A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын

2019 оны хамтарсан А/178, А/144 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 СПОРТЫН КЛУБЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь спортын клубын үйл ажиллагаа, сургалт-дасгалжуулалтын чанарт хараат бус үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, магадлан итгэмжлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.  Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, болон энэхүү журмыг удирдлага болгоно.

1.3.  Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр явагдах ба нээлттэй, ил тод, тэгш, шударга ёсны  зарчимд тулгуурлана.

1.4. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан спортын клуб нь энэхүү журмын дагуу үйлчилгээний төлбөр төлнө.

 Хоёр. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт

 2.1. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд спортын клубыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах орон тооны бус зөвлөл /цаашид Зөвлөл гэх/ ажиллана.

2.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг эрүүл мэнд, спортын салбарыг төлөөлж 9-с доошгүй гишүүнтэйгээр байгуулж ажиллах журмыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.3. Зөвлөл нь магадлан итгэмжлэлийн хараат бус шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэж, магадлан итгэмжлэл олгох эсэх талаар дүгнэлт гаргана.

2.4. Магадлан итгэмжлэл олгох тухай зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн  спортын клубын магадлан итгэмжлэл, давтан магадлан итгэмжлэлолгох, цуцлах шийдвэрийг биеийн тамир, спортын асуудал  эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

2.5.Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь магадлан итгэмжлэлийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

                     2.5.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудыг нэгдсэн удирдлагаар хангах;

                           2.5.2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цаашид “Магадлан итгэмжлэгч байгууллага гэх” үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

          2.6. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь:Магадлан итгэмжлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулалтаар хангаж  иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэхэд орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн бодлогыг тодорхойлоход дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.6.1. Спортын клубын магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд орчны эрүүл ахуй болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн чиг үүргийн дагуу хараат бус шинжээчийг гэрээний үндсэн дээр ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;

2.6.2. Идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд болон хичээллэгчдэд амьдралын эрүүл хэв маяг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа, зөвлөмжөөр хангах;

2.6.3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан зөвлөмж, мэдээ, мэдээллээр хангах;

2.6.4. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд гарсан үр дүн, үйлчлүүлэгчийн эрүүл  мэндийг тодорхойлсон эмчийн дүгнэлтэнд хяналт тавих;

2.7. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, магадлан итгэмжлэлийн чиглэлээр мэргэжлийн байгууллага болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог хангаж дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

2.7.1. Биеийн тамир, спортын чиглэлийн хараат бус шинжээчийг сонгох, сургах, давтан сургах үйл ажиллагааг зохион байгуулах;

2.7.2. Бусад мэргэжлийн байгууллагын шаардлага хангасан хараат бус шинжээчийг томилуулахаар хамтран ажиллах;

2.7.3. Хараат бус шинжээчийн багийн нэгдсэн дүгнэлтийг магадлан итгэмжлэх Зөвлөлд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

2.7.4. Идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй спортын клубын магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг хүлээн авах;

2.7.5. Идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй спортын клубын үйл ажиллагаа эрхлэгчдэд зөвлөмж, мэдээ, мэдээллээр хангах;

2.7.6. Хараат бус шинжээчийн багийн дүгнэлтийг Зөвлөлөөс баталгаажуулж, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;

2.7.7. Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газрыг мэргэжил арга зүйгээр хангах;

2.7.8. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубын талаар мэдээллийн сан бүрдүүлэх;

             2.8. Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн газар нь тухайн нутаг дэвсгэртээ магадлан итгэмжлэлийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.8.1.Спортын клубын магадлан итгэмжлэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй спортын клубын үйл ажиллагаа эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, мэдээ, мэдээллээр хангах;

2.8.2.Магадлан итгэмжлэлийн хууль, тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад  мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сурталчилах  хяналтын байгууллагатай хамтран ажиллах;

2.8.3.Харъяа нутаг дэвсгэр дэх магадлан итгэмжлэгдсэн спортын клубын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг эрүүл мэнд, хяналтын байгууллагатай хамтран хийж, хяналтын тайланг Магадлан итгэмжлэгч байгууллагад жил тутамд хүргүүлэх;

2.8.4.Спортын клубт хийгдэж буй магадлан итгэмжлэлийн үнэлгээгээр илэрсэн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авах, хяналт тавих.

