалтын горимын үндсэн журам; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
43. Цахилгаан хангамж, холбоо дохиолол, аюулгүй байдлын хангалт ба удирдлагын систем |
-Системийн ангилал, цахилгаан дамжуулах сүлжээ ба таслах төхөөрөмжид тавих техникийн шаардлага; -Цахилгаан хэрэглээний норм; -Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, ашиглалтын горимын үндсэн журам; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
5. Барилгын бүтээц, эдлэхүүний норм, нормативын баримт бичиг |
|
50. Барилга, байгууламжийн буурь ба суурь |
-Хөрсний ангилал ба тооцооны илэрхийлэл. Буурь ба гадсан суурийн зураг төсөл боловсруулах, тооцоолох; -Ажил гүйцэтгэх, ашиглах горим ба оношлох үндсэн журам; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
51. Чулуун ба армочулуун бүтээц |
-Барилга, байгууламжийн чулуун ба армочулуун бүтээцэд тавих ерөнхий шаардлага; -Зураг төсөл боловсруулах, тооцох аргууд ба бүтээцийн ажлыг гүйцэтгэх, ашиглах горим, оношлох журам; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
52. Төмөр бетон ба бетон хийц |
-Цутгамал, угсармал болон угсармал-цутгамал бетон ба төмөр бетон бүтээцийн шаардлага; -Бүтээцийг барьж байгуулах, гүйцэтгэх, зэврэлтээс хамгаалах, ашиглах горим болон оношлох үндсэн журам, зураг төсөл боловсруулах, тооцоо хийх арга; -Үйлдвэрт бэлтгэсэн төмөр бетон ба бетон бүтээц; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
53. Төмөр бүтээц |
-Даацын, тусгаарлах дулаалга бүхий ган ба хөнгөн цагааны хайлшин бүтээцэд тавих ерөнхий шаардлага; -Бүтээцийг бэлтгэх ба угсрах, зэврэлтээс хамгаалах, ашиглах горим, оношлох үндсэн журам ба зураг боловсруулах, тооцоолох арга; -Үйлдвэрт бэлтгэсэн ган бүтээц; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
54. Модон бүтээц |
-Барилга, байгууламжийн модон бүтээцэд тавих ерөнхий шаардлага, бүтээцийг бэлтгэх, угсрах, ялзралт, өгөршилтөөс хамгаалах, ашиглах горим, оношлох үндсэн журам ба зураг төсөл боловсруулах, тооцоолох арга; -Үйлдвэрт бэлтгэсэн модон бүтээц ба эдлэхүүн; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
55. Бусад материалаар бэлтгэсэн бүтээц |
-Асбестоцемент зэрэг материалаар бэлтгэсэн бүтээцэд тавих ерөнхий шаардлага; -Бүтээцийг бэлтгэх, угсрах, ашиглах горим, оношлох байдлын үндсэн журам, бүтээцийн зураг төсөл зохиох, тооцоолох арга; -Үйлдвэрт бэлтгэсэн бүтээц; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
6. Барилгын материал, бүтээгдэхүүний норм, нормативын баримт бичиг |
|
60. Ханын өргийн материалууд |
-Тоосго ба ханын янз бүрийн чулуун материалд тавих ерөнхий шаардлага; -Тодорхой зүйл материал, маяг загвар, маркийн техникийн нөхцөл; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
61. Эрдэст барьцалдуулах бодис |
-Цемент болон бусад барьцалдуулах бодист тавих ерөнхий шаардлага; -Тодорхой зүйл материал, маяг загвар, маркийн техникийн нөхцөл; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
62. Бетон ба зуурмаг, дайрга, хайрга, барилгын элс |
-Янз бүрийн төрлийн бетон, бетон хольц, барилгын зуурмагт тавих ерөнхий шаардлага; -Тухайн төрөл зүйлийн техникийн нөхцөл; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
63. Дулаан, дуу тусгаарлах болон дуу шингээх материал |