 Гурав. Магадлан итгэмжлүүлэх спортын клубт тавигдах шаардлага

 3.1. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж буй спортын клуб нь дараах шаардлагыг  хангасан байна. Үүнд:

3.1.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх,

3.1.2. Үйлчилгээ үзүүлэх стандартын шаардлага хангасан, зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг байх;

3.1.3. Идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй клуб нь тухайн спортын төрөл хариуцсан Олон улсынспортын холбооны албан ёсны гишүүнүндэсний спортын  холбоонд бүртгэлтэй байх;

3.1.4. Үйлчилгээ үзүүлж буй спортын төрлөөр сургалт-дасгалжуулалтыг  удирдах мэргэжлийн сургууль төгссөн болон сургалт дасгалжуулалт эрхлэх эрх авсан дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйчтэй байх;

3.1.5. Үйлчлүүлэгчийн бие бялдар, орчны эрүүл ахуйд хяналт тавих,анхан шатны болон эмнэлгийн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх эмчтэй байх;

3.1.6. Магадлан итгэмжлэлд бэлтгэх зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас авч,  зохих сургалтад хамрагдсан байх;

3.1.7. Магадлан итгэмжлэлийн үнэлгээ, шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаанд урьдчилсан үнэлгээ хийсэн байх.

                    Дөрөв. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах, баримт бичиг бүрдүүлэх

 4.1.Спортын клуб нь магадлан итгэмжлэлд бэлтгэж, дараах баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр бүрдүүлэн Магадлан итгэмжлэгч байгууллагад  хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.

4.1.1. Идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй спортын клубын танилцуулга,

4.1.2. Урьдчилсан үнэлгээ хийсэн шинжээчийн багийн хяналт, шалгалтаар зөрчил илэрсэн бол арилгах талаах арга хэмжээ авсан үр дүнгийн мэдээлэл,

4.1.3.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /нотариатаар баталгаажсан байх/

4.1.4.Үйлчилгээүзүүлэх спортын төрөл тус бүрээр сургалт- дасгалжуулалт эрхэлж буй талаартухайн спортын холбоонд бүртгэлтэй эсэх,

4.1.5.Давтан магадлан итгэмжлэлд хамрагдах бол анхны магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар, явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байгууллагындүгнэлт, /анх удаа орох байгууллагад хамаарахгүй/

4.1.6.Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу хийсэн үнэлгээний тайлан,

4.1.7.Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд хийсэн дүн шинжилгээний тайлан,

4.1.8.Үйлчилгээ явуулах зориулалтын байр, заалны мэдээлэл, гэрчилгээ эсхүл өөрийн өмчлөлийн байргүй тохиолдолд 2-оос доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа, сургалт-дасгалжуулалт явуулах зорилгоор байрны өмчлөгчтэй хийсэн түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, магадлан итгэмжлэл хийлгэхийг зөвшөөрсөн тодорхойлолт,

4.1.9.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан спортын клуб нь магадланитгэмжлэгч байгууллагаас магадлан итгэмжлэгдэх боломжтой гэсэнхариуг албан бичгээр авсны дараа энэхүү журмын дагуу үйлчилгээний төлбөрийг тус байгууллагын нэмэлт орлогын дансанд төлсөн баримт,

4.1.10.Холбогдох ажилтны/эмч, дасгалжуулагч, арга зүйч/ мэргэжлийн боловсролын диплом, бусад баримт бичиг, /наториатаар баталгаажсан байх/

                     4.2.Магадлан итгэмжлэгч байгууллага нь хүсэлт гаргасан спортын клубын баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоног дотор шинжээчийн баг томилон ажиллуулах товыг гарган, спортын клубт албан бичгээр мэдэгдэнэ.

                     4.3.Давтан магадлан итгэмжлэлд орох спортын клуб нь батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө хүсэлтээ гаргана.

            Тав. Магадлан итгэмжлэлийн үе шат

                                                                                   

 5.1. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг дараах үе шатаар хэрэгжүүлнэ.

5.2. Магадлан итгэмжлэлд бэлтгэх үе шат:

5.2.1. Спортын клуб нь магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаанд үнэлгээг хийж, үйлчилгээний чанарт тулгамдаж буй асуудлаар чанарыг сайжруулах, түүнийг шийдвэрлэх арга хэмжээг авч, дүгнэсэн байх,

5.2.2. Урьдчилсан үнэлгээ хийсэн хараат бус шинжээчийн багийн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах,

5.3. Магадлан итгэмжлэх үе шат:

5.3.1. Магадлан итгэмжлэгч  байгууллага нь спортын клубын хүсэлтийг үндэслэн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, шинжээч томилон ажиллуулах,

5.3.2.Хүсэлт гаргасан спортын клубын үйл ажиллагаа, үйлчилгээнд хараат бус шинжээчийн баг  магадлан итгэмжлэлийг зохион байгуулах,

 

5.3.3.Спортын клуб дээр магадлан итгэмжлэгч байгууллагаас томилогдон ажилласан хараат бус шинжээчийн баг ажиллаж,дүгнэлтээ гаргаснаас хойш ажлын 5 хоногт багтаан магадлан итгэмжлэгч байгууллагад хүлээлгэж өгнө.

 

5.3.4.Зөвлөл магадлан итгэмжлэлийн хараат бус шинжээчийн багийн дүгнэлтийг хэлэлцэнэ.

 

5.3.5.Хэрэв давтан магадлан итгэмжлэлд орох бол магадлан итгэмжлэлд бэлтгэж, энэхүү журмын 5.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

 

Зургаа. Магадлан итгэмжлэл олгох үе шат

 6.1. Биеийн тамирын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн магадлан итгэмжлэгдсэнийг баталгаажуулж, батламж олгоно.

6.2. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубын талаар Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өөрийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлэх,

Долоо. Магадлан итгэмжлэлийн хугацаа

 7.1. Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлт тус бүрийг 100 онооны үнэлгээгээр үнэлнэ. Шалгуур үзүүлэлтийн бүлэг тус бүрийн үнэлгээний босго нь анх удаа магадлан итгэмжлэлд орж байгаа спортын клубт 80 оноо ба түүнээс дээш оноо, давтан магадлан итгэмжлэлд орж буй спортын клубт 85 ба түүнээс дээш онооавсан тохиолдолд шалгуур үзүүлэлтийг хангасанд тооцно.

7.2. Анх удаа  магадлан итгэмжлэгдэх спортын клуб шалгуур үзүүлэлтийг 80.0-89.9 хувь хангасан бол 1 жил, 90.0-ээс дээш хувь хангасан бол 2 жил, давтан магадлан итгэмжлэгдэх спортын клуб 90.0-94.9 хувь хангасан бол 3 жил, 95.0-с дээш хувь хангасан бол 4 жилийн хугацаатайгаар тус тус олгоно.

7.3. Магадлан итгэмжлэгдсэний дараа клубын үйл ажиллагаа, сургалт- дасгалжуулалтын үйлчилгээний төрөл нэмэгдэх болон үйлчилгээ эрхэлдэг байр, байршил өөрчлөгдсөн, талбайн хэмжээ нэмэгдсэн тохиолдолд тухайн спортын клубт хэсэгчилсэн болон бүхэлд нь магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийнэ. Өмнөх магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа хэвээр хадгалагдана.

7.4. Спортын клубын үйл ажиллагаа, сургалт-дасгалжуулалтын үйлчилгээнд гарсан зөрчил, дутагдалтай холбоотой асуудлын улмаас магадлан итгэмжлэлийг түдгэлзүүлж, зөрчил, дутагдлыг шийдвэрлэсний дараа Зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлж, магадлан итгэмжлэл сэргээвэл өмнө нь олгосон хүчинтэй хугацаа хэвээр хадгалагдана.

7.5. Магадлан итгэмжлэлийн шаардлага хангаагүй спортын клуб 3 сарын дараа дахин хүсэлт гаргаж болно.

7.6.Спортын клубын нэр өөрчлөгдсөн тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэн магадлан итгэмжлэлийн батламжийг хүсэлт гаргасан өдрөөс хойш ажлын 15 хоногт багтаан шинэчилж олгоно.

Найм. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох

            8.1.   Магадлан итгэмжлэлийгдараах тохиолдолд хүчингүй болгоно.

8.1.1. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубын үйл ажиллагаа, сургалт- дасгалжуулалт эрхлэх үйлчилгээнд эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэм, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим зөрчигдсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсонталаар үйлчлүүлэгчдийн гомдол  гарсан, сургалт-дасгалжуулалт, үйл ажиллагаа явуулах стандарт удаа дараа зөрчигдсөн нь явцын  хяналт, үнэлгээ болон хууль хяналт, шалгалт хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагааршалгалтаар нотлогдсон бол,

8.1.2.  Магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дууссан,

8.1.3.  Магадлан итгэмжлэгдсэн спортын клуб, байгууллага татан буугдсан,  6 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон бол,

8.1.4. Магадлан итгэмжлэгдсэний дараа үйлчилгээ үзүүлж буй ажлын байр, сургалт-дасгалжуулалтынболонүйлчилгээний төрөл, нэмэгдсэн, өөрчлөгдсөнийг тухай бүр мэдэгдээгүй бол,

8.1.5. Бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд, 

Ес. Маргааныг шийдвэрлэх

                    9.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан маргааныг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

                    9.2.Спортын клуб нь хараат бус шинжээчдийн багийн өгсөн дүгнэлттэй санал нийлэхгүй, эсхүл шинжээчийн ёс зүй, харилцаатай холбоотой гомдол гарвал Зөвлөлд хүсэлт гаргаж хараат бус шинжээчдийн хоёр дахь багийг томилуулж болно.

                    9.3.Хараат бус шинжээчийн хоёр дахь багийг томилуулан ажиллахтай холбогдон гарах зардлыг тухайн спортын клуб хариуцна. Энэхүү хоёр дахь багийн дүгнэлт нь Зөвлөлийн эцсийн дүгнэлт гаргах үндэслэл болно.

                    9.4.Спортын клуб нь Зөвлөлийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гомдол гаргаж болно.