-Эрдэс хөвөн эдлэхүүн, сүвэрхэг бетон эдлэхүүн, хөөлт цийдмэгээр бэлтгэсэн хавтан болон бусад дулаан тусгаарлах материалд тавих ерөнхий шаардлага; -Эдгээр материалын техникийн нөхцөл; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
64. Дээврийн, ус тусгаарлалтын ба бин битүүмжин материал ба эдлэхүүн |
-Дээврийн хуйлмал материал, дээврийн лавмаг, тусгаарлалтын болон бин битүүмжүүлэх материалд тавих ерөнхий шаардлага; -Эдгээр материалын техникийн нөхцөлүүд; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
65. Засал, чимэглэл, өнгөлгөөний материал |
-Полимер, керамик, модон бусад засал чимэглэлийн болон өнгөлгөөний материал, эдлэхүүнд тавих техникийн шаардлага; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
66. Асбесто-цементэн (шөрмөсөн) эдлэхүүн |
-Асбесто-цементэн хавтгай ба долгионт хуудас, яндан хоолой, шахмал эдлэхүүнд тавих техникийн шаардлага; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
67. Замын материал |
-Асфалтьбетон, асфалтьбетоны хольц зэрэг бусад замын барилгын материалд тавих техникийн шаардлага; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
68. Барилгын шил |
-Хуудас шил, барилгад зориулсан шилээр хийсэн эдлэхүүнүүдэд тавих техникийн шаардлага; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
69 Цонх, хаалга, дааман хаалга ба тэдгээрийн хэрэгсэл |
-Цонх, хаалганд тавих техникийн шаардлага; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
7. Түр барилга байгууламж, барилгын багаж хэрэгсэл, тоноглолын норм, нормативын баримт бичиг |
|
70. Зөөврийн барилга байгууламж |
-Ангилал ба техникийн ерөнхий шаардлага. Тодорхой хэв шинжийн барилга байгууламжийн техникийн нөхцөл; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
71. Барилгын байгууллагын тоноглол |
-Барилгын шат, дамжуурга, бетоны ажлын хэв хашмал, угсралтын тоноглол ба бэхэлгээ, гар багаж, багцлах хэрэглэгдэхүүн болон чингэлэгжүүлэлтийн техникийн ерөнхий шаардлага; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
72. Барилгын үйлдвэрлэлийн тусгай тоноглол |
-Тоноглол ба хэвд тавих техникийн ерөнхий шаардлага; -Хүлээн авах дүрэм болон шалгах, турших арга |
8. Барилга байгууламжийн эдийн засаг, төсөв, үнэ бүрдлийн норм, нормативын баримт бичиг |
|
80. Барилгын эдийн засаг |
-Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн асуудал, гэрээний харьцаа ба хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах зохион байгуулалт, арга зүйн журам |
81. Үнэ бүрдэл ба төсөв |
-Зураг төсөл, хайгуулын ажлын өртгийг төслийн ба төслийн өмнөх үе шатны үед үнэлэх дүрэм ба арга; -Барилгын оролцогч талуудын хоорондын тооцоо, барилгын бүтээгдэхүүний чөлөөт (гэрээний) үнийн бүрдүүлэлт болон хөрөнгө оруулалтын шаардагдах хэмжээг тодорхойлоход хэрэглэх төсөв үнэлгээний норматив бааз |
82. Материалын болон түлш, эрчим хүчний нөөц |
-Барилга байгууламж барихад шаардагдах материалын болон түлш эрчим хүчний хангамжийн нөөцийн зарцуулалтын нормативыг боловсруулж хэрэглэх дүрэм ба аргачлал |
83. Хөдөлмөрийн нөөц |
-Барилгын бүтээгдэхүүний элементүүдийн хөдөлмөр багтаамж болон түүнчлэн цалин хөлсөнд шаардагдах хөрөнгийг тодорхойлох арга ба дүрэм |
Текст томруулах
A
A
A